- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/27
2025/01/27
Өглөөний мэнд. Олон улсад эгзэгтэй байдал нэмэгдэж, алтны ханш түүхэнд анх удаа унц нь $5000 давлаа. ДЦС IV-ийн дахин нэг зууханд гэмтэл гарснаар эрчим хүчний нийлүүлэлт нь 60-70 МВт-аар буурахаар байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зэвсэгт хүчний тэргүүн генералаа гэнэт унагасан нь Тайванийн асуудал, эрх мэдлийн залгамж халаатай холбоотой олон асуулт бий болгов.

Алт $5,000 давлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын харилцааны дүрмийг шинээр бичиж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондууд болон валютаас татгалзсанаар алтны ханшийн хурдтай өсөлт эрчээ улам нэмж, түүхэнд анх удаа унц нь 5000 ам.доллар давлаа.

Геополитикийн эрсдэлүүд, ам.долларын ханшийн сулрал нь үнэт металлын эрэлтийг дэмжиж, улмаар өнгөрсөн долоо хоногт алтны үнэ 8 гаруй хувиар өсөн 5040 орчим ам.долларт хүрээд байна. Ам.долларын бусад томоохон валюттай харьцах ханшийг дагадаг гол индекс тавдугаар сараас хойших хамгийн огцом уналттай долоо хоногийг үдсэнээр арилжаалагчдын үнэт металл худалдан авах өртөг хямдарсан байна. Алтнаас гадна мөнгө мөн адил дээд түвшнээ шинэчилж, унц нь анх удаа 100 ам.доллар давсан юм.
Алтны ханш ийнхүү сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд даруй хоёр дахин өссөн нь зах зээлд айдас нэмэгдэх үед эрэлт нь дагаад нэмэгддэг чиг хандлагыг тодотгон харуулж байна.
Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож, Гринланд арлыг улсдаа нэгтгэхээр сүрдүүлж, Венесуэлд цэргийн ажиллагаа явуулсан нь зах зээлд айдас, тодорхойгүй байдал нэмэгдэхэд түлхэц болсон юм.
"Алт бол зах зээл дэх итгэлийн яг эсрэг нь. Инфляцын гэнэтийн өсөлт, зах зээлийн тооцоолоогүй уналт, геополитикийн өндөр эрсдэлээс сэргийлэх хамгаалалт нь болдог" хэмээн “First Eagle Investment Management” компанийн хөрөнгө оруулалтын багцын менежер Макс Белмонт хэлж байна.
Анхаарлын төвд
Дахин гэмтэл гарав. Дулааны IV цахилгаан станцын долоодугаар зууханд цооролт үүссэн тул станцын эрчим хүчний нийлүүлэлт ойролцоогоор 60-70 МВт-аар буурч, системийн хэмжээнд тасалдал үүсэхээр байгааг Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ. Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 хувийг дангаараа хангадаг ДЦС IV-д 90 орчим сая ам.долларын өртөгтэй шинэ зуух худалдан авах ТЭЗҮ хийгдсэн ч санхүүжилтийг нь энэ төсөвт суулгаж чадаагүйгээ Эрчим хүчний сайд мэдээлж байв. Мөн Бөөрөлжүүтийн ЦС 300 МВт эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай ч одоогоор 208 МВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа тул хязгаарлалт үргэлжлэх төлөвтэйг ДҮТ анхааруулсан.
Уул уурхай дахь шинэчлэл. Оюутолгойн сонсголын дараа УИХ-ын тогтоол батлагдсан тул хэлэлцээрийн нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ. Мөн УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд айгуулын тусгай зөвшөөрөл олгох сонголт бий болгох, чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах, мөн АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх зэрэг хэд хэдэн чухал өөрчлөлт оруулахаар тусгасныг онцолжээ.

“Курылтай” хуралдана. Казахстан Улсын Засгийн газар тус улсын Үндсэн хуульд өргөн хүрээний реформ хийх ажлыг албан ёсоор эхлүүлж, энэ чиг үүргээр байгуулагдсан шинэчлэлийн хороо анхны хуралдаанаа нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсныг Astana Times мэдээллээ. Реформын хүрээнд хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй гол саналуудын нэг нь Казахстаны одоогийн хоёр танхимт Парламентыг "Курылтай" (Құрылтай) хэмээх ганц танхимаас бүрдсэн Парламент болгох өөрчлөлт байна. "Курылтай" нь 145 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүдийг таван жил тутам 100 хувь пропорциональ системээр сонгодог байхаар саналд тусгажээ.
Интервенцийн сургаар. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи ням гарагт хийсэн мэдэгдэлдээ иений ханшийн уналтыг зогсоох чиглэлд шаардлагатай бүх арга хэмжээ авахаа мэдэгджээ. Ингэснээр ЗГ-аас ханшийн интервенц хийх хүлээлт зах зээлд нэмэгдэж, иений ханш даваа гарагт ам.долларын эсрэг 1.1 хүртэлх хувиар огцом чангарлаа. Мөн иений спот ханш 154.43-ийн түвшинд тогтсон нь сүүлийн нэг сар гаруйн хугацааны дээд түвшин болж байна.
№1 гэмт хэрэг. Энэ он гарсаар 42 иргэн 544 сая төгрөгийг цахим залиланд алдаж, гомдол гаргасныг Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар мэдээллээ. Харин 2025 онд нийт 16,906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 35.6 хувийг эзэлж, өмнөх оноосоо 6.4 хувиар өссөн байна. Цахим гэмт хэрэгт өртөж буй иргэдийн дийлэнх нь цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, өнгөрөөх тохиолдол их байгааг СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia Швейцарын Давос хотоос Дэлхийн Эдийн Засгийн Форумыг 11 дэх жилдээ сурвалжиллаа.
Чуулганаас бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Зэвсэгт хүчний цэвэрлэгээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улсынхаа тэргүүн генералыг авч хаясан тухай мэдээ Хятадын ажиглагчдыг цочирдуулж, Холливудын кино шиг үйл явдал дүрсэлсэн олон таамаг дагуулаад байна.

