2024/09/17

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол Улс оны эхний найман сард нийт 53.7 сая тонн нүүрс экспортолсон байна.

  2. Tencent-ийн Ма Хуатэн БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд тэргүүн байраа эргүүлэн авав.

  3. МХБ уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг брокергүйгээр зохион байгуулсаар байгааг ҮЦК-иуд шүүмжилж байна.

Брокергүй арилжаа

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд нүүрсний цахим арилжааг анх зохион байгуулж эхэлснээс хойш 2024 оны эхний хагас хүртэл нийт 638 удаагийн арилжаагаар аль хэдийн 31 сая тонн гаруй нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш арилжаалжээ.

Гэсэн хэдий ч тус хуулинд уул уурхайн биржийн нэг оролцогч нь зуучлагч буюу брокер байхыг тодорхой тусгаж, эрх үүргийг нь зааж өгсөн байдаг ч өнөөг хүртэл МХБ арилжааг брокергүйгээр дангаараа зохион байгуулж ирснийг үнэт цаасны компаниудын төлөөлөл шүүмжилж байна.

Одоогийн байдлаар 11 ҮЦК брокерын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд өнгөрсөн IV сарын 1-нээс УУБ-ийн арилжаа 100 хувь брокероор дамжин явах ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас X сарын 1 хүртэл хойшлогдсон байна. Гэвч тэр үед дахин хойшлогдох эсэх нь тодорхойгүй хэвээр, хэрэв эхэлнэ гэвэл хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд ҮЦК-иудад маш их ачаалал ирэхээр байгааг Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Дэд захирал Г.Энхбат хэлж байв.

Брокерууд бол хөрөнгө оруулагчид, харилцагчидтай л харьцдаг байгууллага. Харин бирж бол арилжаа зохион байгуулах үүрэгтэй болохоос эцсийн хөрөнгө оруулагчтай харьцдаг байгууллага биш. Тусгай зөвшөөрлөө авсан 11 ҮЦК одоо гараад 500 байтугай худалдан авагчийг олоод ирж чадна.

Сүүлийн мэдээллээр УУБ-д бүтээгдэхүүнээ арилжаалдаг дотоодын 11 худалдагч компани, БНХАУ-ын талын 500 гаруй худалдан авагч бүртгэлтэй байгаа аж. Биржийн арилжаанд брокерын компаниуд оролцсоноор өрсөлдөөн бий болж, үнэ өсөх, худалдан авагчдын тоо нэмэгдэх, үнэ тогтоох үйл явцад хяналт сайжрах, мэдээлэл ил тод болох, МХБ дээр ирж буй ачаалал хөнгөрөх зэрэг олон давуу талтайг ҮЦК-иудын төлөөлөл онцолж байлаа. Мөн УУБ-ий биржийн арилжаанд хөндлөнгийн хянагч, зохицуулагчийн оролцоо шаардлагатайг хөндсөн юм.

Энэ онд дуудлага худалдаагаар арилжаалагдсан бүтээгдэхүүний хэмжээ, үнийн дүн хэдий өнгөрсөн оныхоос давахаар байгаа ч коксжих нүүрсний үнийн уналт, Хятадын эцсийн хэрэглэгчдийн сул эрэлтээс шалтгаалж дуудлага худалдаа амжилтгүй болох нь сүүлийн саруудад нэмэгдсэн. Тухайлбал Energy Resources компани VIII сарын дунд үеэс хойш найман удаагийн арилжаа дараалан III ангиллын угаасан коксжих нүүрсээ зарж чадаагүйг SxCoal мэдээлж байв.

Зорилтдоо хүрэхэд 20 сая тн

Монгол Улс оны эхний найман сард нийт 53.7 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд дотоодын нийт экспортын 51.7 хувийг нүүрс дангаараа бүрдүүлснийг ҮСХ мэдээлжээ. Харин үнийн хувьд экспортын нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамдаа 24.9 ам.доллароор буурсан байгаа юм.

ЗГ энэ онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилттой байсан ч төсөөллөө ахиулж 75 сая тонн болгоод байгаа. Мөн ирэх онд 83.6 сая тонныг экспортлохоор төлөвлөсөн нь 2023 оны түүхэн дээд хэмжээг даруй 17 сая тонноор нэмэгдүүлсэн дүн болохоор байна. БНХАУ-ын хэрэглээтэй харьцуулахад 83 сая тонн нүүрс гэдэг бол харьцангуй бага тоо боловч тус улсын эдийн засгийн байдал хэлбэлзэх нь Монголд томоохон өөрчлөлт авчрах эрсдэлтэй хэвээр байгааг эдийн засагчид хэлж байв.

Ашиг хумигдав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өссөн бол зарлага 17.3 их наяд болж, 35.4 хувиар өсжээ. Ийнхүү төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад ашиг 13.5 хувиар буурав. Хамтарсан ЗГ-ын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан мега төслүүдийг эхлүүлэхийн тулд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийг 3 их наяд гаруй төгрөгөөр тэлээд байгаа. Төсөв тэлсний нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт нэмэгдэж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжлэхээр байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцолсон.

