2025/01/29

Өглөөний мэнд. Д.Трампын “санаа амар” мэдэгдэл ам.долларын ханш урт хугацаанд сулрах чиг хандлага руу орох хүлээлт үүсгэв. 2025 онд Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийгдээгүй нь 2016 оноос хойших анхны тохиолдол болжээ. Монгол дахь зэс хайлуулах үйлдвэрийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад Glencore тэргүүтэй компаниуд тэнцлээ. 

Доллар доошлох тренд эхлэв үү?

Валютын зах зээлд ам.долларыг зарах арилжаа эрчимжиж буй асуудалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп харьцангуй тайван өнгө аястай мэдэгдэл хийсэн нь ам.долларын ханш сулрах урт хугацааны чиг хандлага эхэлсэн байж болзошгүй талаар спекуляцыг нэмэгдүүллээ.

Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш тийм ч их суларсан гэж бодохгүй байгаагаа Д.Трамп лхагва гарагт сэтгүүлчдэд ярьсны дараа ам.долларын ханш өнгөрсөн онд АНУ-ын тарифын арга хэмжээг анх зарласан өдрөөс хойших нэг өдрийн хамгийн огцом дүнгээр унав. Мөн Bloomberg-ийн ам.долларын спот индекс 1.2 хүртэлх хувиар доошилж, сүүлийн бараг дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ.

Д.Трампын засаг захиргаанаас ханш сул байх нь АНУ-ын экспортлогч бизнесүүдэд ашигтай тусна гэх байр суурь баримталж буй нь ам.долларын уналтын шинэ мөчлөгийн эхлэл байж болохыг Eurizon SLJ Capital-ийн үүсгэн байгуулагч, валютын стратегич Стефен Жен онцолж байна. “Энэ нь ам.доллар сулрах дараагийн ээлжийн эхлэл байх магадлал өндөр байна. Үүнд олон хүн бэлтгэлгүй байгаа” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Ам.долларын ханш суларсан нь евро болон фунт стерлингийн ханш 2021 оноос хойших дээд цэгтээ, швейцар франкын ханш 2015 оноос хойших дээд цэгтээ хүрч чангарахад дэм болов. Азид БНСУ-ын вон, Малайзын ринггит ам.долларын эсрэг чангаралтаар тэргүүллээ. Мөн алтны ханш ээлжит дээд үзүүлэлтээ тогтоож, унц нь 5250 ам.доллар хүрсэн байна. Харин төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2026 он гарснаас хойш дийлэнхдээ суларч, сүүлийн байдлаар 3564-т мөрдөгдөж байна.

Ам.долларын одоогийн ханш байх ёстойгоосоо өндрөөр үнэлэгдсэнийг зарим хэмжүүрүүд харуулж байгаа. Тухайлбал валютын худалдан авах чадварт суурилсан үзүүлэлтээр ам.доллар швейцар франкыг эс тооцвол “Арвын бүлэг”-ийн бүх орны валютын эсрэг “overvalued” түвшинд байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дата харуулж байна.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн бууралт сунжирснаар АНУ-ын эдийн засагт олон эрсдэл дагуулахыг Goldman Sachs-ийн ТУЗ-ийн дэд дарга Роберт Каплан Bloomberg-т ярьжээ. “Ам.долларын сул ханш экспортыг нэмэгдүүлэх нь үнэн. Гэсэн хэдий ч АНУ 39 их наяд ам.долларын өртэй. Одоо 40 их наяд давах замдаа орж байна. Ийм их өртэй байхад валютын тогтвортой байдал нь экспортоос чухал асуудал болно” гэсэн байна.

Анхаарлын төвд

Зэсийн үйлдвэрийн өрсөлдөөн. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад 7 улсын 13 компани саналаа ирүүлснээс Glencore тэргүүтэй дөрвөн компани шаардлага хангаж байгааг ЗГХЭГ-ын дарга мэдээллээ. 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд хийгдэхээр ТЭЗҮ-д нь тусгасан тус төсөлд Glencore-оос гадна БНХАУ-ын NFC, Jianxi Copper болон бусад гурван компанийн консорциум санхүү, техникийн шаардлага хангасан аж. Эцсийн шатны шалгаруулалтыг оны эхний улиралд багтаан дуусгахыг зорьж байгааг ЗГ мөн мэдээллээ.

Damian Lemanski/Bloomberg

Эргэлдүүлэх хөрөнгө. 2026 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд болон Төв банкны үнэт цаас худалдан авалтад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300 тэрбум төгрөгөөр тогтоолоо. Хуульд зааснаар сангийн хөрөнгийг ЗГҮЦ зэрэг эрсдэл багатай хөрөнгө оруулалтад байршуулахыг зөвшөөрдөг. Одоогийн байдлаар ЗГ-ын олон улсын зах зээлд гаргасан ам.долларын бондын өгөөж 4.6-5.8 хувь орчим байгаа бол дотоод үнэт цаасны хүүгийн түвшин хугацаанаас хамааран 10.1-13.3 хувь байна.

Мах, гурилын үйлдвэрлэл өсжээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2025 онд сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч, 8 их наяд төгрөг давсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үйлдвэрлэл 11.5 хувиар өсөхөд мах, сүү, гурил, цемент зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний гарц гол нөлөө үзүүлсэн байна. Нийлүүлэлт хангалтгүй байгаагаас өнгөрсөн намар махны үнэ улирлын чиг хандлагаа даган буураагүй нь хүнсний инфляц эрчимжихэд нөлөөлснийг Монголбанк мэдээлж байв. Гэсэн ч өнгөрсөн онд махны үйлдвэрлэл 61,722 тонн болж, өмнөх оноос 3700 гаруй тонноор нэмэгджээ.

