- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/19
2025/01/19
Өглөөний мэнд. Улсын Их Дэлгүүр, Эм Жи Эл Акуа компаниуд ТОП-20 индексийн сагсанд шинээр нэмэгдлээ. Монголбанк хэрэглээний зээлийн шалгуурыг дахин чангаруулж, өр-орлогын харьцааг 45 хувь болголоо. БНХАУ өнгөрсөн 12 дугаар сард түүхэн дээд хэмжээний нүүрс импортолжээ.

УИД, “Вояж”-аар бүл нэмэв
Монголын Хөрөнгийн Бирж журмын дагуу жишиг индекс ТОП-20-ийн сагсаа шинэчилж, нэгдүгээр сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэллээ.
Өөрчлөлтөөр өмнөх сагсанд багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, Ард кредит ББСБ ХК болон Монгол шуудан ХК хасагдаж, шинээр Улсын Их Дэлгүүр ХК, Эм Жи Эл Акуа ХК нэмэгдэж байна.
Индексийн багц бүрдүүлэхдээ Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ын дагуу биржид бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй гарсан компаниудыг сонгодог.

2025 оны эцсийн байдлаар ТОП-20 индексийн компаниудыг зах зээлийн үнэлгээгээр тооцвол 65.2 хувийг нь банк санхүүгийн салбар, 16.8 хувь болон 16.1 хувийг аж үйлдвэр, уул уурхайн компаниуд тус тус эзэлж буйг Санхүүгийн зохицуулах хорооны тайлан харууллаа. Мөн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 14 их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж буйн 83.3 хувийг ТОП-20 индексийн шинэчилсэн багцын компаниуд бүрдүүлж байна.
"Вояж" цэвэр усыг үйлдвэрлэгч Эм Жи Эл Акуа ХК 2024 онд хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн бол 2026 онд Хөрөнгийн биржийн жишиг индексэд анх удаа багтаж байна. Харин 2024 онд индексийн сагснаас хасагдаж байсан Улсын Их Дэлгүүр ХК хоёр жилийн дараа ТОП-20-д эргэн багтлаа.
Ногдол ашиггүй 19 жил
Улсын Их Дэлгүүр ХК 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 орчим тэрбум төгрөгийн түрээсийн орлоготой, 743.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан. Компани орлогын гол эх үүсвэр болох түрээсийн үйл ажиллагааныхаа үнийн өсөлтийг хадгалснаар 2026 онд 9.5 тэрбум төгрөгийн орлого олно гэж бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Харин зардалд нийт 8.6 тэрбум төгрөгийн төсөв баталснаас гадна ХААН Банкны үндсэн зээлд 277.7 сая төгрөг, Голомт Банканд 2.3 тэрбум төгрөг төлөх хуваарьтай аж.
2025 оны байдлаар 43 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчтэй гэдгээрээ Монголын зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй тус компани 2007 оноос хойш огт ногдол ашиг хуваарилаагүй хэвээр байна. Төлбөрийн чадвартай байх, өөрийн хөрөнгийн хэмжээ хүрэлцээтэй байх зэрэг шаардлагуудыг хангаагүй хэмээн УИД өнгөрсөн онд ногдол ашиг тараахгүйгээ зарлахдаа тайлбарлаж байлаа.
Marketinfo.mn-ийн мэдээлснээр УИД-ын өдрийн дундаж арилжааны хэмжээ 2025 онд 2.3 сая төгрөг байсан нь ТОП-20-ийн компаниудын өдрийн дунджаас 10 дахин бага дүн байжээ. Түүнчлэн компанийн P/E харьцаа 158 байгаа нь компанийн одоогийн хувьцааны ханш цэвэр ашигтай нь харьцуулахад хэт өндөр үнэлэгдсэний илэрхийлэл болохыг онцолсон байна.
Анхаарлын төвд
Зээл олголтыг хумина. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч банкнуудад тавигдах шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болгон нэмэгдүүллээ. 2025 оны туршид мөнгөний хатуу бодлого үргэлжилсэн ч цаашид хэрэглээний зээлийн өсөлт инфляц нэмэгдэх гол хүчин зүйл болж буйг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолсон. Мөн хэрэглээний зээлийн өсөлт нь бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, импортыг тэтгэж, ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзжээ.

