2025/01/30

Өглөөний мэнд. Зэсийн үнэ анх удаагаа 14 мянган ам.доллар давж, Оюутолгой ХХК өнгөрсөн сард зэсийн үйлдвэрлэлийн дээд амжилт тогтоосноо тайлагнав. Tesla Илон Маскийн зорьж буй хиймэл оюуны ирээдүйд $20 тэрбумын хөрөнгө оруулалт төлөвлөв. СЗХ ББСБ-уудын олгож буй зээлийн өр орлогын харьцааг 60 хувиас 55 хувь болгож буурууллаа.

Tesla-ийн их шилжилт

Tesla компани энэ онд цахилгаан автомашины үйлдвэрлэлээ оновчилж, нөөц хөрөнгөө хиймэл оюун ба роботын технологи руу шилжүүлэхэд 20 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө зарлалаа. Компанийн автомашин үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагаанаасаа тэлэх өргөн хүрээний өөрчлөлтүүдийн нэг хэсэг нь болж байна.

Лхагва гарагт танилцуулсан хөрөнгийн зардлын дүн нь Уолл Стритийн таамаглалаас хоёр дахин, 2025 оныхоос 135 хувиар өндөр дүн болов. Хөрөнгө оруулалтыг хэд хэдэн үйлдвэртээ өргөтгөл хийх, дөнгөж эхэлж буй роботаксины бизнесээ өргөжүүлэх, хиймэл оюуны дэд бүтэц байгуулахад зарцуулах аж. Түүнчлэн “Model S” болон “Model X” автомашины үйлдвэрлэлийг зогсоож, суларсан хүчин чадлыг “Optimus” роботоо хөгжүүлэхэд ашиглах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

“Бид маш том хөрөнгө оруулалтууд хийж байна” хэмээн компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск Tesla-ийн IV улирлын тайланг танилцуулахдаа онцолж байлаа. Компани бүтэн жилийн дүнгээр нийт 1.6 сая ширхэг цахилгаан автомашин борлуулсны 97 орчим хувийг “Model 3”, “Model Y” загвар нь бүрдүүлжээ. Харин борлуулалтын орлого нь өмнөх оноосоо 3 хувиар буурсан бол цэвэр ашиг нь 46 хувиар буурч, 3.79 тэрбум ам.доллар болсон байна.

Tesla-ийн төлөвлөсөн шинэ бизнесүүдийн хэтийн төлөв тодорхой бус, урт хугацаа шаардахаар байгаа ч хөрөнгө оруулагчид нь шинэчлэлд нааштай хандаж байгаа нь зах зээлийн хөдөлгөөнөөс харагдлаа. Борлуулалтын базаахгүй үзүүлэлт тайлагнасан ч лхагва гарагт компанийн хувьцаа 1.2 хувиар өссөн байна.

Өөрсдөө чип үйлдвэрлэх үү?

Tesla компани дотооддоо хагас дамжуулагч үйлдвэрлэх “TeraFab” хэмээх үйлдвэр байгуулж, ажиллуулах шаардлагатай байгааг Илон Маск мөн онцолсон байна. “3-4 жилийн дараа гарах магадлалтай хомсдолыг арилгахын тулд бид Tesla TeraFab-ийг барих гэж байна. Логик чип, санах ойн чип, сав баглааг дотооддоо үйлдвэрлэх маш том үйлдвэр” хэмээн лхагва гарагт тэрбээр ярьжээ.

Хиймэл оюун, автомат жолоодлого, робот зэрэг дээр дурдсан төслүүдээ хэрэгжүүлэхэд компанид асар их тооны чип хэрэг болох юм. Tesla-ийн чипийн одоогийн гол нийлүүлэгчид болох TSMC, Samsung, Micron компаниуд хэрэгцээг нь шаардлагатай түвшинд хангаж дийлэхгүйг Маск дурдсан байна.

“Геополитикийн эрсдэлээс хамгаалагдсан байдлыг хангахад энэ нь маш чухал. Ойрын хэдэн жилд маш том хүчин зүйл болох геополитикийн зарим эрсдэлүүдийг хүмүүс дутуу үнэлж байж магадгүй” хэмээжээ.

