- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/28
2025/01/28
Өглөөний мэнд. Erdene Resource Development зэс, молибденийн "Зуун мод" төслөө санхүүжүүлэхээр $25 саяыг босголоо. ТӨК-иудын ашигт ажиллагааг доош татдаг гол хүчин зүйл нь Төр өөрөө. TMK Energy-ийн “Гурвантэс XXXV” төслийн хийн гарц 5 сар дараалан өссөн байна.

ERD-ийн чухал жил
Алтны “Баян Хөндий” төслийг ашиглалтад оруулж, хэдийн 31 сая ам.долларын орлого төвлөрүүлээд буй Erdene Resource Development компани бусад төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор 25 сая ам.доллар босголоо. Энэ удаа хаалттай хүрээнд 2.8 сая хувьцааг нэгж үнийг нь 8.9 ам.доллароор үнэлж, зах зээлд гаргажээ.
Уг хэлцэлд Канадад төвтэй, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг Paradigm Capital болон National Bank Financial хамтран андеррайтераар оролцсон байна.

Erdene Resource Development
ERD татан төвлөрүүлсэн хөрөнгөө зэс-молибденийн “Зуун мод” төслийн хайгуул, техникийн ажилд зарцуулахаар болсон байна. Энэ нь тус компанийн Mongolian Mining Corporation-той байгуулсан стратегийн түншлэлтэй хамаарахгүй гэдгийг тодотгожээ.
“Зуун мод” орд нь Баянхонгор аймагт, "Баян Хөндий" алтны уурхайгаас 35 км орчмын зайд оршдог. Төслийн нөөцийн шинэчилсэн судалгаагаар нөөцийн хэмжээ нь өмнөх тооцооллоос эрс нэмэгдсэн бөгөөд “Ази тивийн молибден-зэсийн хөгжүүлэлт хийгдэхгүй хамгийн том ордуудын нэг байж магадгүй”-г ERD-ийн Гүйцэтгэх захирал Питер Акерли өнгөрсөн X сард мэдээлж байлаа. Тодруулбал ордын молибденийн баттай болон бодит нөөц 22 хувиар өсөж, 334 сая фунт (151 мянган тонн) болсон бол зэсийн баттай болон бодит нөөц нь 16 хувиар нэмэгдэж 384 сая фунт (174 мянган тонн) болжээ.
Компани говийн бүс нутагт 20 гаруй ашигт малтмалын боломжит талбай илрүүлээд байгааг Mining.com-д мэдээлсэн байна. Тухайлбал “Зуун мод”-оос гадна зэс, мөнгөний "Хөвийн хар", зэсийн“Тэрэг уул” төслүүд бий. ERD-ийн Монгол дахь охин компани “Эрдэнэ Монгол” 2026 онд хайгуулын ажилд өмнөх оноос гурав дахин өндөр буюу 9 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйг Питер Акерли мэдээлжээ.
Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Erdene Resource Development компанийн хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд 7.85 хувиар өсөж, 2025 оны эрчээ хадгалж байна.
Анхаарлын төвд
Хүлээлт өндөр хуулиуд. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдын маргааныг шүүхэд хүрэхээс өмнө шийдвэрлэх механизмыг бий болгохын тулд Эдийн засгийн бодлогын зөвлөл байгуулахаар тусгасан байна. Тус зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, гишүүдийн 50-иас доошгүй хувьд хувийн хэвшил, мэргэлжлийн холбооноос бүрдүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн онцоллоо. УИХ-ын хаврын чуулганаар тус анхдагч хуулийн төслөөс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх хүлээлттэй байгаа.
TMK Energy компани 2025 оны сүүлийн таван сард хийн үйлдвэрлэл нь дараалан өссөнийг тайлагналаа. Бүх цооногууд нийт хүчин чадлынхаа 99 хувиар ажиллаж, өндөр гүйцэтгэлтэй байсан байна. Мөн 2025 онд тус компани зардлаа 1 сая ам.доллароор танаж, санхүүгийн сахилга бат, үйл ажиллагааны чадамжаа мэдэгдэхүйц сайжруулснаа улирлын тайландаа тодотгожээ. 2026 онд тус компани төсөлдөө стратегийн түнш татан оруулж, ойрын хугацаанд олборлолтоо нэмэгдүүлж, арилжааны түвшинд хий үйлдвэрлэхийг зорьж байгаагаа мэдээллээ.

