- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/09
2025/02/09
Өглөөний мэнд. Rio Tinto групп Glencore-ийг худалдан авах мега хэлцэл дахин бүтэлгүйтэв. Алтны арилжаагаар $3 тэрбумыг олсон Хятад арилжаалагч мөнгөний ханшийн уналтад том мөрий тавьжээ. Монголд 30-50 мянган цахилгаан автомашин хэрэглээнд нэвтэрвэл шатахууны хараат байдал 30 хувь орчмоор буурна.

Металлын арилжаанд “наадсан” эр
Алтны рекорд эвдсэн ханшийн өсөлтийг “хөлөглөж” нэрд гарсан БНХАУ-ын тэрбумтан арилжаалагч Биань Шимин өдгөө мөнгөний цойлсон өсөлт рүү овоо хараагаа чиглүүлж, ханшийн уналтад нь 300 сая шахам ам.долларын мөрий тавьжээ.
Олны нүднээс нуугдаж, Гибралтард ихэнх цагаа өнгөрүүлдэг тэрбээр 2022 оны эхэн үеэс эхлэн Шанхайн Фьючерс Биржид алтны фьючерс гэрээнүүдэд хөрөнгө оруулснаар 3 тэрбум орчим ам.долларын ашиг олсон байна. Харин одоо тус бирж дэх мөнгөний арилжаанд хамгийн өндөр дүнтэй богино позицыг Биань Шимин эзэмшиж байгааг биржийн датанд хийсэн Bloomberg-ийн тооцоолол болон ойрын эх сурвалжуудын мэдээлэл харуулж байна.

Биань Шиминий энэхүү нүсэр “short” төдий чинээ хэмжээний эрсдэл дагуулж буй. Мөнгөний зах зээлд ханш савлагаатай байсны улмаас тэрбээр тодорхой хэмжээний позицоо алдагдалтай зарахад хүрсэн аж.
Хэдий тийм боловч одоо 450 тонн мөнгө буюу 30 мянга гаруй гэрээн дээр богино позиц барьж байгаа тул өнгөрсөн долоо хоногт мөнгөний ханш огцом унахад тэрбээр цаасан дээрх дүнгээр 2 тэрбум юань буюу 288 сая ам.долларын ашиг хийжээ.
Өмнөх алдагдлуудыг нэмж, мягмар гарагийн байдлаарх ханш болон позицын дүн дээр нь суурилж тооцвол Биань Шимин энэ арилжаанаас 1 тэрбум гаруй юанийн цэвэр ашиг олохоор байна. Пүрэв гарагт мөнгөний ханш 16 гаруй хувиар унаж, баасан гарагт ч үргэлжлэн буурсан тул Бианийн ашиг даацтай нэмэгдэх нь дамжиггүй боллоо.
Хятадын “Big Short”
Ханшийн огцом савлагаа нь зах зээлд оролцогчдод үнэт металл арилжаалах арга барилаа төрөлжүүлэх сэдэл өгч буй энэ үед Биань Шимин дээрх мөрийг тавиад байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын дийлэнх нь бодлогын хүүгийн өөрчлөлт, төв банкнуудын худалдан авалт, олон улсын тодорхойгүй байдлын нөлөөллийг багасгах гол хамгаалалт нь алт гэж үзсэн хэвээр байгаа. Харин мөнгөний өсөлт нь эдийн засгийн болон бусад суурь хүчин зүйлсээр бус, дийлэнхдээ спекулятив шинжтэй худалдан авалтаар өдөөгдсөн гэж үзэх нь нэмэгдэж байна.
Анхаарлын төвд
Зам замаа хөөнө. Rio Tinto компани салбарын өрсөлдөгч Glencore-ийг худалдан авах мега хэлцлээсээ ухарлаа. Ингэснээр дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг бий болгох байсан нэгдэл биеллээ олж чадсангүй. Glencore-ийг худалдан авах үнэ, үнэлгээнд тохиролцоонд хүрч чадаагүй нь хэлцлийн гол саад байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Glencore нэгдсэн компанийн 40 орчим хувийг хувьцаа эзэмшигчдэдээ олгох эрхийг шаардсан нь Rio-ийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан аж. Сүүлийн байдлаар Rio Tinto 157 тэрбум ам.доллар, харин Glencore 76 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа юм. Тиймээс нэгдсэн компанийн 40 хувийг авах нь хэт өндөр дүн гэж дүгнэсэн байна.

