- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/02/03
2025/02/03
Өглөөний мэнд. Алт, мөнгөний ханшийн огцом уналт хувьцааны зах зээлийг араасаа дагуулав. МХБ-ийн I сарын арилжааны дийлэнх хэсгийг 15.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын бондын арилжаа бүрдүүлжээ. Стратегийн ордуудад Төрийн эзэмшлийн хувь тогтоох ажилд ойрын хугацаанд тодорхой үр дүн гарахыг ЗГ мэдээлэв.

Алтны нураасан даалуу
Алт, мөнгөний ханшийн рекорд эвдсэн өсөлт огцом уналт руу шилжсэнээр эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын хэрэгслээс гарах хөдөлгөөн эржимжиж, дэлхий даяар хувьцаануудын ханш уналаа.
S&P 500 индекс даваа гарагт 1.5 хүртэлх хувиар унаж, шинэ өдрийн арилжааг 0.7 хувийн уналттайгаар эхлүүлэв. АНУ-ын Засгийн газрын бондуудын ханш бага зэрэг өсөж, 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2 суурь нэгжээр доошилсон байна. Амралтын өдрүүдээр эрс буурч байсан Биткойны ханш 77 мянган ам.доллар орчимд тогтворжлоо.

Алтны ханш гурван өдрийн турш ингэж огцом унасан тохиолдол 1980 оноос хойш бүртгэгдэж байсангүй. Энэ он гарсаар 30 гаруй хувиар өсөж, унц нь бараг 5600 ам.доллар шүргэсний дараа ердөө хоёр өдрийн дотор 18 хувиар унав. Мөнгөний хувьд байдал бүр ч дордож, гурван өдөрт ханш нь 40 гаруй хувиар буураад байна.
“Алт бол тогтвортой байдлын бэлгэ тэмдэг. Гэхдээ энэ хөдөлгөөн бол тогтвортой байдал биш. Карьерынхаа турш үзсэн хамгийн ширүүн хөдөлгөөн байлаа” хэмээн Heraeus Precious Metals-ийн Арилжаа хариуцсан захирал Доминик Шперцел өгүүлжээ.
Мөн “Зах зээл сандарч байна. Ази, Европ, АНУ-ын зах зээлд өргөн хүрээний зарах хөдөлгөөн давамгайллаа. Алтнаас гадна мөнгөний ханшид савлагаа нэмэгдсэн тул хөрөнгө оруулагчид эрсдэлээ багасгах шаардлагатай” хэмээн Berenberg-ийн хөрөнгийн стратеги, судалгааны хэлтсийн дарга Улрих Урбан онцоллоо.
Даваа гарагийн ханшийн хөдөлгөөн нь металлуудын удаан үргэлжилсэн өсөлт, хиймэл оюуны нүсэр хөрөнгө оруулалтын нөлөөгөөр дээд түвшнээ олон дахин шинэчилсэн хувьцааны зах зээлийн өсөлтийн дараа тогтворгүй байдал нэмэгдэж буйн дохио боллоо. Үүнтэй зэрэгцэн хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Банкны дараагийн тэргүүн болж магадгүй байгаа Кевин Уоршийн удирдлага дор ханш, үнэлгээ хэрхэн өөрчлөгдөхийг цэгнэж, төсөөллөө тохируулж эхлээд байна.
Анхаарлын төвд
Сан хөмрөгт. 2026 оны эхний сард Монголбанк 1.9 тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.2 хувиар илүү хэмжээ болж байна. Гэсэн хэдий ч 12 дугаар сард 2.77 тонныг худалдан авсантай харьцуулахад нэлээн буурчээ. I сарын эхээр алт худалдан авах дундаж үнэ нь 499 мянган төгрөг байсан бол сарын эцэст 619 мянга болж түүхэн дээд цэгтээ хүрчээ. Мөн мөнгө худалдан авсан үнэ нь 8328 төгрөгөөс 13.3 мянга болж огцом өссөн байна.
Трампын сонголт. Төв банкныхаа одоогийн мөнгөний бодлогод ихээхэн шүүмжлэлтэй ханддаг эдийн засагч Кевин Уорш Холбооны Нөөцийн банкны дараагийн тэргүүнээр нэрлэгдээд байгаа. Хэрэв АНУ-ын Сенатаар соёрхон батлагдвал тэрбээр ирэх тавдугаар сард, одоогийн тэргүүн Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед Холбооны нөөцийн банкийг удирдаж эхлэх юм. Кевин Уорш Холбооны Нөөцийн банканд ажиллаж байх үедээ Төв банк Засгийн газрын бондын худалдан авалтаа нэмэгдүүлэх зэргээр хэт их зарлага гаргаж, баланс нь эрс нэмэгдэж буйг шүүмжилж ирсэн юм.

