2025/01/15

Өглөөний мэнд. Өнгөрсөн оны зөвхөн эхний 10 сард цахим залилангийн улмаас Монголд 19.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. БНХАУ-ын гангийн экспорт 2025 онд дээд цэгтээ хүрч өсөж, нүүрсний импорт нь огцом буурчээ. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хэмжээ хөгжиж буй улсуудаас 4 дахин, дэлхийн дунджаас 7 дахин бага байна. 

Монголын №1 гэмт хэрэг

Өнгөрсөн оны эхний 10 сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн бараг 1/3-ийг цахим орчинд үйлдэгдсэн санхүүгийн залилангийн хэрэг эзэлжээ.

Нийт 10 мянга гаруй цахим залилангийн хэрэг бүртгэгдсэний 85.3 хувь нь санхүүгийн залилан байсан бөгөөд үүний улмаас 19.1 тэрбум төгрөгийн хохирол учирсныг Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлж байна. Энэ хугацаанд хохирсон иргэдийн 11.6 тэрбум төгрөгийн шилжүүлгийг хязгаарлаж, 691 иргэнд 1.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Түүнчлэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр XII сарын 26-наас I сарын 2-ныг хүртэлх зөвхөн нэг долоо хоногийн хугацаанд 247 мянган кибер аюул, заналхийллийн тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг Facebook хаягаар мөнгө шилжүүлэхийг хүссэн, Telegram-аар даалгавар биелүүлж ашиг олохыг амласан, зээлийн эрх нэмэгдүүлэх нэрээр мэдээлэл авсан зэрэг хэрэг эзэлжээ. Тэр дундаа 35-аас дээш насны иргэд цахим мэдээллийнхээ аюулгүй байдлыг хамгаалах чадвар сул учраас энэ насныхан хамгийн ихээр гэмт хэрэгт өртдөгийг Цагдаагийн ерөнхий газар анхааруулсан байна.

Үүнээс гадна интернэт банкийг нь ашиглаж залилан хийх хэргийн гаралт нэмэгджээ. Гэмт этгээдүүд банк, санхүүгийн байгууллагын нэрийг барьж “зээл олгоно”, “буцалтгүй тусламж үзүүлнэ” гэх мэт худал мэдээлэл тараан, фишинг төрлийн холбоос илгээж интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авдаг байна.

2024 оны дэлхийн кибер аюулгүй байдлын индексэд Монгол Улс гуравдугаар түвшинд багтсан тухай тайланг Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлж байв. Энэ нь бэхжиж байгаа буюу яг кибер аюулгүй байдал нь дундаж түвшинд байгааг илэрхийлж байгаа аж.

Цаашдаа цахим залилан нэмэгдсээр байвал Монгол улсын дундаж орлоготой өрхийн орлогод хохирол учруулах эрсдэлтэйг OECD-ийн 2023 оны тайланд тодотгож байв.

Анхаарлын төвд

Шинэ ТОП-20 айсуй. Дотоодын хөрөнгийн зах зээлийн жишиг ТОП-20 индексийн сагсыг энэ сардаа багтаан шинэчлэхээр байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Индексийн багц бүрдүүлэхдээ МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ын дагуу биржид бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй гарсан компаниудыг сонгодог. 2025 оны энгийн арилжаагаар үнийн дүнгээр идэвхтэй арилжаалагдсан, одоогийн ТОП-20 сагсанд багтдаггүй компаниудаас Эм Жи Эл Акуа, Дархан нэхий болон Тэнгэр даатгал ХК-иуд шинэ сагсанд багтах өндөр магадлалтай.

Жижиг зах зээлийн зовлон. Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн тогтолцоо бий болоод 35 жил болж буй ч хөрөнгийн зах зээлийн хэмжээ хөгжиж буй орнуудаас дөрөв дахин, дэлхийн дунджаас долоо дахин бага байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодлогоор дэмжсэнээр зээлийн хүүг бууруулах, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг судлаачид онцолж байна. Энэ хүрээнд СЭЗИС-ийн боловсруулсан "Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил" бодлогын судалгаанд 2026-2036 онд хэрэгжүүлэх үндэсний стратеги замын зургийг гаргажээ.

Бодсоноос тэсвэртэй. Дэлхийн Банк дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 2.6 хувь болгон нэмэгдүүлж, VII сард гаргаж байсан өмнөх төсөөллөө 0.2 нэгж хувиар дээшлүүллээ. Худалдааны хурцадмал байдал түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн ч улс орнуудын эдийн засаг цочролд тэсвэртэй байх нь өсөлтөд дэмжлэг болно гэж үзсэн байна. Үүнээс гадна Дэлхийн Банк АНУ-ын эдийн засгийн өсөлтийг төсөөллөө мөн ахиулж, 1.6 хувиас 2.2 хувь болгосон байна.

Өндрөөс өндөрт. 2025 онд олон улсад зорчсон зорчигчдын тоо явсан, ирсэн нийт дүнгээр 2 сая давсныг ИНЕГ мэдээлэв. Энэ нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 69 хувиар, 2024 оноос 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Монгол Улс 2025 онд хамгийн олон буюу 854 мянга гаруй жуулчин хүлээн авахад олон улс болон орон нутгийн нислэгийн хүртээмж нэмэгдсэн нь томоохон нөлөөтэй байсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тодотгож байлаа.

