- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/13
2025/02/13
Өглөөний мэнд. Өнгөрсөн онд Говь ХК 2019 оноос хойш анх удаагаа ашигтай ажиллажээ. Эдийн засаг нь $1 их наяд хүрсэн Польш улс хөрш Германд хүч чадлаа гайхуулж байна. MMCG: Монголын Гүйцэтгэх захирлууд Засгийн газрын тогтворгүй байдлыг хамгийн том эрсдэлээр нэрлэв.

Европын овгоруудын эгнээнд
Польшийн нэгэн компанийн захирал Яцек Свидерски 1990-ээд онд Германд сурч байхад эх орон нь хэзээ нэгэн цагт хүчирхэг том хөршийнхөө сүүдрээс гарна гэдэг боломжгүй мэт түүнд санагдаж байжээ. Тэр үед Польш улс коммунизмаас дөнгөж салж, эдийн засгаа гадаадын хөрөнгө оруулагчдад нээж эхэлж байлаа.
Түүнээс хойш гучаад жил өнгөрсөн ч Свидерскийн байгуулсан интернэт үйлчилгээний компани хэвээр ажиллаад зогсохгүй бүр ХБНГУ-ын аялал жуулчлалын гурав дахь том цахим платформыг худалдан авч тэлээд байна. Түүний “Wirtualna Polska Holding SA” компани Германы “Invia Group”-ийг 240 сая еврогоор өөртөө нэгтгэсэн нь сүүлийн жилүүдэд Польш компаниудад борооны дараах мөөг шиг олширсон худалдан авах хэлцлүүдийн ердөө нэг жишээ юм.

Damian Lemanski/Bloomberg
Bloomberg-ийн эмхэтгэсэн мэдээллээс харвал зөвхөн өнгөрсөн онд БНПУ-ын компаниуд Баруун Европын 22 компанийг худалдан авах хэлцлээ зарласан нь түүхэн өндөр үзүүлэлт болсны сацуу энэ онд дахин дөрвөн хэлцлийн ажил үргэлжилж байна.
“Польшийн эдийн засаг мэргэшил, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны цар хүрээгээр Германыг гүйцнэ гэдэг миний хувьд төсөөлөлд буумгүй байлаа. Манай хийсэн хэлцэл болон бусад польш компаниудын худалдан авалт нь бид хэр хол явж чадсаныг харуулж байна” хэмээн Свидерски Блумбергт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Хэдийгээр Польшийн улс төрийн байдал тогтворгүй, цалингийн зардлын огцом өсөлт болон хиймэл оюун зарим салбарын үйл ажиллагаанд заналхийлж буй ч эдийн засаг нь 1 их наяд ам.долларт хүрч өсөж, бүс нутгийн хүчтэнүүдийн эгнээнд нэгдээд байна. Ингэснээр өөрчлөлт дэвшилд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан бусад орнуудад өдгөө хүч чадлаа гайхуулах түвшинд хүрээд буйг польш компаниудын хийж буй хэлцлүүд илтгэж байна.
Польш улс 2004 онд Европын Холбоонд нэгдэх үед нэг хүнд ногдох ДНБ нь ХБНГУ-ынхаас дөрөв дахин бага байлаа. Харин одоо энэ зөрүү нарийсаж, Германы нэг хүнд ногдох ДНБ Польшийнхоос ойролцоогоор хоёр дахин өндөр байна. Европын хамгийн том эдийн засагтай тус улсад өсөлт удааширсан нь Польшийн компаниудад эх орондоо босгосон нөөц хөрөнгөөрөө Герман компаниудыг худалдан авах боломж нээж өгчээ.
Анхаарлын төвд
MMC-ийн цойлолт үргэлжлэв. Баялгийн өгөөжийг Төрд олгох асуудалд охин компаниуд нь Монголын ЗГ-тай тохиролцоонд хүрээд байгаа Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр огцом өсөлттэй байна. Лхагва гарагийн Хонконгийн арилжаагаар компанийн хувьцаа 14 хүртэлх хувиар өссөн нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом хөдөлгөөн болсон. Харин Пүрэв гарагт 13 хүртэлх хувиар өсөж, таван сарын дээд цэгтээ хаагдлаа. Мөн хувьцааны арилжааны идэвх нь өдрийн дунджаасаа хоёр дахин өндөр байжээ.

