- Business newsletter
- Posts
- 2024/09/19
2024/09/19
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Asian Battery Metals компани зэс, никелийн “Ямбат” төслийнхөө өрөмдлөгийн явцад сульфидын томоохон эрдэсжилт илрүүлжээ.
ЕХ: Монгол Улс ноолуурынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд мал аж ахуйгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах шаардлагатай.
Эрчтэй эхлэл
Холбооны нөөцийн банк сүүлийн 20-иод жилийн хамгийн өндөр түвшинд барьж байсан бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр бууруулах шийдвэр гаргалаа.
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулж, 4.75-5.00 хувийн түвшинд хүргэснээр улсынхаа эдийн засгийг уналтаас аварч, хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэх зорилготой бодлогын өөрчлөлтөө нэлээн шийдэмгий эхлүүлж байна. “Мөнгөний бодлогыг зохих түвшинд дахин тохируулснаар хөдөлмөрийн зах зээлийн хүчин чадлын өсөлтийг хадгалж, инфляц зорилтот 2 хувь руу тогтвортой буурна гэсэн итгэл нэмэгдэж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргалаа” хэмээн Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдэв. Мөн тэрбээр энэ удаагийн шийдвэр нь дараа дараагийн бууруулах шийдвэрүүд гарах нөхцөлийг тавилаа гэж хүлээлт үүсгэж болохгүйг анхааруулсан.
Шийдвэр гармагц S&P 500 индекс бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрээд эргэн буурч тогтворжсон бол АНУ-ын ЗГ-ын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж ялимгүй буурав. Фьючерс зах зээлийн хөдөлгөөнөөс харвал он дуустал бодлогын хүү дахин 75 суурь нэгжээр буурах хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд давамгайлж байна.
Ази дахь гол нөлөө
Холбооны нөөцийн банкны энэхүү шийдвэр иений ханшийн өсөлтийг өдөөж, улмаар хөгжиж буй зах зээлүүдэд “carry” арилжаа* хийдэг хөрөнгө оруулагчдыг сандаргавал VIII сард дэлхийн хөрөнгийн захыг хамарсан их савлагааг санагдуулам нөхцөл байдал үүсэх магадлалтай. Иений ханшийн сүүлийн үеийн хөдөлгөөн АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын хүлээлттэй нягт уялдаатай байлаа. Тухайлбал бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж эхэлсэн Даваа гарагт иений ам.доллартой харьцах ханш 140 рүү орж, энэ оны хамгийн чанга түвшиндээ хүрсэн юм.
Бодлогын хүүг бууруулах хувь өндөр байх тусам иений ханш тэр чинээгээр чангарч, Японы экспортлогч компаниудын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нь тус улсын хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй. АНУ-ын Төв банкны шийдвэр гарснаар одоо гол анхаарал Баасан гарагт гарах Японы Төв банкны шийдвэр рүү чиглэж байна. Хэдий дийлэнх эдийн засагчид тус банк энэ удаа бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ гэсэн хүлээлттэй байгаа ч ирэх XII сард хүүг дахин өсгөхтэй холбоотой аливаа дохиог хөрөнгө оруулагчид тэсэн ядаж хүлээж буй нь тодорхой.
*Иен мэтийн бага хүүтэй валютыг зээлээр авч, илүү өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулах стратегийг carry trade гэдэг. VIII сард Японы төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр carry арилжаалагчид олноороо энэ позицоос гарч, улмаар дэлхийн зах зээлд савлагаа үүсэх нөхцөлийг тавьсан юм.
Жижиг зах зээлүүд топ сонголт
Хөрөнгө оруулалтын сангууд бодлогын хүүгийн өөрчлөлтөд стратегиа тохируулах гол сонголтоороо жижиг зах зээлүүд, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудыг сонгоод байгаа. Энэ сард өсөлтөөрөө тэргүүлж буй Азийн топ таван индексийн дөрөв нь Тайланд тэргүүтэй тус бүс нутгийн индексүүд байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчид Тайланд, Индонез, Малайзын ЗГ-ын бондуудад позицоо ихээхэн дүнгээр нэмэгдүүлжээ. Хөрөнгийн энэхүү орох урсгалын нөлөөгөөр Зүүн Өмнөд Азийн валютууд энэ улиралд өсөлтөөрөө хөгжиж буй орнуудын зах зээлд тэргүүлсэн байна.
