2025/02/10

Өглөөний мэнд. Гадаад худалдааны ашиг I сард дээд түвшнээ шинэчилж, $906.5 саяд хүрчээ. BI: Mongolian Mining Corporation-ийн 2025 оны ашиг хүлээлтээс тааруу байх төлөвтэй. Монгол Улсын эдийн засгийн түншлэлтэй Япон улсад хийх экспорт тогтмол буурч, импорт өссөөр байна.

Таатай мөчлөг эргэн иржээ

Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрлээ. 2026 оны нэгдүгээр сарын эцэст гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар хүрснээр тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Экспортолсон бараа, түүхий эд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш өсөх хандлагатай байгаа юм. Оны эхний сард 1.7 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 71.6 хувиар буюу эрс өссөн үзүүлэлт болж байна.

Харин импортоор нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ 13.4 хувиар өсөж, харьцангуй тогтвортой байсан нь гадаад худалдааны тэнцэл сарын дээд амжилтаа тогтооход нөлөөлжээ.

Алтны ханш нэгдүгээр сард түүхэн дээд түвшинд хүрэхтэй зэрэгцээд экспорт 2026 оныг ширүүхэн эхлүүлсэн юм. Өнгөрсөн сард 1.06 тонн алт 166.5 сая ам.доллароор экспортолсон нь 2017 оноос хойших хамгийн өндөр дүн боллоо.

Нүүрсний экспорт ч мөн адил сэргэсэн эрчээ хадгалсаар байна. 2025 оны сүүлийн хагаст эхэлсэн өсөх хандлага үргэлжилсээр энэ оны нэгдүгээр сард 10.1 сая тонн нүүрс, 640.5 сая ам.доллароор экспортолжээ.

Үүнээс гадна өнгөрсөн оны эцэст дээд түвшинд хүрээд байсан зэсийн экспорт түүхэн өсөлтөө үргэлжлүүлж байна. Нэгдүгээр сард Монгол Улс 221.7 мянган тонн зэсийн баяжмалыг 725.9 сая ам.доллароор экспортолжээ.

Нартай байгаа дээр…

2025 оны эхэнд нүүрсний үнэ эрс буурснаас үүдэн ээлжит хүндрэлийн мөчлөгтэй нүүр тулж байсантай харьцуулахад тэс өөр, гадаад худалдааны таатай нөхцөл давамгайлсан 2026 онтой Монгол Улс золгоод байна. Иймд олон тохиохгүй энэ үеийг ашиглан нөөцөө сайтар бүрдүүлж, сүүдэр шиг дагадаг “гадаад шокт эмзэг” гэх сул талыг хамгаалах зэвсгээ төрөлжүүлэхийн төлөө бодлоготой, төлөвлөгөөтэй ажиллах нь зүйн хэрэг боллоо.

Анхаарлын төвд

Алдаагаа давтах вий. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын нийт импортын 9.6 хувийг Японоос хийсэн нийлүүлэлт эзэлсэн бол нийт экспортын ердөө 0.058 хувийг тус улс руу гаргажээ. 2015 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байсан Японтой хийх худалдаанд сүүлийн дөрвөн жилийн турш экспорт тогтмол буурч, импортын дүн ямагт өссөн дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл хэлэлцээрийн хүрээнд Монгол, Япон хоёр улсын худалдааны эргэлт 100 гаруй хувиар өссөн ч Монголд хүсэн хүлээсэн ашиг нь ирээгүй байна.

Үндэсний үйлдвэрлэгчид Японд бараа, бүтээгдэхүүн экспортлоход тус улсын стандарт, шаардлагыг хангах нь томоохон сорилт болж буйг МҮХАҮТ тодотгож байв. Тиймээс Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр, мөн БНСУ-тай хийхээр бэлтгэж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт урьдын сургамжаа ухамсарлаж, алдаагаа давтахгүй байх хэрэгтэй болж байна.

Төмөр хатагтайн зориг. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи ээлжит бус сонгууль зарлан явуулж, улс төрийн том мөрий тавьсан нь амжилттай боллоо. Эрх баригч Либерал ардчилсан нам парламентын сонгуульд Дэлхийн II дайнаас хойш тохиогоогүй үнэмлэхүй ялалт байгуулснаар Санаэ Такаичи Японыг дотооддоо болон олон улсын хүчирхэгжүүлэх алсын хараагаа урагшлуулах үүд нээгдэж байна. Даваа гарагт Японы хувьцааны жишиг индекс бараг 4 хувиар өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн бол сүүлийн үед тус улсын төсвийн тогтвортой байдалд үүссэн болгоомжлолоос болж нэлээн савласан иений ханш, ЗГ-ын бондын өгөөж тогтворжлоо.

Хүнсний үнэ гаарсаар. Нэгдүгээр сард Монгол Улсын инфляцын түвшин 7.5 хувьд хэвээр хадгалагдлаа. Хүнсний бус бараа болон үйлчилгээний үнийн өсөлт саарч, инфляцын дарамтыг бууруулж байгаа ч хүнсний бүлэг барааны үнийн өсөлт эрчээ авсаар гурав дахь сардаа дараалан нэмэгдсэн байна. Тодруулбал улсын хэмжээнд хүнсний үнэ 12.4 хувиар өссөн бол Улаанбаатар хотод тус үзүүлэлт 13 хувьд хүрч, 2023 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр өсжээ.

АМНАТ-ийн засвар. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд АМНАТ тооцох аргачлалыг шинэчилж, зэсийн баяжмалд суурь 5 хувь, зах зээлийн үнийн өсөлтийн түвшнээс хамаарч 5 хувийн роялти нэмж ногдуулахаар тусгалаа. Одоогийн 20 орчим хувийн АМНАТ нь зэсийн томоохон төслүүд хөдлөхөд хүндрэлтэй байгааг салбарынхан тодотгож буй. Үүнээс гадна нэмэлт, өөрчлөлтөд АМНАТ-ийн 20 хувийг төсөл хэрэгжиж буй сумд, 10 хувийг аймагт нь хуваарилахаар тусгажээ.

