2025/01/20

Өглөөний мэнд. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭЗФ-д оролцох болсноор олон улсын эрх баригчид Давос руу яарч байна. Монголын хөрөнгийн зах зээл 35 жилийн ой дээрээ ₮14 их наядын үнэлгээнд хүрлээ. БНХАУ-д төрөлтийн түвшин 1949 оноос хойших доод цэгт хүрч, хүн ам нь 2025 онд 3.4 саяар буурчээ.

Трамп Давосыг доргионо

Sridhar Natarajan, Mark Bergen

Дональд Трамп дэлхийн эдийн засгийг хэрхэн орвонгоор нь эргүүлэхийг Швейцарын Давост чуулсан хөрөнгөтнүүд, эрх мэдэлтнүүд анхааралтай ажиглаж байна.

Дэлхийн Эдийн Засгийн Форум хөшгөө нээж буй энэ үед Гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулалтын магнатууд, хиймэл оюуны тэрбумтнууд юуг яс махандаа тултал мэдэрч байгааг Их Британийн Ерөнхий сайд асан Риши Сунак тодорхой тайлбарлалаа. “Хуучин дэг журам одоо үгүй болсон. Бидний харж өссөн, бизнесүүдийн дасал болсон дүрэм журамд суурилсан систем одоо устаад байна. Хүмүүс үүнийг хэр хурдан ухаарна, төдий чинээ сайн” хэмээн тэрбээр өгүүлжээ.

АНУ холбоотнууддаа дайсан мэт хандаж, Венесуэлийн газрын тосыг өөрсдийн болгож, Данийг Гринланд арлаа өгөхийг шаардаж, эсэргүүцсэн улс бүрийг тарифаар дарамтлах болсон өнөөгийн олон улсын энэ тавцанд Дональд Трампын Truth Social-даа оруулах дараагийн пост бүхэл бүтэн эдийн засаг, бизнесүүд, зах зээлүүдийг ганхуулахад гайхах зүйлгүй.

Гэсэн ч эдгээрийг үл харгалзан Трамп өөрийн хүчийг улам зузаатгах бааз сууриа өргөжүүлээд байгаа.

Цахиурын Хөндий болон Трампын ээдрээтэй харилцаа өдгөө дотно нөхөрлөл болж хувираад буй. Хиймэл оюуны салбарт баримталсан “Америк нэгдүгээрт” бодлого нь технологийн бүхий л аваргууд өөрийг нь дагахад дэм болж, Цагаан Ордон гэнэтийн, хүч түрсэн бодлогоор худалдаанд суурилсан уламжлалт дипломат харилцааг орлох болов.

Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанаас нэг жил өнгөрч, гурван жил дутуу байгаа энэ үед ДЭЗФ энэ оны сэдвээ “Хамтын ажиллагааны мөн чанар” гэж тодорхойлсон нь бодит байдалтай эсрэгцэж магадгүй. Тиймдээ ч Трамп Давост очих тухай мэдээлэл гарсан даруйд олон улсын бодлого тодорхойлогчид тийзээ захиалахаар яарчээ. 60 гаруй улсын төрийн тэргүүн оролцохоор байгаа тул энэ жилийн чуулган ДЭЗФ-ын түүхэн дэх хамгийн том нь болох төлөвтэй.

“Трамп чуулганд очно гэсэн дохио эрт өгсөн учраас төрийн тэргүүн бүр түүнтэй уулзахаар ирж байна” хэмээн ДЭЗФ-ын үйл ажиллагааны программ хангамжийг хариуцаж буй Salesforce компанийн Гүйцэтгэх захирал Марк Бениоф хэлж байна.

BTVM-ийн тусгай хөтөлбөр тун удахгүй

130 гаруй орны төр, бизнес, иргэний нийгмийн 3000 гаруй удирдагч, манлайлагчид цуглах Дэлхийн Эдийн Засгийн Форумыг Bloomberg TV Mongolia 11 дэх жилдээ сурвалжилж байна.

Бид чуулганы өдрүүдэд дээрх нэр хүндтэй зочидтой тусгай ярилцлага хийж, 2026 оны өнгийг тодорхойлох чиг хандлага, санаанууд, байр сууриудыг хүргэхээр бэлтгэж байна.

Нэгдүгээр сарын 23-ны өдөр хүрэх "Давос-2026" тусгай хөтөлбөртэй хамт байгаарай.

Анхаарлын төвд

Хөрөнгийн захын хөгжил. Монголд хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 35 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөг давж, дээд түвшнээ шинэчиллээ. 1991 онд өмч хувьчлалын хүрээнд анх улсын 475 үйлдвэрийн газрын 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулж хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэлбэрээр эзэмшүүлсэн нь хөрөнгийн захын эхлэл болж байв. Түүнээс хойш хувьцаанаас гадна бонд, Засгийн газрын үнэт цаас, сангийн нэгж эрх, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа МХБ-ээр явагдддаг болсон байна. Сүүлийн таван жилд л гэхэд үнэт цаасны арилжааны хэмжээ 20 дахин нэмэгдэж, 1.3 их наяд төгрөг хүрчээ.

Уул уурхайн супер циклийн нөлөө: 2020-2024 оны хооронд Монгол Улсын жилийн эдийн засгийн өсөлтийн дунджаар 11.7 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Энэхүү үзүүлэлт нь 2015-2019 оны хооронд 21.5 хувьтай тэнцэж байсантай харьцуулбал тус салбарын нөлөөлөл харьцангуй буурсныг харуулж байна. 2015 онд нийт эдийн засгийн өсөлтийн 132.6 хувийг бүрдүүлж, бусдаар агших байсан эдийн засгийг дангаараа хөдөлгөж байлаа.

