- Business newsletter
- Posts
- 2024/09/18
2024/09/18
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Мөнгөний нийлүүлэлт эрчимтэй өсөж буй нь эдийн засагт халалт үүсэх дохио болохыг энэ дугаарт онцоллоо.
Монголын шуудангийн салбарын нийт орлого харилцаа холбооны салбарын орлогын ердөө 2 хувийг бүрдүүлжээ.
Арабика сортын кофены үрийн үнэ 13 жилийн дээд цэгтээ хүрч, аяга кофены үнэ дахин өсөх нөхцөл бүрджээ.
Мөнгөний нийлүүлэлт ба айсуй халалт
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт гүйцэхгүй бол үр дагаварт нь инфляц өсдөг. Сүүлийн статистикаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 30 хувьд дөхсөн байгаа нь Монгол Улсын эдийн засагт халалт бий болох нөхцөл бүрдсэний дохио юу?
Шинж тэмдгүүд
Төгрөгийн болон валютын харилцах, төгрөг болон валютын хадгаламж, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө зэрэг эдийн засагт тодорхой үед эргэлдэж буй хөрөнгийн нийлбэрийг мөнгөний нийлүүлэлт (М2) гэдэг. Тэгвэл дотоодод VIII дугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9 их наяд төгрөгөөр буюу 27.3 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ.
Энэ нь эдийн засгийн идэвхжил сайжирч, зээл олголт нэмэгдэж, олгосон зээл банкны салбарт хадгаламж болон орж ирж буйн илрэл. Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж 5.8 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэдий тийм боловч эдийн засаг харьцангуй тогтвортой үед мөнгөний нийлүүлэлт ийнхүү огцом өсөж байгаа нь “эдийн засгийн халалт” буюу эдийн засаг өсөхтэй зэрэгцэн инфляц өсөх, иргэдийн зарцуулалт ихсэх, ажилгүйдлийн түвшин буурах нөхцөл байдал руу хөтөлж буйн дохио болохыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс онцолж байлаа.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт бараг 30 хувьд хүрсэн нь өндрийн инфляцтай үед ажиглагддаг тоо. 2024 он дуустал эдийн засгийн халалтын шинж тэмдгүүд ажиглагдаж, 2025 онд бүрэн хэмжээгээр илэрнэ гэсэн хүлээлт байна. Сангийн яам мөн үүнийг хүлээн зөвшөөрсөн. Төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг ч, инфляцын өсөлтийг ч өндрөөр төсөөлсөн байгаа.
Эдийн засаг хэт халснаар өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг хязгаарлаж, инфляц өсөхөд түлхэц болж, улмаар Төв банк бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авахаас өөр аргагүй болдог.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлт, төсвийн зарцуулалтын нэмэгдлийн нөлөөг харгалзан Монголбанк сүүлд Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5.5 хувь болгож ахиулсны зэрэгцээ ирэх оны эдийн засгийн өсөлт 7-8 хувь орчимд байна гэж үзсэн. Мөн хэдий бодлогын хүүгээ дахин бууруулж 10 хувь болгосон ч төсвийн зарцуулалт, импортын өндөр өсөлттэй байгаа тул мөнгөний бодлогыг хурдтай зөөлрүүлэх нь зөв шийдэл биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Долларжилт буурчээ
VIII сарын дүнгээр төгрөгийн хадгаламж 20.2 их наяд төгрөг, валютын хадгаламж 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Валютын хадгаламж өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар тус тус буурсан бөгөөд өөрөөр хэлбэл 2023 оны эхээр валютын хадгаламжийн үлдэгдэл бараг 40 хувиар өсөж байсантай харьцуулахад долларжилт харьцангуй багасжээ.
Төгрөгийн ханш тогтвортой байгаа нь төгрөгийн бодит өгөөжийг нэмэгдүүлж, төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн болохыг Монголын банкны холбооноос тайлбарлаж байна. Мөн инфляц аажмаар буурч байгаа нь төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдэх шалтгаан болсон гэж үзжээ.
Улаан буудайн арилжаа
Сэлэнгэ аймгийн Хөтөлд улаан буудайн биржийн туршилтын арилжаа зохион байгуулж, II зэрэглэлийн 1100 тонн улаан буудай арилжсаныг Хөдөө аж ахуйн бирж мэдээллээ. Улаан буудайг биржээр арилжсанаар чанартай үр тариа улаан буудайг зах зээлийн үнээр арилжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолсон байна. Биржээс зарласан үнийн хувьд энэ оны намрын ургацын хүнсний улаан буудай зэрэглэлээсээ шалтгаалж тонн нь 900 мянгаас 1.15 сая төгрөгийн хооронд байгаа аж.
Монгол Улс улаан буудайн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах зорилт тавиад байгаа ч улаан буудайн импорт оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өссөнийг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна. Засгийн газраас гурилын үнийн өсөлтийг хазаарлахын гурил, тэжээлийн импортыг гаалийн албан татвараас чөлөөлсөн нь импорт ийнхүү огцом өсөхөд нөлөөлжээ.
