2024/09/11

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Өнөөдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний дараа хөрөнгө оруулагчдын анхаарал юунд төвлөрөхөөр байгааг онцоллоо.

  2. Тогтвортой буурч байсан инфляц VIII сард 6.5 хувьтай гарч, эрчимжлээ.

  3. Xanadu Mines компани зэс-никелийн "Сант толгой" төслийн хайгуулын хөтөлбөрөө эхлүүлжээ.

Инфляц эрчимжив

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт наймдугаар сард улсын хэмжээнд 6.5 хувьтай гарч, өмнөх сараасаа даруй 1 нэгж хувиар эрчимжсэнийг ҮСХ мэдээллээ. Улсын хэмжээнд инфляц 2022 оны сүүлээс энэ оны зургаадугаар сар хүртэл тасралтгүй буурч байсан юм.

Сонгууль угтсан мөнгө тараалт, төсвийн зарцуулалтын нэмэгдлийн нөлөөгөөр инфляц энэ оны сүүлээр эргэн эрчимжих төлөвтэйг Төв банк ч, олон улсын байгууллагууд ч анхааруулж байв. Энэ онд бодлогын хүүгээ 2 удаа бууруулж, 1 удаа хэвээр хадгалах шийдвэр гаргаад буй Монголбанкны мөнгөний бодлогын ээлжит шийдвэр есдүгээр сарын 13-нд гарах товтой байгаа.

Харрис-Трампын тулаан хөрөнгийн захад

“Сонгуулийн өндөр жил” гэгдэж буй 2024 оны оргил сонгууль болоход ердөө хоёр сар үлдээд байна. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын өрсөлдөөний эргэлтийн цэг ч болох магадлалтай эхний мэтгэлцээн өнөөдөр Монголын цагаар 9 цагт эхлэх гэж байна.

ABC телевизийн зохион байгуулж буй тус мэтгэлцээнийг Bloomberg TV Mongolia орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэнэ.

Гадаад худалдаа, тарифын болон цагаачлалын бодлого, компаниудын хувьцаа, хөрөнгийн зах зээлийн савлагаа гээд уг мэтгэлцээний дараа хөрөнгө оруулагчдын анхаарал юунд төвлөрөхөөр байгааг багцлан хүргэе.

Татвар: Дональд Трамп компаниудын орлогын татварын хувийг одоогийн 21%-иас 15% болгож бууруулж, 2017 онд Бүгд найрамдах намаас санаачилж, батлуулж байсан татварын хөнгөлөлтийн хуулийг байнгын болгохоо амлаад байгаа. Харин Харрис компанийн татварыг 28% болгож өсгөх төлөвлөгөөгөө танилцуулсан.

Худалдаа, тариф: Трампын хувьд бүх төрлийн импортын бараанд 10%-ийн тариф ногдуулж, тэр дундаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн барааны тарифыг бүр ч эрчтэй өсгөнө гэдгээ хэлж байсан. Харрис мөн Хятад улсад тийм ч зөөлөн хандахгүй гэсэн дохио өгч буй ч дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон хоорондын хагарлыг даамжруулах хүсэлгүй байгаагаа кампанит ажлынхаа үеэр илэрхийлж байв.

Цагаачлал: Хууль бус цагаачдыг зүгээр л албадан буцаахаа Трамп мэдэгдсэн бол Харрис хилийн зурваст нэмэлт хана барих зэрэг арга хэмжээг багтаасан цагаачлалын илүү уян хатан шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цагаачлалыг хязгаарлах аливаа арга хэмжээ хэрэгжсэнээр ажиллах хүч хомсдож, инфляцыг өсгөх үр дүн гарч болзошгүйг JPMorgan-ийн шинжээчид онцолж байв.

Хөрөнгийн зах сонгуулийн жилд: Ерөнхийлөгчийн сонгууль болох жил АНУ-ын хувьцааны зах зээлд ерөнхийдөө ээлтэй байсаар иржээ. S&P 500 индекс “dotcom”-ийн хөөсрөл, дэлхийн санхүүгийн хямрал болсон 2000, 2008 онуудыг эс тооцвол 1960 оноос хойших бүх сонгуулийн жилд өсөлттэй байсан байна. Ялангуяа сүүлийн гурван сонгуулиар тус индекс багадаа 10 хувийн өсөлттэйгөөр тухайн жилийг үдэж байжээ.

Трамп ялбал анхаарах хувьцаанууд: Хэрэв худалдааны зөрчил хурцадвал орлогын ихээхэн хувь нь БНХАУ-тай холбогддог компаниудад дарамт учрах боломжтой. Үүнд Nvidia, Broadcom, Qualcomm зэрэг чип үйлдвэрлэгчид, Air Products, Chemicals Inc., Celanese гэсэн бараа материал үйлдвэрлэгчид, мөн мэдээж Tesla багтана.

