2025/02/11

Өглөөний мэнд. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2025 онд 10 байр ухарч, сүүлийн 13 жилийн доод цэгтээ очив. Стратегийн болон үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг Төрд олгох хэлцэлд ЗГ хувийн компаниудтай тохиролцоонд хүрлээ. CCTD: 2026 онд БНХАУ-ын нүүрсний импорт 465 сая тонн болж буурах төлөвтэй.

Хойшоо хоёр алхав

Transparency International байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн 2025 оны тайланд Монгол Улсын индексийн оноо өмнөх оноосоо 2 нэгжээр буурч, 31 болсныг Транспэрэнси Интернэшнл-Монгол танилцууллаа.

Ингэснээр индекст багтсан 182 улс, нутаг дэвсгэрээс Монгол Улс 124 дүгээрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн онд 180 улсаас 114 дүгээрт эрэмбэлэгдэж байсантай харьцуулахад огцом доошилсон байна. Эрэмбэд Монгол Улс ижил 31 оноотой Беларусь, Жибути, Найжер, Турк, Узбекистан улсуудтай байр хуваажээ.

Сүүлийн арваад жилд тус индекст оноо, эрэмбээр доошлох чиг хандлагатай байсан Монгол Улс 2025 онд 31 оноогоор үнэлэгдсэн нь индексийн оноо тооцох аргачлал өөрчлөгдсөн 2012 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна. Ерөнхийдөө 2018 оноос хойш авлигын үзүүлэлтээр тогтмол дордсон гарын арван хуруунд багтах улсууд байгаагийн нэг нь Монгол болжээ.

Харин дэлхийн хэмжээнд авлигын төсөөллийн индексийн дундаж өнгөрсөн онд 42 байсан нь мөн түүхэн доод үзүүлэлт болсон байна. Индексийн эрэмбийг байнга өнгөлдөг Дани, Финланд, Сингапур улсууд энэ онд мөн адил тэргүүлэгчид болсон бол Эстони (76), БНСУ (63) 2012 оноос хойш оноогоо хамгийн их сайжруулсан орнуудаар нэрлэгджээ.

Монголд авлигын эх үүсвэр болсон төрийн алба болон төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо, ТӨК-иудын компанийн засаглал хангалтгүй, хуулийн засаглалын хэрэгжилт дутмаг, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй зэрэг байнга яригддаг асуудлууд дээрдээгүй хэвээр үлдсэн нь оноог хойш татахад нөлөөлжээ. Мөн бизнесийн орчин хүндэрч, итгэл суларсан нь бизнес эрхлэгчдээс авсан асуулгын шууд үр дүнгээс харагдсаныг Транспэрэнси Интернэшнл-Монгол онцолж байна.

Иймд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, ТӨК-иудыг хувийн хэвшилтэй өрсөлдүүлэх байдлаар хөгжүүлдгийг засах, удирдлага томилогоог нь зөвхөн чадавхад суурилсан байдлаар явуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох зэрэг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай чиглэлүүдийг нэрлэжээ.

Анхаарлын төвд

60%-ийг Төрд. Стратегийн болон үүсмэл ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж буй дөрвөн компанитай баялгийн нийт өгөөжийн 60 хувийг Төрд олгож, Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүргэх хэлцэлд хүрснийг Засгийн газар мэдээллээ. Өгөөжийн 60 хувийг тооцохдоо өнгөрсөн онд Орано Майнинг-тай байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээний жишгийг баримталж, хэрэв өгөөж 60 хувиас бага байвал ААН нь тохируулагч төлбөр төлөх байдлаар зохицуулжээ. Өгөөжид тухайн ААН-ийн төлөх бүх төрлийн татвар хураамж, төлбөр багтах юм.

“Уул уурхайн салбар ахиухан экспорт хийж, өгөөж нь улсын төсөвт орж байж цалин, тэтгэвэр нэмэгддэг дүрэмтэй. Улс төржилт, уул уурхайг тойрсон хэрүүлд бид цэг тавья гэж бодсон” хэмээн М-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлж байлаа.

Автомашины урсгал татрав. Суудлын автомашины худалдан авалт эрс буурсны нөлөөгөөр нэгдүгээр сард Монгол Улсын бараа, бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан байна. 2025 оны эхээр сард 15 мянга орчим суудлын автомашин импортолж байсан бол энэ I сард 6000 болтлоо буурчээ. Харин нөгөө талд АИ-92 автобензины импорт 39 хувиар, улаанбуудайн импорт 9 дахин нэмэгдсэн дүнтэй байна. Өнгөрсөн намар ургац хураалт тааруу байсан тул энэ онд 100 мянга орчим тонн улаанбуудай импортоор худалдан авах шаардлага байгааг салбарын яам мэдээлж байсан юм.

Хоосон газрын үнэ нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэг м.кв нь 920 мянга орчим төгрөг байгаа нь хамгийн үнэтэйд тооцогдож буйг Барилга.МН-ийн гаргасан судалгаанд онцолсон байна. Харин үл хөдлөх хөрөнгөтэй нэг м.кв газрын үнэ ойролцоогоор нэг сая 250 мянган төгрөг байгаа аж. Хэдий төвийн дүүргүүдэд үнэ өндөр ч захын дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгөтэй газрын үнэ хоосон газрын үнээс бараг 2-5 дахин илүү үнэтэй байна. Газар олголтын тухайд энэ онд нийслэлд газар олгохгүй, зөвхөн газар чөлөөлөлт хийгдэхийг НЗДТГ мэдээлсэн юм.

