- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/12
2025/02/12
Өглөөний мэнд. Энержи Ресурс Засгийн газартай тохиролцоонд хүрсний дараа MMC-ийн хувьцаа Хонконгт огцом савлав. ТӨК-иудын ТУЗ-д 504 гишүүн байгаагаас ердөө 168 нь хараат бус гишүүн байна. TMK Energy компани ЭХЯ-тай хамтарч метан хийнээс эрчим хүч үйлдвэрлэх боломжийг судална.

MMC-ийн савлагаа
Сүүлийн өдрүүдэд Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш огцом хэлбэлзэлтэй байна. Лхагва гарагийн Азийн арилжаагаар хувьцаа нь 14 хүртэлх хувиар өссөн нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом хөдөлгөөн боллоо.
Тус компанийн Монгол дахь охин компаниуд болох Энержи Ресурс ХХК, Хангад Эксплорейшн ХХК Тавантолгойн бүлэг ордын эзэмшлүүдийнхээ 60 хувийн өгөөжийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байгаа. Мөн тус компанийн 2025 оны санхүүгийн тайлангийн урьдчилсан төсөөллүүд гарч буй нь ханшийн хэлбэлзэлд нөлөөлж байж болзошгүй байна.

Хоёрдугаар сар гарсаар Mongolian Mining Corporation-ийн хувьцааны арилжааны хэмжээ эрс нэмэгдэж, 16 хүртэлх хувийн өсөлт, уналт үзүүлжээ. Хувьцааны ханш нь огцом өссөний дараагийн өдөр ихэвчлэн өсөлт үргэлжлэх хандлагатай байгааг өмнөх жишээнүүд харуулж байна.
Сүүлийн нэг жилд Mongolian Mining Corporation-ийн хувьцаа 87 хувиар өссөн бол ижил түвшний компаниудынх нь хувьцаа 0.4 хувиар л өссөн байгаа юм.
Bloomberg Intelligence-ийн шинжээч Эндрю Чений төсөөллөөр тус компанийн 2025 оны ашиг хүлээлтээс тааруу байх өндөр магадлалтай байна. Коксжих нүүрсний үнэ өмнөх оныхоо эхний хагас жилтэй харьцуулахад хоёрдугаар хагаст сул байсан нь үүнд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн санхүүгийн үзүүлэлтэд алтны үйл ажиллагаа нь дорвитой нөлөөлөх цаг хараахан ирээгүй гэж үзжээ.
Хэдий тийм боловч Mongolian Mining Corporation компанийн бэлэн мөнгөний урсгал хангалттай хэвээр, 2026 онд үйл ажиллагаа нь 2025 оноосоо харьцангуй сайн байна гэж Bloomberg Intelligence таамаглаж буй.
Анхаарлын төвд
ТӨК-иуд дахь гацаа. Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулж, Төрийн оролцоо, улс төрийн нөлөөллийг бууруулахад ТУЗ-ийн хараат бус гишүүний тоог нэмэгдүүлэх нь ихээхэн нөлөөтэйг судлаачид хэлдэг. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Төрийн өмчийн 56 компанид ТУЗ-ийн 504 гишүүн ажиллаж байснаас 168 нь хараат бус гишүүн байгааг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар мэдээлж байна. Эрчим хүчний ТӨК-иуд ТУЗ-ийн 27 гишүүнтэй байсныг 14 болгож, жилийн 2 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн талаар Эрчист Монгол компанийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээлж байлаа.
Хийнээс эрчим хүч. Монголд метан хийн төсөл хэрэгжүүлж буй TMK Energy компани болон Эрчим хүчний яам дотооддоо олборлосон байгалийн хийг эрчим хүч үйлдвэрлэлд ашиглах боломжийг хамтран судлахаар тохиролцлоо. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг дунд болон урт хугацааны эрчим хүчний бодлоготой хэрхэн уялдуулах талаар судалгаа хийнэ. Тэр дундаа оргил ачааллын үед метан хийн эх үүсвэрээс эрчим хүч нийлүүлэх суурь судалгаанд уг түншлэлийн анхан шатны ажлууд төвлөрөх аж.

V станцын бонд. "Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг 2026 онд багтаан дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлд олгосныг Засгийн газар мэдээллээ. Нийт 658.5 сая ам.доллароор хэрэгжих V цахилгаан станцын төслийн нийт өртгийн 80 хувийг нь тендерээр сонгогдсон Камбожийн “Митайм Интернейшнл” компани хариуцах бол үлдсэн 20 хувийг нийслэлээс санхүүжүүлэх юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсын хилийн зурваст хууль зөрчин 34,227 га газар олгосон гэж үзэж, холбогдох тогтоолыг хүчингүй болгосныг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээллээ. Тодруулбал 2025 оны V сарын 28-нд ЗГ-ын 262 дугаар тогтоолоор боомтын 10 байршилд хилийн шугамаас 0.9-2.5 км-ын зайд газар олгосон гэж үзжээ. Мөн улсын хилийн зурвастай давхцуулж нийт 54 тусгай зөвшөөрөл олгосноос 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын лиценз байгааг шалгах үүрэг өгсөн байна.
Тайлангийн улирал
“Voyage“ цэвэр ус үйлдвэрлэгч Эм Жи Эл Акуа ХК 2025 онд 20.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнав. Энэ нь өмнөх оныхоос 13.6 хувиар буурсан дүн болж байна. Тус компанийн IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлж буй усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт дуусах шатандаа орж байгаа аж.
Монгол шуудан ХК-ийн цэвэр ашиг гурав дахин нэмэгдлээ. 2025 оны эцэст тус компанийн ашигт ажиллагаа 2024 оны уналтаасаа сэргэж, 407.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Борлуулалтын орлого нь тогтвортой өсөлт үзүүлж, 25 тэрбум төгрөг давжээ. 2024 онд гадаад валютын ханшийн зөрүүнээс 282 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан тус компани 2025 онд тус дансандаа 387 сая төгрөгийн ашиг бүртгэсэн төдийгүй ерөнхий болон удирдлагын зардлаа 26 хувиар танаж чаджээ.
Блумберг санал болгож байна
Үнийн өсөлт гэж юу байдгийг мэддэггүй япончууд хувьсан өөрчлөгдөх чухал цаг үеийн өмнө ирээд байна. Иений ханш суларч ам.долларын эсрэг 1990-ээд оны эхэн үетэй ижил түвшинд хүрчээ.