7000 руу ойртсоор. S&P 500 индекс арилжааны таван өдөр дараалан өсөж 6978 нэгж хүрснээр хоёр долоо хоног гаруйн өмнө тогтоосон түүхэн дээд түвшнээ шинэчиллээ. Ингэснээр салбарын шинжээчдийн 2025 онд төсөөлж байсан зорилтот 7000 нэгжийн түвшинд ойртож байна. АНУ-ын технологийн салбарын компаниудын хувьцааны ханш эрчимжсэн нь шинэ дээд түвшин рүү хөтөлжээ. Одоогоор “Гайхамшигт 7”-ийн компаниудын ашгийн тайлан гол хүлээлт үүсгэж байгаа. Тухайлбал Tesla-ийн хөрөнгө оруулагчид робот, автомат жолоодлогын технологид шинэ ахиц гарсан эсэхийг хүлээж буй бол Meta Platforms энэ оны төсөөллөө ахиулах магадлал өндөр байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia Швейцарын Давос хотоос Дэлхийн Эдийн Засгийн Форумыг 11 дэх жилдээ сурвалжиллаа.

Чуулганаас бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: IPO-ийн “гантай” жил

2016 оноос хойш анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд бүтэн жилийн турш IPO хийгдсэнгүй. Цар тахлаас хойш банкны системийн хамгийн том реформтой зэрэгцээд компаниуд биржид бүртгүүлэх нь эрчимжсэн ч өнгөрсөн онд огт идэвхгүй байлаа.

  • Өнгөрсөн онд UBcab Holding компани нээлттэй болох зөвшөөрлөө аваад байсан ч биржид гараагүй юм.

  • 2016 онд таваарын зах зээлийн уналтаас шалтгаалж макро эдийн засгийн орчны хувьд хүндрэлтэй, санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу өсөлттэй жил байлаа. Тухайн жилд IPO хийхэд бэлэн, зөвшөөрлөө аваад байсан хоёр компани арилжаа хийгээгүйг СЗХ-ны мэдээллээс харж болохоор байна.

  • Харин 2025 оны эхний хагаст үүнтэй төстэй таваарын зах зээл тааруу дүр зурагтай байв. Улмаар эдийн засгийн нөхцөл байдлын талаарх төсөөлөл суларч, компаниуд хувьцаагаа олон нийтэд арилжаалахад цаг хугацааны хувьд тохиромжгүй болсон байх талтай.

Зам зуур

Францын тэрбумтан Пиногийн гэр бүл Puma SE компанид эзэмшдэг 29 хувьтай дүйцэх хувьцаагаа БНХАУ-ын Anta Sports Products Ltd компанид худалдахаар зөвшөөрсөн байна. Kering группийн ард байдаг тус гэр бүл гол брэнд болох Gucci-г шинэчлэхэд төвлөрч, тансаг бүтээгдэхүүний зах зээлээс бусад салбар дахь эзэмшлээ бууруулж байгаа.

Хэлцлийн хүрээнд Anta Германы алдарт брэндийн гол хувьцаа эзэмшигч болоход 1.8 тэрбум ам.доллар зарцуулж, барууны спорт хувцас хэрэгслийн компаниуд дахь хөрөнгө оруулалтын багцаа тэлж байна. Тус компани одоогоор Salomon, Wilson зэрэг брэндүүдэд хувь эзэмшиж буй.

Мягмар гарагт уг мэдээлэл гарсны дараа Франкфуртын биржид бүртгэлтэй Puma-ийн хувьцаа 21 хүртэлх хувиар огцом өсөөд эргэн буурчээ.

Пиногийн гэр бүл Puma-ийн 43 сая орчим ширхэг хувьцааг Artémis нэртэй холдинг компаниар дамжуулан эзэмшдэг. Харин Anta нэгж хувьцаа бүрийг 35 еврогоор үнэлж авахаар болсон нь Puma-ийн сүүлийн хаалтын ханшаас 62 хувиар өндөр дүн юм.

Эцэст нь товчхон

ЗГ: АНУ-ын Худалдаа, хөгжлийн ашентлагаас 2.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн зээл авах хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжив. Тус зээлээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны шалгалтад хамрагдахад авах зөвлөх үйлчилгээний II шатны санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэхийн тулд тус шалгалтад хамрагдах шаардлагатай байгаа юм.

Худалдаа, Хөгжлийн Банк БНЭУ-ын Экспорт-Импорт банктай Худалдааны санхүүжилтийн ерөнхий гэрээ байгуулжээ.. Ингэснээр хоёр улсын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, ХХБ‑ны харилцагчдад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад дэмжлэг болно гэдгийг онцолсон.

ГЕГ: Монгол Улсаас АНУ, Швед, Швейцар, БНСУ руу хэвийн боов, еэвэн тогтмол экспортолж байна. Ялангуяа АНУ руу хийж буй хэвийн боовны экспорт 2025 онд 6,490 кг хүрсэн нь өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Онцлох зураг

Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын парадын үеэр жагсаж буй “Ражпут” элит бие бүрэлдэхүүний цэргүүд - Шинэ Дели, БНЭУ

Prakash Singh/Bloomberg