- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/23
2025/01/23
Өглөөний мэнд. Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энх тайвны Зөвлөлийн анхны гишүүдийн нэг боллоо. Өмнөговь аймгийн улсын төсөвт төвлөрүүлж буй орлого сүүлийн 4 жилд бараг 20 дахин нэмэгджээ. Ам.доллар ноёрхлоо хадгалж, олон улсын гүйлгээнд эзлэх хувь нь 50.5 болж өслөө.

Трампын зөвлөлд Монгол нэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан Энх тайвны Зөвлөлийг албан ёсоор байгуулж, Монгол Улс анхны гишүүдийнх нь нэг боллоо. Швейцарын Давос хотноо үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр тус зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсэг зурав.

Энх тайвны Зөвлөл нь дэлхийн геополитикийн тогтвортой байдлыг дэмжин ажиллах болохыг Дональд Трамп онцолсон ч АНУ-ын гол холбоотон орнууд энэ тал дээр хуваагдмал байр суурьтай байгаа. "Зөвлөл бүрэн байгуулагдсанаар бид НҮБ-тай хамтран бүхнийг хийх боломжтой болох юм. НҮБ-д асар их бололцоо бий гэдгийг би байнга хэлдэг" хэмээн Д.Трамп өгүүлсэн байна.
Зөвлөлийн дүрмийг хүчин төгөлдөржүүлж, албан ёсны олон улсын байгууллага болгох нээлтийн ёслолд Д.Трампын улс төрийн холбоотнууд болох Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар, мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Монгол, Турк, Азербайжан, Болгар зэрэг 19 орны төрийн тэргүүнүүд болон өндөр дээд албан тушаалтнууд оролцож, үүсгэн байгуулагч гишүүд нь болцгоолоо.
Ээдрээтэй эхлэл
Д.Трампын том санаачилга ийнхүү биеллээ олсон ч тус байгууллагын зорилтууд, бүтэц бүрэлдэхүүн, АНУ-ын Ерөнхийлөгчид ногдох эрх мэдэл нь ихээхэн эргэлзээ төрүүлж буй. АНУ-ын чухал холбоотнууд, ялангуяа Их 7-ийн гишүүн орнууд зөвлөлд хараахан нэгдээгүй байгаа юм.
Энх тайвны Зөвлөл байгуулах санааг Д.Трамп дайнд нэрвэгдсэн Газын зурваст энх тайван тогтоож, сэргээн босголтыг дэмжих зорилгоор анх дэвшүүлсэн юм. Хэдий тийм боловч Зөвлөлийн дүрмийн төсөлд “зөрчил мөргөлдөөний аюул учирсан, нөлөөлөлд нь өртсөн бүсүүдэд урт хугацааны энх тайван байдлыг хангах” илүү өргөн хүрээтэй чиг үүрэг тусгасан байгааг Bloomberg мэдээлсэн. Энэ нь НҮБ-ын чиг үүрэгтэй зөрчилдөж, ач холбогдлыг нь багасгах вий гэдэгт АНУ-ын түншүүд болгоомжилж байгаа аж.

Үүнээс гадна Зөвлөлд байнгын суудалтай болохын тулд улсууд багадаа 1 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулах, Д.Трампыг Зөвлөлийн анхны даргаар сонгож эцсийн шийдвэр гаргах эрх мэдлийг олгох зэрэг заалтууд дүрмийн төсөлд багтжээ. Мөн Д.Трамп ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийлэл үргэлжилж байгаа үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нарыг Зөвлөлд нэгдэхийг урьсан нь ардчилсан холбоотнуудынх нь дунд бухимдал үүсгэсэн байна.
Албан ёсны мэдэгдэл, хэвлэлүүдийн мэдээллээс харвал АНУ 60 гаруй улсыг Зөвлөлд нэгдэхийг урьсан байна. Одоогоор Франц, Их Британи, Швед, Нидерланд, ХБНГУ, Канад улсууд урилгаас татгалзаад байгаа.
ДЭЗФ-ыг тойрсон үйл явдлууд, хөндөгдсөн гол асуудлууд, нэр хүндтэй эрхмүүдийн байр суурийг багтаасан тусгай хөтөлбөрийг өнөөдөр 18:00 цагаас хүлээн авч үзээрэй.
Анхаарлын төвд
Хүч хэрэглэхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гринланд арлыг нэгтгэх санааг нь эсэргүүцсэн Европын найман оронд тариф тогтоох шийдвэрээ буцааж, харин тус арлыг ирээдүйд худалдан авах хэлцлийн ерөнхий зарчмыг NATO-той тохиролцсоноо мэдээллээ. Тэрбээр мөн ДЭЗФ-ын индэр дээрээс үг хэлэхдээ Гринландыг нэгтгэхэд хүч хэрэглэх бодолгүй, худалдан авах асуудлаар нэн даруй хэлэлцээр эхлүүлэхээр зорьж буйгаа илэрхийлсэн байна. “Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар” хэмээжээ.
Тэргүүлэгч аймаг. Өмнөговь аймгийн улсын төсөвт төвлөрүүлж буй орлого 2021 оноос хойш бараг 20 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал 2021 онд 78.3 тэрбум төгрөг, харин 2025 онд 1.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Оюутолгой, Тавантолгой, Нарийн Сухайтын бүлэг ордод олборлолт хийж буй уул уурхайн 18 компани үйл ажиллагаа явуулдаг тус аймаг компаниудын төсөвт төвлөрүүлж буй татвар хураамжийн 40 хувийг орон нутагт буцаан хуваарилдаг байна.

