2025/02/04

Өглөөний мэнд. Монгол Улсын агаарын температурын дулаарал дэлхийн дунджаас 1.3 орчим хэмээр өндөр байгаа нь цэнгэг усны нөөцөд заналхийлж байна. БНХАУ-ын нарны эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадал энэ онд нүүрснээс гарган авах эрчим хүчийг давна. Илон Маскийн SpaceX компани xAI-тай нэгдэж, $1.25 их наядын үнэлгээтэй болов.

Нараар цэнэглэгдэх Хятадын ирээдүй

БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд түүхэнд анх удаагаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэх эрчим хүчийг давах төлөвтэйг тус улсын Эрчим хүчний зөвлөл (CEC) даваа гарагт гаргасан тайландаа мэдээлжээ. Илүү цэвэр эрчим хүчний систем бий болгохоор удаан хугацаанд зорилт тавин ажиллаж буй БНХАУ-ын хувьд энэ нь томоохон амжилт болох юм.

АНУ-ынхаас хоёр дахин их хэмжээний эрчим хүчийг дэлхийн хамгийн хямдад тооцогдох өртгөөр үйлдвэрлэж буй тус улс 2026 оны төгсгөл гэхэд нийт суурилагдсан хүчин чадлынхаа 50 гаруй хувийг нар, салхины эх үүсвэрээс гарган авч эхлэхээр байгааг тайланд онцолсон байна. Харин нүүрснээс гарган авах эрчим хүч 1/3 орчмыг нь бүрдүүлдэг болж буурах тооцоолол гаргажээ.

Хэдийгээр тус улс сүүлийн жилүүдэд нүүрсний цахилгаан станцын шинэ төслүүдийн тоог нэмсэн ч нар, салхины станцууд илүү эрчтэйгээр нэмэгдэж байгаа. CEC-ийн тооцооллоор 2026 оны төгсгөлд нүүрсний ЦС-ын суурилагдсан хүчин чадал 1333 ГВт болохоор байна. Харин 2025 оны эцсийн байдлаар 1,200 ГВт байсан нарны эрчим хүч сүүлийн гурван жилд дунджаар 270 ГВт-аар өссөнийг БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газрын дата харуулж байна.

Улсын хэмжээнд бүх эх үүсвэрийг нэгтгэсэн үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 2026 онд 400 ГВт-аар нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлттэй ижил түвшинд байхаар байгааг CEC мөн мэдээлжээ. Хүчин чадлаа ийнхүү жигд, дорвитой нэмэгдүүлснээр тус улс 2021, 2022 онд болсон шиг эрчим хүчний чадлын дутагдалд дахиж ороогүй байна.

Анхаарлын төвд

Хайлж буй мөсөн голууд. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал улам хурдтай хайлсаар байгаа уулсын мөсөн голуудаас хамаарахыг НҮБ-ын Ази, Номхон Далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) сануулжээ. Монголын гадаргын агаарын хэмийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх суурь түвшнээс хэдийнээ Цельсийн 2.3 хэмээр өссөн нь дэлхийн дунджаас 1.3 хэмээр өндөр үзүүлэлт болохыг Дэлхийн Банкны судалгаа харуулж байна. Үүнээс шалтгаалан Монголын цэнгэг усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг мөсөн голуудын хэмжээ 1990-2016 оны хооронд 35 хувиар буурсан байна.

Жишиг индексийн хоцролт. 2025 оны эцэст эрчимтэй өсөж байсан Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс энэ он гарсаар бараг өөрчлөлтгүй байна. I сард 0.8 хувиар өссөн нь сүүлийн таван сарын хамгийн бага өсөлт болжээ. Бүс нутгийн томоохон индексүүдтэй харьцуулбал Монголын жишиг индекс он дамнан хоцорсон хэвээр байна. Тухайлбал БНСУ-ын Kospi 20 гаруй хувийн өсөлттэй тэргүүлж буй бол Япон болон Хонконгийн жишиг индексүүд 2.6-4.8 хувийн өсөлттэй байна.

Цойлсон жил. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК 33 жилийн түүхэндээ хамгийн өндөр гүйцэтгэлтэй оныг үджээ. Өнгөрсөн онд тус үйлдвэр 33.6 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж,төлөвлөсөн хэмжээнээс 21.5 хувиар давуулан биелүүлсэн байна. Мөн 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, 593.1 тэрбум төгрөгийн орлого олсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Ингэснээр 72.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Үндэсний баялгийн санд 2025 оны ногдол ашиг болох 36 тэрбум төгрөг төвлөрүүлснээ мэдээлжээ.

ЦС-ын бонд. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч Цэцэнс Майнинг & Энержи ХХК олон улсын бондын зах зээл дээрээс 5 жилийн хугацаатай, 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсныг Ти Ди Би Секьюритис ҮЦК мэдээллээ. 11.375 хувийн купонтой тус бондын үндсэн төлбөр төлөгдөх хугацаа нь 2031 оны II сарын 05-ны өдрөөр тогтжээ. 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн ЦС-д дахин хоёр блок ашиглалтад орсноор нийт 600 МВт-ын хүчин чадлаар ажиллахаар байгаа.

Хүчээ нэгтгэв. SpaceX компани хиймэл оюуны xAI-ийг худалдан авснаар Илон Маскийн хоёр компани албан ёсоор нэгдсэнээ зарлалаа. Энэ нь хиймэл оюун болон сансрын аяллын салбарт ноёрхохоор зорьж буй Илон Маскийн хувьд зардал ихтэй зорилтуудаа санхүүжүүлэх чухал алхам болж байна. Хэлцлийн хүрээнд SpaceX-ийн үнэлгээ нэг их наяд ам.доллар, xAI-ийн үнэлгээг 250 тэрбум ам.доллароор тооцож байгааг эх сурвалж мэдээлжээ. Ингэснээр нэгдсэн компанийн үнэлгээ 1.25 их наяд ам.доллароор хэмжигдэхээр байгаа аж.

