2025/01/07

Өглөөний мэнд. Урсгал дансны алдагдал буурснаар Монгол Улсын ГВАН анх удаагаа $7 тэрбумын босго давжээ. Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нийт хөрөнгө 2025 онд рекорд дүнгээр буюу $2.2 их наядаар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр 1072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэйг Эрдэнэс Тавантолгой ХК анхааруулав.

ГВАН-ийн үсрэлтийн цаана

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2025 оны эцсийн гүйцэтгэлээр долоон тэрбум ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрснийг Монголбанк мэдээлсэн. Энэ нь 11 дүгээр сарын эцсийн гүйцэтгэлтэй харьцуулахад 19 хувиар буюу ойролцоогоор нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Үйлчилгээний дансны алдагдал буурч, барааны импортын өсөлт саарсан нь урсгал дансны алдагдал буурахад эерэг нөлөө үзүүлснээр валютын нөөц өсөхөд түлхэц болсныг Монголбанк онцолж байна.

Хэдийгээр нүүрсний хилийн үнэ буурсан ч зэсийн ханш өссөнөөр 2025 онд барааны экспортын орлого харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан юм. Тухайлбал 2025 оны эхний 11 сарын хугацаанд Монгол Улс нүүрсний экспортоос 2024 оноос 39 хувиар бага буюу 3.2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн бол зэсийн баяжмалын экспортын орлого 73 хувиар өссөнийг ГЕГ мэдээлж байв.

Зэсийн үнэ 2025 оны сүүлээр хурдацтай өсөж, Лондоны металлын биржид дээд цэгээ хэд хэдэн удаа шинэчилсэн юм. 11 дүгээр сарын дунд үеэс хойш зэсийн үнэ 20 гаруй хувиар өсөж, сүүлд энэ долоо хоногт тонн нь түүхэнд анх удаа 13 мянган ам.доллар давжээ. Мөн валютын нөөцийн гол бүрдүүлэгчдийн нэг үнэт металлын худалдан авалт нь IV улиралд идэвхжиж, зөвхөн 12 дугаар сард 2.77 тонныг худалдан авчээ. 2025 онд алтны үнэ 65 орчим хувиар өссөн нь Төв банкны алтны мөнгөжүүлэлтийн орлого огцом нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Үүнээс гадна 2025 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан нь дотоодын банк санхүүгийн байгууллагууд хямд өртгөөр санхүүжилт татахад дэм болжээ.

2026 онд АНУ-д бодлогын хүү буурах, алт ба зэсийн ханш үргэлжлэн өсөх зэрэг төлөвөөс үзвэл 2026 онд төлбөрийн тэнцэлд үзүүлэх гадаад секторын дарамт харьцангуй тогтвортой байх, гадаад валютын нөөцийн хэмжээ улирлын онцлогоос хамааран хэлбэлзэх ч эдийн засгийн суурь нөхцөл эерэг байх хүлээлттэйгээ Монголбанк онцолсон байна.

Анхаарлын төвд

Саалийн үнээ. Эрдэнэс Тавантолгой ХК 2026 онд 700 тэрбумаас 1 их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Компани 2025 онд 27.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тиймээс 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу тодотголоо.

Одоор үнэлнэ. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад “од”-ны зэрэглэл тогтоох шинэчилсэн журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ингэснээр зөвхөн дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазаас гадна аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад зэрэглэл тогтоохоор болж байна. Зэрэглэл тогтоолгосноор Төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэхийг онцолжээ.

Бэрх тохиролцоо. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх Засгийн газар болон Rio Tinto группийн хэлэлцээр үргэлжилж байгаа ч хэлэлцээрийг эцэслэхэд цаг хугацаа шаардагдахыг Сангийн сайд хэллээ. Талууд 2026 оны I сарын 31-ний дотор шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрээгүй бол хэлэлцээ хийх хугацааг талууд харилцан сунгахаар тохиролцоно гэдгийг хэлэлцээний протоколд тусгажээ. Эхний байдлаар Rio Tinto-оос танилцуулсан зээлийн хүүг бууруулах санал Монголын талын хүлээлтэд хараахан хүрээгүйг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлж байсан юм. Засгийн газраас одоо байгаа LIBOR+6.5 хувийн хүүг зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулахаар зорьж буй.

Муу зээлд баригдав. Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас хөдөө аж ахуйн дэмжлэг авсан зээлдэгчдийн 78.7 хувь нь буюу 6300 гаруй зээлдэгч 6-аас дээш жил зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгааг Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоосон байна. Тухайлбал 6-9 жилээр хугацаа хэтэрсэн зээлийн дүн 38.6 тэрбум төгрөг байгаа бол 10-аас дээш жилээр хэтэрсэн нь 46.2 тэрбум төгрөг байгаа аж. 3-аас дээш жилээр хугацаа хэтэрсэн зээлдэгч нийт зээлдэгчдийн дийлэнх хувийг эзэлж буй нь зээлийн авлагууд барагдахгүй байх эрсдэл үүсэж болзошгүйг аудитын дүгнэлтэд тодотгожээ.

