- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/01/05
2025/01/05
Өглөөний мэнд. Д.Трамп Н.Мадурог унагасан нь АНУ-ын тогтоож буй дэлхийн шинэ дэг журмын илрэл болов. TMK Energy-ийн "Гурвантэс XXXV" төслийн гарц 5 сар дараалан дээд түвшнээ шинэчиллээ. Монгол Улсын ГВАН түүхэнд анх удаагаа 7 тэрбум ам.доллар хүрэв.

Трампын шинэ дэг журам
АНУ Венесуэлд халдаж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан нь Америкийн нөхөр, дайсан бүгдэд ижил анхааруулга өглөө. Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гэсэн дэлхийн шинэ дэг журмыг тогтоож байна.
Шөнө дунд Каракасын ойролцоох өндөр харуул хамгаалалттай цэргийн баазаас Николас Мадурог “хулгайлж” Нью-Йоркийн шоронд хүргэсэн энэхүү ер бусын ажиллагаагаар АНУ ашиг сонирхол, аюулгүй байдалд нь заналхийлсэн гэж үзсэн ямар ч удирдагчийг устгахын тулд яахаас ч буцахгүй гэдгийг тодоор харууллаа.
“Ирээдүйг юу тодорхойлох вэ гэхээр үндэсний аюулгүй байдлын цөм болсон нөөц, газар нутаг, худалдааг хамгаалах чадавх. Эдгээр нь дэлхийд эрх мэдлийг ямагт тодорхойлж ирсэн ган төмөр мэт хатуу хуулиуд юм. Бид ч үүнийг хэвээр хадгална” хэмээн Дональд Трамп хэвлэлд Мадурог баривчлагдсаныг зарлахдаа онцолсон юм.

Taylor Weidman/Bloomberg
Хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлээд Сомали, Нигери, Сири, Ирак, Иран, мөн далайн олон улсын эзэмшлийн бүсэд цохилт өгөөд буй Дональд Трампын хувьд Венесуэл дэх ажиллагаа нь АНУ-ын ашиг сонирхлыг бүхний дээр тавих илүү түрэмгий гадаад бодлогынх нь хамгийн тод жишээ болж байна.
Санал болгох:
Николас Мадуро Нью-Йоркт шүүх хурлаа хүлээж байх зуур Дональд Трамп дараагийн бай нь хаана байж болох талаар таамаглалуудыг улам өрдөхөөс цааргалсангүй. Николас Мадуро баривчлагдсанаар хамгийн чухал ивээн тэтгэгчээ гэнэтхэн алдсан Куба улс ч тэдгээрт багтжээ. “Бид ард иргэдэд нь тусалмаар байна” хэмээн Дональд Трамп бямба гарагт мэдэгдээд, Колумби улсын Ерөнхийлөгч Густаво Петрог мөн “араа мэдэж явах хэрэгтэй” хэмээсэн юм.
NATO-ийн холбоотон Данийн эзэмшлийн нутаг болох Гринланд арал ч үүн дээр нэмэгдэж буй. “Үндэсний аюулгүй байдлын нөхцөлөөс харвал Гринланд бидэнд хэрэгтэй. Дани ингэж чадахгүй” хэмээн Трамп ням гарагт онгоцондоо суухын өмнө хэлжээ.
Венесуэл дэх ажиллагааг холбоотнуудтайгаа зөвлөлдөлгүй, тус улсад цаашид юу болохыг нарийн төлөвлөлгүйгээр гүйцэтгэсэн нь Дональд Трамп ямар ч үед түрүүлж хөдөлнө, бусдыг нь дараа хийнэ гэдэг ойлголтыг бэхжүүллээ.
Анхаарлын төвд
ГВАН-ийн үсрэлт. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд цэгтээ хүрснийг Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа 19 хувиар буюу ойролцоогоор 1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Оны сүүлийн улиралд гол түүхий эдүүдийн экспорт нэмэгдсэн нь энэ огцом өсөлтөд нөлөөлсөн байж болзошгүй. Ялангуяа зэс болон алтны үнэ түүхэн дээд цэгээ шинэчлэхтэй зэрэгцээд худалдан авалтын үнийн дүн өссөн байж болохоор байна.
Хийн урсгал оны төгсгөлд. Монголын метан хийн салбрт төсөл хэрэгжүүлж байгаа, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy болон Jade Gas Holdings компани 2025 оны 12 дугаар сарын үйл ажиллагааны явцаа танилцууллаа. TMK Energy компанийн хувьд 100 хувь эзэмшдэг "Гурвантэс XXXV" төслөөсөө өдөрт 526 метр куб хий олборлосон нь өмнөх сараасаа 13 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр хийн гарц нь сүүлийн таван сар дараалан дээд түвшнээ шинэчилж, 2025 оны наймдугаар сартай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байна.

