- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/21
2025/01/21
Өглөөний мэнд. Журмыг нь өөрчилснөөс хойш АМНАТ-ийн орлого сүүлийн таван сарын хугацаанд дунджаар 77.7 хувиар нэмэгджээ. Ш.Алтантуяа агсны хэрэгт Малайзын Засгийн газрын давж заалдах гомдлыг шүүх хүлээн авав. Вьетнам руу аялсан Монголчуудын тоо 2025 онд 26.7 хувиар нэмэгдэж, өсөлтөөрөө бусад чиглэлийг тэргүүлжээ.

Шүүхийн тэмцэл үргэлжилнэ
2006 онд Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газраар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тус улсын Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байна.
Тодруулбал Давж заалдах шатны шүүх өмнө нь Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Малайзын Засгийн газраас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг мягмар гарагт шүүгч Мунианди Канняаппан мэдээлжээ.

Samsul Said/Bloomberg
Дээрх шийдвэр гарснаар хэрцгий аллагын хариуцлагыг нэхэх 18 жилийн турш үргэлжилж буй хууль шүүхийн маргаан Малайзын хамгийн дээд шатны шүүхэд очих магадлалтай болж байна. Хохирогчийн талыг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Малайзын Холбооны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.
Харин Ш.Алтантуяа агсантай харилцаатай байсан Абдул Разак Багиндагийн давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн аваагүй бөгөөд түүнийг хохирогчийн гэр бүлд 1.38 сая ринггит буюу 340,564 ам.доллар төлөх ёстой гэж шийдвэрлэжээ. Хэрэг гарсан өдөр Абдул Разак Багиндагийн гэрийн гаднаас хэрэгтнүүд Ш.Алтантуяаг хулгайлан авч явсан байдаг.
Аллагыг үйлдсэн тусгай албаны цагдаа нар болох Азила Хадри, Сирул Азхар нар нь тухайн үед Нажиб Разак болон бусад өндөр албан тушаалтнуудыг хамгаалахаар томилогдсон байсан юм. Хоёуланд нь шүүхээс цаазын ял оноосон ч аллага үйлдсэн сэдлийг нь тогтоогоогүй хэвээр байгаа.
2022 онд хэргийн хариуцлагыг Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда, Азила Хадри, Сирул Азхар нар хамтран үүрэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт гарч байв. Гэсэн ч хариуцагч талууд хохирлын нөхөн төлбөр олгоогүй тул Ш.Алтантуяагийн гэр бүл дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар өнгөрсөн онд Малайзын шүүх Малайзын Засгийн газар болон Абдул Разак нарыг тус бүр 4.7 сая ринггитийг хохирлын нөхөн төлбөрт төлж, давж заалдах шатны шийдвэр гартал төлбөрийг урьдчилан байршуулсан байх ёстой гэж шийдвэрлэж байлаа.
Анхаарлын төвд
Дургүй бол хүчилнэ. Шинээр санаачилсан Энх тайвны зөвлөлд нь нэгдэх урилгыг хүлээж аваагүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хурцаар шүүмжилж, Франц улсын оргилуун дарсны импортод 200 хүртэлх хувийн тариф тогтоох боломжтойгоо илэрхийлэв. Трампын засаг захиргаа тус зөвлөлд байнгын гишүүнчлэлтэй болох улс орнуудаас багадаа 1 тэрбум ам.доллар шаардаж буй. Зөвлөлийн дүрмийн төсөлд тусгаснаар Д.Трамп анхны даргаар нь томилогдож, ямар улсыг гишүүнээр элсүүлэхэд хяналт тавих аж. Одоогоор эдгээр улсуудын төрийн тэргүүнүүдийг тус зөвлөлд урьсан байна.

Хоргодох байр руу. Гринландыг эрхшээлдээ оруулах Дональд Трампын хүчин чармайлтаас болж АНУ, Европын хооронд худалдааны дайн дэгдэж болзошгүй гэсэн айдас арилжаалагчдын дунд нэмэгдсэнээр алтны үнэ түүхэнд анх удаа унц нь 4700 ам.доллар давлаа. Түүнчлэн мөнгөний ханш дээд түвшнээ дахин шинэчилж, унц нь 94.72 ам.доллар хүрсэн байна. Гринландыг нэгтгэх санааг нь эсэргүүцсэн Европын найман оронд тариф ногдуулах Трампын шийдвэрт Европын орнууд ямар хариу өгөхийг хөрөнгө оруулагчид анхааралтай хүлээж буй.
Дахиад л гэмтэл, хязгаарлалт. Дулааны IV цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халаах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон учраас тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалт хийж байгааг Эрчим хүчний яам мэдээллээ. Эрчим хүчний хязгаарлалт байршлаасаа хамаараад 1-ээс 1 цаг 30 минут орчим үргэлжилсэн байна. ДЦС IV нь 700 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай, Монгол Улсын хамгийн том станц. Сүүлийн жилүүдэд тус станцын тоног, төхөөрөмжүүдийн насжилтын хугацаа дуусаж, хуучирсныг албаныхан мэдээлж байв.
Тодорхойгүй байдал 2026 онд дэлхийн эдийн засагт нөлөөлөх хамгийн том хүчин зүйл болно гэж Дэлхийн Эдийн Засгийн Форумын шинэ тайланд мэдээлжээ. Судалгаанд оролцогчид дэлхийн эдийн засгийн богино болон урт хугацааны төлөвийг сөрөг гэж үзсэн бөгөөд 50 хувь нь дараагийн хоёр жилд эдийн засаг тогтворгүй байх төлөвтэй гэж хариулсан байна. Харин 57 хувь нь ирэх 10 жилд тогтворгүй байдал үргэлжилнэ гэж үзжээ.
Блумберг санал болгож байна
Дэлхийн 130 гаруй орны төр, бизнес, иргэний нийгмийн 3000 гаруй удирдагч, манлайлагчид цуглах Дэлхийн Эдийн Засгийн Форумыг "Bloomberg TV Mongolia" 11 дэх жилдээ сурвалжилж байна.