Монгол дахь нөлөө ба долларын ханш
Холбооны нөөцийн банкны мөнгөний чанга бодлого хөгжиж буй орнуудад капиталын гарах урсгалаар дарамт болж ирдэг. Ялангуяа Монгол мэтийн уул уурхайн экспортоос өндөр хамааралтай орнуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтворгүй байх нөхцөл бүрдүүлдэг нөлөөтэй. Харин АНУ-д бодлогын хүү буурснаар Монголбанк Холбооны нөөцийн банкнаас илүүтэй дотоодынхоо эдийн засгийн нөхцөлд анхаарч, бодлогын хүүгээ эмээхгүйгээр бууруулах боломжтой болохыг Bloomberg Intelligence-ийн Ахлах стратегич Стефен Чу бидэнтэй ярилцахдаа онцолж байлаа.
Түүнчлэн бодлогын хүү буурснаар ам.долларын ханш сулрах төсөөлөл анхаарал татна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн тавдугаар сараас хойш 3380 орчимд харьцангуй тогтвортой байгаа. Point72 Asset Management-ийн стратегич Софиа Дроссосын шинжилснээр Холбооны нөөцийн банк хүүгээ бууруулах циклээ эхлүүлж, бусад улсуудад эерэг хүлээлт нэмэгдсэнээр ам.долларын ханш доошоо чиглэх тренд рүү орж эхэлж байгаа аж. Өнгөрсөн VIII сар ам.долларын хувьд энэ он гарснаас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй сар байсныг харвал тус тренд аль хэдийн эхэлсэн гэж болохоор байна.
Жэйми Даймон юу гэв?
Банкны салбарын “титан” Жэйми Даймон Холбооны нөөцийн банкны шийдвэрт төдийлөн сүжиглэхгүй байгаагаа илэрхийлсэн. Ямар ч шийдвэр гарлаа гээд “дэлхийг донсолгохгүй” боловч Холбооны нөөцийн банк ямартаа ч хүүгээ бууруулах шаардлагатайг JPMorgan банкны Гүйцэтгэх захирал тэрбээр мягмар гарагт Жоржтауны Их сургуульд үг хэлэхдээ онцолжээ.
Хүмүүс зурагтаар байнга л бодлогын хүү яриад байгаа болохоор надад ч хамаатай болоод байна. Уг нь бол бараг хамаагүй зүйл. Төв банк бодлогын хүүгээ 25 юм уу 50 суурь нэгжээр буурууллаа гэж бодоход дэлхийг донсолгохгүй шүү дээ. Асар их нөлөөтэй гэж хэлэхгүй. Бууруулах шаардлага байгаа л байх. Жером Пауэлл ажлаа сайн хийж байгаа. Гэхдээ энэ бол жижиг хүрээний л асуудал. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн ч бай, бууруулсан ч бай цаана нь эдийн засаг яригдаж байгаа. Эдийн засаг хааш эргэхийг тэд сайн мэдэхгүй.
ABM-ийн хайгуулын амжилт
Монгол Улсад чухал ашигт малтмалын хайгуул хийж буй Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс, никелийн “Oval” буюу “Ямбат” төслийнхөө анхан шатны өрөмдлөгийн ажлыг амжилттай дуусгаж, сульфидийн асар том эрдэсжилт илрүүлснээ мэдээллээ. Тодруулбал 2,896 метрийн талбайд 19 цооног өрөмдөж, 8.8-107.2 метрийн сульфидийн интервал огтолсон байна. Судалгааны үр дүнд цуглуулсан дата мэдээллийг компани энэ оны IV улирлаас эхлэх товтой өрөмдлөг, хайгуулын хөтөлбөрийн дараагийн шатны ажилдаа ашиглах аж.