SeongJoon Cho/Bloomberg

Харин 2016 онд таваарын үнийн огцом уналт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан тухайн салбар нийтдээ агшиж, эдийн засгийг доош татсан. Энэ нь Монгол Улсын эдийн засаг нийт экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүнээс өндөр хамааралтайн дахин нэг баталгаа юм.

Төв банк төрийн нүдэнд. УИХ-ын дарга Н.Учрал Монголбанканд аудитын шалгалт оруулах саналаа Үндэсний аудитын газарт гаргалаа. Тэрбээр Монголбанкны бодлогын алдаа, мөнгө хэвлэлт нь төгрөгийн ханшийг сулруулж, цалин орлогыг үнэгүйдүүлсээр ирсэн гэж үзжээ. Мөн Монголбанкны шинэ Ерөнхийлөгчид хэмнэлтийн хуулиа мөрдөж, давхардсан орон тоог цөөлж, бүтцээ цомхон болгох чиглэл өгсөн байна. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын мэдээлснээр олон улсын Төв банкнуудын жишгээр бүтцийн шинжилгээ хийж, одоо байгаа 19 газрыг 10 болгохоор төлөвлөж байгаа аж.

ЭМДС-ийн ачаа. Эмийн үнийн хөнгөлөлтийн зардал жил бүр өндөр дүнгээр нэмэгдэж буй нь эрүүл мэндийн даатгалын сангийн ачааллыг хүндрүүлэх болжээ. 2023 онд хөнгөлөлтөд 90 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол 2025 онд 171.1 тэрбум болж, 90 хувиар өссөн байна. Харин 2026 онд 169.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан аж. 2025 оны байдлаар нийт даатгуулагчийн 70 хувь буюу 2.3 сая хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Төрөөс хариуцан төлдөг бол 24.2 хувийг нь ажил олгогчид хариуцан төлж байна.

Блумберг санал болгож байна

Гүн рүү: Хүн ам зүйн хямрал

Өнгөрсөн онд БНХАУ-ын төрөлтийн түвшин 1949 оноос хойших доод түвшиндээ хүрсэн байна. Бээжингийн эрх баригчид хосуудыг хүүхэдтэй болохыг урамшуулсан шинэ татаасын арга хэмжээнүүд нэвтрүүлж буйг үл харгалзан тус улсын хүн ам зүйн хямрал улам гүнзгийрсний илрэл нь энэ боллоо.

  • Даваа гарагт БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны гаргасан тайланд мэдээлснээр 2025 онд 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 5.6 байсан нь БНХАУ байгуулагдсан жилээс хойших доод үзүүлэлт аж. Мөн шинээр төрсөн хүүхдийн тоо өмнөх оноосоо 1.6 саяар буурч 7.9 сая болсон нь 2020 оноос хойших хамгийн огцом бууралт болж байна.

  • Эцэг эхчүүдэд мөнгөн урамшуулал олгох зэргээр хүүхэд төрүүлж, өсгөхөд ээлтэй нийгэм цогцлоох Ерөнхийлөгч Ши Жиньпиний санаачилгад бэрхшээл тулгарсныг дээрх тоонууд харуулж байна.

  • Төрөлт буурсны үр дагаварт БНХАУ-ын нийт хүн ам өнгөрсөн онд 3.4 саяар буурч, 1.405 тэрбум болсон байна. Мао Зэдуний засаглалын үед тохиосон 1960 оны Их Өлсгөлөнгөөс хойш тус улсын хүн ам нэг жилд ингэж огцом буурсан түүхгүй аж.

  • Ажиллах хүч хумигдаж, хүн ам хөгшрөх нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-д томоохон аюул болох юм. Өндөр настай иргэдийн тоо нэмэгдэх тусам ажиллагч-тэтгэвэр авагчийн харьцаа багасаж, санхүүжилт нь хэдийнээ дутагдаж эхэлсэн тус улсын тэтгэврийн системд ачаалал улам нэмж байна.

Зам зуур

Tesla-ийн бүрэн автомат жолоодлогын системд зориулсан “AI5” чипийн загварчлал бараг дуусаж, дараагийн “AI6” чипийг хөгжүүлэх ажлыг эхлүүлснийг Илон Маск X платформоор мэдээллээ.

Чипийн дараагийн хувилбар бүрийг есөн сарын дотор загварчлан гаргах зорилт тавьж байгаагаа тэрбээр онцолжээ.

Илон Маск өмнө нь чипийн хөгжүүлэлтийн талаар мэдээлсний дараа өнгөрсөн оны 11 дүгээр сард Tesla-ийн хувьцааны ханш 7 орчим хувиар өссөн юм. Мөн Tesla дараагийн үеийн AI6 чипийг Samsung-аар үйлдвэрлүүлэхээр тус компанитай 16.5 тэрбум ам.долларын гэрээ байгуулаад байгаа аж.

Эцэст нь товчхон

АТГ: “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ. 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээнд шалгарсан Монголын компани нь Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсоныг АТГ мэдээлсэн.

Сангийн яам: Одоогоор улсын хэмжээнд сугалаа борлуулах тусгай зөвшөөрөл авсан 18 компани л бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хонжворт сугалаа явуулж буй аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг license.mn цахим хуудсаар орж шалгах боломжтой аж.

Онцлох зураг

Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцогчдыг хүлээн авахад бэлэн болсон Давос хот

Chris Ratcliffe/Bloomberg