- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/16
2025/02/16
Өглөөний мэнд. АПУ ХК-ийн 2025 оны цэвэр ашгаасаа хуваарилах ногдол ашиг тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй нь болно. Төгрөгийн хадгаламж оны эхний сард 4.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна. Эрчим хүчний нүүрс олборлогчдоос Шивээ-Овоо ХК 2025 онд 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.

Ногдол ашгийн хур
Дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас ногдол ашгийн шийдвэрээрээ ихээхэн хүлээлт үүсгэдэг АПУ ХК 2025 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65 төгрөг тооцож, нийт 69 тэрбум 171.8 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн оны эхний хагаст олгосонтой ижил дүнтэй тус ногдол ашгийг наймдугаар сарын 19-ний дотор олгохоор төлөвлөжээ.

Ингэснээр тус компани 2025 оны цэвэр ашгаас нийт 138.34 тэрбум төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор байгаа нь жилийн дүнгээр компанийн түүхэн дэх дээд үзүүлэлт болж буйг Монголын Хөрөнгийн Биржийн ногдол ашгийн судалгаа харууллаа.
АПУ ХК 2020 оноос хойш жилд хоёр удаа ногдол ашиг олгодог болсон бөгөөд 2019 оныхтой харьцуулахад ногдол ашгийн дүн нь 1.8 дахин өссөн байна.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн судалгаанаас харвал 2026 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 35,263-д хүрчээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 12-ны өдрийн хувьцааны хаалтын ханш 990.6 төгрөгөөр тооцвол АПУ ХК-ийн 65 төгрөгийн ногдол ашгийн өгөөж 6.56 хувьтай байна.
Үүнээс гадна ногдол ашгийн өгөөж болон хэмжээгээр Монголын хөрөнгийн захад тэргүүлэгч Тавантолгой ХК болон Монголын Хөрөнгийн Бирж ХК ногдол ашгийн шийдвэрээ тус тус танилцуулсан. “Орон нутгийн” Тавантолгой ХК 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 6,960 төгрөг тооцон ногдол ашигт хуваарилж байсан бол 2025 оныхоос 3,138 төгрөг тооцон хуваарилахаар болсон байна.
Тус компани сүүлийн таван жилд нийлээд нэг их наяд төгрөг давсан дүнтэй ногдол ашиг олгосон ч энэ удаа эрс буурсан нь өнгөрсөн оны эхний хагаст нүүрсний орлого унасантай холбоотой юм. Эхний хагаст 200 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 64 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан нь 2024 оны мөн үеэс 70 орчим хувиар буурсан үзүүлэлт болсон. Гэхдээ 2025 оны сүүлийн хагаст санхүүгийн үзүүлэлт нь эрс сайжирсан байх хүлээлттэй.

Тэгвэл МХБ ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 43.44 төгрөг тооцон ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэж, ирэх IV сарын 30-ны өдрөөс хууль журмын дагуу олгож эхлэхээ мэдээлсэн байна. Тус компани 2025 онд 10.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 31.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээлээд буй. Харин сүүлийн улиралд 10.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь IPO хийснээс хойших дээд үзүүлэлт нь болсон юм.
Та мэдсэн үү?
Санхүүгийн Зохицуулах Хорооны шинэ зохицуулалтаар хувьцаат компаниуд ногдол ашгийг жилийн эцэс болон хагас жилээр хуваарилах, мөн анх удаа ногдол ашгийг нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх буюу үнэт цаасны хэлбэрээр олгох боломжтой боллоо. Ингэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг тогтоосон хугацаанд авах, холбогдох мэдээллийг ил тод, шуурхай хүртэх , хувьцаат компаниуд жилд хоёр хүртэл удаа ногдол ашиг хуваарилах боломж бүрдэж байна
Анхаарлын төвд
Ширээний ард. "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчидтэй хийж буй яриа хэлцэлд ахиц гарч, талууд төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдсэнийг Засгийн газар мэдээллээ. Тодруулбал, Оюу Толгой ХХК болон Rio Tinto компанийн төлөөлөл Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, яриа хэлэлцээг эрчимтэй үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ оны эхний хагаст багтаан эцсийн шийдвэрийг гаргахаар төлөвлөжээ.
Импорт буурсан өвөл. Оны эхний Монгол Улсын импортлох эрчим хүч огцом өсдөг чиг хандлагатай ч өнгөрсөн I сард эрчим хүчний импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.1 хувиар буурсан байна. Үүнд ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ 58.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Энэ өвөл эрчим хүчний оргил ачаалал 1804 МВт хүрэхтэй зэрэгцэн Дулааны IV цахилгаан станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн гэмтэл, саатал гарснаар эрчим хүчний хязгаарлалт 10 гаруй хоног үргэлжилсэн юм.
Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын ААН-үүдээс санал авах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж буйгаа Эрдэнэс Тавантолгой ХК мэдэгдлээ. Төсөл хэрэгжих хугацаанд ЭТТ ямар нэгэн санхүүжилт гаргахгүйгээс гадна тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй, мөн Монголын талд ногдох өгөөж 51 хувиас багагүй байх зарчим баримтлах шаардлагатайг тодотголоо.