“Монгол ноолуураас татгалзах вий”
Монгол Улс ноолуурынхаа үнэ цэнийг дэлхийн зах зээлд нэмэгдүүлэхийн тулд мал аж ахуйгаас ялгарах хүлэмжийн хийн асуудалд анхаарах шаардлагатайг Европын Холбооноос хийсэн “Ноолуурын өртгийн сүлжээний судалгаа”-нд онцолжээ. Үүний тулд цөөн ямаанаас чанартай ноолуур авах, малчид болон бэлчээр зохистой ашиглалт руу чиглэсэн зөв бодлого хэрэгжүүлэх, ХАА-н салбарын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ус ашиглалтын менежментийг сайжруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.
“Нэг кг ноолуураар хувцас үйлдвэрлэхэд 900 кг нүүрстөрөгч ялгаруулж байгааг судалгаанд дурдсан. Монгол Улс ноолуурын чанараас гадна мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад бодлогоо чиглүүлэхгүй бол ирээдүйд дэлхийн брэндүүд монгол ноолуураас татгалзах нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэж Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа онцолж байв.
Хоёр аваргын AI хамтрал
Blackrock, Microsoft компаниуд хамтран дата төвүүд болон хиймэл оюуны технологийн бусад дэд бүтцэд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. “Global AI Infrastructure Investment Partnership” хэмээн нэрлэсэн энэхүү хамтын ажиллагаагаар 30 тэрбум ам.долларыг хаалттай хувьцаа гарган татан төвлөрүүлж, тэрхүү хөрөнгөө 100 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалтын хөшүүрэг болгохоор зорьж байгаагаа хоёр компанийн төлөөлөл мэдээлжээ.
Компаниудын дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэр дундаа эрчим хүчний төслүүд нь голчлон АНУ-д төвлөрөх бол тодорхой хэсэг нь АНУ-ын түнш орнуудад байрших юм. Харин Nvidia хиймэл оюуны дата төвүүд болон үйлдвэрүүдэд мэргэжлийн туршлагаа хуваалцах замаар уг түншлэлд дэмжлэг үзүүлэх юм байна.
Аравдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Mining Week & MinePro 2024" Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад Bloomberg TV Mongolia эксклюзив медиа хамтрагчаар нэгдлээ. Чуулга уулзалтын үйл ажиллагааг бид шууд дамжуулж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй байр суурийг хүргэх болно.
Bloombergtv.mn танд санал болгож байна
BCC Research: Ногоон уул уурхайн зах зээл 2029 он гэхэд 16.9 тэрбумд хүрэх төлөвтэй
Мөнгөний нийлүүлэлт өндөр өсөлттэй байгаа нь эдийн засагт халалт үүсэх дохио болж байна
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮4.06 сая байна
Онцлох чарт
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжиж буй орнуудад жилд 500 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг НҮБ-аас гаргасан шинэ судалгаа харуулж байна. Тухайлбал хөгжиж буй 98 орны 2015 оноос хойш зорилтоо болгосон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төлөвлөгөө хэрэгжихэд шаардагдах зардал 2030 он гэхэд 6.9 их наяд ам.доллар хүрэхээр байгаа аж.
Мөн хөгжингүй орнууд 2020 он гэхэд жилд 100 тэрбум ам.долларыг хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах зорилтоо цагт нь биелүүлж чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Харин хөгжиж буй орнуудын хувьд санхүүжилтийн зорилтоо тодорхойлохоос гадна хувийн хэвшлийн хөрөнгийг дайчлах хэрэгтэйг дурджээ.
Эцэст нь товчхон
НОСК: Сүүлийн дөрвөн сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд 1400 айлын газрыг бүрэн чөлөөлж, 220 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Өнгөрсөн V сард газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх эрх зүйн орчныг сайжруулснаар анх удаа богино хугацаанд олон айлын газрыг чөлөөлсөн болохыг НОСК онцолжээ.
МХБ: ХасБанк ХК-ийн ТУЗ-өөс нийт гаргасан хувьцааныхаа тодорхой хэсгийг халааслахаар шийдвэрлэсэн байна. Тус банк нийт 2.3 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 760 төгрөг хүртэл үнээр тооцон 1.748 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнгээр хувьцаа худалдан авч халааслахаа мэдэгджээ.
Өнөөдрийн онцлох зураг
Сөүлийн Кёндон захын загасны мухлагт загас худалдан авч буй эр
SeongJoon Cho/Bloomberg