Казахстаны нүүдэл. Дэлхийд ураны олборлолтоор тэргүүлдэг Kazatomprom компани гарцаа энэ онд өмнөх оноос есөн хувиар нэмэгдүүлж, 71.5–75.4 сая фунт хүргэнэ гэж төсөөлөл гаргажээ. Мөн 2026 онд ураны борлуулалт нь 50.7–53.3 сая фунт байна гэж тооцоолж байгаа аж. Казахстаны төрийн өмчит тус компани төсөөллөө ийнхүү нэмэгдүүлсэн нь спот зах зээл дэх ураны үнийн өсөлтийг ашиглахаар зорьж буйтай холбоотой. 2025 онд ураны спот үнэ 5.5 хувиар өсөж, 12 дугаар сарын эцэс гэхэд нэг фунт нь 63.50 ам.доллар хүрч өндөрлүүлж байв. Даваа гарагийн байдлаар ураны ханш фунт нь 99.25 ам.доллар болсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Блумберг санал болгож байна

Гүн рүү: Алтан дээр суусан Герман

ХБНГУ-ын Бундесбанкны хадгалж буй алтны нөөц хэмжээгээрээ дэлхийд зөвхөн АНУ-ын дараа бичигдэж байна. Одоогийн ханшаар алтны нөөцийнх нь нийт үнэлгээ 500 тэрбум евро буюу 599 тэрбум ам.доллар орчим болох юм.

  • 500 тэрбум еврогийн алтны нөөц нь ХБНГУ-ын нийт өрийн 18 хувьтай тэнцэнэ. Мөн тус улс 1999 онд анх еврог гүйлгээнд нэвтрүүлснээс хойш 19 дахин өссөн дүн болж байна.

  • Германы төв банк Манхэттэн дэх Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны санд энэ нөөцийнхөө 220 тэрбум ам.доллартой тэнцэх хэсгийг хадгалуулдаг. Тодруулбал 1236 тонн жинтэй 100 мянга гаруй алтан гулдмай нь тэнд бий.

  • Сүүлийн үед Германы сөрөг хүчний улс төрчид болон нөлөө бүхий судлаачид алтаа АНУ-аас эргүүлэн авчрахыг уриалах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NATO-ийн холбоотнуудтайгаа түнжин хагарч, мөн Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд халдах болсонтой энэ нь холбоотой байх магадлалтай.

  • Ил тод байдлыг нэмэгдүүлэх, нөөцийн хяналтаа чангатгах шахалтын нөлөөгөөр сүүлд 2017 онд Герман улс 300 тонн алтаа Нью-Йоркоос авчирч байсан юм.

Зам зуур

Сүүлийн өдрүүдэд алтны ханш огцом унасан ч Сингапурт алт худалдаж авахаар дараалалд зогсох иргэдийн цуваа тасрахгүй байгаа нь жижиглэнгийн зах зээлд үнэт металлын эрэлт онцгой тэсвэртэй хэвээр болохыг харууллаа.

Даваа гарагт тус улс дахь жижиг хөрөнгө оруулагчдад биет алт худалддаг цор ганц банк болох United Overseas Bank-ны төв байрыг алтан гулдмай худалдаж авахаар ирсэн үйлчлүүлэгчид дүүргэжээ. "Өнөөдөр алтны үнэ унасан болохоор алт худалдаж авахаар ирлээ" хэмээн 70 настай иргэн Нг Бен Чу өгүүлж байна. Тэрбээр өглөөний 09:30 цагт ирж дарааллаа авсан ч зургаан цагийн дараа нэр нь дуудагдахаар байгааг хэлж байсан юм.

Алтны ханш даваа гарагт 4400 ам.доллар хүртлээ доошилсон нь олон хөрөнгө оруулагчдын хувьд зарах биш хямдралтай үнээр худалдан авах боломж болжээ. Сингапурт хөрөнгө оруулалтын зорилгоор худалдаж авах алтан гулдмай, хөрөнгийн өсөлтөд татвар ногдуулдаггүй тул үнэт металлд хөрөнгө оруулагчдын гол зорих цэг болдог.

Эцэст нь товчхон

Мянганы Сорилтын Сан: Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажил III сарын 31-ний дотор бүрэн дуусахаар байна. Тус үйлдвэр нь ашиглалтад орсноор өдөрт 112 мянган метр куб усыг ундны ус болгон цэвэршүүлэх юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод жилдээ 110 сая метр куб ус авах бололцоотой ундны усны долоон эх үүсвэр байдаг.

Мандал Даатгал ХК 2025 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 14 төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны ногдол ашгаас 72.8%-иар өссөн дүн болж байна. Компани санхүүгийн тайлангаа хараахан нийтлээгүй байгаа. Хувьцааных нь өнөөдрийн хаалтын ханшаар тооцоолбол ногдол ашгийн өгөөж нь 19 хувьтай тэнцэх юм.

ҮСХ: Оюуны өмчийн газар 2025 онд 72 шинэ бүтээл, 239 бүтээгдэхүүний загварт патент олгосон байна. Үүнээс барилга, уул уурхайн шинэ бүтээлд 14 патент олгосон нь өмнөх оныхоос хоёр дахин нэмэгджээ.

Онцлох зураг

“Marina Barrage” далангийн ногоон дээвэр дээр амарч буй иргэд - Сингапур

SeongJoon Cho/Bloomberg