- Business newsletter
- Posts
- 2024/09/09
2024/09/09
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш 9.1 хувиар унаж, сүүлийн найман сар гаруйн доод цэгтээ хүрлээ.
Хувийн санхүүгээ оновчтой удирдахын тулд баримтлах хэрэгтэй суурь зарчмуудыг энэ дугаарт онцоллоо.
Төмрийн хүдрийн үнэ 2022 оноос хойш анх удаа тонн нь 90 ам.доллароос доош орж буурлаа.
Амжилттай хөрөнгө оруулагчийн дадлууд
“Амьдралын цорын ганц тогтмол зүйл нь өөрчлөлт юм” гэдэг хэллэг ямар үнэн болохыг цар тахлын үе бидэнд мэдрүүлсэн. Covid-19-ийн тархалтыг хумихын тулд хүн бүр дадал зуршлаа өөрчилж байсантай нэгэн адил бид санхүүгийн амьдралаа ирээдүйн эрсдэлээс хамгаалах алхмуудыг бас хийж болно.
Хувийн санхүүгээ оновчтой удирдахын хамгийн том давуу тал нь сэтгэлийн амар амгалан. Хэрэв хямралтай нүүр тулбал сайн бэлтгэлтэй байсны ашиг тусаа шууд хүртэнэ гэсэн үг юм. Өндөр хүүтэй зээл авах хэрэггүй, хувьцаагаа ч алдагдалтай зарах шаардлагагүй. Ингээд хувийн санхүүгээ оновчтой удирдахад тань туслах суурь зарчмуудыг хүргэж байна.
Багаар ч хамаагүй хуримтлуулах нь гайхалтай эхлэл юм. Тухайлбал ажилтнууд өөрсдөө цуцлахгүй л бол тэтгэврийн хадгаламж санал болгодог компаниудын тоо өссөөр байна. Монголд ч зарим компаниуд энэ төрлийн хөтөлбөрийг санал болгож байгаа.
Ерөнхийдөө дансанд тань орж буй цалингийн тодорхой хувь шууд хадгаламжийн эсвэл хөрөнгө оруулалтын данс руу орж байх нь зохистой байдаг. Цалингийн дансанд чинь тэр мөнгө харагдахгүй бол та үрье гэж бодохгүй шүү дээ. Цалин тань нэмэгдвэл эсвэл урамшуулал авбал хадгаламждаа хийх хувиа ч мөн өсгөхийг хичээгээрэй.
Хэрэв гэнэтийн шалтгаанаар 400 ам.долларын зарцуулалт хийх шаардлага гарлаа гэхэд АНУ-ын насанд хүрэгчдийн 30 орчим хувь нь ийм хэмжээний бэлэн мөнгө шууд гаргаж чадахгүйг Холбооны нөөцийн банкны 2020 оны VII сард хийсэн судалгаа харуулжээ.
Иймд та урт хугацааны хуримтлал бүрдүүлж эхлэхээсээ өмнө яаралтай үед хэрэглэх бэлэн мөнгөний нөөцтэй болох нь зүйтэй. Өндөр хүүтэй зээл авч санхүүгээ улам эрсдэлд оруулахаас хамаагүй үр дүнтэй.
Хэрвээ та орлогын цор ганц эх үүсвэртэй бол дор хаяж зургаан сарын зардлыг тань даах хуримтлалтай байх нь зүйтэй гэж олон санхүүгийн зөвлөхүүд үздэг. Мөн нас ахиж, цалин тань нэмэгдэх тусам таны яаралтай үеийн нөөц төдий чинээ их байх нь зөв. Ажлаасаа гарлаа гэж бодоход дараагийн хүсэж буй ажилдаа ороход өмнөхөөсөө илүү хугацаа шаардагдаж магадгүй шүү дээ.
Хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эсвэл бага үнэлгээтэй, дотоодын эсвэл гадаадын компанийн хувьцаанд хөрөнгө оруулалтаа хэрхэн хуваарилах, тогтмол орлоготой бүтээгдэхүүн сонгох, бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах гээд бүгд хөрөнгө хамгийн чухал шийдвэрүүд болохыг Efficient Frontier-ийн үүсгэн байгуулагч Уилльям Бернштейн хэлж байна.
