2025/01/22

Өглөөний мэнд. Монголд ойрын жилүүдэд нөлөөлөх хамгийн том эрсдэлээр инфляц нэрлэгдлээ. ДЦС-4-ийн гэмтлийг зассан ч Бөөрөлжүүтийн ЦС-ын хүчин чадал хүйтнээс шалтгаалж эрс буурчээ. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа тэлсэн нь Rio Tinto-ийн зэсийн гарц IV улиралд өсөхөд нөлөөлөв.

Эрсдэлийн эргүүлэгт

Дэлхийн өнөөгийн дэг журам алдагдсаныг бодлого тодорхойлогчид, экспертүүд анхааруулж буй энэ үед “Хамтын ажиллагааны мөн чанар” сэдвээр зохион байгуулагдаж байгаа Дэлхийн Эдийн Засгийн Форум ойрын жилүүдэд дэлхий дахинд учирч болох хамгийн том эрсдэлээр гео-эдийн засгийн зөрчлийг нэрлэлээ.

Хөрөнгөтнүүд, элитүүд Швейцарын Давост чуулахын өмнө жил бүр гаргадаг “Олон улсын эрсдэлийн судалгаа”-ны тайлангаас үзвэл улс орнууд хооронд итгэлцэл, ил тод байдал, хууль дээдлэх ёсыг хүндэтгэх явдал буурч, Засгийн газрууд олон талт бодлогоос татгалзаж, протекционизм нэмэгдсэн нь олон улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаад судалгаанд оролцогчдын дийлэнх нь санаа чилээжээ.

Samsul Said/Bloomberg

Ерөнхийдөө 2026 оны эрсдэлийн төлөвийг тодорхойлж буй сэдэв нь тодорхойгүй байдал байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь дэлхийн эдийн засгийн богино болон урт хугацааны төлөвийг сөрөг гэж үзсэн бол 50 хувь нь дараагийн хоёр жилд эдийн засаг тогтворгүй байх төлөвтэй гэж хариулсан байна. Харин 57 хувь нь ирэх 10 жилд тогтворгүй байдал үргэлжилнэ гэж үзжээ.

Гэхдээ энэ онд Давост цугласан эрхмүүдийн анхаарлыг дэлхийн эрсдэлүүд гэхээсээ илүү хиймэл оюун хамгийн ихээр татаж байна. Хиймэл оюуны ирээдүйн потенциал, учруулах аюулын талаар дурдаагүй хурал, хэлэлцүүлэг бараг байгаагүй гэхэд болно. “Технологийн хувьсгал бүр тодорхойгүй байдал, тасалдлын мөчлөгт хүргэдэг ч эцэстээ хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулдаг. Хиймэл оюунд ч гэсэн ижил зүйл тохиолдоно гэж бодож байна” хэмээн венчур капиталын B Capital-ийн Гүйцэтгэх захирал Раж Гангули ДЭЗФ-ын үеэр хэлж байлаа.

Инфляц эргэн нэгдүгээрт

Улс тус бүрд тулгарах богино хугацааны эрсдэлүүдийг эрэмбэлсэн ДЭЗФ-ын судалгаанд Монголоос оролцогчид ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсад хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлээр инфляцыг нэрлэжээ. Харин өнгөрсөн онд тэргүүлэх эрсдэлүүдээр нэрлэгдэж байсан ажиллах хүч, ур чадварын хомсдол ба эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдол энэ онд топ 5-д багтаагүй байна.

Гурван жилийн өмнө төсвийн тэлэлт, өрийн дарамт, түүхий эдийн үнийн уналттай холбоотой макро эдийн засгийн асуудлууд хурцдаж байх үед 2024 оны Монголын тэргүүлэх эрсдэлээр Эдийн засгийн уналт болон инфляц нэрлэгдэж байлаа. Харин энэ онд үнийн өсөлт, эдийн засагтай холбоотой асуудлуудад санаа зовох хандлага эргэн хүчээ авсан нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

“Гео-эдийн засгийн сөргөлдөөн улам нэмэгдэж байгаа учраас тодорхой ашигт малтмал, нөөцийн үнэ өсөж, улмаар хэрэглэгчдийн төлөх үнэд нөлөөлж эхлэх үү гэдэг нь чухал. Эрсдэлийн тайланд бидний онцолж буй өөр нэг эрсдэл бол энэ оны турш “бумеранг” маягийн инфляц эргэн ирэх магадлалтай” хэмээн ДЭЗФ-ын Гүйцэтгэх захирал Саадиа Захиди Bloomberg TV Mongolia-д тусгай ярилцлага өгөхдөө онцолж байлаа.

ДЭЗФ-ыг тойрсон үйл явдлууд, хөндөгдсөн гол асуудлууд, нэр хүндтэй эрхмүүдийн байр суурийг багтаасан тусгай хөтөлбөрийг Баасан гарагт 19:00 цагаас хүлээн авч үзээрэй.

Анхаарлын төвд

Зах зээлээс өгсөн мессеж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого сүүлийн хэдэн сард улам тааварлашгүй болсоор байсан ч энэ хугацаанд санхүүгийн зах зээл ерөнхийдөө “дүлий” байв. Харин мягмар гарагт жинхэнэ буцалж, Уолл Стрит өнгөрсөн IV сард Д.Трамп тарифаа анх зарлаж байснаас хойших хамгийн огцом уналттай өдрөө үдлээ. Энэхүү уналт нь Трампын засаг захиргаанд амгалан тайван байдлыг эргүүлэн авчрахыг сануулсан мессеж боллоо гэж JPMorgan Asset Management-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Боб Мишель онцолсон байна.

