- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/12
2025/01/12
Өглөөний мэнд. Rio Tinto, Glencore компаниуд нэгдэж, дэлхийн уул уурхайн хамгийн том компанийг бий болгохоор хэлэлцэж байна. Монголын экспортын орлого XII сард $2 тэрбумд дөхөж, түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Оны эхний саруудад дотоодын биржүүдэд ₮68 тэрбумын ХБҮЦ гарахаар байна.

Уул уурхайг донсолгох хэлцэл
Rio Tinto компани салбарын өрсөлдөгч Glencore-ийг худалдан авч, нийт 200 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн уул уурхайн хамгийн том компанийг бий болгох яриа хэлэлцээг дахин эхлүүлжээ.
Одоогоос жил гаруйн өмнө хоёр компани нэгдэн нийлэх асуудлаар хэлэлцсэн ч бүтэлгүйтэж байсан юм. Харин энэ удаа хэлцлийн хүрээнд бүх хувьцааг шилжүүлэн авах, бизнесүүдийнхээ тодорхой хэсгийг, эсвэл бүхэлд нь нэгтгэх зэрэг хувилбаруудыг хэлэлцэж байгааг компаниуд пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
Rio Tinto, Glencore-ийн нэгдэл нь уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том хэлцэл болох юм. Ялангуяа эрчим хүчний шилжилтэд нэн чухал металл болох зэсийн үнэ дээд цэгтээ хүрч, компаниуд зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх гэрээ хэлцэл хийхээр яаравчилж буй энэ үед асар ач холбогдолтойд тооцогдохоор байна.

Rio, Glencore компаниуд хоёул зэсийн томоохон төслүүд эзэмшдэг. Хэлцэл амжилттай болбол салбартаа удаан хугацаанд ноёрхсон BHP Group-тэй өрсөлдөх уул уурхайн аварга компани мэндэлнэ. Хэдий тийм боловч яриа хэлэлцээнд учирч болох саадууд олон бийг шинжээчид өмнө нь онцолж байлаа. Glencore нь нүүрсний олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг бол Rio нүүрсний бизнесээс бүрэн гарсан юм. Мөн хоёр компанийн байгууллагын соёл эрс ялгаатай.
Анхны том шалгалт
Томоохон уурхайнуудын үйл ажиллагаа тасалдаж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоож болзошгүй тарифаас өрсөн арилжаалагчид зэсийн нөөц бүрдүүлэхээр яарснаар зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт анх удаагаа тонн нь 13 мянган ам.доллар давсан юм. Өргөн хүрээндээ тус металлын нийлүүлэлт ирээдүйд нэлээн хумигдмал байх төлөвтэйд уул уурхайн хөрөнгө оруулагчид, удирдах түвшнийхэн анхаарал хандуулж буй.
Rio-ийн хувьд Glencore-ийг нэгтгэснээр зэсийн үйлдвэрлэлээ даацтай нэмэгдүүлж, мөн дэлхийн хамгийн их нөөцтэй уурхайнуудын нэг болох Чилийн Коллахуасид хувь эзэмших боломжтой болно.

Rio Tinto-ийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт ажлаа авснаас хойш зардал бууруулах, бизнесийн бүтцээ оновчлоход төвлөрч, зарим жижиг нэгжээ худалдахаа зарлаад буй. Мөн компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон хэлэхдээ Rio өмнө хийсэн тааруу үр дүнтэй хэлцлүүдээ ардаа орхиж, цаашид томоохон хэлцэл, худалдан авалт хийхэд илүү нээлттэй хандах дохио өгч байлаа.
“Энэ бол Саймоны Гүйцэтгэх захирлын хувьд өгөх анхны шалгалт нь болно. Хянуур, сахилга баттай арга барилаар энэ хэлцлийг гүйцэтгэнэ гэж таамаглаж байна” хэмээн Rio-ийн хувьцаа эзэмшигч Wilson Asset Management-ийн менежер Жон Аюуб хэлжээ. Их Британийн зах зээлийн журмын дагуу Rio Tinto хэлцлийн саналаа II сарын 5-наас өмнө баталгаажуулах ёстой. Эс тэгвээс дараагийн зургаан сарын хугацаанд дахин санал тавих эрхгүй болох юм.
Анхаарлын төвд
ХАА-н нуруун дээр. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна. Хэдий өнгөрсөн онд ургац хураалт тааруу байсан ч хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6 хувиар өсжээ. Уул уурхай олборлолтын салбарын хувьд 8.6 хувийн нөлөө үзүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурсан дүн юм. Харин хамгийн тааруу үзүүлэлттэй нь үйлчилгээний салбар байж, 2024 оны эхний 11 сард 10.6 хувиар өсөж байсан нэмэгдэл өртөг нь 2025 онд 1.9 хувь болж, эрс буурчээ.
Экспорт дээд цэгтээ. 2025 оны 12 дугаар сард Монгол Улсын экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ сарын дүнгээр хамгийн өндөр өсөлттэй гарлаа. Өнгөрсөн сард нийт экспортын үнийн дүн 1.96 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Түүнчлэн гадаад худалдааны ашиг 857.5 сая ам.доллар хүрсэн нь 2016 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр ашигтай сар болжээ.

