- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/26
2025/01/26
Өглөөний мэнд. Улсын төсвөөс эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт 2021 оноос хойш 8 дахин өссөн. Д.Трампын Энхийн зөвлөлд нэгдсэн Монгол Улс $1 тэрбумыг төлөх үүрэг хүлээхгүй. NRCC-ийн судалгаагаар иргэдийн 74 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байна.

Засал авдаггүй салбар
Дулааны IV цахилгаан станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан гэмтэл, саатлаас үүдсэн цахилгааны хязгаарлалт өнгөрсөн долоо хоногт нийслэлчүүдийг бухимдуулж, эрчим хүчний салбарын ужгирсан асуудлуудыг дахин нэг удаа санууллаа.
ДЦС IV-ийн гэмтэл засагдаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн ч Бөөрөлжүүтийн ЦС-д асуудал шийдэгдээгүйгээс 300 МВт-ын хүчин чадалтай тус станц 180-200 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэжээ. Хүйтний эрч эрс чангарч, тус станцын нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдсөнөөс хүчин чадлын дутагдалд орсон бөгөөд 40 орчим ажилтан гараар засварлахаар ажиллаж буйг баасан гарагт мэдээлсэн.

Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн оролцоо хүйтэн өдрүүдэд эрс буурсан байна. 155 МВт-ийн суурилагдсан хүчин чадалтай гурван салхин станц ердөө 0-20 МВт орчмыг нийлүүлж байсныг Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Х.Болд-Эрдэнэ мэдээлж байв.
Зургаан сарын өмнө болсон ДЦС III-ын дэлбэрэлт, энэ сарын ДЦС IV-ийн зуухны эвдрэл гээд эрчим хүчний салбарын ажиллагаа өдгөө богино хугацаанд гал унтраах ажилд төвлөрч байна. Тэгвэл сүүлийн 30-аад жил яригдсан ч хачирхалтай шалтгаануудаар гараанаас хөдлөөгүй Дулааны V цахилгаан станцын ажлыг нэн яаралтайгаар ирэх хоёрдугаар сараас эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Давост бидэнд ярилцлага өгөхдөө хэлж байв. Харин дунд хугацаандаа сэргээгдэх эрчим хүчний шинэ станцуудыг байгуулж, нар салхинаас үйлдвэрлэх эрчим хүчний хэлбэлзлийг арилгахад хиймэл оюун ашиглахаар Давост гадаадын компаниудтай тохиролцсон болохоо мэдээлсэн юм.
Сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсвөөс эрчим хүчний салбарт 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол нийт зарцуулсан төсөв нь 1.3 их наяд гаруй төгрөг байна. 2026 онд тус салбарт 317.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталсан нь 2021 оныхоос найм дахин өндөр дүн юм.

Тус салбарт сүүлийн 8-9 жилийн хугацаанд гадаадын зээл тусламжаар ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд салбарын алдагдал бараг 1 их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж, төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн татаас олгосон байгааг эдийн засагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв мэдээлж байсан.
Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох, шат дараалсан олон зөвшөөрөл журмыг хөнгөвчлөх, цаашлаад чөлөөт өрсөлдөөний зах зээл рүү шилжих шаардлага зайлшгүй байна. Тухайлбал ААН өөрийн цахилгааны хэрэглээг хангах станц барихаар газрын зөвшөөрөл авахад 6 сар, бичиг баримт бүрдүүлэх процесс нийтдээ 1.5 жил үргэлжилж буйг ААН-үүдийн төлөөлөл тодотгож байлаа.
Анхаарлын төвд
$1 тэрбумыг заавал төлөхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан Энхийн зөвлөлийг ёсчлон баталж, Монгол Улс үүсгэн байгуулагч гишүүдийнх нь нэг болоод байгаа. Тус зөвлөлийн дүрэмд улс орнууд байнгын суудалтай болохын тулд багадаа 1 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулахыг тусгасан нь анхаарал татаж байв. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш аж. Энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтойг онцолжээ.
Тоггүйн хохирол. Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор айл, өрх болон аж ахуйн нэгжүүдэд учирсан эд хөрөнгийн хохиролд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй хийсэн гэрээний заалтын дагуу гомдол гаргах боломжтойг Эрчим хүчний яам мэдэгдэв. Хязгаарлалт үйлдвэрлэлийн процесст маш том саад учруулж, энэ хэвээр үргэлжилбэл үйлдвэрлэлд доголдол үүсэх эрсдэлтэй болсныг Түмэн Шувуут ХК болон Сүү ХК-ийн удирдлагууд бидэнд мэдээлж байлаа.