Харин "Улаан нуур" төслийг хэрэгжүүлж буй Jade Gas-ийн хувьд хийн олборлолт нь түр хугацаанд, бага зэрэг удааширсныг мэдээлсэн байна. Тодруулбал тус компани "HZ-01" цооногтоо засварын ажил гүйцэтгэж, энэ хугацаандаа хийн урсгалыг 700 куб метрт хязгаарласан байна. Харин засварын ажил амжилттай дууссаны дараа Jade Gas хийн урсгалыг аажмаар нэмэгдүүлж, сарын эцэст 1542 куб метр болгосныг тодотгожээ..
Зүтгэх жил. Монгол дахь газрын тос боловсруулах үйлдвэрийг товлосон хугацаандаа буюу 2028 онд ашиглалтад оруулахын тулд 2026 онд зээлийн санхүүжилтээс 500 сая ам.доллар зарцуулах шаардлага байгааг тус үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг мэдээллээ. Гэсэн ч тухайн жилийн төсвийн зардлын хязгаараас шалтгаалан шаардлагатай санхүүжилтээ авч чадахгүй байх нөхцөл байдал үүссэн аж. БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байгаа тус төслийн бүтээн байгуулалтын явц 50 хувьд хүрсэн байна.
СЭХ-ний тэлэлт. Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 18.3 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж буйг Эрчим хүчний яам мэдээллээ. Үүнийг 2030 он гэхэд 30 хувь болгон нэмэгдүүлэх зорилт тавьж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх багц төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн санхүүжилтийн нийт дүн нь 66.22 сая ам.доллар байгаагаас 40 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банкны зээлээр, 14.6 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар, 5.62 сая ам.долларыг төсвийн санхүүжилтээс бүрдүүлэх аж. Багц төслийн хүрээнд Говь-Алтай, Завхан аймагт дөрвөн станц ашиглалтад ороод байна.
Блумберг санал болгож байна
2026 онд бизнес, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тань туслах гол мэдээллүүдийг багцалсан Bloomberg TV Mongolia-ийн тусгай хөтөлбөрийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Tesla титмээ алдав
Tesla компани 2025 оны IV улиралд цахилгаан автомашины нийлүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсныг тайлагнаснаар салбартаа борлуулалтаараа тэргүүлэгчийн байр сууриа БНХАУ-ын BYD-д алдаж байна.

2025 оны бүтэн жилийн дүнгээр Tesla-ийн борлуулалт нь 1.6 сая нэгж болж, есөн хувиар буурчээ. Энэ нь хоёр дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт боллоо.
Харин BYD-ийн IV улирал болон бүтэн жилийн борлуулалт аль аль нь өссөн байна. Тус компани 2025 онд нийт 2.2 сая нэгж автомашин нийлүүлжээ.
Tesla шинэчлэгдсэн, илүү хямд “Model Y” “Model 3”-ийг гаргаснаар борлуулалт нь 25-30 хувиар өснө гэж Илон Маск тооцоолж байлаа. Эдгээр загварууд хэдий танилцуулагдсан ч АНУ-д төрөөс цахилгаан автомашинд олгох татаас цуцлагдсан, мөн олон улсад Илон Маскийн улс төрийн үйл ажиллагаа нэмэгдсэн нь эрэлтэд сөргөөр нөлөөлжээ.
BYD-ийн хувьд ч гэсэн зам нь дардан байсангүй. Хятадад мөн адил төрийн дэмжлэг багасаж, өрсөлдөөн асар ширүүсэж байна.
Гэхдээ BYD-ийн олон улс дахь тэлэлт сайн байгаа. Хятадаас бусад улс дахь нийлүүлэлт нь 1.05 саяд хүрснээр бүх төрлийн автомашины нийлүүлэлт нь 4.6 сая болсон байна.
Зам зуур

Есүс Христ 2025 онд дэлхийд эргэн ирсэнгүй. Дийлэнх хүмүүсийн хувьд энэ нь тийм ч гайхмаар мэдээ биш боловч зарим бооцоо тавигчдын хувьд харуусмаар мэдээ болжээ.
Цахим бооцооны Polymarket платформд хачирхалтай зүйл тааварласан мөрийнүүд цөөнгүй ч “2025 онд Есүс Христ эргэн ирэх үү?” гэсэн мөрий тун онцгой байв. Жилийн турш үүнд 3.3 сая орчим ам.долларын бооцоо хуримтлагджээ. Мэдээж энэ дүнгийн дийлэнх нь “үгүй” гэсэн хариулт дээр тавигдсан байсан ч он дуусахаас өмнө Есүс эргэн ирэх магадлалыг 3 хувьд хадгалахад хангалттай тооны итгэгчид бас байжээ.
Хоёр дахь ирэлтийн таамаглал оргилдоо хүрч байсан дөрөвдүгээр сард “үгүй” гэж мөрий тавьсан хэрэглэгчдийн хувьд энэхүү хөрөнгө оруулалт нь шимтгэлийн өмнөх дүнгээр жилийн 5.5 хувийн өгөөж хүртээсэн байна. Энэ нь санхүүгийн захын жишиг АНУ-ын Засгийн газрын богино хугацаатай бондын өгөөжөөс өндөр хувь болохыг дурдах нь зүйтэй.
Эцэст нь товчхон
АҮЭБЯ: Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, хяналт тавих зөвлөлөөс АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүдэд өглөө. Мөн ОХУ-аас тогтмол үнээр импортолж буй АИ-92 автобензиний хангамжийг тасалдуулахгүй байх чиглэл өгчээ.
Худалдаа Хөгжлийн Банк АНУ-ын Bank of New York Mellon банкнаас олгодог нэр хүндтэй “Straight-Through Processing” (STP) шагналыг хүртжээ. Олон улсын төлбөр тооцоог өндөр чанартай, нарийвчлалтай, үр бүтээмжтэйгээр явуулж буйг нь үнэлж энэхүү шагналыг олгосныг онцолсон байна.
Онцлох зураг
Венесуэль улсын Ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдсан мэдээлэл гарсны дараа болсон цуглааны үеэр Венесуэлийн далбааг өргөж буй эмэгтэй - Кэйти, Техас

Mark Felix/Bloomberg