2025/01/14

Өглөөний мэнд. Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд түүхэн дээд хэмжээгээ шинэчилсэн ч орлого нь 33.7 хувиар буурчээ. Түмэн Шувуут ХК-ийн өндөгний үйлдвэрлэл өнгөрсөн онд 22.4 хувиар өссөн байна. Японы Ерөнхий сайд ээлжит бус сонгууль зарлаж магадгүй болсноор иений ханш сүүлийн 18 сарын доод түвшинд сулрав.

Хямд нүүрс, рекорд экспорт

Оны хоёрдугаар хагаст арилжаа эрс сэргэснээр Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд бүх цаг үеийн дээд хэмжээгээ шинэчилсэн байна.

Жилийн турш нийт 89.71 сая тонн нүүрс экспортолсон нь 2024 онд 84 сая тонныг гаргаж байснаас 7.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн Ерөнхий Газрын мэдээлэл харуулж байна. Мөн 2025 оны төсөвт тусгасан 85 сая тонныг экспортлох зорилтыг давуулан биелүүлэв.

БНХАУ-ын гангийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, ган үйлдвэрлэлийн гол орц коксжих нүүрсний эрэлт буурснаар оны эхний саруудад Монголын нүүрсний экспорт эрс унаад байсан юм. Харин долоодугаар сард нүүрсний эрэлт болон үнэ "V" хэлбэрээр сэргэснээр дотоодын уул уурхайн биржийн нүүрсний арилжаа дагаад хурдацтай өсөж, экспортын биет хэмжээний дээд үзүүлэлтийг сүүлийн гурван жил дараалан шинэчлэхэд түлхэц боллоо.

Нүүрсний төрлийн хувьд 84.2 сая тонныг чулуун болон антрацит нүүрс, 5.76 сая тонныг хүрэн нүүрс бүрдүүлжээ. Тавдугаар сард 10 тонн хүрэн нүүрс ОХУ-д экспортолсныг эс тооцвол 2025 онд Монгол Улсын экспортын нүүрс ерөнхийдөө 100 хувь БНХАУ руу гарсан байна. Тус улсын коксжих нүүрсний нийт импортын 50 орчим хувийг хангадаг гол түнш нь Монгол хэвээр байгаа юм.

Биет хэмжээний хувьд хэдий сайн үзүүлэлттэй ч нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан экспортын үнийн дүн өмнөх онтой харьцуулахад 33.7 хувиар буурч, 5.77 тэрбум ам.доллар болсон байна. Экспортын дундаж үнэ 2024 оныхоос 38 хувиар доогуур буюу 64 ам.доллар орчим байсныг Mysteel Global тооцоолжээ.

БНХАУ-ын орон сууцны зах зээл уналттай, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татруу байгаа нь ган, гангийн бүтээгдэхүүний эрэлтийг сулруулж, цаашлаад коксжих нүүрс болон коксны үнэд дарамт болж буй. Эдгээр суурь нөлөөллүүд 2026 онд ч хадгалагдаж, улмаар коксжих нүүрсний үнэ 2026 онд 1-3 хувиар буурах төлөвтэй гэсэн төсөөллийг Bloomberg Intelligence-ийн шинжээчид танилцуулж байлаа.

Анхаарлын төвд

Өндөг үйлдвэрлэлийн өрсөлдөөн. Дотоодын өндөгний нийлүүлэлтийг даацтай нэмэгдүүлэх “Түмэн Шувуут 3” шувууны фермийн төсөл энэ оны наймдугаар сард бүрэн ашиглалтад орохыг Түмэн Шувуут ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд мэдээлэв. Гэхдээ өндөгний нийлүүлэлт эрэлтээ давахтай зэрэгцэн ЕЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр зах зээлд өрсөлдөөн ширүүсэх хүлээлттэй байгаа аж. Тус компани 2025 онд 176 сая ширхэг өндөг бэлтгэсэн нь 2024 онд 143.8 сая ширхэг өндөг бэлтгэсэнтэй харьцуулахад 22.4 хувиар өссөн дүн болжээ.