НДС энэ онд. Нийгмийн даатгалын сангийн орлогын 70 орчим хувийг хөдөлмөрийн насны хүн амын ердөө 30 орчим хувь нь бүрдүүлдэг. Энэ онд тус санд нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталснаас 3.2 их наяд төгрөгийг ажил олгогчоос, 2.5 их наяд төгрөгийг ажиллагчаас төлөх шимтгэл бүрдүүлэх тооцоололтой байна. Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас 1.6 их наяд төгрөг болохоор байна. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй хөдөлмөр эрхлээгүй эцэг эх, малчин, туслах малчин зэргийн сайн дурын даатгалын шимтгэлийн 13.5 хувийг Төр хариуцдаг.
“Амар ажил биш”. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан импортын тарифаа 25 хувь болгож нэмэхээр сүрдүүлэв. Шалтгаан нь Өмнөд Солонгосын хууль тогтоогчид өнгөрсөн онд АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрээ хуульчилж чадаагүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч БНСУ-ын парламентын хувьд энэ нь хялбар ажил байгаагүй.
VII сард тус улс Д.Трамптай тохиролцохын тулд АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар амласан юм. Асар их хөрөнгө урсан гарснаар воны ханш суларна гэж болгоомжилсон Солонгосын хөрөнгө оруулагчид АНУ-ын бонд, хувьцаануудыг ихээр худалдан авчээ. Ингэснээр айдас нь биеллээ олж, воны ханш 2007-2008 оны санхүүгийн хямралын үеэс хойш харагдаагүй түвшинд суларсан байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia Швейцарын Давос хотоос Дэлхийн Эдийн Засгийн Форумыг 11 дэх жилдээ сурвалжиллаа.
Чуулганаас бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Хэргийн эзэн нь Төр
Төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагаанд Төр өөрөө хамгийн их нөлөөлж буйг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв онцоллоо. Үүнээс гадна улс төрийн томилгоо их, мэргэжлийн удирдлага дутмаг, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус байдал хангалтгүй зэрэг засаглалын асуудал ихээхэн нөлөөлж байна.

2024 оны байдлаар Монгол Улсад Төрийн өмчийн болон Төрийн өмчийн оролцоотой 101 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Эдгээрийн нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг, орлого нь 26 их наяд төгрөг, нийт өр төлбөр нь 22.9 их наяд төгрөг.
ҮЦТХТ-ийн 2025 оны төвлөрлийн судалгаанд Төрийн өмчит 26 хувьцаат компани байгаагаас 5 нь нээлттэй хувьцаат компани буюу биржид бүртгэлтэй байна. Эдгээр компанийн 5-34 хувь нь олон нийтийн эзэмшилд байгаа юм.
МХБ-д бүртгэлтэй Төрийн өмчит дийлэнх компанийн хувьцааны ханш царцанги байдалд байгааг арилжааны мэдээллээс харж болохоор байна.
Хамгийн олон буюу 11.8 мянган хувьцаа эзэмшигчтэй Төрийн банк IPO хийснээс хойш 4.3 мянган шинэ хувьцаа эзэмшигчтэй болсон ч гурван жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш унасан хөдөлгөөнтэй.
Харин Монголын Хөрөнгийн биржийн хувьцааны ханш ТӨК-иудаас төдийгүй хөрөнгийн зах зээлд өсөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд орж, IPO хийснээс хойш тус компанийн хувьцааны ханш 200 гаруй хувиар өссөн төдийгүй хөрөнгө оруулагчдын тоо нь 10 мянга давжээ.
Зам зуур

Удахгүй болох Сар шинийн баярын амралтаар БНХАУ-ын жуулчдын хамгийн их зорчих чиглэл нь БНСУ байх төлөвтэйг аяллын захиалга, нислэгийн дата харуулж байна. Цар тахлаас хойш хятад жуулчид Японд хамгийн ихээр очиж байсан бол энэ онд БНСУ топ чиглэл нь болж байна.
Хоёрдугаар сарын 15-наас эхлэх есөн хоногийн амралтаар Эх газрын Хятадын 230-250 мянга гаруй жуулчинд Өмнөд Солонгост ирэх тооцоо гарсныг аялал жуулчлалын дата шинжилгээний China Trading Desk компани мэдээлжээ. Энэ нь өмнөх Сар шинийн амралтаас 52 орчим хувиар өссөн дүн юм.
Харин Японд Хятадаас ирэх аялагчдын тоо өнгөрсөн оноос 60 хүртэлх хувиар эрс буурах тооцоололтой байна. Иений ханш суларснаар сүүлийн жилүүдэд хятадуудын зорих дуртай чиглэл нь Япон болоод байсан ч хоёр орны харилцаа хурцадсанаар уг чиг хандлага эргэсэн юм. Үүнээс гадна БНСУ Хятадын групп аялагчдад визийн шалгуураа зөөлрүүлсэн, бүс нутгийн аялал жуулчлалын өөр нэг төв цэг Тайландад аюулгүй байдалтай холбоотой асуудал үүссэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Эцэст нь товчхон
Монголбанк: 2025 оны эцсийн тайлангаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 11.4 их наяд төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 21.7 хувиар өссөн байна. Мөн 12 дугаар сард 2394 иргэн ипотекийн зээлд хамрагдсан нь өмнөх сараас 500 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт боллоо.
Онцлох зураг
Европын Холбоо Энэтхэг улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсны дараа БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар - Шинэ Дели

Prakash Singh/Bloomberg