2025/01/13

Өглөөний мэнд. Дэлхийн геополитик, эрчим хүчний зах зээлийг өөрчлөх хувьсгал Иран улсад гарахад тун ойртжээ. Монгол Улс 2025 онд зөвхөн самнасан ноолуур экспортолсноор орлогоо $74 саяар нэмэгдүүлэв. ХасБанк ХК 2025 онд ₮172.6 тэрбумын татварын дараах цэвэр ашигтай ажиллажээ.

Хувьсгал ойртсон уу?

Даян дэлхийг дайрсан геополитикийн шуурга эрчээ улам авч, Исламын Бүгд Найрамдах Иран улс нуран унаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

90 сая хүн амтай тус улсад эрх баригчдын сүрдүүлэг, ширүүн хариу арга хэмжээг үл харгалзан олон зуун мянган хүн гудамжинд гарч, эсэргүүцлийн жагсаал цуглаан бараг бүх хотыг нь хамарчээ. Үймээн самуунд сүүлийн байдлаар 544 хүн амиа алдаж, 10 мянга гаруй иргэн баривчлагдаад байгааг АНУ-д төвтэй хүний эрхийн HRANA байгууллага мэдээлсэн.

Иран улс нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлэгт газрын тос олборлолтын хэмжээгээр дөрөвдүгээрт бичигддэг. Тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэлийн улмаас газрын тосны үнэ өнгөрсөн пүрэв, баасан гарагт 5 гаруй хувиар өслөө.

MAHSA/AFP

1979 оны Исламын хувьсгалын дараа тогтсон Техраны дэглэм ганхсан энэ үед дэлхийн удирдагчдын нүүдэл анхаарал татаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, зэвсэгт хүчнээс мэдээлэл авч байгаагаа мэдэгдсэн юм. “Цэргийнхэн хянаж байгаа. Дорвитой сонголтуудыг бид судалж байна” хэмээн тэрбээр “Air Force One” онгоцондоо сэтгүүлчдэд ярьжээ.

“Ираны дэглэм яг одоо маш хүнд нөхцөлд байна. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь эдийн засаг. Хяналтыг эргүүлэн гартаа авах орон зай нь багасаж, түүнд шаардагдах арга хэрэгсэл нь ч цөөрч байна” хэмээн АНУ-ын Тагнуулын төв агентлагийн Ойрх Дорнод хариуцсан Ахлах шинжээч асан Уилльям Ашер хэлж байна.

Үүнтэй зэрэгцэн Европын удирдагчид Дональд Трампын Гринландыг эзлэн авах санаархлыг сөрөхөөр хөдөлж эхэллээ.

ХБНГУ Хойд мөсөн далайн бүсийг хамгаалах зорилготой NATO-ийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргахаар төлөвлөснийг ойрын эх сурвалж мэдээлжээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Умардын бүс нутаг дахь цэрэг зэвсгийн бэлэн байдлаа сайжруулахыг холбоотнууддаа уриалж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц нартай энэ асуудлаар саяхан холбогдсон байна.

Дональд Трампын хувьд Данийн эзэмшилд байдаг Гринландыг үндэсний аюулгүй байдлын зорилгоор АНУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх санааг эртнээс илэрхийлж ирсэн. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа тэрбээр энэ зорилгоо улам бататгах болж, баасан гарагт Цагаан ордонд мэдээлэл өгөхдөө Гринландыг нэгтгэх “хатуу ба зөөлөн” хоёр арга байгаа гэсэн юм.

Анхаарлын төвд

Буух эзэнтэй болгоно. Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг нээлээ. 2022 оноос хойш тус яаманд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас 120 гаруй гомдол хүргүүлснээс шийдвэрлэлтийн явц 26 хувьтай байгаа аж. Мөн Монголд хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх шүүхийн процесс дунджаар 6.2 жил үргэлжилж, нийт маргааны 10 орчим хувь нь л шийдвэрлэгдэж байгааг Европын бизнесийн байгууллагуудын дэлхийн сүлжээнээс 2024 онд гаргасан тайланд онцолж байсан юм.

Шат ахисан экспорт. Монгол Улс 2025 онд ямааны 4000 тонн самнасан ноолуур экспортолж, 330.6 сая ам.долларын орлого олсон нь нийт экспортын орлогын 2.1 хувийг бүрдүүлснийг Гаалийн ерөнхий газар тайлагналаа. 2024 онд 4.7 мянган тонн угаасан ноолуурыг 256.7 сая ам.доллароор экспортолж байсантай харьцуулахад биет хэмжээний хувьд бага боловч үнийн дүн нь 28.7 хувиар нэмэгдсэн байна. Ноолуурын боловсруулалтын түвшнийг дотоодод нэг шат ахиулж, өнгөрсөн оноос зөвхөн самнаж боловсруулсан ноолуур экспортолж эхэлсэн юм. Улсын хэмжээнд ноолуур самнаж боловсруулах хүчин чадал 100 хувь суурилагдсан байгаа аж.

"Дэлхийн ноолуурын зах зээл 2.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байхад Монгол Улс жилд дунджаар 400 сая ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн экспортолж байгаа нь хангалтгүй. Үүнийг нэмэгдүүлэх нь боловсруулах үйлдвэрийн хүчин чадлаас бүрэн шалтгаална" хэмээн Тэргүүн шадар сайд онцолж байв.

