2025/01/08

Өглөөний мэнд. XII сарын инфляц 7.5 хувьтай гарч, сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа Төв банкны зорилтот түвшинд орж ирлээ. БНХАУ-ын газрын тосны томоохон компаниуад Венесуэлийн асуудалд Бээжингээс чиглэл хүлээж байна. 2026 оны I улиралд ₮60 тэрбумын ЗГДҮЦ арилжаалагдах товтой байна.

Салбараараа самгардав

Вашингтоноос Венесуэлийн газрын тосны салбарыг орвонгоор нь эргүүлснээр БНХАУ-ын газрын тосны том компаниуд дараагийн алхмаа тодорхойлохоор яаравчилж эхэлжээ.

АНУ Николас Мадурог баривчилсны дараа China National Petroleum Corp. тэргүүтэй төрийн өмчит аварга компаниуд дэлхийд хамгийн томд тооцогдох газрын тосны ордууд дахь эзэмшил, хөрөнгө оруулалтаа хэрхэн хамгаалах асуудлаар Бээжингээс заавар чиглэл хүссэнийг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Мөн компаниуд нөхцөл байдлыг үнэлгээг газар дээр нь хийж, БНХАУ-ын тэргүүлэх албан тушаалтнууд үр дагавар хэрхэн эргэж болох хувилбаруудад тохирсон төлөвлөгөө гаргаж эхэлснийг нэмж дурджээ.

Хамгийн муу хувилбараар бол БНХАУ-ын Венесуэлд олон арван жилийн турш хийсэн хөрөнгө оруулалт арчигдах эрсдэлтэй юм. Хятадын компаниуд ялангуяа “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Латин Америкт томоохон ашиг сонирхол бүрдүүлээд буй.

Венесуэлд 2007 оноос буюу Ерөнхийлөгч асан Уго Чавесийн засаглалын үеэр Хятад улс анх газрын тос, дэд бүтцийн төслүүдэд нь санхүүжилтээ нэмэгдүүлж эхэлжээ. Яваандаа АНУ-ын хориг чангарснаар БНХАУ Венесуэлийн газрын тосны гол худалдан авагч, гол зээлдүүлэгч нь болсон байна. Нээлттэй мэдээллээс үзвэл 2015 оны оны байдлаар Бээжин төрийн өмчит банкнуудаар дамжуулан газрын тосоор баталгаажсан 60 тэрбум гаруй ам.долларын зээл олгосон тооцоолол байна.

Хэдий сүүлийн жилүүдэд Венесуэлийн олборлолт буурч, Хятадын түүхий газрын тосны импортын ердөө 4 хувийг эзэлдэг болсон ч төлөх ёстой өр нь олон тэрбумаар хэмжигдэж буй.

Үүнтэй зэрэгцэн Венесуэлийн газрын тосны салбарыг шууд хяналтдаа авах Вашингтоны шийдвэр эрчим хүчний бүтээгдэхүүний зах зээлийг доргиож, арилжаалагчид болон АНУ-ын газрын тос боловсруулагч компаниуд тус улс руу хошуурах эхлэлийг тавиад байна. Дональд Трампын засаг захиргаа Венесуэлд тавьсан хоригоо үе шаттай сулруулж, 50 сая баррель газрын тосыг эргэлтэд оруулахаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл АНУ-ын Засгийн газар олон улсын газрын тосны арилжаанд шууд оролцох болсноор Канадад газрын тосны үнэ буурч, АНУ-ын боловсруулагч компаниудын хувьцаа өсөхөд түлхэц боллоо. Мөн хоригоос болж удаан хугацаанд идэвхгүй байсан том тоглогчид Венесуэл дэх сонирхлоо сэргээж эхэлж байна.

Анхаарлын төвд

Дорвитой саарав. Хэрэглээний үнийн индексийн өсөлт 2025 оны 12 дугаар сард 7.5 хувьтай гарч, сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа Төв банкны зорилтот түвшинд орж ирлээ. Тайлант сард түлшнээс бусад импортын барааны нөлөөлөл нэлээн буурчээ. Оны турш ерөнхий инфляцын 2-оос дээш хувийг бүрдүүлж байсан бол сүүлийн тайланд 1.7 хувь болж буурсан байна. Харин сүүлийн саруудад инфляцын гол хөдөлгүүр болж буй хүнсний бүлгийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, 11.1 хувьтай тэнцсэн ч өндөр түвшинд хадгалагдсаар байна.