Цөөн, гэхдээ үнэтэй. Насжилт ихтэй импортын автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэрийн нөлөөгөөр суудлын автомашины импорт өнгөрсөн онд эрс буурсан байна. 2024 онд импортолсон автомашины тоо 123 мянга хүрч байсан нь 2025 онд 90 мянга болжээ. Гэхдээ үнийн дүнгийн хувьд төдийлөн зөрүүгүй буюу 2024 оныхтой адил 1 тэрбум ам.доллар давахад насжилт харьцангуй залуу, өндөр үнэтэй автомашинуудыг импортолсон нь нөлөөлсөн бололтой. Түүнчлэн нийт импортолсон суудлы автомашины 76 хувь нь бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй бол бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 320 автомашин импортолсон байна.

Амар бууж өгөхгүй. АНУ-ын Хууль зүйн яамнаас Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллийг шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн нам дотроосоо эсэргүүцэлтэй тулгарчээ. Тухайлбал Сенатын олонхын бүлгийн дарга Жон Тюн төв банкны хараат бус байдалд улс төрийн нөлөө үзүүлэх оролдлого нь зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Энэхүү шалгалт нь Холбооны Нөөцийн банканд дарамт үзүүлэх оролдлого гэж Жером Пауэлл мэдэгдсэн юм.

Хиймэл оюуны “ялагчид”-ын нэгт тооцогдож буй Google-ийн толгой компани Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ даваа гарагт 4 их наяд ам.доллар давлаа. Өмнө нь зөвхөн Nvidia, Apple, Microsoft компанийн зах зээлийн үнэлгээ энэ өндөр босгыг давж байсан юм. Google Apple-ийн Siri туслах болон бусад үйлчилгээнд ашиглагдах хиймэл оюуны технологийг хөгжүүлэх олон жилийн гэрээ байгуулсан тухай мэдээлэл хувьцааных нь сүүлийн өсөлтөд түлхэц болжээ. Alphabet саяхан Apple-ийг үнэлгээгээрээ гүйцэж, Nvidia-ийн дараа бичигдэх дэлхийн хоёр дахь том компани болоод байгаа.

Блумберг санал болгож байна

Дэлхийн 130 гаруй орноос Төр, бизнес, иргэний нийгмийн 3000 гаруй удирдагч манлайлагчид чуулж, 2026 оныг тодорхойлох нийгэм, эдийн засгийн гол сэдвүүдийг хэлэлцэх 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум "Яриа хэлэлцээний мөн чанар" сэдвийн дор нэгдүгээр сарын 19-23-ны хооронд зохион байгуулагдана.

Олон улсын тогтсон хэм хэмжээнүүд өөрчлөгдөж, хамтын ажиллагаанд ан цав үүсэж, итгэлцэл суларч буй энэ үед харилцааг хэрхэн шинээр бүтээж болох шийдлүүдэд "Давос 2026" төвлөрөхийг ДЭЗФ онцолжээ.

"Bloomberg TV Mongolia" 2026 онд 11 дэх жилдээ ДЭЗФ-ыг сурвалжилж, эдийн засаг, зах зээл, технологи, эрчим хүч, геополитикийн өнгийг тодорхойлж, зүг чигээ зөв олоход тань дэм болох үнэ цэнтэй санаа, байр сууриуд, тайлан судалгаануудыг дөрвөн өдрийн турш хүргэнэ. Мөн нэгдүгээр сарын 23-нд Давосоос бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Улс төрийн тоглолт

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи ойрын хугацаанд ээлжит бус сонгууль зарлаж магадгүйг NHK агентлаг мэдээлсний дараа иений ханш сүүлийн 18 сарын доод түвшинд хүрлээ.