Нэгэн үе Ши Жиньпиний “тангараг өргөсөн ах дүүсийн нэг” гэгдэж байсан генерал Жан Юшя сүүлд болсон Хятадын Коммунист намын хурал дээр харагдаагүй бөгөөд үүнээс дөрвөн хоногийн дараа буюу бямба гарагт түүнийг авлигын хэргээр шалгаж эхэлснийг зарласан юм.
Өнгөрсөн онд Хятадын №2 генерал асан Хэ Вэйдун мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв. Тэрбээр олны нүднээс алга болоод зургаан сар болсны дараа авлигын хэрэгт орсныг нь зарлаж байлаа.
Ши Жиньпин зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд дунд цэвэрлэгээ хийгээд хэдэн жил болж буй ч бага наснаасаа нөхөрлөсөн Жан Юшяг үүндээ хамруулсан нь санаанд оромгүй явдал боллоо.
Ингэснээр Хятадын Чөлөөлөх Армийн шийдвэр гаргах дээд эрх мэдлийг атгадаг Цэргийн Төв Зөвлөл 2022 онд зургаан генералтай байсан бол өдгөө ганцхан үлдээд байна.
Хятад Коммунист нам хар хайрцагны бодлого баримталдаг учир Жан Юшяг унагасны жинхэнэ шалтгаан дэлгэгдэх магадлал бага. Гэхдээ Wall Street Journal Жан Юсяг Хятадын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн мэдээллийг АНУ-д задруулсан хэрэгт буруутгагдсан гэж мэдээлээд байна.
Зам зуур

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын тайзнаа авиатор загварын цэнхэр тольтой шилээр гоён гарч ирэхийг хараад Италийн iVision Tech SpA компанийн Гүйцэтгэх захирал Стефано Фулчир нүдэндээ итгээгүй байна.
Бараг тэр даруй тус компанийн үйлдвэрлэдэг 659 еврогийн үнэтэй “Doublé”, “Laminé” загварын шилнүүдэд захиалга үерлэн орж иржээ. Цахим орчинд Э.Макроны зүүсэн шил нь түүний АНУ-ын худалдааны бодлогыг шүүмжилж хэлсэн үгсээс нь бараг дутахгүй анхаарал татаж байлаа.
Нүдэнд нь хэдий гэм хоргүй боловч гоо сайхны хувьд базаахгүй асуудал үүссэн тул шил зүүж байгаагаа тэрбээр тайлбарлаж байв.
Шилний эрэлт өсөхтэй зэрэгцэн хөрөнгө оруулагчид Италид төвтэй тус жижигхэн компанийн хувьцааг худалдаж авахаар яарчээ. Улмаар iVision Tech-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 70 гаруй хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 19 сая евро хүрсэн байна. Баасан гарагт бүр ханшийн хөдөлгөөн нь хязгаарт тулсан учир арилжааг нь зогсоох шаардлагатай болсон аж.
Эцэст нь товчхон
НҮБ: Монголын эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй арга хэмжээ авах замаар 2024 оны байдлаар хүлэмжийн хийн ялгарлыг 36.5 хувиар бууруулсан байна. Гэхдээ усан цахилгаан станцуудын ашиглалтад орох хугацаа хойшилсон зэрэг нь тус салбарын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг бүрэн биелүүлэх боломжийг удаашруулж байгааг тодотгожээ.
МХБ: Энэ онд Монголын хөрөнгийн биржид гарч буй анхны бүтээгдэхүүн болох “Инвескор Өсөлт” ХБҮЦ эхний өдрөө 50 тэрбум төгрөгийн захиалга хүлээн авч, зорилтот дүндээ хүрлээ. Тус ХБҮЦ-ны хөрөнгө оруулагчдад санал болгож буй нэгжийн үнэ 100 мянган төгрөг, жилийн 18.5 хувийн хүүтэй, хүүгийн орлогоос 50 хувийн татварын хөнгөлөлттэй байх аж.
Онцлох зураг
АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны агентууд хууль бус цагаачдыг саатуулах ажиллагааг эсэргүүцсэн жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий ашигласан нь - Миннеаполис, АНУ

Stephen Maturen/Getty Images