- Business newsletter
- Posts
- 2024/09/16
2024/09/16
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Xanadu Mines компани 2024 оны эхний хагаст 3 сая австрали долларын цэвэр алдагдалтай ажиллажээ.
Монголбанк бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэлээ.
Түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун зун дэлхийн хойд хагаст болж өнгөрчээ.
Чанга бодлого үргэлжлэх дохио
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэлээ. Мөн төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжлэхээр байгааг онцлов.
Төсвийн эрсдэл
Ингэснээр Төв банк энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байна. Энэ удаагийн бууруулах шийдвэрээ санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор гаргаснаа Монголбанк тайлбарласан.
Мөн худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц зорилтот түвшинд тогтворжино гэж үзжээ. Гэхдээ өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт учруулах эрсдэлтэйг анхааруулав.
ҮСХ-ны мэдээлснээр VIII сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд 6.5 хувьтай гарч, өмнөх сараасаа 1 нэгж хувиар эрчимжээд буй.
Энэ оны төсвийн тодотголоор төсвийн зардал 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэнээс гадна ирэх онд мөн түүхэн өндөр дүнтэй төсөв батлахаар ЗГ төсвийн төсөлдөө тусгаад байгаа. Төсвийн өндөр зардлыг эдийн засагт сөрөг нөлөөгүй байлгахад тохируулж мөнгөний бодлогын өөрчлөлт хийхээс өөр аргагүй болж магадгүйг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны дарга Б.Баярдаваа өмнө нь онцолж байв.
Төсвийн зарцуулалтаас гадна импорт мөн өндөр өсөлттэй, сүүлийн байдлаар 28 хувиар өссөн байгаа тул мөнгөний бодлогыг хурдтай зөөлрүүлэх нь зөв шийдэл биш гэж үзэж байгаагаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэрээ танилцуулах үедээ дурдсан.
Түүнчлэн Төв банк нүүрсний экспортын биет хэмжээний нэмэгдэл, төсвийн зардлын тэлэлтийн нөлөөг харгалзаж Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5.5 хувь болгож ахиулснаа мэдэгдэв. Өнгөрсөн IV сард Монголбанк зуднаар малын хорогдол өндөр түвшинд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын агшилтад нөлөөлнө гэж тооцоолж, ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож байсан юм.
Xanadu-ийн алдагдал буурав
Xanadu Mines компани 2024 оны эхний зургаан сард 3 сая австрали долларын татварын дараах алдагдалтай ажилласнаа хагас жилийн тайландаа танилцуулжээ. Өнгөрсөн оны мөн үед компани 3.6 сая австрали долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад алдагдал нь 16 гаруй хувиар буурсан байна. Үйл ажиллагааны хувьд Xanadu оны эхний хагаст Монгол дахь хайгуулын гол төслүүддээ томоохон ахиц дэвшилтэй ажилласан юм.
Тодруулбал зэс-алтны “Хармагтай” төслийн нөөцийн шинэ тооцооллоор зэсийн боломжит нөөц нь 14 хувиар буюу 463 мянган тонноор нэмэгдсэн, "Улаан уул" төслийнх нь бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрсэн, зэс-никелийн "Сант толгой" төслийн хайгуулын хөтөлбөрөө эхлүүлсэн зэргийг онцолж болно.
Асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсныг Засгийн газар мэдээллээ. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төсөлд тулгамдаж буй асуудлуудыг ЗГ-т танилцуулахдаа эн тэргүүнд Энэтхэгийн ЗГ-аас авах хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг онцолсон байна.
Мөн тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөнджээ.
Санал болгох нийтлэл: Газрын тос боловсруулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулъя гэвэл бид хайгуулаа эрчимжүүлэх ёстой...
Хамгийн халуун зун
Дэлхийн хойд хагаст түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун зун болж өнгөрснийг Европын холбооны уур амьсгалын өөрчлөлтийн агентлаг мэдээллээ. Ингэснээр дэлхийн нэг жилийн агаарын дундаж температурын дээд үзүүлэлт дахин шинэчлэгдэж, 2024 он хамгийн халуун жил болж түүхэнд үлдэх магадлал нэмэгдэж байна.