Харин дотоодын газрын тос олборлолтыг дэмжиж, хязгаарлалтуудыг арилгана гэсэн амлалтыг нь харгалзаж үзвэл Baker Hughes, Exxon Mobil, Chevron тэргүүтэй газрын тос, байгалийн хий, уламжлалт эрчим хүчний компаниуд Трампын ялалтаас хамгийн том давуу тал хүртэхээр байна. Мөн батлан хамгаалахын салбар, зэвсэг үйлдвэрлэлийн компаниуд Бүгд найрамдах нам ялсан үед өндөр өсөлттэй байх хүлээлттэй байдаг.

Харрис ялбал анхаарах хувьцаанууд: Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэрэг салбарын компаниуд Харрисын ялалтын үр шимийг ихээхэн хүртэх төлөвтэй. Tesla, Rivian, Lucid зэргээс гадна цэнэглэх станц ажиллуулдаг ChargePoint, Beam Global, мөн нарны хавтан үйлдвэрлэдэг First Solar, Sunrun, Enphase Energy-ийг дурдаж болно. Түүнчлэн Харрис анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд 25 мянга хүртэлх ам.долларын урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан тул үл хөдлөх хөрөнгийн компаниудад бас сайнаар нөлөөлж магадгүй.

Айдас, тодорхойгүй байдал: Бүхий л том үйл явдлын адил сонгууль нь эдийн засаг, зах зээлд нөлөөлж, улмаар арилжааны савлагаа үүсгэх бололцоотой. Уолл Стритийн “айдсын индекс” гэгддэг CBOE Volatility Index (VIX)-ийн сүүлийн үеийн хөдөлгөөн арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуулийн санал хураалтын үеэр хувьцааны хэлбэлзэл ихсэх хүлээлт нэмэгдэж буйг харуулж байна.

Санал хураалтын сүүлийн мөч хүртэл хоёр нэр дэвшигчийн өрсөлдөөн маш ойрхон байх, бүр сонгуулийн дараах өдрүүдэд ч эцсийн дүн бүрэн гарахгүй байх магадлал бийг зах зээлийн экспертүүд анхааруулж байгаа. 2000 оны сонгуулиар Флорида мужид саналын хуудас дахин тоолох үед S&P 500 индекс 4 гаруй хувиар, АНУ-ын ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 52 суурь нэгжээр унаж байлаа.

Нүүрсний гол боомтод

БНХАУ-ын Монголоос авах нүүрсний дийлэнх хувь нь дамждаг Ганцмод-Гашуунсухайт боомтоор оны эхний найман сард нийт 27.4 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өссөн дүн болохыг SXCoal мэдээллээ. Энэ нь тус боомтоор 2024 онд импортлохоор зорьж буй 40 сая тонн нүүрсний 69 хувьтай нь тэнцэх хэмжээ аж.

Гэхдээ боомт дээрх агуулахын нөөц нэмэгдэж байгаагаас, мөн сүүлийн өдрүүдэд хүчтэй бороо орсны нөлөөгөөр Ганцмод боомтоор орох нүүрс тээврийн автомашины урсгал нэлээн татарчээ. Есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд тус боомтоор өдөрт дунджаар 604 автомашин гарсан нь өмнөх долоо хоногоосоо 403-аар буурсан дүн болсон байна.

Чухал төслүүдийн ахиц

  • Petro Matad компани “Heron-2” цооногийнхоо өрөмдлөгийн ажлыг эхлүүлснээ мэдээлэв. Энэ нь компанийн газрын тосны “Heron” талбайн анхны автомат ажиллагаатай өрөмдлөгийн төсөл бөгөөд тус талбай 190 сая баррель газрын тос үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолжээ. Өрөмдлөгийн дараа цооногийн олборлолтын потенциалыг үнэлэх бөгөөд хэрэв үр дүн сайн байвал тус компани 2024 оны эцсээр, 2025 оны эхээр газрын тос олборлож эхлэх аж.

  • Xanadu Mines компани Завхан аймагт байрлах зэс-никелийн "Сант толгой" төслийн хайгуулын хөтөлбөрөө эхлүүлжээ. Компанийн хувьд тус төсөлд идэвхтэй хайгуул хийхийн сацуу геологийн нарийвчилсан зураглал боловсруулж, геохимийн сорьц цуглуулах ажил үргэлжилж байгааг тайландаа дурдсан байна. Анхан шатны судалгааны үр дүнгүүд 2024 оны IV улиралд багтан гарах хүлээлттэй байгаа аж.

Давсны импортод найдсаар

Монгол Улс дотоодын давсны хэрэглээгээ бүрэн хангах нөөцтэй ч хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авч буйг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгаанд дурдсан байна. Статистик харвал оны эхний найман сарын байдлаар 1.9 сая орчим ам.долларын хүнсний болон хүнсний бус давс импортолжээ.