Эрчим хүчний барцад үргэлжилсээр. 43 жилийн настай Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарснаар жилийн хамгийн хүйтэн өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийж, нийслэлчүүдийг бухимдууллаа. Нөөц тоноглолгүй ажилладаг найман зуухны нэгд нь гэмтэл гараад байсныг засварлаж чадсаныг Эрчим хүчний сайд мэдээлсэн. Хэдий тийм боловч ашиглалтад ороод удаагүй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс тэжээх бункерт чийгтэй нүүрс хөлдөж, бөглөрснөөс тус станцын 300 МВт-ын хүчин чадал 120 МВт-аар буурчээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 560 орчим МВт-ын эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орсон ч хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байгааг салбарын сайд тайлбарлаж байв. Харин Төв аймгийн Баян сумд баригдаж буй 660 МВт-ын станцыг 2027 онд ашиглалтад оруулснаар төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ чадлын дутагдалд орохгүйг хэллээ.

Хүлээлт сул. 2025 оны IV улиралд хэрэглэгчийн итгэлийн индекс тав дахь улиралдаа дараалан буурсныг NRCC судалгааны төв мэдээллээ. Мөн иргэдийн өнөөгийн байдлын үнэлэмж болон ирээдүйн хүлээлт өмнөх улирлаас 5.1 ба 10.6 нэгж хувиар тус тус буурсан байна. Бизнесийн нөхцөл ойрын зургаан сарын хугацаанд муудаж, өрхийн орлого болон ажлын олдоц ойрын зургаан сард таруухан байх хүлээлт иргэдийн дунд давамгайлжээ.

Бондын донсолгоо. Япон улсын Засгийн газрын бондын зах зээлд хөрвөх чадвар эрс муудлаа. Хөрөнгө оруулагчдын зарах урсгал эрс нэмэгдэж, урт хугацаат бондуудын өгөөжийн түвшин өсөж байна. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи хүнсний татварыг бууруулах сонгуулийн амлалт өгсний дараа 30 болон 40 жилийн хугацаатай бондын өгөөж 25 суурь нэгжээр өссөн байна. Энэ нь олон улсын зах зээлд бусад улсын Засгийн газруудын бондуудад нөлөөлж эхлээд буй. Лхагва гарагийн өглөө Японы Сангийн сайд Сацуки Катаяма зах зээлд оролцогчдыг тайвшрахыг уриалсны дараа бондуудын өгөөж тогтворжиж эхэлжээ.

Блумберг санал болгож байна

Гүн рүү: ОТ ашгийг өөд татав

Rio Tinto компани 2025 оны IV улиралд зэсийн олборлолт нь 5 хувиар өссөнийг танилцууллаа. Үүнд “Оюутолгой” төслийн далд уурхайн үйл ажиллагаа тэлсэн нь голлон нөлөөлсөн байна.

  • Хэдийгээр дэлхийд хамгийн томд тооцогдох Чилийн “Escondida” уурхайн зэсийн олборлолт 2024 оны мөн үеэс 10 хувиар буурсан ч Оюутолгойн олборлолт жилийн дүнгээр 57 хувиар өссөн нь уналтыг нөхжээ.

  • Ингэснээр Rio Tinto компанийн хагас жилийн цэвэр ашгийн 25 хувийг зэсийн бизнес нь бүрдүүлсэн байна. Харин үлдсэн хэсгийн дийлэнхэд төмрийн хүдрийн бизнесийн орлого нь давамгайлсан хэвээр байгаа юм.

  • Мөн тус компанийн Австрали дахь Пилбарагийн төмрийн хүдрийн гол уурхайнуудын гарц түүхэн дээд түвшинд хүрчээ. Гэхдээ Rio-ийн урт хугацааны өсөлтийн стратегийн чухал хэсэг нь зэс хэвээр төдийгүй Glencore-ийг худалдан авах төлөвлөгөөний гол хөдөлгөгч нь зэс байгаа юм.

  • Хоёрдугаар сарын 5-ны дотор багтаан Rio Tinto компани албан ёсны санал гаргах эсвэл хэлцлээс татгалзах эсэхээ мэдэгдэхээр байгаа аж.

Зам зуур

Хонконгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын томоохон компаниуд хувьцааны ханшаа тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилгоор хувьцаа эргүүлэн худалдан авах ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Тухайлбал Xiaomi компани 2026 он гарсаар арилжааны бараг бүх өдөр хувьцаагаа эргүүлэн худалдан авч буй. Хятадын ухаалаг гар утас, цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компани өнгөрсөн сард л гэхэд ойролцоогоор 410 сая ам.долларыг хувьцаа эргүүлэн худалдан авахад зарцуулсан нь сүүлийн хоёр жил гаруйн дээд түвшин болжээ.

Түүнчлэн “Labubu” тоглоомын эрэлт хөрснөөр сүүлийн саруудад хувьцаа нь огцом унаж байгаа Pop Mart компани 2024 оны II сараас хойш анх удаа хувьцаагаа эргүүлэн худалдан авч эхэлжээ.

Эцэст нь товчхон

Голомт Банк Энэтхэг улсын арилжааны хамгийн том банк болох HDFC Bank-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, ам.долларын данс нээснээ мэдээллээ. Ингэснээр Голомт Банкны харилцагчид Энэтхэг рүү ам.долларын гүйлгээ шууд хийх боломж бүрдэж буй аж.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл нийт 127.9 сая мод суулгаад байгааг Уур амьсгалын үндэсний зөвлөлийн танилцуулсан тайланд мэдээлжээ. Мөн Архангай, Говьсүмбэр, Өвөрхангай, Хэнтий аймгуудад цөлжилтөөс хамгаалах ногоон бүс болгож 100 га газарт 165 мянган мод суулгасан байна.

Онцлох зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Швейцарын Давост Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцохоор хөдөлж буй нь

Aaron Schwartz/CNP/Bloomberg