Тэргүүн баячуудын өрсөлдөөн

Tencent компанийн хамтран үүсгэн байгуулагч Ма Хуатэн буюу Пони Ма БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд тэргүүн байраа эргүүлэн авч, тус улс дахь технологийн компаниудын ноёрхлыг бататгав. Хятадын эдийн засгийн сүүлийн дата мэдээллүүд төсөөллөөс сул гарсан нь Хонконгийн биржид бүртгэлтэй зарим компаниудын хувьцаа унахад нөлөөлж, улмаар 43.9 тэрбум ам.долларын нийт хөрөнгөтэй Ма Хуатэн савласан усны магнат Жон Шаньшанийг гүйцэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харвал Nongfu Spring-ийн босс Жон гуравдугаар байр руу ухарсан бол TikTok-ийг эзэмшдэг ByteDance-ийн Үүсгэн байгуулагч Жан Имин хоёрдугаарт орж иржээ. Гар утасны видео тоглоомын хамгийн том зах зээлд тооцогддог Хятад улсад тус зах зээлийн орлого сэргэснийг даган Tencent үзүүлэлтээрээ бусад том өрсөлдөгчдөө давж, Ма Хуатэний хөрөнгийн хэмжээ сүүлийн үед зузаарч буй. DnF Mobile, Black Myth: Wukong зэрэг блокбастер тоглоомуудын амжилт Хятадын ЗГ-ын зүгээс дэмжлэг үзүүлэх амлалттай хавсарснаар Tencent-ийн үзүүлэлт цар тахлын үеэс хойш харагдаагүй түвшинд хүрч өсөхөд дэм болжээ.

Гэхдээ Ма Хуатэний одоогийн хөрөнгийн хэмжээ 2021 оны нэгдүгээр сард хүрч байсан дээд цэгийнхээ ердөө 40 гаруй хувьтай тэнцэж байна. VII сараас хойш БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмийн байр суурь гурван удаа солигдоод буй. Хятадын хувьцаануудын зарах хөдөлгөөн дээд түвшиндээ хүрч, тус улсын тэргүүн баячуудын хөрөнгөөс олон тэрбум ам.доллар арчигдсан нь Азийн хамгийн томд тооцогдох БНХАУ-ын эдийн засгийн эрүүл байдалд хөрөнгө оруулагчдын эргэлзээ улам гүнзгийрсний дохио болсон.

Цахим худалдааны PDD Holdings-ийн үүсгэн байгуулагч Колин Хуан компанийнхаа орлогын базаахгүй төсөөллөөр хөрөнгө оруулагчдаа цочирдуулах хүртлээ ердөө 18 хоногийн турш Хятадын хамгийн чинээлэг эрхэм байсан нь үүний томоохон жишээ.

“Технологийн гайхамшгууд” эргэн ирлээ! Хоол хүнс хэрхэн үйлдвэрлэгддэг талаар шат дамжлага бүрийг нэг бүрчлэн танилцуулах шинэ цувралыг ирэх долоо хоногоос эхлэн Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Сингапурын Ерөнхий сайд Лауренс Вон үндэсний валют хүчтэй байх нь инфляцын эсрэг тэмцэлд хамгийн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэснээс хойш төд удалгүй сингапур долларын ханш 2014 оны наймдугаар сарын 26-аас хойших дээд цэгтээ хүрсэн юм.

Сингапур доллар америк долларын эсрэг ингэж чангарсан үе хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө л тохиож байв. Үр нөлөө нь импортлогч, экспортлогч, худалдан авагч, жуулчид гээд хэн бүхэнд мэдрэгдэж байна.

Ялангуяа энэ нь Сингапур иргэдийн хувьд завшаантай хэрэг болж байгааг тансаг аялал жуулчлалын агент Лаурен Рапс онцолж байлаа. Alchemist Travel-ийг хамтран үүсгэн байгуулсан тэрбээр үйлчлүүлэгчид нь тус хот-улсаас ойр ойрхон гарч явж, захиалгаа урьдчилан бүтнээр нь төлж байгааг хэлж байв. “Бали, Индонез, Бангкок зэрэг газруудад тэд доллароороо юу хүссэнээ авч, яг л хаан шиг амьдрах боломжтой болсон. Энд бол зоогийн газарт хооллох маш үнэтэй” хэмээж байлаа.

Эцэст нь товчхон

ҮСХ: VIII сарын байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 34.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 33.4 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 60 хувийг эзэлж буй иргэдийн зээл энэ хугацаанд 42.7 хувиар өссөн бол байгууллагын зээл 19.6 хувиар өсжээ.

СЗХ: Даатгалын салбарын анхны Байгаль орчин, нийгэм, засаглалын тайланг Ард даатгал ХК гаргажээ. СЗХ-ноос НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS)-ын нэг хэсэг болох БОНЗ-ын тайлангийн удирдамжийг боловсруулсны дагуу ийнхүү компаниуд БОНЗ-ын тайлангаа танилцуулж эхэлж байна.

Өнөөдрийн онцлох зураг

Лас Вегасын Sphere ордон холимог тулааны UFC 306 тэмцээний үеэр

Christian Petersen/Getty