2024/09/12

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөжээ.

  2. Тэнхлэг зууч: Ирэх 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотод орон сууцны дундаж үнэ 4.9 сая төгрөг байх төлөвтэй

  3. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд Камала Харрис илүүрхсэнийг PredictIt-ийн магадлал харуулж байна.

Зоригтой хөдлөх цаг

Хамтарсан Засгийн газар эрчим хүчний реформ хийхээ зарлаж, үүний тулд эн тэргүүнд тарифын шинэчлэл хэрэг болно гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Үүнтэй холбогдох Дэлхийн банкны судалгаа, зөвлөмжийг эрчим хүчний чухал төслүүдийн сүүлийн мэдээлэлтэй хамт хүргэж байна.

Тариф чөлөөлөхгүй бол алдагдал 42%

ЗГ-ын мөрийн хөтөлбөртөө тусгаад буй 14 мега төслийн 5 нь эрчим хүчний төслүүд байгаагийн зэрэгцээ реформ хийхээр төлөвлөсөн 14 чиглэлийн нэг нь эрчим хүчний салбар. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ДЦС зэргийг багтаасан мега төслүүдийг 2032 он хүртэл хэрэгжүүлнэ. Эрчим хүчний 5 төсөлд нийлээд 10 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана гэж тооцоолжээ.

Иймд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт бий болгохын тулд үнэ тарифын шинэчлэлт хийж, эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр алдагдалгүй түгээх хэмжээнд хүргэнэ гэдгийг Шадар сайд Т.Доржханд мэдэгдэл хийхдээ онцолж байв.

Монголд цахилгаан, дулааны тариф зардлаа нөхөх түвшнээс хол байгаа нь салбарыг бүхэлд нь санхүүгийн чадваргүй болгож байгааг Дэлхийн Банк VII сард гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн бодлогын голлох зөвлөмжүүд” тайландаа онцолжээ. 2023 онд цахилгааны тариф өртгийнхөө дөнгөж 77 хувийг, тэр дундаа ахуйн хэрэглээний тариф дөнгөж 52 хувийг л гүйцээж чадсан байна.

Иймд 2025 он гэхэд тарифын шинэчлэл хийхгүй бол нөхцөл байдал улам дордож, тариф нь зардлынхаа 56 хувьд л хүрэх, улмаар цахилгаан эрчим хүчний систем жилийн 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал хүлээх төлөвтэй гэж тооцоолжээ. Мөн дулаан, цахилгааны системийн нийт алдагдал 2030 он гэхэд 2.7 дахин өсөж, 42 хувьд хүрэх төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Энэ нөхцөл байдалд орохгүйн тулд 2024-2030 он хүртэл жил бүр цахилгаан дулааны хэрэглэгчдэд борлуулах үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх чиглэл баримтлах, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах сүлжээнд хамгийн бага өртгийн төлөвлөлт хийх, боломжит нөөцөд тулгуурласан эрчим хүчний дуудлага худалдааны зарчим бий болгох зэрэг бодлогыг Дэлхийн банкнаас зөвлөжээ.

Бөөрөлжүүтийн ЦС

Төвийн бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын хүчин чадалтай I блок ирэх 10-р сард ашиглалтад орохыг тус төслийг хэрэгжүүлэгч Бодь Групп мэдээллээ. Харин II блокийг төлөвлөгөөний дагуу ирэх онд ашиглалтад оруулснаар жилд 2.1 тэрбум хүртэлх киловатт эрчим хүч үйлдвэрлэх юм.

Улаанбаатар хот дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд гаргаснаас 300 тэрбум төгрөгийг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд зарцуулаад байгаа.