Хэдий Японы бодлого тодорхойлогчид 10 гаруй жилийн турш инфляцаа эрчимжүүлэхийн төлөө ажилласан ч богино хугацааны хэт өсөлтийг таашаахгүй байгаад асуудал оршино. Тэд өсөн нэмэгдэж буй үнэ ханштай дасан зохицож чадах уу? Пүрэв гарагийн 10:00, баасан гарагийн 20:00 цагт, мөн амралтын өдрүүдээр “Тусгал” нэвтрүүлгийн шинэ дугаараас хүлээн авч үзээрэй!
Гүн рүү: Тэнцэл эерэг хэвээр
Монгол Улсын төлбөрийн тэнцэл гурав дахь жилдээ дараалан ашигтай гарлаа. 2025 онд макро эдийн засгийн орчин таатай бус, олон улсад тодорхойгүй байдал өндөр байсан ч оны эцсээр харьцангуй тогтворжиж эхэлснээр төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны сүүлийн саруудад эерэг утгатай гарсан юм.

12 дугаар сард төлбөрийн тэнцэл 968.6 сая ам.долларын ашигтай гарснаар 2025 оны бүтэн жилийн гүйцэтгэлээр нэг тэрбум ам.доллар давсан байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар хагас жилд таваарын бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөхтэй зэрэгцээд экспорт эрчимжиж эхэлсэн нь төлбөрийн тэнцэлд ихээхэн дэмжлэг болжээ. Тухайлбал барааны данс оны эцсээр 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, 36.1 хувиар өссөн байна.
Түүнчлэн үйлчилгээний дансны алдагдал 2024 онтой харьцуулахад 14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байв. Тээврийн үйлчилгээний алдагдал 37 хувиар буурч, 504.2 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Харин аяллын үйлчилгээний алдагдал эсрэгээрээ түүхэн дээд цэгт хүрсэн байна. Өнгөрсөн оны эцэст тус дансны алдагдал 5.2 хувиар тэлж, нэг тэрбум ам.доллар давжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд аяллын үйлчилгээний зардал эрс нэмэгдэж буй ч орлого нь төдийлөн өсөхгүй байна.
Зам зуур

Олон улсад шар айрагны эрэлт буурсантай холбоотойгоор Heineken NV компани нийт ажиллах хүчээ 7 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Үнийн өсөлтөөс гадна хэрэглэгчдийн дунд согтууруулах ундааны хэрэглээ багасах хандлагатай байгаа нь шар айрагны эрэлтийг сулруулж буй.
“Heineken”-ээс гадна “Tecate”, “Amstel” брэндүүдийг эзэмшдэг Нидерландын тус компани дэлхий даяар 87 мянга гаруй ажилтантай бөгөөд дээрх шийдвэрийн дагуу голчлон Европт ажиллах хүчээ 5000-6000 орчмоор цомхотгохоо лхагва гарагт мэдээлсэн байна.
Компанийн гол зах зээлүүд болох АНУ, Европт цар тахлаас хойш шар айрагны хэрэглээ сэргээгүй нь салбарын хэмжээнд хүндрэл учруулж байна. Өнгөрсөн сард Heineken зургаан жил ажилласан Гүйцэтгэх захирал Дольф ван ден Бринк ажлаа өгөх болсныг зарлаж, хөрөнгө оруулагчдаа цочирдуулж байв.
Эцэст нь товчхон
ЗТЯ: Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих төмөр замын төв коридорын Монголын хэсгийн ТЭЗҮ бэлэн болсон байна. Мөн ОХУ-д болсон хоёр улсын парламент хоорондын комиссын хуралдаанаар Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг дэмжих зорилгоор Красноярск хотоор дамжин нислэг үйлдэх тохиролцоонд хүрчээ.
НЗДТГ: “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 2-нд нээхээр болжээ. Тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу EPC+F хэлбэрээр зохион байгуулах юм. Мөн III сарын 15-нд Туулын хурдны замын газар шорооны ажлын бэлтгэл ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт Хонконгийн “Хаоюань” групп шалгарсан.
Онцлох зураг
Сахарын соёлын олон улсын фестивалийн үеэр болсон тэмээний уралдаанд оролцогч - Амджарасс, Чад

Joris Bolomey/AFP/Getty Images