Орхигдсон салбар
2023 оны эцсийн дүнгээр Монголын шуудангийн салбарын нийт орлого 48.8 тэрбум төгрөг байсан нь харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын орлогын ердөө 2 хувийг бүрдүүлжээ. Монгол Улсад шуудангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуй нэгж байдаг ч бараг 50 хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болохыг салбарын яамнаас мэдээлж байна. Компаниудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь хөрөнгө оруулалтын зардал тул үндсэн дэд бүтцээ хуваалцах замаар зардлаа хэмнэх боломжтой гэж салбарын төлөөллүүд үзэж байна.
iPhone 16 урам хугалав уу?
iPhone 16 Pro гар утасны эрэлт тааруу байх төлөвтэйг зах зээлийн шинжээч анхааруулсны дараа Apple-ийн хувьцааны ханш даваа гарагт 3 гаруй хувиар буурлаа. Тус компани шинэ загваруудынхаа урьдчилсан захиалгыг өнгөрсөн баасан гарагт авч эхэлсэн бөгөөд одоогоор захиалгын тоо нь 37 сая ширхэгт хүрээд байгаа аж. Энэ нь iPhone 15-тай харьцуулахад 13 гаруй доогуур үзүүлэлт болохыг TF International Securities-ийн шинжээч онцолжээ.
iPhone 16-ийн борлуулалтын гол хөшүүрэг болох байсан Apple Intelligence хиймэл оюуны функц анхнаасаа бүрэн нэвтрээгүй байсан нь эрэлт таамгаас доогуур байхад нөлөөлж буйг тэрбээр мөн дурджээ.
Аяга кофе улам үнэтэй болох нь
Нийлүүлэлтийн хомсдол арилахгүй байгаа нь дээд зэрэглэлийн арабика сортын кофены үрийн үнэ 13 жилийн дээд цэгтээ хүрэхэд нөлөөлж, улмаар аяга кофены үнэ дахин өсөх нөхцөл бүрджээ. Тус сортын кофены фьючерс үнэ Нью-Йоркийн биржид 4.8 хувиар өсөж, нэг фут нь 2.718 ам.доллар хүрсэн нь 2011 оноос хойш харагдаагүй өндөр үнэ болж байна.
Хямд үнэтэй робуста сортын үрийн нийлүүлэлтэд хомсдол үүссэн нь кофе шопын сүлжээнүүдэд голчлон ашиглагддаг арабика үрийн эрэлтийг улам өдөөж, улмаар 2024 он гарсаар үнэ нь 40 орчим хувиар өсөөд байгаа аж.
Кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч Бразилд цаг агаарын хатуу ширүүн нөхцөл байдлаас үүдэлтэй болгоомжлол нь кофены үнийн өсөлтийг эрчимжүүлэх өөр нэгэн хүчин зүйл болж байна. Тус улс 2024-2025 оны ургац хураалтын ажлаа дуусгасан бөгөөд хэт халалт, хуурайшилтын улмаас энэ онд авах ургацын төсөөллөө багасгажээ.
Одоогоор гол анхаарал ирэх улирлын ургацын төлөв рүү шилжиж байгаа аж. Бразил улсад сүүлийн олон арван жилд тохиогоогүй ган гачиг нүүрлэсэн нь тариалалтад учирч буй хохирлыг сунжруулах эрсдэл дагуулж байна.
Аравдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Mining Week & MinePro 2024" Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад Bloomberg TV Mongolia эксклюзив медиа хамтрагчаар нэгдлээ. Чуулга уулзалтын үйл ажиллагааг бид шууд дамжуулж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй байр суурийг хүргэх болно.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Зимбабве улс зааныг заазалж, хүнсэнд хэрэглэхээр төлөвлөж байна
Энэтхэгт энэ онд 1 тэрбум ам.доллароос дээш дүнтэй гурван IPO хийгдэх хүлээлттэй байна
Онцлох чарт
Олон Улсын Валютын сангаас зээл авсан улс орнуудын зээлийн хүүгийн төлбөр харилцан адилгүй, шударга бус байна гэж шүүмжлэл байнга гарсаар ирсэн. Тэгвэл ОУВС аравдугаар сарын 21-нд Вашингтонд болох Дэлхийн Банкны жил тутмын уулзалтаас өмнө зээлийн хүүгийн төлбөрийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаагаа мэдээллээ.
Мөн ОУВС-ийн хамгийн том хөрөнгө оруулагч АНУ зээлийн төлбөрийг хөнгөвчлөх асуудалд нээлттэй хандаж буйгаа илэрхийлсэн байна.
Эцэст нь товчхон
ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний найман 21.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.2 их наяд төгрөг буюу 11.4 хувиар өссөн байна. Өсөлтөд уул уурхайн олборлолт 14.8 хувь, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 7.6 хувиар өссөн нь дэм болжээ.
Ургац хураалтын явцыг харвал есдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 21.4 мянган тонн хүнсний ногоо хураасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн төмс хураалт хоёр дахин өсөж, нийт 16.5 мянган тонн төмс хураан авчээ.
Өнөөдрийн онцлох зураг
Их Британийн рок хамтлаг Deep Purple “Rock in Rio” хөгжмийн фестиваль дээр - Бразил, Рио-де-Жанейро
Mauro Pimentel/AFP/Getty