2026 онд Өмнөговь аймаг 2.1 их наяд төгрөгийн төсөв баталж, 1.1 их наяд төгрөгийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл энэ онд онд долоон аймаг улсын төсөвт 1.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 90 хувийг нь дангаараа бүрдүүлэхээр байна. Үүнээс гадна Өмнөговь аймаг анх удаа орон нутагт бонд гаргахаар бэлтгэж буй. Аймгийн төвд 50 мегаваттын дулааны цахилгаан станц барихын тулд 500 тэрбум төгрөгийн бондыг 2026-2028 онд үе шаттай арилжаалах юм.
Шинэхэн үйлдвэрийн орлого. Erdene Resource Development компани 2025 оны IV улиралд 7434 унц алт, 2634 унц мөнгө борлуулж, “Баян Хөндий” төслөөсөө нийт 31 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна. Дундаж борлуулалтын үнэ нь алтны хувьд унц нь 4153 ам.доллар байсан бол мөнгөний үнэ 53 орчим ам.доллар байжээ. Зураг төслийн дагуу өдөрт 1950 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь IV улиралд нэрлэсэн хүчин чадлынхаа 77 хувиар ажилласан байна.
Kospi пуужиндсаар. БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг Kospi индекс түүхэн дээд түвшинд хүрч, тус улсын Ерөнхийлөгч И Же Мёны зорилтот 5000 нэгжийн босго давлаа. Хиймэл оюуны эрэлт тэлснээр БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн гол өнгийг тодорхойлдог технологийн салбарын хувьцаануудын ханш өссөн нь индексийг дээш хөтөлжээ. Тус индексийн сагсанд багтдаг Samsung, SK Hynix болон Hyundai компанийн хувьцааны ханш сүүлийн 12 сарын хугацаанд 90 гаруй хувиар эрчимжсэн хөдөлгөөнтэй. Энэ оны нэгдүгээр сарын ганц өдрөөс бусад бүх арилжааны өдөрт Kospi ногоон бүсэд хадгалагджээ.
Блумберг санал болгож байна
Гүн рүү: Доллар хүчээ алдаагүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа ч ам.доллар дэлхийн худалдаанд ноёрхлоо хадгалсаар байна.

SWIFT буюу Олон Улсын Банк Хоорондын Санхүүгийн Харилцаа Холбооны Нийгэмлэгийн мэдээлснээр олон улсын мөнгөн гүйлгээнд ам.долларын эзлэх хувь 12 дугаар сард 50.5 хувь болж өслөө. Энэ нь өмнөх сарын 46.8 хувиас өссөн үзүүлэлт болж байна.
Мөн Бельгид төвтэй тус консорциум гүйлгээний мэдээллийг цуглуулах аргаа шинэчилсэн 2023 оноос хойших хамгийн өндөр дүн нь энэ болсон байна.
Ам.долларын дараа евро 22 орчим хувийг бүрдүүлсэн бол гуравдугаарт фунт стерлинг, канад доллар, иен, БНХАУ-ын юань зэрэг валют эрэмбэлэгдэж байна.
"Ам.доллар гадаад валютын гүйлгээ болон олон улсын валютын хэрэглээнд ноёрхож байна" гэж JPMorgan-ийн стратегичид онцолж байна. Үүний зэрэгцээ томоохон Төв банкнууд 2025 онд алтны нөөцөө нэмэгдүүлснээр улс орнуудын валютын нөөц ам.доллар болон алтаар хэмжигдэж байгааг дурдсан байна.
Зам зуур

Дэлхийн Эдийн Засгийн Форумын хүндэтгэлийн зоог барих VIP арга хэмжээний үеэр АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник үг хэлэхдээ Европыг шүүмжилж эхэлсний дараа Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард арга хэмжээг шууд орхин гарсныг эх сурвалжууд мэдээллээ.
Мягмар гарагийн үдэш 100 гаруй зочин оролцсон тусгай арга хэмжээг Ховард Лутникийн илтгэлээр өндөрлүүлсэн аж. Тэрбээр Европын улс орнуудын эдийн засгуудыг басамжилж, АНУ-тай харьцуулахад өрсөлдөх чадвараар дутмаг байгааг шүүмжилсэн нь Европын талын хэд хэдэн зочин төлөөлөгчийг тухгүй болгож байсан нь ажиглагджээ.
АНУ-ын зочдын суудлыг зоогийн ширээний хамгийн хойно байхаар тооцоолж зохион байгуулсан ба уулзалтын үеэр зарим улсын төлөөлөгч шууд дургүйцлээ илэрхийлснийг эх сурвалж мэдээлсэн байна.
Тус арга хэмжээнд АНУ-аас Ховард Лутникээс гадна Худалдааны төлөөлөгч Жэмисон Грир, Blackrock компанийн Гүйцэтгэх захирал Ларри Финк тэргүүтэй хүмүүс оролцсон аж.
Эцэст нь товчхон
ҮСХ: 2025 оны 12 дугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 26 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 их наяд, өмнөх сараас 1.4 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Онцлох зураг
Hyundai компанийн экспортод гаргах автомашинуудыг БНСУ-ын Ульсаны боомтод хөлөг онгоцонд ачихаар байршуулсан байгаа нь

SeongJoon Cho/Bloomberg