Анхаарлын төвд

ОТ оны төгсгөлд. 2025 оны IV улирлын турш зэсийн үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байж, 12 дугаар сард дээд амжилт тогтоосныг Оюу Толгой ХХК тайлагналаа. Олон улсад зэс болон алтны үнэ хоёул дээд түвшнээ шинэчлэн тогтоож буй энэ үед гүний уурхайн олборлолт 12 дугаар сард өдөрт дунджаар 42 мянган тонн болж нэмэгдсэн байна. Тайлант улиралд 103.9 мянган тонн зэс, 158.6 мянган унц алт үйлдвэрлэсэн нь төсөөллөөс давсан сайн үр дүн болжээ. Үүнээс гадна тус компани өнгөрсөн оны IV улиралд 776 тэрбум төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт зарцуулснаа мэдээллээ.

Damian Lemanski/Bloomberg

Өндрөөс унав. Entrée Resources компанийн хувьцааны ханш 14 хувиар унасан нь 2015 оны аравдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом уналт нь боллоо. Entrée-ийн Монголд эзэмшдэг лицензүүд хууль зөрчсөн эсэхийг шалган судлах үүрэг өгснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдээд байгаа. Гэхдээ Оюутолгойн сонсгол эхлэх үеэр Entrée-ийн хувьцааны ханш бага зэрэг буурсан ч энэ уналтаа бүрэн нөхөж, энэ он гарсаар 32 хувийн өсөлттэй байгаа юм. Иймд сүүлийн уналт нь техникийн засвар хөдөлгөөн гэж харж болохоор байна.

Хатуу гараар. СЗХ-ноос Банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олголтыг чангаруулж, өр-орлогын харьцааг 60-аас 55 хувь болгож бууруулсан байна. Энэхүү шийдвэр нь хоёр долоо хоног орчмын өмнө нь Монголбанкнаас банкны салбарын зээл олголтыг удаашруулахад чиглэсэн өөрчлөлтийн дараа хийгдэж байгаа юм. Сүүлд өнгөрсөн оны III сарын эцсээр зээлдэгчдийн өр-орлогын харьцааг бууруулж байв. Түүнээс хойш 2025 оны III улирлын байдлаар ББСБ-уудын олгосон зээлийн хэмжээ 10.9 их наяд төгрөг хүрч, 28.3 хувиар өсөөд байна.

НӨАТ-ын буцаалт нэмэгдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого сүүлийн таван жилд 2.2 дахин нэмэгдэж, 2025 онд 6.2 их наяд төгрөг болжээ. Үүнийг дагаад буцаан олголтын дүн ч нэмэгдэж, 2025 онд улиралд дунджаар 84-95 тэрбумыг олгосон байна. НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг оновчтой болгох, буцаан олголтын хүртээмжийг нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг ирэх аравдугаар сараас мөрдөж эхлэх юм. Энэ хүрээнд 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1 саяас дээш худалдан авалтад 20 хувийг нь буцаан олгоно.

Блумберг санал болгож байна

Sponsored

📌 “Өсөлтийн хөшүүрэг: 2026”

Технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун нь бизнесийн салбарт томоохон өөрчлөлт авчирч, компаниудын ажиллах арга барил, өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэж байна. Энэхүү өөрчлөлт нь мөн зах зээлд түрүүлж дасан зохицох, стратеги боловсруулахыг шаарддаг тул бизнесүүд шинэ боломжийг ашиглахаар үйл ажиллагаагаа тэлэх, инновацад суурилсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Үр дүнд нь санхүүжилт, хөрөнгө оруулалт татах бодит хэрэгцээ бий болж, энэ нь компанийн урт хугацааны өсөлт, тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ.

Иймд Апекс Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс компанийнхаа цар хүрээг тэлж, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахаар зорьж буй бизнес эрхлэгчдэд зориулан Өсөлтийн хөшүүрэг: 2026 арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд 2026 оны бизнесийн чиг хандлага, өрсөлдөөн, бизнест хиймэл оюун ухаан ашиглалтыг нэвтрүүлэх,цаашлаад хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахад арга зам, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн бэлэн байх талаар салбар бүрийн мэргэжилтэн үнэ цэнтэй мэдээллийг хүргэх болно.

Хүрэлцэн ирэхээр сонирхож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл та бүхэн ЭНД дарж форм бөглөн мэдээллээ явуулаарай.