Rio-ийн хүчтэй эхлэл. Зэс болон төмрийн хүдрийн боловсруулалт нь шинжээчдийн таамгийг давсны дараа Rio Tinto компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногийн дундуур 5.2 хүртэлх хувиар эрчимжсэн нь 2022 оны 11 дүгээр сараас хойших огцом өсөлт боллоо. Компанийн зэсийн гарц төсөөллөөс 8-10 хувиар давсан нь голлон “Оюу Толгой” уурхайн олборлолт нэмэгдсэнтэй холбоотой байжээ. Үүнээс гадна бусад уул уурхайн гол бүтээгдэхүүний олборлолт эрчимтэй явагдаж байгаа нь тус компанийн хувьцааны ханшид дэмжлэг болох төлөвтэй.
Монгол базальт ХК-ийн цэвэр ашиг 2025 онд өмнөх оноос 26.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Өнгөрсөн оны эцэст тус компанийн борлуулалтын орлого 9.3 тэрбум төгрөг хүрч, 24.6 хувиар буурсныг үйл ажиллагааны тайлан нь харуулж байна. Хэдий тийм боловч тус компани борлуулалтын өртгөөс бусад зардлаа танаж чадсанаар ашгийн маржинаа нэмэгдүүлж чаджээ. Жилийн дүнгээр 172 сая төгрөгийн ашигтай ажилласан нь 2024 оны тайлангаас өндөр дүн болж байгаа ч сүүлийн таван жилийн хугацаанд компанийн борлуулалт болон ашигт ажиллагаа буурах хандлагатай байгааг харж болох юм.
Үнэ үргэлж өснө. NRCC-ийн Хэрэглэгчийн итгэлийн судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 74 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь 2023 болон 2024 оны мөн үетэй харьцуулахад 8-9 хувиар буурсан ч өндөр түвшинд хэвээр байгаа юм. Үүнээс гадна иргэдийн 43 хувь нь мөнгөн хөрөнгөө төгрөгөөр хадгалах сонирхолтой байгааг тус судалгаа харуулжээ. Төгрөгийн хадгаламж 12 дугаар сарын эцэст 26 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос дөрвөн их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
Блумберг санал болгож байна
Гүн рүү: Гал шиг халуун металлууд
Мөнгөний ханшийн шуургалсан өсөлт үргэлжилсээр унц нь түүхэнд анх удаагаа 100 ам.долларт хүрлээ. Эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтын хэрэгслүүд өндөр эрэлттэй болж, Шанхайгаас эхлээд Нью-Йорк хүртэлх жижиглэнгийн зах зээлүүдэд мөнгөний худалдан авалт огцом өссөн нь үүнд нөлөөлж байна.

Мөнгөний спот ханш Баасан гарагт 6.9 хүртэлх хувиар өсөж, унц нь 102.87 ам.доллар хүрсэн байна. 2025 онд хоёр дахин өссөн бол энэ он гарсаар 40 гаруй хувиар өсөөд буй нь энэ юм.
Алтны ханш ч мөн шинэ дээд цэгээ тогтоож, унц нь 5000 ам.долларт дөхлөө.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний жилд дэлхийн худалдаа, геополитик, мөнгөний бодлогын тодорхойгүй байдал нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын дунд үнэт металлын эрэлт хүчээ аваад байгаа.
Харин өнгөрсөн долоо хоногт АНУ Европын холбоотон улсуудтайгаа түнжин хагарч, мөн Украины дайныг зогсоох ээлжит оролдлого бүтэлгүйтсэн нь үнэт металлын ханшид шинэ дэмжлэг боллоо.
Дэлхийн мөнгөний зах зээл тав дахь жил дараалан нийлүүлэлтийн дутагдалд ороод байна. Ханш нь өсөх тусам жижиглэнгийн зах зээлд худалдан авалт дагаад эрчимжиж буйн зэрэгцээ БНХАУ-д хөрөнгө оруулагчид алтыг орлох хямд үнэтэй металл мөнгө рүү хошуурч байна.
Зам зуур

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп JPMorgan Chase болон тус банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймоныг улс төрийн шалтгаанаар банкны үйлчилгээ үзүүлэхээ зогсоосон гэх үндэслэлээр 5 тэрбум ам.доллар нэхэмжиллээ.
Пүрэв гарагт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дональд Трамп JPMorgan"-ийг бизнесийн нэр хүндэд халдаж, итгэлцлийн гэрээний заалтыг зөрчсөн гэж буруутгасан байна. Мөн Жэйми Даймоныг Флорида мужийн Худалдааны тухай хуулийг зөрчсөн гэж мэдүүлжээ.
Дональд Трамп JPMorgan-ийг “Улс төрийн шалтгаанаар хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг” гэж олон удаа шүүмжилж байсан юм. Тодруулбал Дональд Трампыг дэмжигчид 2021 онд Капитолын ордон руу дайрсны дараа тус банк Дональд Трамп болон түүний бизнесүүдийн дансыг хааж байжээ.
Эцэст нь товчхон
ТЕГ: Энэ оны эхний байдлаар 15 мянга орчим аж ахуйн нэгж татварын өртэй байгаа тул данс нь хаагдсан байгаа болохыг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Ингэхдээ хоёроос дээш жилээр хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авч буйгаа мэдэгдэв.
Онцлох зураг
АНУ-ын Техас мужийн Даллас хотод цасан шуурга болсны дараа

Mark Felix/Bloomberg