Бортээгийг хөдөлгөнө. Тавантолгойн бүлэг ордын “Бортээг” хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсад нээлттэй санал авах хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэснийг Засгийн газар мэдээллээ. Мөн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан байна. Тус ордын нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусах юм байна.

92-ыг орхино. Гол нийлүүлэгч үйлдвэрийн бүтээгдэхүүнээс шалтгаалан Монгол Улс хүссэн хүсээгүй “Евро-5” стандартын шатахууны хэрэглээ рүү бүрэн шилжих нөхцөл байдал үүсэхээр байгааг АҮЭБЯ мэдээллээ. Учир нь Монгол Улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг ОХУ-ын Ангарскийн үйлдвэр 2027, 2028 оноос энгийн АИ-92 автобензин үйлдвэрлэхээ зогсоохоор төлөвлөж буй аж. Үнийн хувьд энгийн АИ-92-оос 450-500 төгрөгийн зөрүүтэй байгаа ч үнийн зөрүүг онцгой албан татвараар зохицуулах боломжтой гэж үзсэн байна.

Хүлээгдэж буй ЗГДҮЦ. 2026 оны эхний улиралд 60 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод бонд гарч, ирэх гурван сарын хугацаанд сар тутам 20 тэрбум төгрөгийн бондууд арилжаалагдах товтой байна. Лхагва гарагт хагас жил ба хоёр жилийн хугацаатай, I сарын эхний хоёр бонд арилжаалагджээ. Аль алинд нь ирсэн саналын хэмжээ бараг 2 дахин давж, хүү нь 9.12 хувь болон 10.13 хувь дээр тус тус тогтжээ. 2026 оны эхэнд гарсан бондуудын хүү ерөнхийдөө буурч буй нь эрэлт өмнөхөөсөө харьцангуй өндөр байсантай холбоотой аж.

Айсуй хомсдол. Хиймэл оюуны эрэлт, батлан хамгаалахын салбарын зарцуулалт нэмэгдсэнээр дэлхий дахинд зэсийн хомсдол улам гүнзгийрэхээр байгааг S&P Global шинэ судалгаандаа онцолжээ. Эрэлт эрс нэмэгдэж буй энэ үед уурхайн нийлүүлэлт хязгаарлагдаж, улмаар зэсийн хомсдол нь эдийн засгийн өсөлт, технологийн дэвшилтэд саад болох эрсдэлтэйг анхааруулж байна. Мөн зэсийн эрэлт 2040 он гэхэд одоогийн түвшнээс 50 хувиар өсөж, 42 сая тонн хүрнэ гэж тооцоолжээ.

Блумберг санал болгож байна

Sponsored

Apex AI туслахтай боллоо!

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд мэргэжлийн зөвлөгөө, зах зээлийн дүн шинжилгээнд тулгуурласан шийдвэр гаргах үйл явцыг хурдан, найдвартай, өргөн хүрээнд хүртээмжтэй болгоход хиймэл оюун онцгой үүрэг гүйцэтгэх болж, дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагууд ч үйлчилгээндээ хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг эрчимтэй нэвтрүүлж буй.

Апекс Капитал ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлд AI чатбот үйлчилгээгээ нэвтрүүлж, харилцагчдадаа 24/7 мэдээлэл, зөвлөгөө өгөх шинэ шийдлийг санал болгож эхэллээ.

📍 Apex AI туслахын үндсэн боломжууд:

  • Анхан шатны мэдлэг олгох: Хөрөнгийн зах зээлийн ойлголт, бүтээгдэхүүний төрөл, эрсдэл өгөөжийн хамаарлыг ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлана.

  • Данс нээх заавар: Үнэт цаасны данс нээх үйл явцыг шат дараатай, алхамчилсан байдлаар танилцуулна.

  • Цаг, байршлаас хамаарахгүй хэрэглээ: 24/7 ажиллах тул хүссэн үедээ, хүссэн газраас ашиглах боломжтой.