Ганц хувьцааг сонгож, зөв цагтаа хөрөнгө оруулах бус, харин олон хэрэгсэлд зөв хуваарилалт хийх нь хөрөнгө оруулалтын өгөөжийн дийлэнхийг бүрдүүлдэг болохыг судалгаанууд харуулсаар буй.
Сонгодог дүрэм: 100-гаас өөрийн насыг хас. Гарах хариу нь таны хувьцаанд хөрөнгө оруулах хувь юм. Жишээлбэл, та 30 настай бол хөрөнгө оруулалтын багцынхаа 70%-ийг хувьцаанаас бүрдүүлэх нь зүйтэй. Гэхдээ хүмүүсийн дундаж наслалт уртсаж байгаа энэ үед хөрөнгө оруулалтын багцаа нэлээн том байлгаж, түүнээсээ удаан хугацаанд өгөөж хүртэхгүй бол нас хэвийсэн үедээ мөнгөгүй болох эрсдэл үүснэ гэсэн болгоомжлол нэмэгдэж буй.
Багц бүрдүүлэлтийн 60 хувь хувьцаа, 40 хувь бонд гэх уламжлалт харьцаа өдгөө үр дүнтэй хэвээр эсэх нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд мэтгэлцээний сэдэв болоод байгаа. Бондууд нь өндөр савлагаатай хувьцаануудаас хамгаалах хэрэгсэлд тооцогддог байсан ч 2022 онд хоёул зэрэг унасан юм. Тодруулбал уг стратегиар хөрөнгө оруулалт хийвэл хүртэх өгөөж 17 хувиар буурсан нь 2008 оноос хойших хамгийн өндөр дүн болжээ. Гэтэл 2023 онд 60/40-ийн өгөөж 17.2 хувиар эргэн өссөн байх жишээтэй.
Ихэнх хүмүүс хөрөнгө оруулалтаа аль болох энгийн, пассив байлгахыг эрмэлздэг. Энэ ч утгаараа тодорхой индекс дагадаг биржээр арилжаалагддаг сан буюу ETF-д хөрөнгө оруулах нь зардлын хувьд хамгийн үр дүнтэй стратеги байж болно.
Berkshire Hathaway-ийн Уоррен Баффет энэ арга барилыг удаан хугацаанд дэмжсээр ирсэн юм. Тэрбээр эхнэртээ өвлүүлэн үлдээх хөрөнгийг нь хэрхэн удирдах талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө өгсөн зөвлөгөөгөө 2013 онд компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд бичсэн захидалдаа дурдаж байв. Тэрхүү захидалд:
“Бэлэн мөнгөний 10 хувийг Засгийн газрын богино хугацаатай бондуудад, 90 хувийг S&P 500 индексийг дагадаг маш бага зардалтай ETF-д байршуул. Би Vanguard-ийнхийг санал болгоно. Энэ бодлогыг баримталж хөрөнгө оруулсны урт хугацааны үр дүн нь өндөр зардалтай менежерүүд ажиллуулдаг ихэнх хөрөнгө оруулагчдынхаас (тэтгэврийн сан, байгууллага, хувь хүмүүс) илүү байна гэдэгт би итгэж байна”
Хөрөнгө оруулалтын доод дүн нь 3,000 ам.доллар байдаг Vanguard 500 Index Fund Admiral Shares (VFIAX) сангийн зардлын харьцаа нь 0.04 хувь байгаа. Өөрөөр хэлбэл тус санд 10 мянган ам.долларын хөрөнгө оруулбал ердөө 4 ам.долларын зардал гарна гэсэн үг. Харин Vanguard S&P 500 ETF (VOO) нь 0.03 хувийн зардлын харьцаатай байна.
MMC-ийн хувьцааны уналт
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш 9.1 хувиар буурч, 2023 оны 12 дугаар сарын 21-нээс хойших доод цэгтээ хүрлээ. Ийнхүү MMC-ийн хувьцаа өнгөрсөн таван арилжаагаар нийт 15 хувиар унаснаар нэгж хувьцааны үнэ нь 6.91 хонконг доллар болсон байна. Сүүлийн арилжаагаар компанийн 901 мянган ширхэг хувьцаа арилжаагдсан нь 20 өдрийн дундаж идэвхээсээ 93 хувиар өндөр үзүүлэлт болжээ.
