2025/02/02

Өглөөний мэнд. Сүүлийн улиралд топ 5 банкны цэвэр ашиг 2024 оны II улирлаас хойших дээд түвшинд хүрчээ. Төсвийн хөрөнгө оруулалтыг хэт тарамдаж ирснээс шалтгаалж нийгмийн суурь асуудлууд ужгирсаар байна. ABM компани зэс-никелийн "Oval" төслийн эрдэсжилтийн бүс 2025 онд 60 хувиар тэлснийг мэдээлэв.

Тарамдсаар тартагт нь тулгав

2020-2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт нэрлэсэн дүнгээр 2.3 дахин өсөж, 3.8 их наяд төгрөг хүрсэн байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 6300 орчим төсөлд 11.9 их наяд төгрөг төсөвлөсөн ч гүйцэтгэл нь дунджаар 89.3 хувьтай байгааг судлаачид танилцууллаа.

Зарцуулалтыг харвал зам тээвэр, боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн бол батлан хамгаалах, хөдөө аж ахуй, цаг уур, эрчим хүчний салбарт бага санхүүжилт батлагдаж иржээ.

Мөн 11.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төслүүдээс 30.9 хувь нь амжилттай хэрэгжсэн, 49 хувь нь хэрэгжиж буй ангилалд багтаж байгаа бол нийт төслийн 22.6 хувьд төсөвт өртгийн өөрчлөлт орсон байна.

Товчхондоо зураг төсөвгүй, газрын асуудал шийдэгдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг бодитой тооцоолоогүй төслүүдэд хөрөнгө оруулалт баталсан нь хэрэгжилт хангалтгүй, улмаар төсөвт өртөг нэмэгдэхэд нөлөөлжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг олон жилийн турш хэт тарамдаж, тойрогт чиглүүлсэн хуваарилалт хийж ирснээс нийгмийн суурь асуудал болох эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, дэд бүтцийн асуудлуудаа шийдэж чадаагүй нөхцөл байдалд орсныг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлж байна. 

Энэ онд ч гэсэн дээрх байдал хадгалагдаж, төсвийн төсөлд тусгаагүй байсан 115 шинэ төслийг УИХ-аас нэмж баталсан байна. Тодруулбал нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөгөөр, 2026 онд санхүүжих дүн 227.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагджээ.

Анхаарлын төвд

Нохойн дуу ойртов. Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх компакт төслийн барилга угсралтын ажил 99 хувьд хүрсэн бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31-нд багтан ашиглалтад орохоор байгааг АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац мэдээллээ. АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй компакт төсөл нь Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг өнөөгийн түвшнээс 80 хувиар нэмэгдүүлэх зорилготой.

Чухал металлын ирээдүйтэй төсөл. Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс-никелийн "Ямбат" буюу "Oval" төслийнхөө хайгуулд 2025 онд дорвитой ахиц гаргаж, илрүүлсэн эрдэсжилтийн бүсийн хэмжээг 60 хувиар тэлснээ мэдээллээ. Өнгөрсөн оны III сард өрөмдлөгийн хөтөлбөрөө эхлүүлснээс хойш төсөлд 7434 метрийн нийт урттай 40 цооног өрөмдсөн байна. Тус компани дараагийн шатны өрөмдлөгөө энэ оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Asian Battery Metals

Сорилттой жил. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд коксжих нүүрс олборлогч Mongolia Energy Corporation компанийн орлого 2025 оны санхүүгийн жилд 9.8 хувиар буурсныг тайлагналаа. Ингэснээр тайлант хугацаанд тус компанийн нийт ашиг 28.3 хувиар агшиж, 1.38 тэрбум хонконг долларын алдагдал хүлээжээ. 2024 онд 1.68 тэрбумын ашигтай ажиллаж байсан ч өнгөрсөн онд БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ эрс буурсан нь энэхүү тааруу үр дүнд хүргэжээ. Мөн уурхайн хөрөнгийн үнэ цэнээ 1.3 тэрбум хонконг доллароор бууруулах сорилттой нүүр тулсан аж.

Яарч хөдлөх цаг. Дэлхийн зах зээлд өнгөт металлын үнэ эрчимтэй өсөж буй энэ үед ашиглалтад бэлэн болсон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ. Энэ хүрээнд Баянхонгор аймагт байрлах 51.9 тонн алтны нөөцтэй "Хүрэн цав", Өмнөговь аймгийн Цогтцэций дэх 53.1 тонн алтны нөөцтэй “Овоот хяр” алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг тодотгов.

