- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/16
2025/01/16
Өглөөний мэнд. АНУ-ын засаг захиргаа Монгол, Казахстан, Тайланд зэрэг дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо тодорхойгүй хугацаанд зогсоов. 2026 онд долоон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэхээс 90 орчим хувийг нь Өмнөговь дангаар бүрдүүлнэ. Сүүлийн 10 жилд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж орлоготой монгол айл 7 сая төгрөгийн алдагдал хүлээснийг АН-ын бүлэг мэдээлэв.

Визийн хар жагсаалт
АНУ-ын Төрийн Департамент нэгдүгээр сарын 21-нээс эхлэн дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэснээ зарлалаа.
Иргэд нь АНУ-д амьдрахдаа нийгмийн халамж, дэмжлэгт хамрагдах өндөр магадлалтай гэж үзсэн улс орнуудыг уг жагсаалтад багтааснаа албаныхан тайлбарласан. Гэхдээ энэ арга хэмжээнд АНУ-д зөвхөн байнга оршин сууж, ажиллах зорилготой иргэдийг хамруулах бөгөөд аялал жуулчлалын болон түр хугацаанд ажиллах зорилготой богино хугацааны виз олголт хэвийн үргэлжлэх юм байна.

Шинэ журамд хамруулсан улсуудын тоонд ОХУ, Бразил, Тайланд, Казахстан зэрэг улсууд байгаа нь анхаарал татахаас гадна Монгол Улс мөн багтсан байна. Виз олголтыг сэргээх шийдвэр гарах хүртэл цагаачлалын виз олгохгүй ч жагсаалтад багтсан улсуудын иргэдэд цагаачлалын визийн ярилцлагыг үргэлжлүүлэн товлохыг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдээлсэн. Мөн хүчинтэй визтэй иргэдийн цагаачлалын визийг цуцлахгүйг тодотгожээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийд хамгийн хатуу хяналттай системүүдийн нэгт тооцогдсоор ирсэн АНУ-ын виз олголтын журмыг сүүлийн нэг жилийн хугацаанд улам чангаруулаад байгаа. Харин энэ удаагийн шийдвэр нь гэр бүлийн шалтгаанаар цагаачлал хүсэгчид буюу эцэг эх, гэр бүлийн хүн, хүүхдээ даган АНУ-д оршин суух зорилготой иргэдэд хүндхэн тусахаар байна. 2023 оны байдлаар АНУ-д нийт 50 мянга орчим Монгол гаралтай иргэн бүртгэлтэй байгааг тус улсын Хүн амын тооллогын товчооны тайланд мэдээлсэн байна.
Цагаачлалын виз олголтыг зогсоох шийдвэр нь "Цагаач иргэд нь АНУ-д ирээд ихэвчлэн нийгэмд ачаа болдог" улсуудыг хамарч буй бөгөөд "Америкийн ард түмний хөрөнгийг завших хүсэлтэй хүмүүс АНУ-ын цагаачлалын системийг урвуулан ашиглах явдлыг зогсоох" зорилготой хэмээн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Анхаарлын төвд
Инфляцын төлөөс. 2025 онд айл, өрхүүд үнийн өсөлтөөс шалтгаалан жилийн дүнгээр өмнөх оноос 2.5 сая төгрөгийн илүү зардал гаргасан ч энэ хэмжээгээр цалин тэтгэвэр нэмэгдээгүй байна. Иймд үнийн өсөлт нь төсвийн бодлоготой шууд холбоотой байгааг Ардчилсан намын бүлгийн зөвлөх, эдийн засагч А.Батпүрэв тодотголоо. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж орлоготой монгол айл боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө 7 сая төгрөгөөр танаж, ийм хэмжээний хадгаламж үүсгэх боломжоо алдсан гэсэн тооцоолол гарсныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэв.
Сонголт нэмэгдэнэ. БНХАУ-ын Spring Airlines компани Улаанбаатар-Шанхай чиглэлд туршилтын нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Шанхай хотод төвтэй, 134 агаарын хөлгөөр дэлхийн 12 улсын 103 чиглэлд нислэг үйлддэг тус компани нь ирэх гуравдугаар сараас УБ чиглэлийн нислэгийг албан ёсоор эхлүүлэх хүлээлттэй байгаа аж. Spring Airlines 2015 онд Шанхайн биржид IPO хийснээс хойш хувьцааны ханш нь 214 хувиар өсжээ. Энэ оны нэгдүгээр сард тус компани шинээр “Airbus A320” загварын 30 онгоц худалдан авахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн юм.

