- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/06
2025/01/06
Өглөөний мэнд. Монгол Улсад зочилсон жуулчдын тоо 2025 онд өмнөх оноосоо 45 мянгаар нэмэгдэж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн. Зэсийн үнийн цойлсон өсөлт он дамнан үргэлжилж, тонн нь анх удаагаа $13 мянга давлаа. Зах зээлд хүлээлт үүсгээд буй Nvidia-ийн хиймэл оюуны “Rubin” чип энэ онд гарна.

Нэг сая руу дөхсөөр
Монгол Улс 2025 онд 854 мянга гаруй жуулчин хүлээн авснаар өмнөх оны үзүүлэлтээс 45 мянгаар буюу 5.6 хувиар ахиулж чадсаныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлж байна. Жуулчлалын оргил үе болох VI, VII, VIII саруудад тус тус 100 мянга давсан тооны жуулчин ирсэн бол XII сард 46,307 жуулчин ирсэн үзүүлэлттэй.

Өнгөрсөн оны ихэнх сард жуулчдын тоо өмнөх оны мөн үеэсээ илүү байсан нь зах зээлийн сэргэлт, олон улсын сурталчилгаа, эвент арга хэмжээ, нислэгийн хүртээмж нэмэгдсэнтэй холбоотой АЖМХ онцолж байв. Мөн НҮБ-ын тайланд Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээрээ энэ онд дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсан юм.
Оны эхний есөн сарын байдлаар хүлээн авсан жуулчдын тоо 2024 оныхоос 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болсон аж. Мөн цар тахлын өмнөх түвшнээс жуулчдын тоо 44 хувиар өссөнийг тайланд дурджээ.
Өнгөрсөн онд зочилсон жуулчдын тэн хагасыг БНХАУ, ОХУ-ын жуулчид бүрдүүлсэн бол БНСУ-аас 177 мянга гаруй жуулчин ирж, 2024 оныхоос 16 мянга гаруйгаар буурчээ. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд 90 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2026 он дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа. Мөн Европын орнууд зонхилсон 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг энэ он дуустал сунгасан юм.
Квадриллионы орлоготой Вьетнам
БНХАУ-ын аялагчдын урсгал нэмэгдэж, жуулчдыг татах визийн зөөлөн бодлого хэрэгжүүлсний нөлөөгөөр Вьетнам улсын 2025 онд хүлээн авсан гадаад жуулчдын тоо түүхэн дээд үзүүлэлтээ мөн шинэчилсэн байна. Зүүн Өмнөд Азийн тус улс өнгөрсөн онд 21.2 сая орчим гадаад жуулчин хүлээн авсан нь өмнөх жилээсээ 20 хувиар өссөн үзүүлэлт болсныг Вьетнамын Үндэсний статистикийн алба мэдээлжээ.

Nhac Nguyen/AFP/Getty Images/Bloomberg
Вьетнамын энэхүү амжилт нь олон тэрбум ам.доллароор хэмжигддэг Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалд өргөн хүрээний шилжилт явагдаж буйн илрэл болж байна. Вьетнамд зочлох жуулчдын дийлэнхийг бүрдүүлдэг БНХАУ-ын жуулчдын тоо өнгөрсөн онд 41.3 хувиар өсөж, 5.3 сая хүрсэн байна. Ингэснээр Хятадаас 4.5 сая жуулчин хүлээн авсан Тайланд улсын үзүүлэлтийг давжээ.
Тус улсын аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд нэг квадриллион донг буюу 38 тэрбум ам.долларын орлого олсон аж. Харин энэ онд Вьетнам улс 25 сая жуулчин хүлээн авч, орлогоо 1.1 квадриллион донг хүргэхийг зорьж ажиллахыг Аялал жуулчлалын яам нь мэдээлжээ.
Анхаарлын төвд
ХБҮЦ өнгөлсөн жил. 2025 онд Монголын Хөрөнгийн бирж болон Улаанбаатар үнэт цаасны биржид явагдсан хувьцааны нийт арилжаа 2024 оны үзүүлэлттэй харьцуулахад 11.2 хувиар буурч, 287.2 тэрбум төгрөгтэй тэнцжээ. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээлд төдийлөн идэвхтэй байсангүй. Харин тогтмол орлоготой хэрэгслийн эрэлт хөрөнгө оруулагчдын дунд эрс нэмэгдэж, тэр дундаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 2.4 дахин өсөн 148.7 тэрбум төгрөг хүрчээ.
Монголын виз. Аялал жуулчлалын цахим виз олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг Гадаадын иргэн харьяатын газар онцоллоо. Монгол Улс 2025 онд 124 мянга гаруй гадаадын иргэнд виз олгосон бөгөөд нийт хүсэлтийн 96.9 хувийг зөвшөөрч, 3.1 хувиас нь татгалзжээ. Үүнээс гадна 12 аймгийн 17 байршилд аялал жуулчлалын бүс байгуулж, энэ хүрээнд 6 хувийн хүүтэй 267 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төсөвт тусгаад буй.
Эрчээ алдаагүй. 2025 онд улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлснээ Эрдэнэс Тавантолгой ХК мэдээллээ. Ингэснээр улсын төсвийн нийт орлогын 6 хувийг дангаар бүрдүүлжээ. Мөн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 27.5 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллах төлөвтэй. АҮЭБЯ-ны мэдээлснээр 2025 онд Монгол Улс нийт 94.6 сая тонн нүүрс экспортолсноос 30 гаруй хувийг нь 30 гаруй хувийг нь ЭТТ бүрдүүлсэн байна. Өнгөрсөн сард тус компани 4 сая тонн нүүрс экспортолсон нь сарын экспортын түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
Блумберг санал болгож байна
2026 онд бизнес, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тань туслах гол мэдээллүүдийг багцалсан Bloomberg TV Mongolia-ийн тусгай хөтөлбөрийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Зэс $13 мянга хүрлээ
Хэдхэн хоногийн өмнө 12 мянган ам.доллар хүрч байсан зэсийн үнэ үргэлжлэн өссөөр мягмар гарагт Лондоны металлын биржид тонн нь түүхэнд анх удаагаа 13 мянган ам.долларын босго давлаа.