Rio-ийн том наймаа. Rio Tinto компани БНХАУ-ын буюу төрийн өмчит Chinalco компанитай хамтарч Бразилын “Cia. Brasileira De Alumínio” буюу CBA компанийн 68.6 хувийг худалдан авлаа. Хэлцлийн үнийн дүн 4.69 тэрбум реал буюу 1.3 тэрбум ам.доллар орчим болсныг Bloomberg-ийн дата харуулж байна. Ингэснээр Rio Бразилын хөнгөн цагаан үйлдвэрлэлээр тэргүүлэгч компанийн 1/3-ийг эзэмшихийн сацуу үлдсэн хувьцааг нь худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болж байна.

Блумберг санал болгож байна

Гүн рүү: Банкнуудын ашиг дээшлэв

Монгол Улсын тэргүүлэх таван банк 2024 оны II улирлаас хойших хамгийн өндөр ашигтай улирлаа үдлээ.

  • Төв банкнаас сүүлийн нэг жил орчмын хугацаанд банкны салбарын зээл олголтыг хязгаарлах зориулалттай өөрчлөлтүүдийг хийснээр өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар ашигт ажиллагаанд нь сорилт дагуулж байсан юм.

  • Харин 2025 оны сүүлийн улиралд нээлттэй таван банкны цэвэр ашгийн хэмжээ 441.8 тэрбум төгрөг хүрч, өмнөх улирлаас 43.4 хувиар өссөн байна.

  • Системийн нөлөө бүхий таван банкны нийт хүүгийн орлого оны сүүлийн улиралд түүхэн дээд түвшинд хүрчээ. Тайлант хугацаанд 2.1 их наяд төгрөгийн хүүгийн орлоготой ажиллаж, өмнөх улирлаас 6.8 хувиар өссөн байна.

  • Тухайлбал Худалдаа Хөгжлийн банкны цэвэр ашиг оны сүүлийн улиралд 2.5 дахин өссөн бол Голомт Банкных 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

  • Хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал ХААН Банкны хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 21 хувиар эрчимжиж, өсөлтөөрөө илүүрхсэн бол ХасБанк 18.9 хувийн өсөлттэй байв. Бусад банкнуудын хувьцааны ханш оны дүнгээр улаан бүсэд арилжаалагдаж байна.

Зам зуур

2025 оны сүүлийн улиралд Apple компанийн БНХАУ дахь бизнес эрс сэргэжээ. Шинэ "iPhone 17" гар утасны эрэлт хүчтэй байснаар Хятад дахь нэг улирлын борлуулалт нь 2021 оноос хойш анх удаа 25 тэрбум ам.доллар давсан байна.

12 дугаар сарын 27-ноор эцэслэсэн гурван сарын хугацаанд тус компани Эх газрын Хятад, Тайвань, Хонконгийг багтаасан зах зээлд 25.5 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөөд зогсохгүй Уолл Стритийн дундаж төсөөллөөс хол давсан үзүүлэлт болжээ.

Apple-ийн хувьд нэгэн цагт өсөлтийнх нь гол хөдөлгүүр байсан Хятадад урьдын эрчээ эргүүлэн олж авахад бэрхшээлтэй тулгараад байв.

Харин таамаглаагүй сэргэлт авчирсан сүүлийн улирлын үзүүлэлт нь ухаалаг утсаа шинэчилсэн хэрэглэгчдийн тоо эрс өссөнтэй холбоотойг Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк онцолжээ. Мөн өөр брэндийн утаснаас iPhone руу шилжсэн хэрэглэгчийн тоо хоёр оронтой тоогоор өссөнийг дурдсан байна.

Эцэст нь товчхон

Нийтийн тээврийн UBCARD аппликейшнд одоогоор 382 мянган иргэн бүртгүүлээд байгааг Нийтийн тээврийн бодлогын газар мэдээллээ. Нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсөхөд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн нь голлон нөлөөлснийг онцолжээ.

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк 2025 онд Төв Азийн орнууд болон Монгол Улсад нийт 120 төслийг 2 тэрбум шахам ам.доллароор санхүүжүүлснээ мэдээлэв. Узбекистан улсад 1 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгосон нь бүс нутагт хамгийн өндөр дүн болсон бол Монголд 218 сая ам.долларыг олгожээ.

Онцлох зураг

Индонез улсын нийслэл Жакарта хот дахь зам оргил ачааллын үеэр

Dimas Ardian/Bloomberg