Европын Холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны хэмжсэнээр VI сараас VIII сарын хооронд дэлхийн агаарын температур түүхэн дунджаас Цельсийн 0.69 хэмээр илүү байсан нь өнгөрсөн оны дээд үзүүлэлтээс давсан байна. Мөн дэлхийн нэг өдрийн дундаж температурын дээд үзүүлэлт энэ зуны хэд хэдэн өдөр эвдэгдсэнийг онцолжээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь хэт халалтын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, мөн ган гачиг, ой хээрийн түймэр, хүчтэй шуурга, үер зэрэг цаг уурын аюултай үзэгдэл тохиох нөхцөлийг бүрдүүлж байна. Сүүлийн 12 сарын хугацаанд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх дунджаас цельсийн 1.64 хэмээр өндөр байснаас гадна эрдэмтдийн тодорхойлсон манай гараг дээрх бүх амьдралд аюул учруулах босго түвшнээс 1.5 хэмээр илүү байгаа юм.
Өндөр температур мөн хүний биеийн тэсвэр тэвчээрийг сорьж, концерт, уралдаан тэмцээн, шашны цуглаан зэрэг гадаах үйл ажиллагаануудад оролцогсдод аюул учруулж, цаашлаад нас баралт бүртгэгдэх нь ч элбэгшжээ. VI сард Саудын Арабт агаарын температур 52°C хүрэхэд Исламын шашны Хажж мөргөлд оролцож байсан 1,300 гаруй хүн нас барсан юм.
БНХАУ-ын Цаг уурын газрын мэдээлснээр тус улс анх 1961 онд хэмжилт хийж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн халуун зун нь энэ жилийн зун байжээ. Харин дэлхийн өмнөд хагасын зарим хэсэгт маш зөөлөн, дулаан өвөл болсон бөгөөд Австралид л гэхэд өнгөрсөн VIII сар 1910 оноос хэмжилт хийж эхэлснээс хойших хамгийн дулаан нь байсан аж.
“Технологийн гайхамшгууд” эргэн ирлээ! Хоол хүнс хэрхэн үйлдвэрлэгддэг талаар шат дамжлага бүрийг нэг бүрчлэн танилцуулах шинэ цувралыг ирэх долоо хоногоос эхлэн Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
NewJeans хамтлаг менежерүүддээ ховорхон шаардлага хүргүүлсний дараа Hybe-ийн хувьцаа 6.2%-иар унав
SpaceX сансрын жуулчдыг задгай сансарт гаргах нислэгийг амжилттай гүйцэтгэлээ
АНУ-ын хөрөнгө оруулалтын компаниуд тогтвортой хөгжлийн зорилтоосоо чимээгүйхэн ухарч эхлэв
Онцлох чарт
Уул уурхайн салбар нүүрстөрөгчийн хийн гол ялгаруулагчдын нэг боловч ирээдүйд дэлхий нийт нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх net-zero зорилтод хүрэхэд хамгийн чухал ач холбогдолтой салбаруудын нэг болохоор байна. BloombergNEF-ийн тооцоолсноор эрчим хүчний шилжилтийн металлуудын жилийн эрэлт 2050 он гэхэд 2023 оны түвшнээс 5 дахин нэмэгдэх төлөвтэй.
Гэхдээ энэ нь олборлолт төдий чинээ хэмжээнд өсөх ёстой гэсэн үг биш, харин ч тэр үед одоогийнхоос бага хэмжээний олборлолт шаардагдах аж. Цахилгаан автомашин болон цэвэр эрчим хүчний дэд бүтцэд их хэмжээний цахилгаан эрчим хүч, металл шаардлагатай ч дэлхийн хэмжээнд олборлож буй металлын хэмжээ цаашид буурах хандлагатай байна. Ялангуяа уул уурхайн компаниудын орлогын гол эх үүсвэр болдог нүүрсний хэрэгцээ бараг үгүй болох төлөвтэйг BNEF онцолжээ.
2050 он гэхэд net-zero зорилтод хүрэхэд шаардагдах нийт боловсруулсан металлын хэмжээ дэлхий даяар зөвхөн 2023 онд олборлосон нүүрсний хэмжээнээс бага байхыг Эрчим хүчний шилжилтийн комиссын тооцоо харуулж байна.
Эцэст нь товчхон
ҮСХ: Улсын нийт гадаад өр оны эхний хагаст 34.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн байна. Нийт гадаад өрийн 46.7 хувь нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг байгаа бол 21.8 хувийг Засгийн газрын өр, үлдсэнийг нь Төв банк болон бусад хадгаламжийн байгууллагын өр бүрдүүлж байна.
Өнөөдрийн онцлох зураг
Намрын дунд сарын баярыг тохиолдуулан асаасан дэнлүү - Хонконг
Peter Parks/AFP via Getty