Тайлангийн улирал. Сүү ХК 2025 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5.09 төгрөг буюу нийт 1.7 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ. Харьцуулбал эхний хагас жилд тус компани 14 мянга гаруй хувьцаа эзэмшигчид 110.8 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилж байв.

Үүний зэрэгцээ Увс Хүнс ХК хамгийн өндөр ашигтай жилээ өндөрлүүлсэн байна. 2025 оны эцэст тус компанийн цэвэр ашиг 73.5 хувиар огцом өсөж, 1.6 тэрбум төгрөгт хүрсэн нь түүхэн дээд амжилт боллоо. Гэхдээ энэ онд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахгүйгээр ашгийг технологи сайжруулах хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгөд хуваарилахаар болсноо онцолжээ. Чацаргана, цагаан идээ үйлдвэрлэгч тус компани өнгөрсөн онд 7.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим хувиар өсгөсөн аж.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд ЗГ-аас гаргаж УИХ-аар батлуулсан Төрийн өмчид хамаарч байгаа 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг олон нийтэд гаргахад хэр үр ашигтай байх талаар хэлэлцлээ.

2024 оны эцсийн байдлаар Төрийн өмчийн 101 компани, үйлдвэрийн газруудын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэж байна. Эдгээрээс эхний ээлжид гаргасан 18 хуулийн этгээдийн жагсаалтад эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн компаниуд багтаж буй.

Гүн рүү: MMC-д тавих хүлээлт

Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компанийн 2025 оны ашиг хүлээлтээс тааруу байх өндөр магадлалтай байгааг Bloomberg Intelligence-ийн Эндрю Чен мэдээллээ.

  • Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны хоёрдугаар хагаст эхний хагас жилтэй харьцуулахад сул байсан нь үүнд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн санхүүгийн үзүүлэлтэд алтны үйл ажиллагаа нь дорвитой нөлөөлөх цаг хараахан ирээгүй гэж үзжээ.

  • Хэдий тийм боловч тус компанийн бэлэн мөнгөний урсгал хангалттай хэвээр, 2026 онд үйл ажиллагаа нь 2025 оноосоо харьцангуй сайн байна гэж Bloomberg Intelligence таамаглалаа.

  • Монгол Улсаас БНХАУ-ын импортолсон нүүрсний үнэ тонн 82 ам.доллароос 76 ам.доллар болж буураад байгаа ч тус компанийн 50 хувийг эзэмшдэг “Баян хөндий” төслийн үйлдвэрлэл өнгөрсөн оны IV улирлаас эхлээд байна. Ингэснээр MMC зөвхөн алтны бизнесээс жилд 150 сая ам.долларын EBITDA ашиг төвлөрүүлж чадна гэж үзжээ.

  • Ялангуяа 2030 онд тус компанийн 350 сая ам.долларын бондын хугацаа дуусахаас өмнө санхүүгийн нөөцөө хангалттай сэргээхэд тусална гэж таамаглаж байна.

Зам зуур

2026 оныг тун завгүй өнгөрүүлэхээр байгаа Apple компани ирэх долоо хоногуудад хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахад бэлэн болжээ.

Эн тэргүүнд өнгөрсөн онд гаргасан "iPhone 16e" гар утасны шинэчлэгдсэн загвар "iPhone 17e"-ийг танилцуулахаар байна. "iPhone 17" цувралд ашиглаж буй A19 чип болон "MagSafe" цэнэглэгч нь тус шинэ загварын гол өөрчлөлтүүд байх нь.

Харин үнийн хувьд өмнөх загвартайгаа ижил буюу 599 ам.доллароор зарагдаж, "ижил үнээр илүү олон функц" гэсэн энгийн маркетинг ашиглахыг ойрын эх сурвалжаас баталсан байна. Apple компани "iPhone 17e"-ийг хөгжиж буй орнуудын зах зээл болон байгууллагуудын хэрэгцээнд түлхүү борлуулахаар төлөвлөж байгаа аж.

Үүний зэрэгцээ "iPad"-ийн энгийн загвар болон "iPad Air"-ийг шинэчилж, илүү хүчирхэг чиптэйгээр гаргах ч үүнээс өөр төдийлөн том өөрчлөлт байхгүйг мэдээлжээ.

Эцэст нь товчхон

НЗДТГ: Нийслэлийн иргэдэд чиглэсэн ипотекийн сан байгуулж, эхний ээлжид тус санг “Сэлбэ” дэд төвийн орон сууцны борлуулалтад ашиглахаар судалж байна. Тухайлбал “Сэлбэ” дэд төвд 9000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8 хувийн хүүтэй зээл олгох замаар борлуулахаар төлөвлөж буйг мэдээллээ.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулах үйлдвэрийн 12.6 км урттай конвейер ашиглалтад орсноор бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж байгааг мэдээллээ. Ингэснээр жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх аж.

Хөгжлийн банк бүтэц болон удирдлагын багтаа өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал бүтцээ 40 хувиар цомхотгож, Гүйцэтгэх захирлаар Монголбанк болон Хөгжлийн банканд өмнө нь ажиллаж байсан С.Баатарсүрэнг томилжээ. Харин Тэргүүн дэд захирлаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал байсан А.Энхжин томилогдсон байна.

Онцлох зураг

Антарктидын Horseshoe арлын ойролцоо мөсөн уулан дээр амарч буй далайн хавнууд

Anadolu/Getty Images