Төмрийн хүдрийн үнэ Сингапурын биржид 108 ам.доллар давснаар өнгөрсөн II сараас хойших дээд түвшинд хүрлээ. БНХАУ-ын Төв банк эдийн засгийг дэмжихийн тулд бодлогын хүүг бууруулах зэрэг олон арга хэрэгслийг уян хатан, үр ашигтайгаар ашиглахаа мэдэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ. Мөн БНХАУ-ын Сар шинийн баярын амралтаас өмнө түүхий эд нөөцлөх урсгал эрчимжсэн нь үнэд түлхэц болсныг CRU-ийн шинжээчид онцолж байна.

Блумберг санал болгож байна

Технологи бол 1 их наяд ам.долларын тоглоом. Зөв цагтаа зөв хөрөнгө оруулалт хийж чадвал асар том ашиг хүртэнэ. Өнөөдөр хүн бүр ирээдүйд мөрий тавьж байгаа энэ үед хэрэв та жинхэнэ ирээдүйг хармаар байвал “Оргил үе” шинэ нэвтрүүлэгтэй хамт байгаарай!

Гүн рүү: Багцын арилжаа хүчээ авав

Өнгөрсөн оны байдлаар Монголын Хөрөнгийн биржийн хувьцааны арилжаа үнийн дүнгээр тооцоход бараг тэн хагас нь багцын арилжаагаар хийгджээ.

  • 2025 онд нийт 286.4 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсаны 49.2 хувь нь багцаар арилжаалагджээ. Багцын арилжаа нь хувьцааны ханшийн хэт хэлбэлзэл үүсгэхгүй гүйцэтгэх зорилгоор энгийн захиалгын сангаас тусдаа хийгддэг.

  • Өнгөрсөн онд Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа хамгийн их багцаар арилжаалагдаж, 43.3 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь тус компанийн хувьцааны нийт арилжааны 86.6 хувийг дангаар бүрдүүлжээ.

  • Үүнээс гадна Голомт банк болон Инновейшн Инвестмент ХК-ийн хувьцаанууд хамгийн их багцаар арилжаалагдсаныг Монголын Хөрөнгийн биржийн оны тайлангаас харж болохоор байна.

  • Өнгөрсөн гурван жилийн хугацаанд багцын арилжааны хэмжээ нийт арилжааны 40-50 орчим хувийг бүрдүүлсээр ирсэн. Зах зээлд томоохон компаниуд нээлттэй болсноос хойш энэ үзүүлэлт нэмэгдсээр байгаа юм.

Зам зуур

Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ 2025 онд 2.2 их наяд ам.доллароор нэмэгдсэн нь дээд үзүүлэлт болсныг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Хувьцаа, крипто, үнэт металл гээд бүхий л зах зээл өнгөрсөн онд дорвитой өссөнөөр тэдний хөрөнгийн үнэлгээ дагаад дээшилжээ.

2024 оны сүүлээр Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь тэрбумтнуудын хөрөнгө арвижихад хүчтэй дэмжлэг болж байсан бол 2025 оны IV сард АНУ-ын тарифын мэдэгдэл зах зээлийг доргиосноор түр хугацаанд буурах чиглэлд орж байлаа. 2025 оны эцсийн байдлаар хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө нийлээд 11.9 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.

Хиймэл оюуны халуурал АНУ-ын мега үнэлгээтэй хувьцаануудын өсөлтийг үргэлжлүүлэн өдөөснөөр 2025 онд технологийн том компаниудын удирдагчид хөрөнгийн өсөлтөөр манлайлсан байна. Тухайлбал Bloomberg-ийн индекст бүртгэгдсэн хөрөнгийн өсөлтийн нийт дүнгийн 25 орчим хувийг Oracle-ийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон, Tesla-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, Alphabet-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйж тэргүүтэй наймхан хүн бүрдүүлжээ.

Эцэст нь товчхон

Монложистикс Холдинг ХК 2025 оны VIII сарын 30-ны өдрийн байдлаар компанийн засаглалын кодексийн хэрэгжилт нь 95.8 хувьтай үнэлэгдсэнийг мэдээллээ. Нийт 9 шалгуур үзүүлэлтээс ТУЗ-ийн бүтэц зохион байгуулалт болон ТУЗ-ийн дэргэдэх хороод, тэдгээрийн чиг үүргийн хэрэгжилтэд 80-91.6 хувийн үнэлгээ авсныг онцолжээ

Гоби Майнинг энд Транспорт Групп (GMT) компани Өмнөговь аймагт хэрэгжиж буй төмөр замын төслөө санхүүжүүлэхээр Хойд Европын зах зээлд Монголоос анх удаа 300 сая ам.долларын дүнтэй “Nordic” бонд гаргахаар болжээ. Таван жилийн хугацаатай, жилийн 14.5 хувийн тогтмол хүүтэй байх тус бондын санхүүжилтийг I сарын эхний долоо хоногоос санхүүжилтийг татан авч эхлэхээр төлөвлөсөн байна.

Онцлох зураг

Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан “CES 2026” үзэсгэлэнгийн “Nvidia Live” арга хэмжээний үеэр тайзан дээр жижиг роботын хамт - Лас Вегас, АНУ

Bridget Bennett/Bloomberg