2024/09/13

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ахиц, ашиглалтад орсны дараа үүсэж болох сорилтын талаар энэ дугаарт онцоллоо.

  2. Aspire Mining компанийн эхний хагас жилийн татварын дараах ашиг хоёр дахин өсжээ.

  3. Монгол Улсын БНХАУ-аас импортолсон автомашины 20 гаруй хувийг цахилгаан автомашин эзэлж байна.

Газрын тосны үйлдвэр - Сорилт, боломж

Улсын хэмжээнд томоохон хүлээлт үүсгэж буй чухал ач холбогдолтой төслүүдийн тэргүүн эгнээнд газрын тос боловсруулах анхны үйлдвэр бичигдэнэ. Энэхүү төслийн ахицын талаар сүүлийн үеийн мэдээлэл, мөн ашиглалтад орсны дараах сорилт, боломжуудыг тоймлон хүргэе.

Амаргүй ч ахицтай

БНЭУ-ын Засгийн газраас санхүүжүүлж буй 1.7 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн бүтээн байгуулалт 2026 оны III сард дуусах хүлээлттэй байгааг төслийн менежментийн зөвлөх Engineers India компаниас мэдээллээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байршилтай тус үйлдвэр нь Энэтхэгийн зээлийн шугамаар бусад оронд хэрэгжүүлж буй хамгийн том дүнтэй төсөл болж байгаа. Төслийн зээлийн хэлэлцээрийг Сангийн яам өнгөрсөн онд шинэчлэн тохирч, зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгасан юм.

2019 онд эхэлсэн тус төслийн ажил цаг уурын хүнд нөхцөл, Covid-19 цар тахлын улмаас удааширсан бөгөөд одоогоор барилгын үйл явц амаргүй ч гэсэн ахицтай байгааг Engineers India-ийн Гүйцэтгэх захирал Вартика Шукла Шинэ Дели хотноо хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолжээ.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийтдээ дөрвөн үе шат бий. Бид төслийг хугацаанд нь дуусгахаар үр дүнд чиглэсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ хэмжээний томоохон төслүүдэд хугацаа хойшлох бол байх л зүйл. Одоо бүх зүйл зөв гольдролдоо орж, ажил урагштай яваа гэдэгт би итгэлтэй байна. Бид төслийг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах болно.

Барилгын ажлын хувьд өнгөрсөн сард үйлдвэрийн EPC-01 буюу технологийн бус дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг 100 хувь дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгснийг мэдээлсэн. Ус, цахилгаан хангамжийн систем, засвар-механикийн цех, лаборатори, агуулах зэрэг нь бүтээн байгуулалтын уг үе шатанд багтаж буй.

Олборлолт дутах уу?

Үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой болно гэж тооцоологдсон. Үүгээр зогсохгүй гадаад худалдааны алдагдал нэг тэрбум орчим ам.доллароор буурч, шатахууны үнэ импортын шатахуунаас 15-20 хувиар хямдарна гэсэн өөдрөг төсөөлөл ч гаргаад байгаа.

Гэтэл үйлдвэр ажиллаж эхэллээ гэхэд дээрх үзүүлэлтүүдийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулахад шаардлагатай түүхий газрын тосыг бид олборлож чадах уу гэдэг нь анхаарал татна. АМГТГ-ын статистикаар харвал өнгөрсөн онд Монгол Улс 4.9 сая баррель буюу ойролцоогоор 666 мянган тонн газрын тос олборложээ. Мөн Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.8 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн гэж тооцоологджээ.

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 34 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 8 талбайд бүтээгдэхүүн хуваах байгуулсан, 10 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байгааг АМГТГ мэдээлж байна. Тэдгээрээс хамгийн том нь болох Дорнод аймгийн Тосон уул, Тамсагийн ордод Петрочайна Дачин Тамсаг компани олборлолт хийдэг.

Тус компани өнгөрсөн онд 600 гаруй мянган тонн газрын тос олборлосон, энэ онд 500 гаруй мянган тонныг олборлох зорилт тавьсан ч жил ирэх тусам олборлолтын хэмжээ нь буурах төлөвтэй байгааг АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал мэдээлж байлаа. Тиймээс Монгол Улс цаашид газрын тосны салбарынхаа хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ ордууд нээж ашиглалтад шилжүүлэх зайлшгүй шаардлага бийг тэрбээр онцолсон юм.

Газрын тосны үйлдвэрт 1.5 сая тонн газрын тос хэрэгтэй ч гол олборлогч Петрочайна тэр үед дөнгөж 300 мянган тонныг олборлохоор байна. Тэгэхээр үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад дахиад 1.2-1.3 сая тонн түүхий тос шаардлагатай болно... Маш их хөрөнгө оруулалт шаарддаг, эрсдэл өндөртэй салбар учраас төр засаг, орон нутаг, ард иргэд ойлгож дэмжихгүй бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. 8 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниуд одоо орон нутгийн удирдлагууд, иргэдийн эсэргүүцлээс болж ажлаа хийж чадахгүй байна.

Aspire-ийн ашиг 2 нугарав

Хөвсгөл аймаг дахь “Овоот” коксжих нүүрсний төслийг эзэмшдэг Aspire Mining компани 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн аудитлагдсан тайлангаа танилцууллаа. Компани эхний хагаст 2.7 сая ам.долларын татварын дараах ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болсон байна. Мөн компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 0.54 цент болж хоёр дахин өсжээ.

Нийт 255 сая тонны нөөцтэй байх боломжтой гэж тооцоологдсон Овоотын уурхайн нүүрс нь өндөр чанартай, кокс үйлдвэрлэлд бүрэн тохирсон гэж судалгаагаар тогтоосныг Aspire Mining өнгөрсөн тавдугаар сард танилцуулж байв.