Зэсийн шинэ потенциал. Erdene Resource Development компани 100 хувь эзэмшдэг зэс, мөнгөний “Хөвийн хар” төсөлдөө хийсэн өрөмдлөгийн үр дүн нь сайн байсныг танилцууллаа. 3362 метрийн урттай, 24 цооног бүхий өрөмдлөгийн хөтөлбөрийн онцлох үр дүнгээс харвал 65 метрийн гүнд дунджаар 0.63 хувь зэсийн агуулга болон тонн тутамд 2.9 грамм мөнгө агуулсан эрдэсжилтийн бүс илрүүлжээ. “Хөвийн хар” төсөл нь зэс-порфирын “Зуун мод” ордоос 3 км, “Баянхөндий” алтны уурхайгаас 35 км-ийн зайд байрладаг аж.
Эрчтэй эхлэл. Он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцааны арилжаа эрс нэмэгдэж, эхний 9 арилжааны өдөр 5.2 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдаад байгаа нь өмнөх сарын мөн үеэс 66.6 хувиар өндөр дүн боллоо. 12 дугаар сард хоёрдогч зах зээлийн идэвх оргил цэгтээ хүрч, нийт 30.5 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан юм. Түүхэн дээд цэгтээ хүрээд буй ХААН Банкны хувьцаа одоогоор нийт арилжааны 1/3-ийг дангаараа бүрдүүлж байна. Он гарснаас хойш компанийн хувьцааны ханш 4.7 хувиар өсжээ.
Воны уналт. Пүрэв гарагт БНСУ-ын воны ханш үргэлжлэн суларч, 17 жилийн доод цэгтээ дөхсөн байна. Үүнээс өмнө лхагва гарагт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент воны ханшийг дэмжих агуулгатай мэдэгдэл хийсний дараа ханш нь түр хугацаанд огцом чангараад байсан юм. БНСУ-ын дотоодын хөрөнгө оруулагчид Америкийн хувьцаануудыг ихээр худалдан авах болсон, импортлогчдын төлбөр тооцоо нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс ам.долларын эрэлтийг өндөрт хадгалснаар воны ханш суларч буй. Үүнээс гадна БНСУ-ын Төв банк шинжээчдийн таамаглаж байсны дагуу бодлогын хүүг 2.5 хувьд хэвээр үлдээлээ.
Блумберг санал болгож байна
Дэлхийн 130 гаруй орноос Төр, бизнес, иргэний нийгмийн 3000 гаруй удирдагч манлайлагчид чуулж, 2026 оныг тодорхойлох нийгэм, эдийн засгийн гол сэдвүүдийг хэлэлцэх 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум "Яриа хэлэлцээний мөн чанар" сэдвийн дор нэгдүгээр сарын 19-23-ны хооронд зохион байгуулагдана.
Олон улсын тогтсон хэм хэмжээнүүд өөрчлөгдөж, хамтын ажиллагаанд ан цав үүсэж, итгэлцэл суларч буй энэ үед харилцааг хэрхэн шинээр бүтээж болох шийдлүүдэд "Давос 2026" төвлөрөхийг ДЭЗФ онцолжээ.

