2025/02/05

Өглөөний мэнд. Монгол Улсын нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2054 он гэхэд 1.96 болж буурах төлөвтэй. Дулааны V цахилгаан станцын газар шорооны ажил энэ хавар эхэлж, 2028 онд ашиглалтад орно. Биткойноор манлайлуулсан крипто зах зээлийн уналт долоо хоногт хагас их наяд ам.долларын үнэлгээг арчив.

Алсын биш аюул

Голчлон хөгжингүй орнуудын толгойны өвчин болдог хүн амын өсөлтийн удаашрал хөгжиж буй Монгол Улсад бодит асуудал болж эхэлсэн байна.

2025 онд Монгол Улсын хэмжээнд 56,695 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3500-аар буюу 5.8 хувиар буурсан үзүүлэлт болж, хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх оноос 8.1 хувиар саарсныг Үндэсний статистикийн хороо тайлагнасан. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2015 онд төрөлт түүхэн өндөр түвшинд хүрч, 82 мянга давж байсан бол 2019 оноос хойш тогтмол буурсан байна. Улмаар 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлт сүүлийн 20 жилийн доод түвшиндээ очжээ.

ҮСХ-ны тооцооллоор Монгол Улсын хүн ам 2033 он гэхэд дөрвөн сая, 2047-2048 онд таван сая хүрэх төлөвтэй. Гэсэн ч төрөлт үргэлжлэн саарснаар дээрх босго 5-6 жилээр хойшлох магадлалтайг тодотгож байв.

Түүнчлэн 2024 оны байдлаар Монгол Улсын нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2.63 байсан бол 2054 он гэхэд 1.96 болж буурах төсөөлөлтэйг НҮБ-ын тайланд дурдсан байна. Тодруулбал уг үзүүлэлт 1994 оноос хойш 20 жилийн турш 2-оос дээш түвшинд хадгалагдсан бол дараагийн 30 жилийн хугацаанд 1 рүү орж буурах нь.

Өмнө нь Монгол Улсад төрөлт эрс буурсан мөчлөг эдийн засгийн хүнд үе болох 1995-2005 оны хооронд тохиож, тухайн үед жилд дунджаар 45-54 мянган хүүхэд төрж байжээ. Эдгээр жилүүдэд төрсөн хүүхдүүд одоо ажиллах хүчний гол бүлэг болсон нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэхэд нөлөөлж буйг судлаачид хэлдэг.

Харин сүүлийн жилүүдэд төрөлт тогтмол буурч байгаагаас шалтгаалж 2040 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд дахин ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл өндөр байна.

Анхаарлын төвд

ГВАН ба үнэтэй алт. Өнгөрсөн оны эцэст огцом өсөж түүхэн дээд цэгтээ хүрээд байсан гадаад валютын албан нөөц I сард бага зэрэг буурч 6.7 тэрбум ам.доллар боллоо. Гэхдээ 2025 оны эхнээс хойших өсөх хандлага хадгалагдаж, нэг жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 38 хувиар өндөр байна. Түүнчлэн I сард Монголбанк 1.86 тонн үнэт металл худалдан авахад нийт 867 тэрбум төгрөг төлсөн байна. 12 дугаар сард мөнгөжүүлсэн алт ГВАН-ийн 15.7 хувийг бүрдүүлж байсан юм.

Шинэ станцыг хөдөлгөнө. Нийт 658.5 сая ам.доллароор хэрэгжих “Дулааны V цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Төслийн нийт өртгийн 80 хувийг нь тендерээр сонгогдсон Камбожийн “Митайм Интернейшнл” компани хариуцах бол үлдсэн 20 хувийг нийслэлээс санхүүжүүлэх юм. Тус бүрдээ 150 мегаватт хүчин чадалтай хоёр блокоос бүрдэх тус станцад 2027 онд угсралт, суурилалтын ажлууд хийгдэж, 2028 оны эхний хагаст үе шаттайгаар ашиглалтад оруулна гэж тооцоолжээ.

Метан хийн "Гурвантэс XXXV" төслийг хэрэгжүүлэгч TMK Energy компани дахин дээд түвшин эвдсэн сайн үзүүлэлтээ танилцууллаа. Нэгдүгээр сард төслийн хийн олборлолт нь 18.3 мянган куб метр давсан нь 12 дугаар сарын үзүүлэлтээ хол ахиулсан дүн болж байна. Ийнхүү тус компани олборлолтын шинэ дээд амжилтуудыг сүүлийн зургаан сар дараалан тогтоосон нь төслийн ирээдүйд итгэх итгэлийг улам нэмэгдүүллээ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал онцолжээ.

Казахстаны ногоон гэрэл. Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудын Монгол Улстай байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг Казахстан улсын парламентын доод танхим буюу "Мажилис" соёрхон баталсныг Qazinform агентлаг мэдээллээ. Хэлэлцээрийн хүрээнд ЕЭЗХ-ны гишүүн орнууд болон Монгол Улсын хооронд худалдаалах 367 нэр төрлийн барааг гаалийн тарифаас харилцан хөнгөлж, чөлөөлөх юм. Үүнээс өмнө өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр тус холбоог тэргүүлдэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын талаас хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зураад байв.