Ураны хөрөнгө оруулалтын гэрээ ба атомын ЦС

ЗГ-ын өчигдрийн хуралдаанаар Orano Mining компанийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөснөө мэдээллээ. Талууд гэрээний 200 орчим санал дээр тохиролцсон бөгөөд тохиролцоонд хүрээгүй байгаа 6 санал дээр Монголын тал байр сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал өсөн нэмэгдэх АМНАТ дээр инфляц тооцох, байгаль орчны эрсдэлээс хоёр тал хамтран хариуцлага хүлээх зэрэг асуудал дээр Монголын тал голлон анхаарч байгаа аж. Олборлолтыг 20 жил, нөхөн сэргээлтийг 10 жилийн дотор хийхээр мөн төлөвлөжээ. Одоогийн гэрээний төслийн 51 хувь дээр харилцан ойлголцолд хүрсэн ба хэлэлцээр ирэх аравдугаар сард нэг талдаа гарахаар байгааг ЗГХЭГ-ын дарга онцолсон.

ЗГ мөрийн хөтөлбөртөө Монгол-Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц барих асуудлыг судлахаар тусгаад байгаа. Төслийг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана гэж тооцоолжээ.

Төсөв vs. Мөнгөний бодлого

Төсвийн тэлэлт, эрчим хүчний тариф өсөх хүлээлт, ирэх онуудад хэрэгжүүлэх бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын зардлын нөлөө нь инфляцын дарамтыг бий болгох төлөвтэйг Монголбанк анхааруулав. Иймд инфляцыг зорилтот түвшинд хадгалахад шаардлагатай бодлогын тохиргоог одооноос хийж эхлэх шаардлагатайг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Мөн инфляцын 6 (±2) зорилтот интервалыг дунд хугацаандаа буюу 2027 оноос эхлэн 5 (±2) болгож өөрчлөхөөр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд 2025, 2026 оны мөнгөний бодлогын үндсэн арга хэрэгслүүд инфляцыг 2027 оноос 5 хувьд тогтворжуулахад чиглэхээр болжээ.

Төсвийн тэлэлттэй холбоотойгоор эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтворжуулах бодлогод сорилт бий болно. Төсвийн нийт зардал ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байвал тохиромжтой гэсэн Монголбанкны байр суурь хэвээр байгаа. Төсвийн өндөр зардлыг эдийн засагт сөрөг нөлөөгүй байлгахад зориулж мөнгөний бодлогын өөрчлөлт хийхээс өөр аргагүй болох байх.

Орон сууцны үнийн төлөв

Ирэх 5 жилийн хугацаанд Улаанбаатар хот дахь орон сууцны 1 метр квадратын дундаж үнэ 4.9 сая төгрөг байх төлөвтэйг Тэнхлэг зууч компани мэдээлж байна. Мөн цар тахлын дараа орон сууцны үнэ тасралтгүй өссөн ч сүүлийн хоёр улиралд тогтворжих хандлагатай байгааг онцолжээ. ҮСХ-ны мэдээлснээр VII сарын байдлаар шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.11 сая төгрөг, хуучин орон сууцных 3.96 сая төгрөг байна.

FICO Монголд

Зээлийн мэдээллийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Sainscore компани АНУ-ын FICO Score үйлчилгээг зээлийн эрх тогтооход ашиглахаар Монголд нэвтрүүлж байна. АНУ-д нийт зээл олголтын 90 гаруй хувь нь тус оноонд үндэслэн зээлийн үнэлгээ хийгдсэн байдаг байна. Мөн FICO нь хувь хүний санхүүгийн зан төлөвийг 120 гаруй хувьсагч ашиглан тогтоож, 300-аас 850 хүртэлх оноогоор дүгнэж, оноо буурсан суурь шалтгаануудыг тайлбарладгаараа давуу талтай аж.

Харрис уу?

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын эхний мэтгэлцээнээр хоёр нэр дэвшигч худалдааны тариф, цагаачлал, эрчим хүчнээс авхуулаад үр хөндөлт, Украины дайн хүртэлх төрөл бүрийн сэдвээр 90 гаруй минутын турш ширүүн мэтгэлцлээ. Трамп өөрийн засаглалын үед “инфляц гэж байгаагүй”-г тодотгож, БНХАУ-ын импортын бараанд тавьсан тарифаа сайшаасан бол Харрис Трампын үед худалдааны алдагдал дээд хэмжээндээ хүрсэн, мөн Хятадад чипийн технологио худалдсан гэж буруутгав.