"Bloomberg TV Mongolia" 2026 онд 11 дэх жилдээ ДЭЗФ-ыг сурвалжилж, эдийн засаг, зах зээл, технологи, эрчим хүч, геополитикийн өнгийг тодорхойлж, зүг чигээ зөв олоход тань дэм болох үнэ цэнтэй санаа, байр сууриуд, тайлан судалгаануудыг дөрвөн өдрийн турш хүргэнэ. Мөн нэгдүгээр сарын 23-нд Давосоос бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Тэтгэгч аймаг
Энэ онд улсын төсөвт Улаанбаатар хот 264 тэрбум төгрөг, долоон аймаг 1.27 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Аймгуудын төвлөрүүлэх орлогоос 1.1 их наяд төгрөгийг Өмнөговь аймаг дангаараа бүрдүүлэхээр байна.

Уул уурхайн томоохон компаниуд төвлөрсөн Өмнөговь аймаг сүүлийн 20 орчим жил улсын төсвөөс татаас аваагүй. Харин 20 жилийн хугацаанд нийт 6 их наяд гаруй төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн тооцоолол байна.
Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод зэрэг уул уурхай, үйлдвэр, боомт, дэд бүтэц төвлөрсөн аймгууд төсвөө бие даан бүрдүүлэхээс гадна улсын төсөвт орлого төвлөрүүлж байна.
Харин 2026 онд 14 аймагт улсын төсвөөс нийт 254.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор байгаа нь 2023 оноос хойших хамгийн бага дүн болж байна.
14 аймгаас хамгийн өндөр буюу 36.8 тэрбум төгрөгийн татаасыг Хөвсгөл аймаг авах бол Завхан, Увс, Архангай, Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймаг 20 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний татаас авахаар тусгажээ.
Энэ онд Булган, Дундговь аймаг татаас авагчдын эгнээнд нэмэгдсэн бол Ховд аймагт олгох татаасын хэмжээг өмнөх оноос 80 хувиар бууруулжээ
Зам зуур

Huawei компани 2025 онд БНХАУ-ын зах зээлд 46.7 сая ширхэг гар утас борлуулснаар Apple-ийн Хятад дахь борлуулалтаас давлаа. Ингэснээс тус компани БНХАУ-ын ухаалаг гар утасны зах зээлийн 16.4 хувийг эзэлж байна.
АНУ-ын чипийн хоригийн улмаас БНХАУ-д тэргүүлэх байр сууриа алдаад байсан Huawei ийнхүү 2020 оноос хойш анх удаа бүтэн жилийн үзүүлэлтээр тэргүүлсэн нь энэ аж. Гэхдээ компанийн гар утасны нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 1.9 хувиар буурсан бол Apple-ийнх 4 хувиар өссөнийг IDC мэдээлсэн юм.
Шэньжэнв хотод төвтэй тус компани дотооддоо загварчилсан, БНХАУ-д үйлдвэрлэсэн процессоруудыг ашиглан гар утасныхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал: хамгийн сүүлийн үеийн “Kirin 9030” чипийг “Mate 80 Pro Max” загварын гар утсандаа ашиглажээ.
Эцэст нь товчхон
ГЕГ: Монгол Улс 2025 онд 12.7 сая ам.доллароор нийт 207.4 мянган тонн цемент импортолж, биет хэмжээ болон үнийн дүн нь өмнөх оноос тус тус 19 орчим хувиар буурсан байна. Нийт импортын 90 гаруй хувийг БНХАУ-аас үлдсэнийг нь БНСУ болон ОХУ-аас нийлүүлжээ.
ХББОСЯ 2025 онд 56 төслийг 334.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр байсан ч 28 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс 240.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд санхүүжүүлэх үлдэгдэлтэй байгаа юм. Томоохон төслүүдээс харвал 2018 онд эхэлсэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр энэ онд дуусах товтой.
Онцлох зураг
Уганда улсын Ерөнхийлөгч Ёвэри Мусевенигийн дэмжигчид Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр - Кампала, Уганда

Badru Katumba/Bloomberg