Орж ирсэн BYD

Эхний найман сард Монгол Улсын БНХАУ-аас импортолсон суудлын автомашины тоо өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин өсжээ. Тэдгээрийн 21.6 хувийг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин, 1/3-ийг нь BYD-ийн автомашин эзэлж байгааг МАДА ТББ мэдээлэв. Харин нийтэд нь харвал дээрх хугацаанд нийт 81.7 мянган суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 74.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Үүний 93.4 хувийг Японоос, 2.7 хувийг БНХАУ-аас оруулж ирснийг ГЕГ-ын статистик харуулж буй.

Замаа л барина

2025 оны төсвийн хөрөнгө оруулалтад зориулж нийт 6.9 их наяд төгрөгийг төсөвлөсөн нь түүхэнд байгаагүй өндөр дүн болохыг Сангийн яам мэдээлэв. Уг хөрөнгийн 24 хувийг бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд, тэр дундаа шинэ автозам барихад зарцуулахаар байгаа аж. Тухайлбал 2025 онд 2120.9 км автозам шинээр барихаар төлөвлөсний 1079.7 км нь аймгуудыг холбох, 708.6 км нь аймгуудыг боомттой холбох, 332.6 км нь аялал жуулчлалын зориулалттай замууд байхаар тусгажээ.

БНСУ-ын атомын амбиц

БНСУ-ын Засгийн газар улсынхаа зүүн эрэгт цөмийн хоёр реактор шинээр барих зөвшөөрөл олголоо. Тус улсын Цөмийн аюулгүй байдлын хороо Ульжин дахь тус бүр 1.4 гигаваттын хүчин чадалтай Shin Hanul III ба IV реакторын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг зөвшөөрснөө пүрэв гарагт зарлажээ.

2022 онд албан тушаалаа авсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл өмнөх ерөнхийлөгчийнхөө бодлогыг өөрчилж, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулахад цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. 2038 он гэхэд тус улс нийт эрчим хүчнийхээ 36 хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авахаар зорьж байгаа бөгөөд одоогоор энэ үзүүлэлт 30 хувьтай байна.

M&A-ийг хашраах хиймэл оюун

UBS Group харилцагч компаниудынхаа нэгдэн нийлэх хэлцлийн үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор хагас минут ч хүрэхгүй хугацаанд 300 мянган компанийн өгөгдлийн баазад дүн шинжилгээ хийх чадалтай хиймэл оюунт хэрэгсэл хөгжүүлжээ.

Швейцарт төвтэй тус банк худалдан авагч талд хэлцлийн шинэ санаанууд гаргаж өгөхийн сацуу зарж буй талын нөхцөл байдалд тохирсон боломжит худалдан авагчийг тодорхойлох чадвар бүхий нэгдэн нийлэх хэлцлийн "хиймэл оюунт туслах" бүтээсэн болохыг UBS банкны Швейцар дахь M&A хэлтсийн дарга Брайс Болингер танилцуулсан байна. UBS мөн нэгдэн нийлэх хэлцлийн явцад гарах хууль эрх зүйн болон дата солилцох ажлыг хөнгөвчлөхөд хиймэл оюуныг ашиглах боломжтой гэж харж байгаагаа онцолжээ.

“Технологийн гайхамшгууд” эргэн ирлээ! Хоол хүнс хэрхэн үйлдвэрлэгддэг талаар шат дамжлага бүрийг нэг бүрчлэн танилцуулах шинэ цувралыг ирэх долоо хоногоос эхлэн Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Японы эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд 9 хүн өрсөлдөнө

  • Уран, никелийн экспортдоо хориг тавих талаар хэлэлцэх шаардлагатайг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлов

  • OpenAI $6.5 тэрбумын санхүүжилт босгож, зах зээлийн үнэлгээгээ $150 тэрбум хүргэнэ

Онцлох чарт

АНУ-ын хэрэглээний үнийн индекс наймдугаар сард сүүлийн дөрвөн сарын өндөр дүнгээр өсөж, эргэн эрчимжлээ. Орон сууц, аялал жуулчлалын үнэ өссөнтэй холбоотойгоор хэрэглээний үнийн индекс тооцоолж байснаас өндөр дүнгээр буюу 0.3 хувиар өсжээ.

Ингэснээр АНУ-ын Холбооны Нөөцийн банк ирэх долоо хоногт болох хурлаараа бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах болов уу гэсэн бонд арилжаачдын тооцоолол биеллээ олоход ойртож байна.

Бодлогын хүүг өндөр дүнгээр бууруулна гэсэн байр сууриндаа бат зогсож байсан Citigroup-ийн шинжээчид хүртэл энэ сарын шийдвэрийн төсөөллөө бууруулаад байна. Гэхдээ энэ оны үлдсэн хугацаанд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нийт 125 суурь нэгжээр бууруулна гэсэн төсөөллөө хэвээр үлдээжээ.

Эцэст нь товчхон

НЗДТГ: Улаанбаатар хотод метро барих 600 боловсон хүчин бэлтгэхээр болсныг мэдээлэв. 600 инженер техникийн ажилтныг хоёр жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд, хоёр жил БНСУ-д сургахаар төлөвлөжээ.

СЕХ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно. Энэ удаагийн сонгуульд нийт 8031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөхөөр байгаа.

Өнөөдрийн онцлох зураг

Рохинжа эр дүрвэгсдийн хуаранд хуримын заал чимэглэж буй нь - Бангладеш

Munir Uz Zaman/AFP/Getty