Авлигын хэргүүд. 2025 онд авлига, албан тушаалын 1811 хэргийг шалгасан нь өмнөх оноос 4 хувиар өссөн үзүүлэлт болохыг Улсын Ерөнхий прокурорын газар мэдээллээ. Нийт хэргийн 60 гаруй хувийг шүүхэд шилжүүлснээс гадна 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээг хязгаарлаж, нэг тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна. Засгийн газар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2023-2030 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт 2024 онд дунджаар 60 гаруй хувьтай үнэлэгдсэн юм.
Жил хүлээнэ. Монгол Улс-АНУ хооронд шууд нислэг үйлдэхэд АНУ-ын талаас томилогдсон зөвлөх үйлчилгээний гэрээнд талууд гарын үсэг зурсныг ИНЕГ мэдээллээ. АНУ-ын Холбооны нисэх товчооны шалгалтад тэнцэхэд туслах зорилготой зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан компани II сарын сүүлчээс ажлаа эхлүүлэх аж. Иймд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил хангагдахад дахин 1 жил орчмын хугацаа шаардагдахаар байгааг ИНЕГ-ын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр хэлж байна.
EV-ийн сул орон зай. Монгол Улсад 30-50 мянган цахилгаан автомашин хэрэглээнд нэвтэрвэл түлш, шатахууны хараат байдлыг ойролцоогоор 30 хувь буурах тооцоолол байгааг MMS Engineering компани мэдээллээ. Тус компанийн хувьд Монгол орон даяар цахилгаан тээврийн хэрэгсэл зорчих дэд бүтцийн боломжийг 90 хувьд хүргэх төсөл санаачилсан юм. Шатахууны импортоос 100 хувь хараат Монгол Улс 2025 онд нийт 2.1 тэрбум ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн худалдан авсан байна. Үүнээс гадна 90 мянга гаруй суудлын автомашин импортолсноос ердөө 320 нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд ЗГ-аас гаргаж УИХ-аар батлуулсан Төрийн өмчид хамаарч байгаа 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг олон нийтэд гаргахад хэр үр ашигтай байх талаар хэлэлцлээ.

2024 оны эцсийн байдлаар Төрийн өмчийн 101 компани, үйлдвэрийн газруудын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэж байна. Эдгээрээс эхний ээлжид гаргасан 18 хуулийн этгээдийн жагсаалтад эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн компаниуд багтаж буй.
Гүн рүү: OTC дахь идэвхжил
Он гарсаар биржийн бус зах зээл дэх бонд гаргалт эрчимжиж, эхний сард хаалттай зах зээлд 132.2 тэрбум төгрөгийн бонд гарсан нь өнгөрсөн оныхоос 34 хувиар өссөн дүн болж байна.

Харин 2025 оны эцсээр нийт гаргасан бондын хэмжээ бага зэрэг буурч, 1.59 их наяд төгрөг хүрчээ.
ББЗЗ-д бодит эдийн засгийн салбарын компаниудын оролцоо нэмэгдэж, салбарын төрөлжилт нэмэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд ярилцлага өгөх үеэрээ онцолж байсан юм.
Үүний зэрэгцээ санхүүгийн салбарын бонд гаргалт зохицуулагч байгууллагын хязгаарлалттай холбоотойгоор буурсан байна. Энэ нь нэг талаасаа макро тогтвортой орныг хангаж, зээл олголтыг хэт халаахаас сэргийлэх арга хэмжээ байсан ч нөгөө талаасаа хаалттай зах зээлд нийлүүлэлтийн хомсдол бий болгосон юм.
Үнэт цаас гаргалт санхүүгээс бусад салбарууд руу шилжиж буй нь хөрөнгө оруулагчдын шаардаж буй эрсдэлийн өгөөжийг нэмэгдүүлж байна.
Хэдийгээр макро орчны нөхцөл байдал харьцангуй тогтворжсон ч ББЗЗ-ийн хүү өсөх хандлагатай байгаа юм. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш бондуудын хүү дунджаар 58 суурь нэгжээр нэмэгдээд байна.
Зам зуур

Toyota компани удирдлагадаа гэнэтийн халаа сэлгээ хийж, Кэнта Коныг шинэ Гүйцэтгэх захирлаар сонголоо. Одоогоор тус компанийн Санхүү хариуцсан захирлын албан тушаал хашдаг Кон 2023 онд ирэх дөрөвдүгээр сарын 1-нд шинэ албан тушаалаа хүлээн авах юм байна. Харин одоогийн Гүйцэтгэх захирал Кожи Сато компанийн ТУЗ-ийн Дэд даргаар томилогдохын сацуу шинээр бий болсон Салбар хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэх аж.
57 настай Кэнта Кон Toyota-ийн ашигт ажиллагааг бэхжүүлэх яаралтай шаардлага үүссэн энэ үед компаниа удирдахаар болж байна. Тэрбээр 1991 онд Toyota-д анх ажилд орж, хожим найман жилийн турш компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёодагийн нарийн бичгээр ажиллажээ.
Эцэст нь товчхон
НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр гэрээ үзэглэлээ. Төслийн дагуу 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулж, мөн 800 өрхөд цахилгаан халаагуур болон батарей хуримтлууртай хосолсон 80 КВт-аас 1000 КВт хүртэлх хүчин чадалтай нарны хавтан суурилуулах аж.
ГЕГ: Монгол Улс 2025 онд 82 мянган тонн онгоцны түлш импортолсон нь 2022 оны дүнтэй харьцуулахад 2.5 дахин нэмэгджээ. Нийт импортын дийлэнхийг буюу 89 хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ-аас импортолсон байна.
Онцлох зураг
Үндэсний хувцсаа өмссөн охидын ахлах сургуулийн сурагчид төгсөлтийн баярынхаа үеэр - Сөүл, БНСУ

Jung Yeon-Je/AFP/Getty Images