Тиймээс Кевин Уорш дараагийн тэргүүнээр сонгогдсоноор Төв банкны бонд худалдан авалтыг зогсоож, хөрөнгийн хэмжээг хурдацтай бууруулна гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж эхэллээ.
Стратегийн ордын асуудлыг мухарлана. Хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудад Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох ажилд ойрын хугацаанд тодорхой үр дүн гарна гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй Эрдмин, Ачит-Ихт, Зэс эрдэнийн хувь ХХК-иудтай өнгөрсөн оны VIII сараас эхлүүлсэн хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэхийг тодотгов. Үүнээс гадна Шивээ-Овоо, Тавантолгой, Нарийн Сухайтын бүлэг ордуудад нүүрсний орд эзэмшиж буй компаниудтай хэлэлцээ үргэлжилж байгаа аж.
Тооноос илүү чанар. Монгол Улс аялал жуулчлалын салбарт 1-2 сая жуулчин хүлээж авах зорилт тавихаас илүү нэг жуулчнаас олох өгөөжид төвлөрөх нь чухал гэдгийг салбарынхан онцолж байна. Монголд аялахад нэг жуулчин дунджаар 2000 ам.доллар зарцуулдаг гэж тооцоолдог ч дийлэнх хувийг бүрдүүлдэг Азийн улсуудаас ирж буй жуулчин дунджаар 1000 ам.доллар зарцуулдаг байна. Засгийн газар 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувийг 0.4-өөс 4 хувьд хүргэн нэмэгдүүлэх зорилт тавиад буй.
Ажил удахгүй жигдэрнэ. Овоотын коксжих нүүрсний төслийг 100 хувь эзэмшдэг Aspire Mining компани 2025 оны IV улиралд төслийн хөгжүүлэлтэд 3.1 сая ам.доллар, хайгуулын ажилд 640 мянга орчим ам.доллар зарцуулснаа тайлагналаа. Шинэчилсэн төсөөллөөр Овоотын нүүрсний нөөцийн үнэлгээ 1.5 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Мөн лицензийн хугацаа нь 2042 он хүртэл хүчинтэй, дахин хоёр удаа сунгах нөхцөлтэй буюу 31 жилийн турш үйлдвэрлэл явуулах боломжтой аж. Мөн компанийн нүүрс боловсруулах үйлдвэр болон төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл бэлэн болсон бөгөөд олборлолтоо эхлүүлж 2027 оны эцсээр экспортлох зорилготой ажиллаж байгаагаа онцолжээ.
Блумберг санал болгож байна

Гүн рүү: Бондууд хүчтэй
Монголын Хөрөнгийн биржид тогтмол орлоготой хэрэгслийн арилжаа өнгөрсөн оны эцсээр эрчээ авч эхэлсэн бөгөөд одоо ч энэхүү чиг хандлага үргэлжилж байна.

Нэгдүгээр сард МХБ дээр 45.1 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсаны дийлэнх хэсгийг 15.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын бондын арилжаа бүрдүүлжээ.
Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа сүүлийн гурван сар дараалан нэмэгдсэн байна.
Харин хувьцааны арилжаа өмнөх саруудтай харьцуулбал намжаад байна. Нийт 21.4 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсаны 44 хувийг багцын арилжаа бүрдүүллээ.
МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ сүүлийн нэг сарын хугацаанд 371 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 14.2 их наяд төгрөг хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт боллоо.
Зам зуур

Netflix-ийн хамгийн их үзэлттэй “KPop Demon Hunters” киноны дуу болох “Golden" хөгжмийн урлагийн дээд шагнал Grammy-ийг хүртсэн анхны К-поп уран бүтээл боллоо.
Зохиомол Huntr/x хамтлагийн дуулсан “Golden" Лос-Анжелест зохион байгуулагдсан Grammy-ийн шагнал гардуулах ёслолд "Визуал медиад зориулсан шилдэг дуу" төрөлд ялалт байгуулжээ. “KPop Demon Hunters”-ийн амжилтыг даган олон улсад хит болсон тус уран бүтээл Billboard Hot 100 жагсаалт болон Их Британийн UK Official Singles Chart-ийг зэрэг тэргүүлсэн анхны К-поп дуу болж түүх бүтээж байв.
“Golden"-ийг К-поп салбарын нэр хүндтэй продюсерүүдийн баг бичиж, олны хүртээл болгосны дунд киноны гол дүр Румигийн дуу хоолойг бүтээсэн Ejae буюу Ким Ын-Жэ мөн багтсан байна.
Эцэст нь товчхон
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Хаягдал ус дахин боловсруулах төсөл"-ийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, одоогоор төслийн туршилт, тохируулгын явц үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ. Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор ДЦС-ууд дахин боловсруулсан усыг үйлдвэрийн зориулалтаар эргүүлэн ашиглах боломж бүрдэх юм. Одоогоор нийслэл дэх ДЦС-ууд жилд дунджаар 18 сая куб метр хүртэлх гүний ус хэрэглээндээ ашигладаг байна.
Онцлох зураг
Данийн Хаант улсын тэнгисийн цэргийн хүчний HDMS эргүүлийн хөлөг Гринланд арлын Нуук хотын ойролцоо

Juliette Pavy/Bloomberg