- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/06
2025/02/06
Өглөөний мэнд. Монголын Хөрөнгийн Бирж ХК нээлттэй болсноос хойших хамгийн өндөр ашигтай улирлаа үджээ. Хуучин цагны үнийн буурах мөчлөг дуусаж, боломжийн үнээр Rolex авахад хамгийн тохиромжтой үе иржээ. Хиймэл оюунтай холбоотой болгоомжлол технологийн зах зээлийн үнэлгээнээс 1 их наяд ам.долларыг арчаад байна.

Одоо л Rolex-той болох цаг
Хуучин цагны үнэ цэн буурах мөчлөг өндөрлөх цаг иржээ.
Таван жилийн турш хэлбэлзсэн тансаг зэрэглэлийн хуучин бугуйн цагны үнэ өдгөө тогтвортой өсөж эхлээд байна. Цаашид энэ ахиц хэрхэх нь дараах хоёр чиг хандлага үргэлжлэх эсэхээс шийдэгдэх юм. Нэгдүгээрт шинэ цагны үнийн өсөлт, хоёрдугаарт хөрөнгийн зах зээлийн өсөлт үүнд нөлөөлнө. Эхнийх нь биелэх магадлал нэлээн өндөр бол хоёр дахь нь одоогоор тодорхой бус байна.

Цагны хоёрдогч зах зээлд үнийн савлагаа цар тахлын үеэс эхэлж байлаа. Тухайн үед хэрэглэгчид криптовалютын өсөлтөөс хүртсэн ашиг болон Засгийн газраас олгосон санхүүгийн дэмжлэгийг хуучин цаганд хөрөнгө оруулахад ашиглаж байв. Гэтэл 2022 оны хавар хөөс хагарч, Биткойн унаж, бодлогын хүү өссөнөөр зээл тавьж цагны цуглуулгаа арвижуулсан хөрөнгө оруулагчид түүнийгээ зарахаас өөр аргагүй болсон юм.
Morgan Stanley, судалгааны WatchCharts платформын сүүлд гаргасан тайлангуудаас харвал алдартай 10 брэндийн 300 цагны үнэ 2025 оны сүүлийн улиралд өмнөх улирлаасаа 1.9 хувиар өссөн байна. 2025 оны эхээр алгуур дээшилж байсан үнэ оны төгсгөл рүү улам эрчээ авсан нь энэ аж. Мөн гүйлгээний дүнгээр хамгийн их арилжаалагдаж буй 50 цагны үнийг дагадаг Bloomberg Subdial Watch Index сүүлийн хоёр жилийн дээд түвшиндээ хүрсэн байна.
Энэхүү эргэлтийн цэг нь шинэ цагны үнийн чиг хандлагатай нягт уялдаж буй. Тарифын улмаас цаг үйлдвэрлэгч компаниуд АНУ-д үнээ нэмсэн бол зарим нь олон улсын зах зээлд мөн нэмсэн байна. Тэр дундаа өнгөрсөн намраас хойш цагны үнээ нэмээгүй байсан Rolex нэгдүгээр сард 6 орчим хувиар нэмэгдүүлжээ. Шинэ цагны үнэ өсөх тусам хоёрдогч зах зээл рүү хошуурах худалдан авагчид олширч эхэлжээ. Тус зах зээлд Patek Philippe, Rolex, Audemars Piguet гурвыг эс тооцвол дийлэнх брэндийн цагнууд жижиглэнгийн үнээсээ доогуур зарагдаж буй.
Анхаарлын төвд
Ногдол ашгууд эхнээсээ. МХБ-д бүртгэлтэй компаниуд 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж эхлэв. Одоогийн байдлаар Дэвшил мандал болон Оллоо ХК ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргасан бол Мандал даатгал ХК нэгж хувьцаанд 14 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэж, улмаар хувьцааны ханш нь 24 хувиар өсжээ. 2025 онд нээлттэй компаниуд нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараасны талаас дээш хувийг банкнууд бүрдүүлж байв. Гэхдээ 2025 оны эцэст банкнуудын ашигт ажиллагаа буурсан нь энэ онд ногдол ашгийн хэмжээ төдийлөн өсөхгүй гэсэн хүлээлт бий болголоо.
Ашгийн дээд амжилт. Өнгөрсөн оны сүүлийн улиралд Монголын Хөрөнгийн Бирж ХК 10.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь 2024 оны II улиралд тогтоосон дээд амжилтаа эвдсэн үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд үнэт цаасны арилжаа болон уул уурхайн биржийн арилжаа өндөр идэвхжилтэй байснаар борлуулалтын орлого нь 4.1 тэрбум төгрөг, хүүгийн орлого бараг 10 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн хний хагас жилд 32 хувиар огцом буураад байсан ашигт ажиллагаа нь II хагаст эрчтэй сэргэжээ. МХБ-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны III сараас хойш 300 төгрөгөөс доогуур арилжаалагдаж байсан бол XI сараас хойш 23 орчим хувиар өсөөд байна.