Тайлангийн улирал

Нээлттэй компаниуд 2025 оны санхүүгийн тайлангаа нийтэлж, ногдол ашгийн шийдвэрүүдээ дараалан гаргасаар байна. Сүүлийн байдлаар Эрдэнэс Солюшнс, Эм Жи Эл Акуа ХК, Ган хийц ХК ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргалаа.

Харин дийлэнх даатгалын компаниуд ногдол ашиг олгохоор болсон байна. Тухайлбал МХБ-д бүртгүүлснээс хойш жил бүр ногдол ашиг олгож байгаа Тэнгэр даатгал ХК нэгж хувьцаанд 114.4 төгрөг хуваарилахаар шийдвэрлэжээ. Харин Ард даатгал 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 40 төгрөг тооцож, нийт 1 тэрбум төгрөг хуваарилна.

Энэ онд даатгалын салбарын гурван компани нийт 16.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт олгохоор болсон нь өнгөрсөн оны нийт дүнгээс илт давсан үзүүлэлт болж байна. Харин Монгол даатгал, Бодь даатгал компаниуд шийдвэрээ хараахан танилцуулаагүй байгаа.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд ЗГ-аас гаргаж УИХ-аар батлуулсан Төрийн өмчид хамаарч байгаа 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг олон нийтэд гаргахад хэр үр ашигтай байх талаар хэлэлцлээ.

2024 оны эцсийн байдлаар Төрийн өмчийн 101 компани, үйлдвэрийн газруудын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэж байна. Эдгээрээс эхний ээлжид гаргасан 18 хуулийн этгээдийн жагсаалтад эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн компаниуд багтаж буй.

Гүн рүү: Нүүрсний төлөвлөгөө

Энэ онд БНХАУ-ын нүүрсний импорт буурч, дотоодын үйлдвэрлэл нь нэмэгдэх магадлал өндөр болохыг тус улсын нүүрсний салбарын гол холбоо мэдээлж байна. Тэргүүлэх экспортлогч Индонез улс нүүрсний үнийг дэмжихийн тулд нийлүүлэлтээ хязгаарлах арга хэмжээ авсан нь үүнд нөлөөлөх төлөвтэй.

  • 2026 онд БНХАУ-ын нүүрсний импорт 465 сая тонн болж, буурах төлөвтэйг тус улсын Нүүрсний тээвэр, түгээлтийн холбоо (CCTD) мэдээллээ. Гурван долоо хоногийн өмнө 480 сая тонн байна гэсэн таамгийг танилцуулж байсан юм.

  • Хэдийгээр уур амьсгал болон уурхайн аюулгүй байдалтай холбоотой сорилтууд тулгарсан ч БНХАУ-ын нүүрсний олборлолт 2025 онд 4.8 тэрбум тонн буюу дээд түвшинд хүрсэн юм. Харин энэ онд нийт олборлолт нь 4.86 тэрбум тонн орчим байх ч импорт буурвал түүнээс илүү түвшинд өсөх боломжтой гэж үзжээ.

  • Хэрэв Индонезийн бүтэн жилийн олборлолт 700 сая тонноор буурвал олон улсын нийлүүлэлтэд томоохон сорилт болохыг шинжээчид анхааруулж байна. Өнгөрсөн онд Индонез улс БНХАУ-ын эрчим хүчний болон коксжих нүүрсийг багтаасан нийт импортын 40 орчим хувийг бүрдүүлжээ.

Зам зуур

Apple компанийн Дизайн хариуцсан захирал асан Жони Айвд тус компанийг орхисноосоо хойш зургаан жилийн дараа өөрийн ур ухаанаа шингээсэн автомашиныг танилцуулах боломж олдож байна.

Өнгөрсөн долоо хоногт Сан-Францискод болсон арга хэмжээгээр Ferrari анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа салоны гол элементүүдийг танилцуулжээ. Компани өнгөрсөн онд "Elettrica" нэрээр танилцуулж байсан тус автомашинаа италиар "гэрэл" гэсэн утгатай "Ferrari Luce" болгон нэрийг нь өөрчилсөн байна.

Ferrari компани болон Жони Айвийн LoveFrom студийн хамтран загварчилсан тус автомашин нь автомат жолоодлого, том дэлгэц давамгайлсан өнөөгийн автомашины технологийн чиг хандлагаас татгалзжээ. Үүний оронд дотор салонд нь барьцтай, биет товчлуур түлхүү ашиглаж, Жони Айвын дизайны нэрийн хуудас болсон хөнгөн цагаан эд анги, савхин оруулгуудыг багтаасан байна.

"Ferrari Luce"-ийг албан ёсоор худалдаанд гаргах огноо болон үнийг Ferrari ирэх тавдугаар сард зарлах бөгөөд тэр үед автомашины гадна дизайныг мөн ил болгох юм байна.

Эцэст нь товчхон

ЭХЗХ: Нийслэлийн хэмжээнд нийт 327 мянга орчим орон сууцанд амьдардаг айл, өрх байгаагийн 171 мянга нь дулааны тоолуур суурилуулах техникийн боломжтой аж. Харин 59 мянган айл, өрх нь нэгээс нөгөө айл руугаа дамнасан босоо хоёр хоолойгоор дулаан дамжуулж байгаа учраас тоолуур суурилуулах боломжгүй байна.

ҮСХ: Хөдөлмөрийн гэрээгээр Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо 2025 оны IV улиралд 9.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өсжээ. Энэ дунд барилгын салбарт ажиллаж байгаа гадаад иргэдийн тоо нийт гадаадын ажилчдын 10.5 хувийг эзэлж байна.

Онцлох зураг

Хатаахаар өрсөн хүжнүүдийн дундуур алхаж буй муур - Жакарта, Индонез

Ajeng Dinar Ulfiana/Reuters