Фридландтай уулзав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп газрын ховор элементээр БНХАУ-аас хамааралтай байдлыг бууруулж, стратегийн чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэх 12 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалт бүхий хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээ зарлав. "Project Vault" хэмээн нэрлэгдсэн энэхүү нүсэр төлөвлөгөөний санхүүжилтийн 2 тэрбум ам.долларыг хувийн хэвшлийн капиталаас, 10 тэрбумыг АНУ-ын Экспорт-импортын банкны зээлээр бүрдүүлэх юм байна. Энэ хүрээнд Д.Трамп Ivanhoe Mines-ийн Үүсгэн байгуулагч Роберт Фридланд болон бусад бизнесийн төлөөллүүдийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Блумберг санал болгож байна

БНАСАУ хэрхэн АНУ-ын компаниуд дотор нууцаар ажиллах хүчээ шургуулж буй талаар "Блумберг: Хэргийн мөрөөр" нэвтрүүлгийн шинэ дугаараар хөндлөө.

Хойд Солонгосчуудтай хуйвалдсан хэргээр ял авсан америкчуудын тоо олширч буй бөгөөд тэдний нэг нь Кристина Чапман юм. Түүний тусламжтай мэдээллийн технологийн салбарын алсын зайнаас ажилладаг мэргэжилтнүүд 17 сая ам.долларыг 2 улсын хооронд шилжүүлсэн байна.

Шинэ дугаарыг пүрэв гарагт 10:00, баасан гарагт 20:10 цагт, мөн амралтын өдрүүдээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Хагас их наяд замхрав

Биткойныг зарах хөдөлгөөн эрчээ нэмснээр долоо хоног хүрэхгүй хугацаанд криптовалютуудын үнэлгээсээс хагас их наяд шахам ам.доллар арчигдлаа.

  • Крипто зах зээлийн нийт үнэлгээ I сарын 29-нөөс хойш 467.6 тэрбум ам.доллароор буурсныг CoinGecko-ийн дата харуулж байна.

  • Мягмар гарагт Биткойны ханш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 оны 11 дүгээр сард сонгуульд ялалт байгуулснаас хойших доод түвшиндээ хүрч уналаа. Тухайн үед Д.Трамп криптовалютад ээлтэй бодлого баримтлах дохио өгснөөр Биткойны ханшийн огцом өсөлтийн мөчлөг эхэлж байсан юм.

  • Мөн Биткойн өнгөрсөн аравдугаар сард хүрсэн оргил түвшнээсээ 40 хувь орчмоор унаад байна.

  • Аравдугаар сарын 10-нд Биткойны маржин арилжаалагчид дараалсан ликвидацад (албадан зарах) орж, 19 тэрбум ам.долларын хөшүүрэгтэй позиц хаагдаж байв. Түүнээс хойш криптовалютын зах зээл бүхэлдээ сэхэл аваагүй хэвээр байгаа.

  • Геополитикийн тодорхой бус байдалтай давхацсан Биткойны энэхүү уналтаас шалтгаалж тус криптовалют “дижитал алт”-ны үүрэг гүйцэтгэж чадах эсэхэд нь эргэлзээ бий болж эхэлжээ.

  • Биткойн нь цэвэр спекулятив шинжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болоод байгааг алдарт хөрөнгө оруулагч Майкл Бьюрри анхааруулсан байна.

Зам зуур

Walmart компанийн хувьцааны ханш мягмар гарагт түүхэн дээд түвшиндээ хүрснээр зах зээлийн үнэлгээ нь анх удаа нэг их наяд ам.доллар давлаа. Хувьцааны ханш нь 2.9 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 127.71 ам.долларт хаагдсанаар зах зээлийн үнэлгээ нь нэг өдөрт 29.1 тэрбумаар тэлжээ.

Ингэснээр жижиглэн худалдааны дэлхийн хамгийн том сүлжээг ажиллуулдаг тус компани үнэлгээгээрээ Nvidia, Alphabet зэрэг технологийн аварга компаниудтай зэрэгцэж байна. Энэ онд Walmart-ийн хувьцааны ханш 15 хувиар өссөн нь S&P 500-ийн 1.1 хувийн өсөлтийг хол давсан үзүүлэлт юм.

Walmart асар том нийлүүлэлтийн сүлжээгээ ашиглан үнийг доогуур түвшинд барьж, багаас дундаж орлоготой өрхүүдийг татсан хэвээр байгаа аж. Мөн цахим үйлчилгээ нь тав тухыг эрхэмлэдэг илүү чинээлэг худалдан авагчдыг шинээр татаж байна.

Эцэст нь товчхон

Санхүүгийн Зохицуулах Хороо үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн сан буюу REIT-ийн эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлоготой байгаагаа мэдээллээ. Энэ нь барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд хөрөнгийн баталгаатай эх үүсвэр болдгийг салбарынхан онцолж байв.

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын авто замын ажлыг эрчимжүүлж, IX сард ашиглалтад оруулах үүрэг өгснийг мэдээллээ. Төслийг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх гэрээгээр хэрэгжүүлж байгаа.

Онцлох зураг

Саран дээр газардах Artemis II хөтөлбөрийн пуужин Кеннедигийн нэрэмжит сансрын төвд - Флорида, АНУ

Miguel J. Rodriguez/AFP/Getty Images