Болзолтой сонирхол. Банкны тухай хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд Унгар улсын OTP Bank Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал нэг хувьцаа эзэмшигчид тавьдаг хязгаарлалт, зарим хэт ерөнхий зохицуулалтууд болон эрсдэлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэж мэдэгджээ. OTP Bank нь Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1206 салбартай, Будапештийн хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм.
Монголд гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах урьдчилсан ТЭЗҮ бэлэн болж, олон улсад нээлттэй тендер зарлах бэлтгэл ажил хангагдсаныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ. Тус үйлдвэр жилд 1 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоотой бөгөөд 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Зөвхөн дотоодын хэрэглээг хангах бус гадаад зах зээлд өндөр чанартай ган экспортлох амбицтай байх ёстойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тодотгож байв.
Чухал цуглаан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гарагт “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт” зохион байгуулж, 55 орны төлөөлөгчдийг хүлээн авчээ. Нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ-аас хараат байдлаа бууруулах зорилготой тус уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцсон аж. Уулзалтын үр дүнд АНУ болон Европын Холбоо ойрын 30 хоногийн дотор чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой санамж бичиг байгуулахаар болжээ.
Блумберг санал болгож байна
БНАСАУ хэрхэн АНУ-ын компаниуд дотор нууцаар ажиллах хүчээ шургуулж буй талаар "Блумберг: Хэргийн мөрөөр" нэвтрүүлгийн шинэ дугаараар хөндлөө.
Хойд Солонгосчуудтай хуйвалдсан хэргээр ял авсан америкчуудын тоо олширч буй бөгөөд тэдний нэг нь Кристина Чапман юм. Түүний тусламжтай мэдээллийн технологийн салбарын алсын зайнаас ажилладаг мэргэжилтнүүд 17 сая ам.долларыг 2 улсын хооронд шилжүүлсэн байна.

Шинэ дугаарыг пүрэв гарагт 10:00, баасан гарагт 20:10 цагт, мөн амралтын өдрүүдээр хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Түлш тасалдаж эхэллээ
Сүүлийн хэдэн жилд технологийн салбарын хувьцаануудыг пуужин шиг цойлоход хүргэсэн “түлш” тасалдаж эхэллээ. Программ хангамж үйлдвэрлэгч компаниудын бизнес загварыг хиймэл оюун бүрэн үгүй хийхэд ойртсон байж магадгүй талаар болгоомжлол технологийн салбарын хувьцаа, бондуудыг хамарсан өргөн хүрээний уналтыг эхлүүлэв.

Сүүлийн хоёрхон өдөрт Цахиурын Хөндийн том жижиг бүхий л компанийн хувьцаа, бондын үнэлгээнээс олон тэрбум доллар арчигдаад байна.
Тэр дундаа программ хангамж үйлдвэрлэгч компаниудын хувьцаа гол цохилт амсаж, iShares биржээр арилжаалагддаг санд багтдаг хувьцаануудын үнэлгээ сүүлийн 7 хоногт бараг 1 их наяд ам.доллароор буурчээ.
Хиймэл оюуны Anthropic стартап баримт бичиг, гэрээ хянах гэх мэт хууль эрх зүйн ажил гүйцэтгэдэг хиймэл оюунт шинэ хэрэглүүр танилцуулснаас энэ уналт улбаалсан байна.
“Өнөөдөр хууль зүйн технологи, харин маргааш борлуулалт, маркетинг, нягтлан бодолт байхыг ч үгүйсгэхгүй” хэмээн KeyBanc-ийн шинжээч Жэксон Эйдер онцолж байна.
Зам зуур

"Харри Поттер" киноны Драко Малфойн дүр БНХАУ-ын залуу иргэдийн дунд Сар шинийн баярын санаанд оромгүй бэлгэдэл болжээ. Шалтгаан нь Малфойн нэрийг Хятад хэлэнд 马尔福 (ма-эр-фу) хэмээн буулгадагтай холбоотой аж. Нэрний эхний ханз нь "морь" гэсэн утгатай бол сүүлийн ханз нь аз хийморь, сайн сайхныг илэрхийлдэг байна.
Ийнхүү Драко Малфойгийн дүрд тоглосон жүжигчин Том Фелтоны зураг морь жил гарах дөхсөн энэ өдрүүдэд зарим Хятад айлын хаалган дээр заларч, мөн цахим худалдааны платформуудад түүний дүртэй чимэглэл олноор зарагдах болсон байна.
"Харри Поттер" нь БНХАУ-д маш алдартай барууны бүтээлүүдийн нэг бөгөөд 2020 онд "Харри Поттер" цувралын эхний анги тус улсын театруудад дахин гарахдаа гурван өдрийн дотор 90 сая юанийн орлого олж байв.
Эцэст нь товчхон
ЗГ: Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрсөн бол энэ оны эцэс гэхэд 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 2030 он хүртэл баялгийн сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан юм.
Даатгалын компаниуд 2025 онд Төрийн худалдан авах ажиллагаатай холбоотойгоор 1200 гаруй аж ахуйн нэгжид нийт 611.8 тэрбум төгрөгийн дүн бүхий даатгалын баталгаа гаргажээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 27 дахин өссөн үзүүлэлт болж байна.
Онцлох зураг
Бээжин хотын соёлын өдрүүдийн арга хэмжээний үеэр тайзан дээр бүжиглэж буй роботууд

Adek Berry/AFP/Getty Images