Геополитикийн салхи эргэж, олон улсын тогтсон дэг журам өөрчлөгдөж, эрчим хүч болон хиймэл оюуны шилжилт эрчимжихийн хажуугаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудал улам хурцаар тавигдах болсон энэ цаг үед Давост чуулсан бодлого тодорхойлогчид юу хэлж, ямар шийдэл дэвшүүлэх нь тун их анхаарал татаж байна.
Энэ утгаараа Bloomberg TV Mongolia чуулганы өдрүүдэд дараах нэр хүндтэй зочидтой тусгай ярилцлага хийж, 2026 оны өнгийг тодорхойлох чиг хандлага, санаанууд, байр сууриудыг хүргэхээр бэлтгэж байна.
Нэгдүгээр сарын 23-ны өдөр хүрэх "Давос-2026" тусгай хөтөлбөртэй хамт байгаарай.
Гүн рүү: АМНАТ-ийг зассаны үр дүн
2025 онд Засгийн газраас АМНАТ тооцох журамд түр хугацааны өөрчлөлт оруулснаас хойш Монголын Хөрөнгийн Бирж дэх хувийн хэвшлийн компаниудын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны идэвх эрс нэмэгджээ.

2025 оны VIII сарын 20-ны өдөр буюу Засгийн газрын тогтоол батлагдах өдөр хүртэл хувийн хэвшлийн компаниуд 227.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байсан бол түүнээс хойш дөрөв дахин нэмэгдэж, 949.7 тэрбум төгрөг хүрсэн байна.
Үүний зэрэгцээ таваарын зах зээлд нүүрсний ханш бага зэрэг сэргэж эхэлсэн нь ихээхэн дэмжлэг болж, биржийн арилжаанд оролцоогүй удаж байсан компаниуд эргэн идэвхжиж эхэлсэн юм.
Ингэснээр сүүлийн таван сарын хугацаанд АМНАТ-ийн орлого дунджаар 77.7 хувиар нэмэгдэж, сард дунджаар 262.9 тэрбумын орлого төсөвт төвлөрүүлжээ.
Түүнчлэн өнгөрсөн 12 дугаар сарын АМНАТ-ийн орлого 471.9 тэрбум төгрөг хүрч, хоёр дахь хамгийн өндөр орлоготой сар болсон байна.
Зам зуур

2025 онд Монголоос Вьетнам руу зорчсон иргэд 6.3 мянгаар буюу 26.7 хувиар нэмэгдсэн нь бусад бүх чиглэлийг өсөлтөөрөө тэргүүлсэн үзүүлэлт болохыг ҮСХ-ны мэдээлэл харуулж байна. Нийт дүнгээр Монгол Улсаас гадаадад зорчсон иргэд 2025 онд давхардсан тоогоор 3 сая давжээ.
Мөн Японыг зорьсон зорчигчдын тоо 20.1 хувиар, БНХАУ руу зорчигчид 12.4 хувиар тус тус өссөн бол ОХУ руу зорчсон иргэдийн тоо өмнөх оноос 30.8 мянгаар буурсан байна.
Зүүн Өмнөд Азийн аяллын хүртээмж, нислэгийн тоо нэмэгдсэнээр сүүлийн жилүүдэд монголчууд хүйтний улиралд Вьетнамыг зорих аяллын эрэлт эрс өсөөд байгаа. Бусад орнуудад ч энэ чиг хандлага хүчээ авч, улмаар Вьетнам улсын 2025 онд хүлээн авсан гадаад жуулчдын тоо түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилсэн байна.
Тус улс өнгөрсөн онд 21.2 сая орчим гадаад жуулчин хүлээн авсан нь өмнөх жилээсээ 20 хувиар өссөн үзүүлэлт болсныг Вьетнамын Үндэсний статистикийн алба мэдээлж байв. Мөн Вьетнамын аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд нэг квадриллион донг буюу 38 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Эцэст нь товчхон
МХБ: Энэ оны эхний 19 хоногт Уул уурхайн биржээр 411 тэрбум төгрөгийн эрдэс бүтээгдэхүүн арилжаалагдаад байна. Нийт үнийн дүнгийн 310 тэрбум төгрөгийг нүүрсний арилжаа бүрдүүлсэн бол бусад 101 тэрбум төгрөгийг төмрийн хүдрийн арилжаа эзэллээ
ҮСХ: 2025 оны эцсийн байдлаар нийслэлд хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ дунджаар 1.94 сая төгрөг байна. Сүүлийн таван сарын хугацаанд хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэд бараг өөрчлөлт ороогүй бөгөөд Сүхбаатар дүүрэгт дундаж үнэ 2.5 сая төгрөг байгаа нь хамгийн өндөрт тооцогдож байна.
“Цагаан Алт” хөтөлбөрийн хүрээнд 66 аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс, шир боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байгааг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ. Энэ онд 425 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж буй.
Онцлох зураг
Дэлхийн Эдийн Засгийн Форумыг эсэргүүцсэн жагсаалд оролцож буй иргэд - Давос, Швейцар

Krisztian Bocsi/Blooomberg