Экспортоор “гал гаргасан” жил. БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 2025 онд 1.2 их наяд ам.доллар хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээгээ шинэчиллээ. АНУ-ын тарифын арга хэмжээнээс үүдэн тус улсад хийх экспорт нь эрс буурсан ч 12 дугаар сард БНХАУ-ын нийт экспорт өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдсэн нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр өсөлт болжээ. Харин импорт нь 5.7 хувиар өссөнөөр гадаад худалдаанаас 114 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

2025 онд Хятадын өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт эрс нэмэгдсэн бөгөөд тэр дундаа хагас дамжуулагч, автомашин, хөлөг онгоц зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт нь 20 гаруй хувиар өсжээ. Харин тоглоом, гутал, хувцас зэрэг хямд барааны экспорт буурсан байна.

Блумберг санал болгож байна

Дэлхийн 130 гаруй орноос Төр, бизнес, иргэний нийгмийн 3000 гаруй удирдагч манлайлагчид чуулж, 2026 оныг тодорхойлох нийгэм, эдийн засгийн гол сэдвүүдийг хэлэлцэх 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум "Яриа хэлэлцээний мөн чанар" сэдвийн дор нэгдүгээр сарын 19-23-ны хооронд зохион байгуулагдана.

Олон улсын тогтсон хэм хэмжээнүүд өөрчлөгдөж, хамтын ажиллагаанд ан цав үүсэж, итгэлцэл суларч буй энэ үед харилцааг хэрхэн шинээр бүтээж болох шийдлүүдэд "Давос 2026" төвлөрөхийг ДЭЗФ онцолжээ.

"Bloomberg TV Mongolia" 2026 онд 11 дэх жилдээ ДЭЗФ-ыг сурвалжилж, эдийн засаг, зах зээл, технологи, эрчим хүч, геополитикийн өнгийг тодорхойлж, зүг чигээ зөв олоход тань дэм болох үнэ цэнтэй санаа, байр сууриуд, тайлан судалгаануудыг дөрвөн өдрийн турш хүргэнэ. Мөн нэгдүгээр сарын 23-нд Давосоос бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Ган, нүүрсний адармаа

БНХАУ-ын нүүрсний импорт 2025 онд 490 сая тонноор хэмжигдэж, өмнөх оноос 9.6 хувиар буурсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Сүүлийн жилүүд дараалан дээд түвшнээ шинэчилж байсан тус улсын нүүрсний импорт 2022 оноос хойш анх удаа буурсан тохиолдол нь энэ болж байна.

  • Эрчим хүч үйлдвэрлэх хямд сонголтууд нэмэгдэж, мөн дулааны эрчим хүч үйлдвэрлэл буурснаар нүүрсний импорт нь голлох түүхий эдүүд дундаас уналтаараа тэргүүлжээ.

  • БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улс олборлолтоо багасгахаар төлөвлөж буй нь 2026 онд импорт үргэлжлэн буурахад нөлөөлөх төлөвтэй.

  • Харин коксжих нүүрсний эрэлтэд чухал нөлөөтэй БНХАУ-ын гангийн экспорт 12 дугаар сард бүх цаг үеийн дээд цэгтээ хүрч өсжээ. Нийт 11.3 сая тонн гангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2015 онд хүрч байсан оргил түвшнээс давсан байна.

  • Ингэснээр гангийн бүтэн жилийн экспорт нь 119 сая тонн болж өмнөх оноосоо 7.5 хувиар өслөө.

  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын улмаас дотоодод нь гангийн эрэлт буурсан тул Хятадын гангийн үйлдвэрүүд ашигт ажиллагаагаа хамгаалах үүднээс экспортын зах зээлд төвлөрчээ. Тэр дундаа экспортын саад, хязгаарлалт багатай Ойрх Дорнод зэрэг зах зээл рүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн түлхүү гаргасан байа.

Зам зуур

2025 он нь дэлхийн түүхэнд гуравдугаарт бичигдэх дулаан жил болж бүртгэгдсэн байна.

Цаг уурын судалгааны бие даасан гурван агентлагаас Лхагва гарагт гаргасан агаарын хэмийн дата мэдээлэлд үүнийг бататгажээ. Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн дулаан жил 2024 он байсан бол хоёрдугаарт 2023 он бичигддэг юм.

Өнгөрсөн онд Номхон далайн экваторын бүсэд далайн гадаргын температур хөрснөөр дэлхийн агаарын температур дагаад буурах "Ла Нинья" мөчлөг тохиосон тул энэ удаагийн үр дүн маш онцгой болохыг эрдэмтэд мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийн ялгарлаас үүдэх дулаарал нь температур буурахад нөлөөлдөг цаг уурын мөчлөгийг сөрж, улмаар 2025 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн нэг болжээ.

Энэ нь "өдгөө хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дулаарал байгалийн жам ёсоор явагддаг цаг агаарын хэлбэлзлийг дарангуйлдаг болсны нотолгоо боллоо" хэмээн Калифорнийнн Их сургуулийн Хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн тэнхимийн эрдэмтэн Дэниел Свэйн онцоллоо.

Эцэст нь товчхон

ЗГ: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Хуулийн төсөлд нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон агаарын хөлөг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгасан байна.

НЗДТГ: Энэ онд нийслэлийн хэмжээнд 30 сургууль, 14 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтын санхүүжилтийг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөс бүрдүүлэхээр байгаа юм. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 11.9 тэрбум төгрөгийг Нийслэлийн энэ оны төсөвт тусгажээ.

Онцлох зураг

Хууль бус цагаачдыг саатуулах ажиллагааг эрчимжүүлээд буй АНУ-ын Цагаачлал, гаалийн албыг эсэргүүцсэн жагсаалын үеэр - Миннесота, АНУ

Victor J. Blue/Bloomberg