Тайлангууд эхнээсээ. Богд банк ХК 2025 оны IV улирлын байдлаар аудитлагдаагүй тайлангаар цэвэр ашиг нь 51.1 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос 27.1 хувиар өссөнийг мэдээллээ. Тайлант хугацаанд цэвэр зээлийн багц нь 11.52 хувиар тэлсэнтэй зэрэгцэн нийт хөрөнгийн хэмжээ нь 1.3 их наяд төгрөг болсон байна. Мөн нийт харилцагчийн харилцах хадгаламж 18 орчим хувиар өсөж, 534.58 тэрбум төгрөг хүрснийг онцолжээ.

Замын-Үүдийг хот болгоно. Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг хотын статустай болгохоор төлөвлөж, бэлтгэл ажлыг ирэх VI сарын 1-ний дотор бүрэн хангаж дуусгах үүргийг сумын удирдлагуудад өгснөө Засгийн газар мэдээлэв. Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг байна. 2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ. Замын-Үүд сум нь 25 мянга гаруй иргэнтэй, төсвөөс татаас авдаггүй бөгөөд өнгөрсөн онд аймгийнхаа төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Төв банканд ирсэн цохилт. АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүхэд зарлан дуудах бичиг ирүүлснийг Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл баталлаа. АНУ-ын Төв банкны бие даасан, хараат бус байдлын асуудал ийнхүү зах зээлийн анхаарлын төвд орсноор тус улсын хувьцаанууд болон ам.долларын ханш сулрав. Холбооны Нөөцийн банкны өнгөрсөн оны VI сард төв байрандаа засвар хийсэнтэй холбоотойгоор Хууль зүйн яамнаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.

Блумберг санал болгож байна

Дэлхийн 130 гаруй орноос Төр, бизнес, иргэний нийгмийн 3000 гаруй удирдагч манлайлагчид чуулж, 2026 оныг тодорхойлох нийгэм, эдийн засгийн гол сэдвүүдийг хэлэлцэх 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум "Яриа хэлэлцээний мөн чанар" сэдвийн дор нэгдүгээр сарын 19-23-ны хооронд зохион байгуулагдана.

Олон улсын тогтсон хэм хэмжээнүүд өөрчлөгдөж, хамтын ажиллагаанд ан цав үүсэж, итгэлцэл суларч буй энэ үед харилцааг хэрхэн шинээр бүтээж болох шийдлүүдэд "Давос 2026" төвлөрөхийг ДЭЗФ онцолжээ.

"Bloomberg TV Mongolia" 2026 онд 11 дэх жилдээ ДЭЗФ-ыг сурвалжилж, эдийн засаг, зах зээл, технологи, эрчим хүч, геополитикийн өнгийг тодорхойлж, зүг чигээ зөв олоход тань дэм болох үнэ цэнтэй санаа, байр сууриуд, тайлан судалгаануудыг дөрвөн өдрийн турш хүргэнэ. Мөн нэгдүгээр сарын 23-нд Давосоос бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: ХасБанкны тайлан

ХасБанк ХК өнгөрсөн оны IV улиралд 47.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласнаар 2025 оны санхүүгийн жилд нийт цэвэр ашиг нь 172.6 тэрбум төгрөг хүрснийг мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоос 0.5 хувиар өссөн дүн болж байна.

  • 2025 оны IV улиралд банкны нийт зээлийн багц 4.2 их наяд төгрөг хүрч, өмнөх улирлаас 1.0 хувиар, оны эхнээс 13.1 хувиар өссөн байна. Иргэдийн банкны зээлийн багц нь оны эхнээс 4.8 хувиар, байгууллагын банкны зээлийн багц нь 26.6 хувиар тус тус өсжээ.

  • 2025 онд банкны зээлийн багцын өсөлтийг даган хүүгийн орлого өссөн боловч Төв банкны своп хэлцлийн хүүгийн зардал нэмэгдсэн, мөн заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлснийг тодотгож байна.

  • Мөн чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад өссөнөөр сангийн зардлыг нь нэмэгдүүлжээ. Гэхдээ ХасБанкны чанаргүй зээлийн харьцаа 2.5 хувь байгаа нь банкны салбарын тэргүүлэх үзүүлэлт юм.

  • Өнгөрсөн онд тус банкны хувьцааны ханш 16 гаруй хувиар эрчимжиж, зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд төгрөг давж байв.

Зам зуур

SeongJoon Cho/Bloomberg

Австрали улсад насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн сүлжээний платформ ашиглахыг хориглосон шинэ хуулийн дагуу Meta компани 16-аас доош насны 550 мянган хэрэглэгчийн хаягийг хааснаа мэдээллээ. Тодруулбал 330 мянган Instagram, 173 мянган Facebook болон 40 мянган Threads-ийн бүртгэлийг устгажээ.

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн дээрх хуулийн хүрээнд TikTok, Instagram зэрэг сошиал платформууд 16 наснаас доош насны хэрэглэгчдийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн юм. Хууль зөрчсөн тохиолдолд 33 сая ам.доллар хүртэлх дүнтэй торгууль ногдуулах аж.

Эцэст нь товчхон

СЗХ: 2025 оны III улирлын байдлаар сэндбокс орчинд долоон бүтээгдэхүүн туршигдаж байна. Үүнээс B2B буюу бизнес хоорондын зээлийн үйлчилгээнд 292 харилцагч бүртгэлтэй байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сард туршилт эхэлснээс хойш 124.6 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.

НЗДТШ: Хагас коксон шахмал түлшийг ирэх оноос дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн засаг дарга мэдээллээ. Мөн байшин, сууцаа бүрэн дулаалсан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 3100 гаруй өрхөд автомат тохируулгатай хийн зуух суурилуулжээ.

Онцлох зураг

Чехийн Прага хотод эрс хүйтэрч, их хэмжээний цас оржээ

Milan Jaros/Bloomberg