Лондоны металлын биржид даваа гарагт 4 хувь өссөний дараа өчигдөрх дахин 1.5 хүртэлх хувиар өссөнөөр тонн нь 13,187 ам.доллар хүрсэн байна.
Ингэснээр 11 дүгээр сарын дунд үеэс хойш зэсийн үнэ 20 гаруй хувиар өсөөд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортод тариф тогтоох болгоомжлол оршсоор байгаа тул арилжаалагчид АНУ-д зэс нийлүүлэхээр яарч, үнэд нь дэмжлэг болж буй.
Мөн АНУ дахь зэсийн үнэ Лондоны бирж дэх үнээс байнга дээгүүр байхад энэ нь нөлөөлж байна.
“АНУ-д нөөц бүрдүүлэлт түүхэн дээд хэмжээгээр өсөж буй нь олон улс дахь зэсийн үнийн хөдөлгүүр хэвээр байна” хэмээн BMO Capital Markets-ийн таваарын шинжээч Хелен Амос онцолжээ.
Зам зуур

Зах зээлд өндөр хүлээлт үүсгээд буй Nvidia-ийн хиймэл оюуны “Rubin” чип энэ ондоо багтан худалдаанд гарахад ойртож байгааг мэдээллээ. Хамгийн сүүлийн үеийн энэхүү дэвшилтэт чипийг хэрэглэж эхэлснээр хиймэл оюуны хөгжлийг хурдасгах том дэмжлэг болох юм.
Nvidia-ийн зүгээс “Rubin”-ийн зургаан шинэ чип бүгд үйлдвэрлэлээс гарсан бөгөөд зарим чухал туршилтуудыг аль хэдийн давсан гэж мэдээлсэн байна. Компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Лас Вегаст болсон CES үзэсгэлэнгийн үеэр хийсэн танилцуулгадаа "Хиймэл оюуны өрсөлдөөн бүрэн утгаараа эхэллээ. Бүгд л үүнийг дараагийн түвшинд хүргэхийг хичээж байна" гэж онцолжээ.
“Rubin” нь Nvidia-ийн хамгийн сүүлийн үеийн хурдасгуур чип бөгөөд сурах чадварын хувьд өмнөх “Blackwell” чипээс 3.5 дахин, хиймэл оюуны программ хангамжийг ажиллуулах чадвараар 5 дахин илүү гэж тус компани мэдэгджээ. Шинэ чип нь өгөгдөл боловсруулах 88 гол элементтэй бөгөөд өмнөх бүрэлдэхүүн хэсгээсээ хоёр дахин илүү гүйцэтгэлтэй аж.
Эцэст нь товчхон
Сүү ХК засаглалын кодексын хэрэгжилт нь 100 хувиар үнэлэгдсэнийг тайлагналаа. ТУЗ-ийн бүтэц зохион байгуулалт, тайлагнал, мэдээллийн ил тод байдал, аудит хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлага, оролцогч талуудын оролцоог хангах зэрэг үзүүлэлтүүд тус бүрд бүрэн оноо авсан байна.
НГЗБА: Энэ онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрыг нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсээс мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 2200 нэгж талбар буюу 160 га газар чөлөөлснийг НЗДТГ-аас мэдээлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт шинээр газар олголт хийгдээгүй бөгөөд энэ онд ч мөн газар олгохгүй, зөвхөн газар чөлөөлөхийг онцолж буй.
Онцлох зураг
Парист ховорхон тохиох их цаснаар дугуйтай зорчиж буй эр - Сталинград хороолол, Парис

Benjamin Girette/Bloomberg