Зах зээлийн дохиог харвал уг мэтгэлцээн Харрисын ялах магадлалыг нэмэгдүүлсэн гэж болохоор байна. PredictIt-ийн гаргадаг магадлал мэтгэлцээн эхлэх үед хоёр талд бараг тэнцүүхэн байсан бол мэтгэлцээн дуусахад магадлал Камала Харрисын тал руу 7 оноогоор хэвийсэн байна. Мөн Трамп ялбал виртуал хөрөнгийн зах зээлд дэмжлэг үзүүлж, улмаар ханш нь өсөх хүлээлттэй байгаа Биткойны ханш мэтгэлцээний дараа 1 хувиар унажээ.

9/11 ба сайн үйлс

2001 оны IX-р сарын 11-ний террорист халдлагын улмаас АНУ-д 2977 хүн амь насаа алдаж, 24 хүн сураггүй болсон юм. Зорчигч тээврийн 4 онгоцыг Аль-Кайда бүлэглэлийн амиа золиослогч 19 этгээд барьцаалж, Дэлхийн Худалдааны төвийн хоёр ихэр цамхаг, Пентагоны барилгыг мөргөж байв.

Уг халдлагаар 658 ажилтнаа алдсан АНУ-ын санхүүгийн үйлчилгээний Cantor Fitzgerald компани Cantor Fitzgerald Relief Fund ашгийн бус хандивын санг үүсгэн байгуулж, байгалийн гамшиг, терроризм болон бусад онц ноцтой үйл явдалд өртөн хохирсон өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон байна.

Халдлагын дараах таван жилд Cantor Fitzgerald-ийн Гүйцэтгэх захирал Ховард Лутник компанийнхаа ашгийн 25 хувийг тус санд зориулжээ. Энэхүү гайхалтай үйл хэргийн үр дүнд хохирогч гэр бүлүүдэд нийт 180 сая ам.долларын дэмжлэг очсоныг Bloomberg онцолсон байна.

Дашрамд дурьдахад, Нью-Йоркийн Nasdaq бирж лхагва гарагийн арилжаа эхлэхийн өмнө халдлагын улмаас амь үрэгдэгсэд, тэдний ар гэрийнхэнд зориулж нэг минутын турш чимээгүй зогсон хүндэтгэл үзүүллээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

АНУ-ын хэрэглээний үнийн индекс VIII сард өмнөх сартайгаа адил бага хувиар өссөн байж магадгүй гэж шинжээчид тооцоолж байна. Тухайлбал хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляц VII сарын адил 0.2 хувиар эрчимжих хүлээлт давамгайллаа.

Гэхдээ инфляц ийнхүү тогтворжиж, Холбооны нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ буурууллаа ч бусад томоохон төв банкнууд мөн адил мөнгөний бодлогоо зөөлрүүлж байгаа тул ам.долларын ханш сулрах магадлал хязгаарлагдмал гэж Goldman Sachs үзэж байна. Төв банкнуудын мөнгөний бодлого ижил мөчлөгтэй явагдах нь ихэвчлэн ам.долларын ханш чангарахад нөлөөлдөг.

Эцэст нь товчхон

ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг өдөрт 1000 төгрөгөөр нэмэгдүүлж эцэг эхээс авахаар ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэлээ. Уг шийдвэр УБ хотын төрийн өмчийн 310 цэцэрлэгт суралцдаг 135 мянган хүүхдэд хамаарах юм байна. Ийнхүү эцэг, эх асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авснаар 8-10 цагийн цэцэрлэгийн хоолны зардал 4000 төгрөг, 24 цагийн цэцэрлэгийнх 5100 төгрөг болох аж.

ҮСХ: Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ VIII сард өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар өссөн байна. Мөн оны эхний хагас жилд зочид буудлын салбарын орлого 244.2 тэрбум төгрөг хүрсэн бол нийтийн хоолны салбарынх 816.3 тэрбум төгрөг болжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Улаан тутарга буюу соргум хатааж буй ажилчин - Чунчин засаг захиргааны бүс, БНХАУ

Stringer/AFP/Getty