Монголдоо бүтээцгээе. Bloomberg TV Mongolia “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн анхны тусгай хөтөлбөрөөрөө дотооддоо нэмүү өртөг шингээж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхэлдэг бизнесүүдийг онцолж байна.
Бизнесийн сорилт өндөртэй жилийг даван туулсан үйлдвэрлэгчид ирж буй морь жилд ямар хүлээлт тавьж, ямар стратеги баримтлахаар төлөвлөж буйг, мөн дотоодын хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, барилгын материал үйлдвэрлэлийн зах зээлд гарсан өргөн хүрээний өөрчлөлтийг илтгэх дата анализ бүхий мэдээллийг Сар шинийн амралтын өдрүүдээр хүлээн авч үзээрэй.
📣 Мягмар, Пүрэв, Ням гарагт 19:00 цагаас ;
📣 Лхагва, Баасан гарагт 09:00 цагаас ;
📣 Бямба гарагт 11:00 болон 21:00 цагаас хүрнэ.
Тайлангийн улирал
МХБ-д бүртгэлтэй эрчим хүчний нүүрс олборлогч компаниуд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа танилцуулж эхэллээ.
🔸 Шивээ-Овоо ХК 2025 онд 125.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Орлого нь өмнөх оноос 13 орчим хувиар өссөнөөр 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүнээс гадна 206.7 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөртэй байгааг санхүүгийн тайландаа мэдээлжээ.
🔸 Шарын гол ХК өнгөрсөн онд 106.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос бараг өөрчлөлтгүй, 0.7 орчим хувиар нэмэгдсэн байна. Харин ашиг нь 2025 онд эрс буурч, жилийн эцэст 2.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Мөн өр төлбөрийн дүн нэмэгдэж, нийт 102.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг санхүүгийн тайлангаас нь харж болохоор байгаа юм.
🔸 Технологийн компаниудаас Айтүүлс компанийн цэвэр ашиг огцом өсөлт үзүүлж, түүхэн дээд цэгтээ хүрлээ. Программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 2025 онд 742.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2024 оны үзүүлэлтээс 64 хувиар өссөн дүн боллоо. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь 27.3 хувийн өсөлт үзүүлсэн нь өнгөрсөн онд сервер байршуулалт, түрээсийн үйлчилгээний эрэлт дэлхийн жишгийг даган нэмэгдсэнийг харуулж байна.
Блумберг санал болгож байна
Гүн рүү: Төгрөгт итгэл нэмэгдэв
Сүүлийн гурван улирал дараалан Монголбанкны бодлогын хүү 12 хувьд хадгалагдаж буй ч эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийн өсөлт тогтвортой хэвээр байна.

2026 оны эхний сард мөнгөний нийлүүлэлт 46.9 их наяд төгрөг болж, жилийн дүнгээр 14.1 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ.
Мөнгөний нийлүүлэлтэд эзлэх гадаад цэвэр актив 2025 оны туршид тогтмол буурч байсан бол өнгөрсөн 12 дугаар сараас харьцангуй тогтворжиж, нэгдүгээр сарын байдлаар 8.8 их наяд төгрөг болон нэмэгджээ. Мөн валютын хадгаламжийн дүн 16.1 хувиар нэмэгдсэнээр 5.6 их наяд төгрөгтэй тэнцлээ.
Харин дотоод цэвэр активын хувьд төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна. Гэхдээ өнгөрсөн оны эцсийн дүнгээс үл ялиг буурч, 26 их наяд төгрөг болжээ.
Төгрөгийн ханш тогтворжиж, иргэд хөрөнгөө хадгаламжид байршуулах сонирхол нэмэгдэж байгаа. Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн 43 хувь нь мөнгөн хөрөнгөө төгрөгөөр хадгалах сонирхолтой гэсэн нь 2022 оны I улирлаас хойших хамгийн өндөр хувь болсныг NRCC-ийн судалгаа харуулсан.
Зам зуур

Сингапурын Засгийн газар иргэдийн автомашин эзэмших эрхийн хураамж болон автомашины татвараас олон тэрбум ам.долларын нэмэлт орлого олжээ.
2026 оны III сараар дуусгавар болгох санхүүгийн жилд автомашин эзэмших эрхийн худалдаанаас 8.66 тэрбум сингапур доллар буюу 6.9 тэрбум ам.доллар төсөвт төвлөрүүлсэн нь өнгөрсөн онд гаргасан тооцооллоос 31 хувиар өндөр дүн болсон байна. Үүнийг моторт тээврийн хэрэгслийн татвартай нийлүүлж тооцвол 11.05 тэрбум сингапур долларт хүрч байна. Харьцуулбал Фижи улсын нэг жилийн ДНБ-ээс ч их орлого төвлөрчээ.
Тус хот-улс иргэддээ автомашинаар зорчих зөвшөөрөл олгохдоо нэлээн өвөрмөц систем ашигладаг. Сингапур дахь автомашин бүрт дуудлага худалдааны журмаар үнэ нь тогтдог "Эрхийн гэрчилгээ" авах ёстой. Ингэснээр жолооч автомашинаа хамгийн ихдээ 10 жилийн турш эзэмшиж, ашиглах боломжтой болно.
Одоогоор хамгийн энгийн суудлын автомашинд "Эрхийн гэрчилгээ" авах үнэ S$106,320-оос эхэлж байна. Тухайлбал шинэ “Toyota Camry”-ийн үнэ S$266,888 байгаа нь АНУ-д Porsche 911 авах үнэ юм.
Эцэст нь товчхон
Mongolian Mining Corporation компанийн зүгээс Засгийн газартай тохиролцоонд хүрсэн ч хууль эрх зүйн хүчин төгөлдөр гэрээ хараахан байгуулаагүй байгааг хөрөнгө оруулагчдадаа сануулж, мэдэгдэл хийсэн байна. Тус компанийн хувьцааны ханш арилжааны сүүлийн хоёр өдөр дараалан эрс өсөж, сүүлийн таван сарын дээд түвшинд хаагдаад байгаа.
Онцлох зураг
“Амбосели” үндэсний парк дахь голын гүехэн усанд алхаж буй фламинго шувуу - Кажиадо, Кени улс

Murat Cetinmuhurdar/Anadolu/Getty Images