Эдийн засгийн өсөлт өмнөх оны 11 сард 6.4 хувь байсан бол энэ хугацаанд зээлийн жилийн өсөлт 21 хувь байсан байна. Үүний зэрэгцээ Монголбанк банкнуудын төгрөг болон валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 14 хувь болон 19 хувь болголоо.
Их наядын алдагдал. Урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсөв 2025 оны эцэст 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг ҮСХ мэдээлэв. 2024 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад төсвийн алдагдал 33.8 хувиар өсөхөд татварын орлого 331.5 тэрбум төгрөгөөр, АМНАТ 1.2 их наял төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан 2025 оны төсөв анх батлагдсан дүнгээсээ оны эцэст 3.3 орчим их наяд төгрөгөөр тасрах эрсдэл байгаа гэж тооцоолж, VII сард тодотгол хийсэн юм. Ингэхдээ орлогыг 3.9 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагыг 1.8 их наяд төгрөгөөр танаж байв.
Хятад бензин. БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацтай (CNPC) шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцсоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ. Монгол Улс одоогоор шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ-аас импортолж байгаа. CNPC нь нийлүүлэлтээ тогтвортой хадгалахаас гадна ирэх жилүүдэд нэмэгдүүлэх боломж, төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Гэхдээ тус улсаас зөвхөн “Евро-5” стандартын шатахуун импорmолж буй нь нь ОХУ-аас авч буй энгийн АИ-92 автобензинтэй харьцуулахад өндөр байгаа.
TSMC-ийн ноёрхол. Тайванийн чип үйлдвэрлэгч TSMC компани 12 дугаар сараар эцэслэсэн IV улиралд 16 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь шинжээчдийн өөдрөг төсөөллөөс давсан байна. Мөн борлуулалтын орлого нь 20.5 хувиар өсөж 33.7 тэрбум ам.доллар хүрчээ. Ингэснээр 2025 онд TSMC-ийн борлуулалтын нийт орлого анх удаа 100 тэрбум ам.доллар давсан байна. Олон улсад хиймэл оюуны чип ихээр ашигладаг дата төвийн төслүүдийн хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөө 1 их наяд ам.долларын босго давсан нь TSMC-ийн борлуулалт ийнхүү сүүлийн хоёр жил дараалан 30 хувь давж өсөхөд түлхэц боллоо.
Блумберг санал болгож байна
Sponsored
Найдвартай тээврийг таны бизнест
Монголын логистикийн салбарт ухаалаг технологи нэвтрүүлж буй PickPack Group температурын горимтой тээврийн үйлчилгээгээ Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт хотууд руу тогтмол хийж байгаагаа онцоллоо. Ингэснээр бүхий л шатны бизнес эрхлэгчдэд температурын горимтой бараа бүтээгдэхүүнээ улсын хөгжлийн стратегийн гол цэгүүд болсон хоёр хот руу илүү найдвартайгаар нийлүүлэх боломжийг олгож байна.

PickPack-ын температурын горимтой тээврийн үйлчилгээ нь:
Найдвартай
Тогтмол тээвэр
Битүү хамгаалалттай бүхээг
Барааны тээвэрлэлтээ хянах боломж
Тээврийн даатгал гэх мэт олон давуу талыг хэрэглэгчдэд олгодгоороо онцлог.
Бизнес эрхлэгч та хадгалалтын онцгой горимтой бараа бүтээгдэхүүний бизнесээ орон нутаг руу тэлж, бизнесийн орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл логистикийн асуудлаа цогцоор нь PickPack Group-т даатгаарай!
Утас: 7777-6090 Сошиал: PickPack Group
Гүн рүү: Нүүрсээр бялхсан сар
БНХАУ өнгөрсөн оны 12 дугаар сард нийт 58.6 сая тонн нүүрс импортолсон нь сарын дүнгээр бүх цаг үеийн дээд үзүүлэлт болсныг тус улсын Гаалийн албаны статистик харуулжээ.

Тус улс өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 12 орчим хувиар, харин 11 дүгээр сараас 33 хувиар их нүүрс импортолжээ.
Гэхдээ бүтэн жилийн дүнгээр нийт импорт нь 490 сая тонн болж, өмнөх онд тогтоосон дээд үзүүлэлтээс 9.6 хувиар буурсан байна.
Харин 12 дугаар нүүрсний импорт нь цойлоход дотоод болон гадаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал Индонезийн Засгийн газар 2026 оноос нүүрсний экспортын шинэ тариф ногдуулах дохио өгснөөр худалдан авагчид нийлүүлэлтээ түргэсгэж, нөөцөө бүрдүүлэхээр яарсан байна.
Мөн 11 дүгээр сарын эцсээр БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ жилийн дээд түвшинд хүрсэнтэй зэрэгцээд эрэг орчмын цахилгаан станцууд болон гангийн үйлдвэрүүд илүү хямд үнээр олон улсаас худалдан авалтаа нэмэхэд төвлөрчээ.
Хэдий тийм боловч БНХАУ шинэ таван жилийн төлөвлөгөөндөө шилжиж буй нь бодлогын шинэ чиглэл, бүтцийн өөрчлөлтүүдийг дагуулахаар байгааг Sxcoal мэдээллээ.
Зам зуур

2025 онд БНСУ-ын K-Pop хөгжмийн цомгийн экспортоос олсон орлого анх удаа 300 сая ам.долларын босго давсныг Баасан гарагт гарсан гаалийн статистик мэдээлэл харуулжээ.
Хэдийгээр дотоодод нь тус урсгалын хөгжмийн борлуулалт суларсан ч олон улсад хүчээ авсан хэвээр болохыг энэхүү түүхэн дээд үзүүлэлт илтгэж байгааг Yonhap агентлаг онцолсон байна.
БНСУ-ын Гаалийн албаны мэдээлснээр өнгөрсөн онд K-Pop цомгийн экспортын үнийн дүн 301.7 сая ам.доллар болж, 2024 оноос 3.4 хувиар өссөн байна. Үүнээс хамгийн өндөр буюу 80.6 сая ам.долларыг Японд, 69.7 сая ам.долларыг БНХАУ-д, 64 сая ам.долларыг АНУ-д экспортолсон цомгийн борлуулалт тус тус эзэлжээ.
Эцэст нь товчхон
Япон улсын Засгийн газраас 500 сая иен буюу 3.14 сая ам.доллароор эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсныг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК мэдээллээ.
НЗДТГ: “Туулын хурдны зам” төслийн газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх төлөвлөсөн бөгөөд одоогоор төслийн газар чөлөөлөлт 15 орчим хувьтай байгаа аж. 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй тус төсөлд нийслэлийн төсвөөс 538.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр батлагдсан юм.
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Санал болгож буй эхний 15 бүсийн 12 бүс нь олон нийтийн бүс, гурван бүс нь амины сууцаас бүрдэнэ.
Онцлох зураг
Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи Итали улсын Ерөнхий сайд Жоржиа Мелониг Токио хотод угтан авах үеэр

Toru Hanai/Bloomberg