Ачит Ихт: Ямар компани вэ? Эрдэнэтийн уурхайн үүсмэл ордоос олсон өгөөжийн 60 хувийг Төрд олгохоор тохиролцоод байгаа Ачит Ихт ХХК өнгөрсөн хугацаанд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т овоолго ашиглалтын төлбөрт 33.2 тэрбум төгрөг, улсад 42.6 тэрбум төгрөгийн АМНАТ төлснөө мэдээлжээ. Тус компани Эрдэнэтийн уурхайн хүдрийн II овоолгыг ашиглах, үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны гэрээг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-тай 2010 онд байгуулж байв. Энэ хүрээнд арилжааны банк болон гадаадын компаниас хатуу нөхцөлтэй, өндөр хүүтэй зээл авч, 60 сая ам.долларын өртгөөр үйлдвэрээ босгосон талаар үүсгэн байгуулагч П.Цагаан Ерөнхийлөгчид хандсан захидалдаа дурджээ.
CEO нарын айдас. MMCG компанийн 2026 оны “CEO Survey” судалгаанд оролцсон дотоодын 50 компанийн Гүйцэтгэх захирлуудын дийлэнх нь 2026 онд борлуулалт өсөлттэй байх хэдий ч ихээхэн сорилттой тулгарах хүлээлттэйг тодотгосон байна. Хамгийн том эрсдэлүүдийн хувьд дотоод улс төр, Засгийн газрын тогтворгүй байдлыг нэрлэжээ. Мөн айл, өрхүүдийн худалдан авах чадвар буурах, инфляцын нөлөөлөл зэрэг нь энэ онд анхааралтай ажиглах гол асуудалд тооцогдож буйг дурджээ.
Хэрэглээ хумигджээ. 2025 оны эцсийн байдлаар жижиглэн худалдааны салбарын борлуулалтын өсөлт эрс удааширчээ. 2024 онд 12 хувийн өсөлт бүртгэгдэж байсан бол 2025 онд 37.8 их наяд төгрөгийн жижиглэн худалдаа хийгдэж, 2.1 хувиар өссөн байна. Тэр дундаа бөөний худалдааны борлуулалтын өсөлт 1.8 хувьтай байгаа нь салбарын нийт гүйцэтгэл удаашрахад нөлөөлснийг дата үзүүлэлт харууллаа. NRCC судалгааны байгууллагын судалгаагаар Хэрэглэгчийн итгэлийн индекс 2025 оны эцэст зургаа дахь улиралдаа дараалан буурсан үзүүлэлттэй байгаа.
Тайлангийн улирал
Монложистикс группийн борлуулалтын орлого 2025 онд 290 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 2.2 хувиар буурсныг тайлагнав. Тайлант хугацаанд экспортын ачаа тээврийн хэмжээ өмнөх оноосоо 79 хувиар, нийт ачаа эргэлт нь 29 хувиар буурчээ. Компани өнгөрсөн онд 9.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнийхээ 23.9 хувийг нэгж хувьцаанд 5.8 төгрөгөөр тооцон ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд байна.
Сүү ХК үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн шинэчлэлт сайжруулалтад томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр байгаагаа 2025 оны үйл ажиллагааны тайландаа онцоллоо. Одоогоор компанийн 2025 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт гараагүй байгаа ч санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдээс нь сонирхвол 2025 оны байдлаар цэвэр ашгийн хувь 5.73 хувь, нийт хөрөнгийн өгөөж 6.30 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 18.05 хувьтай байна.
Блумберг санал болгож байна
Үнийн өсөлт гэж юу байдгийг мэддэггүй япончууд хувьсан өөрчлөгдөх чухал цаг үеийн өмнө ирээд байна. Иений ханш суларч ам.долларын эсрэг 1990-ээд оны эхэн үетэй ижил түвшинд хүрчээ.