Манай улсад 200 гаруй давсны орд байдгаас 20 орчим нь хүнсний зориулалттай давсных байдаг. Ихэнх орд нь нийслэл, аймгийн төвөөс алслагдсан байршилтай тул тээврийн зардал өндөр, мөн дэд бүтэц, эрчим хүчинд холбогдоогүй нөхцөлд гар аргаар олборлолт хийдэг зэрэг нь дотоодод үйлдвэрлэл өсөхөд сорилт болж буйг судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд онцолжээ.

Шинэ iPhone ба Huawei-ийн хариу

Apple компани iPhone гар утасныхаа дөрвөн шинэ загварыг танилцууллаа. iPhone 16 “ул сууриасаа” хиймэл оюунд зориулагдан бүтээгдсэнийг компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук онцолж байсан ч Apple Intelligence хиймэл оюунт платформын функцүүд шинэ загваруудад шууд нэвтрээгүй, цаашид үйлдлийн системийн шинэчлэлээр аажим нэмэгдэж явах нь тодорхой болсон. iPhone 16-ийн ерөнхий дизайн, техник хангамж өмнөх хувилбараасаа төдийлөн ихээр өөрчлөгдөөгүй боловч процессор нь илүү хурдтай болсон, камер удирдах зориулалттай хажуугийн товчлуур нэмэгдсэн зэргийг дурдаж болно.

Шинэ iPhone-ийг туршиж үзсэн анхны сэтгэгдэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан сурвалжилгыг ЭНД дарж үзээрэй.

Тэгвэл Apple компани iPhone-ийн шинэ загваруудаа танилцуулснаас хэдхэн цагийн дараа БНХАУ-ын Huawei компани хоёр нугардаг, гурван хавтас бүхий дэлгэцтэй Mate XT утсаа танилцууллаа. Энэ төрлийн дизайнтай дэлхийн анхны ухаалаг утас гэгдэж буй тус загварын үнэ 19,999 юань буюу 2,800 ам.доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 20-ноос худалдаанд гарахыг мэдээлжээ.

Дэлгэсэн үедээ ердөө 3.6 мм зузаантай, 10 инчийн дэлгэцтэй таблет болж хувирах Mate XT загварын хөгжүүлэлтэд Huawei компани таван жилийн хугацааг зарцуулсан байна. Тус загварын урьдчилсан захиалга хоёр өдрийн эхэлсэн бөгөөд аль хэдийн 2.7 сая захиалга хүлээн аваад байгаа аж.

Дэлхийн ухаалаг утасны хамгийн том зах зээл БНХАУ-д Apple-ийн сүүлийн үеийн борлуулалт тун базаахгүй түвшинд байна. VI сараар эцэслэгдсэн улиралд iPhone-ийн БНХАУ дахь нийлүүлэлт 3.1 хувиар буурсан бол Android системтэй өрсөлдөгчид нь жилийн дүнгээр борлуулалтаа 11 хувиар өсгөжээ. Ингэснээр Хятадын зах зээлд эзлэх хувь хэмжээгээр Apple компани сүүлийн дөрвөн жилд анх удаагаа эхний тавд багтаагүйг IDC-ийн статистик харуулж байна.

Sponsored

Агаар цэвэршүүлэгч будаг

162 жилийн түүхт Финландын Tikkurila брэнд барилгын доторх агаарыг цэвэршүүлэх үйлчилгээтэй ханын будаг шинээр гаргажээ. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан бүтээгдсэн Harmony Clean Air дотор агаарын найрлагаас хортой формальдегидийг өөртөө шингээж саармагжуулан агаарын чанарыг сайжруулдаг болох нь бие даасан Eurofins лабораторийн ISO 16000:23 стандартын туршилтаар батлагдсан байна.

Мөн ханын өө сэвийг маш сайн дардаг, бүтэн матт, угааж болдог тул гэр, өрөөндөө хүссэн өнгө төрхөө бүрдүүлэхийн сацуу амьсгалах агаарын чанараа сайжруулах давуу талтай аж. Шинэ Harmony Clean Air будгийг тус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Хонка Лог Хоум ХХК санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эцэст нь товчхон

МБХ: Банкнуудын олгосон зээл оны эхний хагас жилд 30 хувиар өссөн бол чанаргүй зээлийн эзлэх хувь 5.9% буюу сүүлийн 10 гаруй жилийн доод түвшиндээ хүрчээ. Мөн тайлант хугацаанд бизнесийн зээл 60 гаруй хувиар өссөн байна.

Yonhap: Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ эхэлжээ. Энэ удаад нийлүүлэлтийн сүлжээ болон худалдааны чиглэлд хамтын ажиллагаагаа сайжруулахаар зорьж байгаа аж.