  • Бондын бүтээгдэхүүний мэдээлэл: Бондын төрлүүд, өгөөж, хөрөнгө оруулах алхмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

  • Түргэн шуурхай хариу: Хөрөнгө оруулалттай холбоотой нийтлэг асуултад мэргэжлийн түвшинд, шуурхай хариулт өгнө.

24/7 хөрөнгө оруулалтын зөвлөгөөг хэзээ, хаанаас ч аваарай.

Гүн рүү: Алдагдал хадгалагдана

2025 оны XI сард Монгол Улсын төлбөрийн тэнцэл 78.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Харин 2025 оны эхний 11 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 65.7 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

  • Өнгөрсөн сард экспортын орлого өндөр түвшинд хадгалагдаж, импортын хэмжээ буурснаар барааны орлого дээр голчлон тулгуурладаг урсгал данс оны хамгийн өндөр ашигтай гарчээ.

  • Харин үйлчилгээний алдагдал ялимгүй эрчимжиж, 265.9 сая ам.доллар хүрсэн байна. Үүнд тээврийн зардал өсөж, нөгөө талдаа аялал жуулчлал өвлийн саруудад эрс багасдагаас үүдэн орлогын хэмжээ агшиж, тэнцлийн дүн буурахад зохих хэмжээгээр нөлөөлжээ.

  • Экспортын орлого сэргэсэнтэй зэрэгцээд санхүүгийн дансны тэнцэл сүүлийн гурван сар дараалан эерэг дүнтэй гарч, XI сард дээд түвшинд хүрсэн байна.

  • XII сарын суурь төсөөллөөр 2026 онд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах төлөвтэй ч төгрөгийн ханш тогтвортой, эдийн засаг дүр зураг эерэг байхаар байгааг Монголбанкнаас мэдээлсэн юм.

Зам зуур

Шведийн IKEA компани БНХАУ дахь долоон том худалдааны төвөө хааж, жижиг хэмжээтэй дэлгүүрүүддээ төвлөрч ажиллахаар төлөвлөсөн байна. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн хямрал сунжирч, шинэ орон сууцны худалдан авалт буурснаар сүүлийн жилүүдэд IKEA-ийн тавилгын эрэлт суларчээ. Мөн дотоодын цахим худалдааны хямд үнэтэй брэндүүдийн өрсөлдөөн IKEA-ийн зах зээлд эзлэх хувийг бууруулсан юм.

Хоёрдугаар сарын 2-ноос эхлэн тус компани Шанхай, Гуанжоу, Тяньжин зэрэг хотууд дахь худалдааны төвүүдийнхээ үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдэлдээ дурдсан байна. Харин ирэх хоёр жилд Бээжин, Шэньжэнь хотуудад 10 гаруй жижиг дэлгүүр шинээр нээхээр төлөвлжээ.

Хэдий худалдааны төвүүдээ хаасан ч IKEA тус улсад 34 биет дэлгүүр, хоёр цахим дэлгүүр болон бусад дижитал сувгуудаар үйл ажиллагаагаа үргэлжүүлж, нэг тэрбум гаруй хэрэглэгчид хүрч ажиллахаа онцолсон байна.

Эцэст нь товчхон

ҮСХ: Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний 11 сард 6.4 хувиар өслөө. Өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6 хувь, үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

НӨХГ: 2024 оноос хойш үнэ төлбөргүй, хууль бусаар ашиглаж байсан нийслэлийн өмчийн 15 барилгыг буцаан авсан байна. Нийслэлийн өмчийн барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулснаар нийслэлийн төсөвт 2024 онд долоон тэрбум төгрөг, 2025 онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Хөдөө аж ахуйн биржээр 2025 онд 158 удаагийн арилжаагаар нийт 996 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа, түүхий эд арилжаалж, 2025 оны бизнес төлөвлөгөөг 17 хувиар давуулан биелүүлжээ. Гэхдээ 2024 онд 1 их наяд төгрөг давсан арилжаа хийж байсантай харьцуулахад 3 орчим хувиар буурсан дүн болж байна.

Онцлох зураг

Их Британи, Канад, Латви, Италийн цэргийн хүчнийхэн оролцсон NATO-ийн хамтарсан сургуулилалтын үеэр - Латви улс

Damian Lemanski/Bloomberg