Хэдий Японы бодлого тодорхойлогчид 10 гаруй жилийн турш инфляцаа эрчимжүүлэхийн төлөө ажилласан ч богино хугацааны хэт өсөлтийг таашаахгүй байгаад асуудал оршино. Тэд өсөн нэмэгдэж буй үнэ ханштай дасан зохицож чадах уу? Баасан гарагийн 20:00 цагт, мөн амралтын өдрүүдээр “Тусгал” нэвтрүүлгийн шинэ дугаараас хүлээн авч үзээрэй!
Гүн рүү: Говь ХК-ийн дуншсан ашиг
Говь ХК 2025 оны эцэст 203.3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Үүнээс өмнө тус компани таван жилийн турш алдагдалтай ажилласан юм.

Тайлант хугацаанд компанийн борлуулалтын орлого үл ялиг буурч 246.2 тэрбум төгрөг болжээ. Гэхдээ борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бусад зардлуудаа тодорхой хэмжээнд танаж чадсанаар ашгийн маржинаа эерэг дүнтэй гаргасан байна.
Гэхдээ 174 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй тус компанийн эздийн өмч хасах руу орсон нь хэдий ашигтай ажилласан ч энэ онд санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдийн алдагдал нь хуримтлагдсаар 30 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь үүний гол шалтгаан болжээ.
Өнгөрсөн оны IX сард Говь ХК хэлбэрээ өөрчлөн Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох шийдвэр гаргаж, хувьцаагаа эргүүлэн худалдан авахаар зарлаж байв.
Үүнд СЗХ-ноос шалгалт орж, Говь ХК-ийг охин компанийнхаа зээлийг хууль зөрчин шилжүүлэн авч, үр дүнд нь санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлэн ашиггүй үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсгэсэн гэж дүгнэсэн тул хэлбэрээ өөрчлөх үйл ажиллагааг нь зогсоосон юм.
Зам зуур

БНХАУ-ын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2025 онд 0.3 хувиар буурч, цар тахлын дараагаас буюу 2022 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурлаа. Эрчим хүчний эрэлт тус улсад үргэлжлэн өссөн ч нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт буурсан нь маш чухал амжилт болсныг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв мэдээлжээ.
Тус улсын эрчим хүч, аж үйлдвэрээс эхлээд бараг бүх томоохон салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ буурсан нь голлон нөлөөлсөн байна. Дулааны цахилгаан станцуудын өргөтгөл бүтээн байгуулалт үргэлжилсэн ч сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр нүүрсний хэрэглээг бууруулсныг дурджээ.
Үүнээс гадна БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд түүхэнд анх удаагаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэх эрчим хүчийг давах төлөвтэйг тус улсын Эрчим хүчний зөвлөл өмнө нь мэдээлж байлаа.
Эцэст нь товчхон
ҮСХ: Улаанбаатарт шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 5.05 сая төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Харин хуучин орон сууцны дундаж үнэ сүүлийн нэг жилд 11.5 хувиар өсөж, нэг м.кв нь 4.9 сая төгрөг болжээ.
ШЕЗ: Банкнаас олгох зээлтэй холбоотой хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 2025 оны эцсийн байдлаар өмнөх оноос 170 хувиар өсөж 18 мянга давсныг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээллээ. Харин ББСБ-уудаас олгох зээлтэй холбоотой 30 гаруй мянган хэрэг хянан шийдвэрлэсэн нь 62.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Онцлох зураг
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан намынхаа хуралд оролцсон эмэгтэйчүүдийн хамт - Михалгази, Эскишехир муж

Murat Cetinmuhurdar/Anadolu/Getty Images