  • Санаэ Такаичи энэ сардын сүүлээр эхлэх парламентын ээлжит чуулганаар парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарлахаар төлөвлөж буйг хэвлэлүүд мэдээлсэн.

  • Хэрэв сонгуулиар өөрийн болон эрх баригч Либерал Ардчилсан намынхаа эрх мэдлийг улам бэхжүүлж чадвал худалдаа, дипломат бодлогын шийдэмгий арга хэмжээ, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн бодлогоо хэрэгжүүлэх зам нь нээгдэх юм.

  • Хөрөнгө оруулагчид энэ мэдээллийн дараа Японы хувьцаануудыг дээд ханшид нь хүргэж, иен болон ЗГ-ын бондуудыг ихээр зарсан байна.

  • Мягмар гарагт иений ханш 0.5 хувиар унаж, ам.доллартой харьцах спот ханш нь 158.9-ийн түвшинд хүрсэн нь 2024 оны долоодугаар сараас хойших доод үзүүлэлт боллоо.

  • Японы Сангийн сайд Сацүки Катаяма зэрэг албан тушаалтнууд иений ханшийн огцом савлагааны эсрэг анхааруулга өгсөөр байгаа юм. Ингэснээр зохицуулагчид иений ханшид дахин интервенц хийнэ гэсэн хүлээлт нэмэгдээд байна.

Зам зуур

БНХАУ өсөн нэмэгдэж буй төсвийн алдагдлыг нөхөх үүднээс иргэдийнхээ гадаадад байршуулсан их хэмжээний бүртгэлгүй хөрөнгөд татвар ногдуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.

Хэдий тийм боловч Бээжингийн хатуу чанга хараа хяналтаас үл хамааран уг арга хэмжээг алдаа мадаггүй хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч байгаа аж. Гадаадад хураасан хөрөнгийн эзэн хэн болохыг албаныхан тодорхой түвшинд илрүүлэх боломжтой ч хөрөнгийн хэмжээг тодорхойлоход мэдээлэл тун хомс байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Бээжин, Шэньжэнь зэрэг хотуудад албаныхан татвараас бултагсдыг мөшгихөд "их өгөгдөл" ашигласан байна. Мөн хөрөнгө оруулагчдад гадаадад олсон орлого, санхүүгийн хөрөнгө оруулалтаа нарийвчлан тайлагнаж, 2022-2024 оны хооронд төлөөгүй аливаа татвараа тооцож мэдээлэх шаардлага хүргүүлжээ. Энэ нь багагүй сандрал үүсгэж, татварын болон хөрөнгийн удирдлагын зөвлөх үйлчилгээ хайсан иргэдийн тоо эрс нэмэгдэхэд хүргэсэн байна.

Түүнчлэн татварын үлдэгдэлтэй иргэдийг албаныхан хэвлэл мэдээлэл зэрэг сувгаар нийтэд ил тод зарлаж, сануулга өгдөг болох журам гуравдугаар сараас эхлэн хэрэгжих аж.

Эцэст нь товчхон

ҮСХ: 2025 оны 12 дугаар сарын байдлаар шинэ орон сууцны м.кв талбайн дундаж үнэ Улаанбаатарт 5.03 сая төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, сүүлийн гурван жилийн хугацаанд 44.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин хуучин орон сууцны дундаж шинэ орон сууцныхаас ялимгүй өндөр буюу 5.06 сая төгрөгт хүрчээ. Сүүлийн нэг жилд үнийн өсөлт нь 17.7 хувь, сүүлийн гурван жилийн хугацаанд бараг 55 хувиар хэмжигдэж байна.

Голомт банк Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд БНХАУ-ын бизнес эрхлэгчдэд чиглэсэн банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ. Мөн экспорт, импорт, хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлэх юм.

Онцлох зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Air Force One” онгоцондоо суухын өмнө сэтгүүлчдэд яриа өгч буй нь

Samuel Corum/Getty Images