📆 2026 оны II сарын 5-ны өдөр 18:30 цагаас

Гүн рүү: Хос морьтой өсөлт

Ам.долларын ханш сулрахтай зэрэгцэн металлуудын үнэ рекорд эвдэн өсөж буй энэ мөчлөгийг зэс, алт түүчээлж байна. Олон улсад геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондууд, ам.долларыг үнэт металл, аж үйлдвэрлэлийн металлаар орлуулах боллоо.

  • Лондоны металлын биржид зэсийн үнэ сүүлийн 16 жилд байгаагүй дээд дүнгээр өсөж, тонн нь түүхэнд анх удаа 14 мянган ам.долларын босго давав.

  • Өсөлтийн давлагаанаас хоцрохгүйн тулд яарсан Хятадын хөрөнгө оруулагчид металлууд руу шуурсан нь энэ өсөлтөд түлхэц боллоо. Ингэснээр зэсийн үнэ 12 дугаар сарын эхнээс хойш 25 хувиар өсөөд байна.

  • Үүнтэй зэрэгцэн алтны ханш 2.7 хувиар өсөж, унц нь 5564 ам.доллар хүрснээр зөвхөн энэ сарын өсөлт нь 29 хувиар хэмжигдэж байна. Харин 2025 онд 148 хувиар өсөж байсан мөнгөний ханшийн өсөлт энэ онд хэдийнээ 66 хувьд хүрчээ.

  • Дээрх бүх металлууд ам.доллароор үнэлэгддэг тул сүүлийн өдрүүдэд долларын ханш суларсан нь ашигтай тусаж байгаа юм. Харин таваарын үнэтэй нягт уялдаатай австрали долларын ханш 9 дэх өдрөө дараалан чангарсан байна.

Зам зуур

Тэрбумтан Илон Маск ирэх зургаадугаар сард өөрийн төрсөн өдөр болон гараг эрхсийн ховор тохиолтой давхцуулж SpaceX компанийнхаа хувьцааг нээлттэй арилжаалж эхлэх санаа дэвшүүлснийг Financial Times мэдээлсэн байна.

Тодруулбал Бархасбадь, Сугар гарагууд хоорондоо маш ойрхон үзэгдэх үетэй тааруулж SpaceX-ийн IPO-г товлохоор төлөвлөж буйг ойрын таван эх сурвалж мэдээлжээ. Энэ нь Илон Маск 55 нас хүрэх зургаадугаар сарын дундуур гэсэн үг юм.

IPO-ийн товын шийдвэр нь ихэвчлэн хөрөнгө оруулагчдын сонирхол, зах зээлийн нөхцөл, компанийн бэлэн байдлаас хамаардаг тул гараг эрхсийн хөдөлгөөнийг харгалзаж товлоно гэдэг дийлэнх компаниудын хувьд этгээд хачирхалтай шийдвэрт тооцогдоно. Гэсэн хэдий ч Илон Маск бэлгэдлийг ихээр чухалчилдаг, бизнесийн нухацтай шийдвэр гаргахдаа ч тоглоом наргиа хийдгээрээ алдартай.

Тухайлбал өмнө нь тэрбээр Tesla-ийн нэгж хувьцаа бүрийг 420 ам.доллароор үнэлж хаалттай компани болгох талаар жиргэж байсан нь интернэт орчинд алдартай IV сарын 20-ны өдрийг илэрхийлсэн санаа гэж хүмүүс ойлгож байлаа.

Эцэст нь товчхон

“Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг Японы засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлээр өргөтгөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай болж, энэ талаар JICA-ийн төлөөлөгчидтэй санал солилцсоныг Зам, тээврийн яам мэдээллээ. Анх 1.6 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтайгаар барьсан тус нисэх буудал 2025 онд 2.4 сая зорчигчид үйлчилсэн байна.

Дэвшил Мандал ХК 2025 онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд өр, зээл, төлбөр тооцоотой холбоотойгоор хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг хуваарилах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. 2026 он гарснаас хойш тус компанийн хувьцаа ердөө хоёр удаа арилжигджээ.

Онцлох зураг

Meta компанийн Eagle Mountain дата төвийн өргөтгөлийг барих газар шорооны ажил үргэлжилж байна - Юта муж, АНУ

George Frey/Bloomberg