Brent Lewin/Bloomberg
2025 оны нийт экспортын 74 хувийг нүүрс болон зэсийн экспорт дангаар бүрдүүлсэн байна. Түүхэн дээд ханшаа тогтоогоод буй зэсийн экспорт 2021 оноос хойш анх удаа нүүрсний экспортын орлогыг давж, 5.8 тэрбум ам.доллар хүрчээ.Харин чулуун нүүрсний экспорт 2025 оны эцэст 83.9 сая тонн хүрч, өмнөх оноос 5.6 хувиар өссөн ч жилийн нийт орлогын хэмжээ эрс буурч, 5.77 тэрбум ам.доллар болжээ.
ХБҮЦ пуужиндана. 2026 оны эхний саруудад 68 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарахаар хүлээгдэж байна. Өнгөрсөн онд зээл олголт хэт халж байсантай холбоотойгоор зохицуулагч байгууллагуудаас хязгаарлах талд анхаарч эхэлсэн юм. Ингэснээр банк бус санхүүгийн байгууллагууд бонд гаргалтаас ХБҮЦ руу шилжих болж, улмаар 2025 онд дотоодын биржүүдэд нийт 171 тэрбум төгрөгийн ХБҮЦ гарсан нь хамгийн өндөр дүн болжээ.
Харин 2026 оныг өрийн хэрэгслийн зах зээл бүр эрчтэй эхлүүлэх нь. Өнгөрсөн оны эхний хагас жилд 55 тэрбум төгрөгийн ХБҮЦ гарч байсан бол энэ оны эхний улиралд дээрх дүнг давах төлөвтэй байна.
Аймгийн анхны бонд. Даланзадгад хотод 50мВт-ын дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилготой 500 тэрбум төгрөгийн бонд дотоодын зах зээлд арилжаалах эрхийг Өмнөговь аймгийн засаг даргад олгосныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Тус бондыг 2026–2028 онд хэсэгчлэн арилжаалж, 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна 2026 онд нийслэл 275 тэрбум төгрөг хүртэлх, Засгийн газар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас гаргах юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Дуусдаггүй дефляцын дарамт
Хүнсний бүтээгдэхүүний өртөг өссөнөөр БНХАУ-д инфляц сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрч, эрчимжлээ. Гэсэн ч тус улсад дефляцын дарамт хадгалагдсаар байна.

12 дугаар сард БНХАУ-д хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өссөн байна. Харин 11 дүгээр сард 0.7 хувьтай гарч байсан юм. Хэдийгээр хэрэглээний үнийн индекс 2025 оны эхэн үеийн хасах түвшнээс сэргэсэн ч зорилтот 2 хувиас доогуур хэвээр 2025 оныг үдэв.
Мөн үйлдвэрлэгчийн үнэ эдийн засагчдын таамаглалаас үл ялиг бага дүнгээр буюу 1.9 хувиар буурлаа. Ингэснээр 39 дэх сардаа дараалан сөрөг утгатай байна.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас гадна иргэдийн хэрэглээ буурснаас дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс цар тахлын төгсгөлөөс хойш дефляцтай тэмцэж байгаа юм.
Эдийн засаг дахь бүхий л үнийг хамгийн өргөн хүрээнд хэмждэг үзүүлэлт болох БНХАУ-ын ДНБ-ий дефлятор 2025 онд гурав дахь жилдээ дараалан буурсан гэж шинжээчид тооцоолсон байна. Энэ нь тус улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1970-аад оноос хойших хамгийн урт хугацааны уналт болж буй.
Зам зуур

SeongJoon Cho/Bloomberg
Дотооддоо аялж буй монголчуудын дийлэнх нь нэг удаагийн аялалдаа 1.5-2 сая төгрөг зарцуулж байгааг “Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зан төлөвийн судалгаа 2025”-д онцолжээ.
Судалгаанд хамрагдсан нийт 572 аялагчийн 27.6 хувь нь 6-8 хоног, 25.2 хувь нь 3-5 хоног аялдаг гэж хариулжээ. Харин зарцуулалтын хувьд 18.8 хувь нь нэг удаагийн аялалд 1.5-2 сая төгрөг зарцуулдаг гэсэн хариулт өгсөн бол 17.7 хувь нь 2.5-3 сая төгрөг, 9.1 хувь нь 4-с дээш сая төгрөг зарцуулдаг гэж хариулсан байна.
Судалгаанд хамрагдагсад дотоодод аялахад тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй зүйл бол хог хаягдал болон дэд бүтэц, замын нөхцөл байдал гэж тодорхойлжээ. Үүний араас байр сууц үнэтэй байгааг онцолсон байна. Түүнчлэн хамгийн ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол боловсон бие засах газрын хүртээмж, үйлчилгээний байгууллагуудын стандарт гэж үзжээ.
Эцэст нь товчхон
АМГТГ: Хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2025 онд нийт 430 мянган га бүхий 192 талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулж, 113 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр улсын төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөөр 25 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсныг 5 дахин давуулан биелүүлснээ мэдээллээ.
ҮСХ: Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өнгөрсөн 2025 оны 12 дугаар сард 113.1 болж, жилийн дүнгээр 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин өмнөх сараасаа 2.6 хувь буурчээ.
ОБЕГ: 2025 онд ой хээрийн түймрийн улмаас 370 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 368.8 тэрбум төгрөг нь экологийн хохирол байсан бол гал түймэр унтраах зардалд нийт 365.5 сая төгрөг зарцуулж, өмнөх жилээс огцом нэмэгджээ. Нийт 273 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
Онцлох зураг
Металлын бөөний худалдааны захын зэс труба, туйван зардаг мухлагт - Мумбай, Энэтхэг

Dhiraj Singh/Bloomberg