Гэхдээ MMC-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 137 хувиар өссөн бол ижил хугацаанд Hang Seng индекс 4.2 хувиар унаад буй. Сүүлд мэргэжлийн хөрөнгө оруулагч Vanguard фирм тус компанид эзэмшдэг хувьцаагаа хоёр дахин нэмэгдүүлж, 17,860,399 ширхэг болгосныг бид мэдээлж байв.
Импорт эрчимжсэн хэвээр
Монгол Улс оны эхний найман сарын байдлаар 18.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсныг ГЕГ мэдээллээ. Тайлант хугацаанд экспорт 10.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд нийт экспортын 57.7 хувийг чулуун нүүрс, 18.5 хувийг зэсийн хүдэр баяжмал эзэлсэн байна. Харин импорт 7.5 тэрбум болж, 26.1 хувиар өсөхөд өмнөх оноосоо 1.7 дахин нэмэгдсэн суудлын автомашины импорт гол жин даржээ.
Зөөлрөх цикл
Олон улсад мөнгөний бодлого зөөлрөх хүлээлттэй байгаа энэ үед Холбооны нөөцийн банкнаас урьтаж Европын Төв банк энэ пүрэв гарагт бодлогын хүүгээ дахин бууруулах төлөвтэй байна. VII сард хүүгээ анхлан бууруулж байсан Евро бүсийн бодлого тодорхойлогчдын хувьд энэ удаагийн шийдвэрээс гадна ирэх 12 дугаар сард бодлогын хүүгээ дахин 25 суурь нэгжээр бууруулж магадгүй гэж Bloomberg-ийн эдийн засагчид таамаглаж буй.
Селена тэрбумтнуудын эгнээнд
Өдгөө 32 настай Селена Гомез хүүхэд насандаа Disney Channel-ийн жүжигчин болон анх олонд танигдаж, хөгжмийн карьераа эхлүүлээд хожим өөрийн гоо сайхны брэндийг үүсгэн байгуулсан юм.
Өдгөө тэрбээр Emmy-ийн шагналд нэр дэвшсэн "Only Murders in the Building" цувралд тоглож байгаа. Энэ хугацаандаа Селена өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эрхмүүдийн нэг болсон байна.
Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харвал түүний нийт хөрөнгийн хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Хөрөнгийн дийлэнх хувь нь түүний нүүр будалтын бүтээгдэхүүний брэнд Rare Beauty Brands-тэй нь холбогдох аж.
Саяхан түүний дотнын найз, дуучин Тэйлор Свифт голчлон өөрийн уран бүтээл, аялал тоглолтын орлогоороо тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн. Харин Селена Гомез түүнээс ялгаатай нь өөрийн босгосон бизнесүүд, сошиал сүлжээн дэх олон сая дагагчийнхаа ачаар тэрбумтан болж байна.
Ердөө 10 жилийн өмнө видео тоглоом тоглоод 3 сая ам.доллароор шагнуулах байтугай цалин авах боломжтой талаар ч хүмүүс бодолцож байсангүй…
Ховор, цоо шинэ, үнэ цэнтэй мэргэжлээр ажиллаж буй залуусыг танилцуулдаг "Jobs" нэвтрүүлгийн эхний дугаарт IHC E-sport багийн тамирчдыг онцоллоо. Бүтнээр нь ЭНД дарж үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Citigroup: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль металлуудын үнийн уналтад нөлөөлж байна
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс VIII сард 0.3 хувиар эрчимжив
Онцлох чарт
Аж үйлдвэрийн гол түүхий эдүүдийн үнэд дарамт болж буй БНХАУ-ын сул эрэлтийн нөлөө даамжирч, төмрийн хүдрийн үнэ 2022 оноос хойш анх удаа тонн нь 90 ам.доллароос доош орж буурлаа. Энэ он гарсаар төмрийн хүдрийн фьючерс үнэ 30 гаруй хувиар унаад байгаа бол суурь металлууд болон түүхий газрын тосны үнэд сүүлийн долоо хоногуудад уналт давамгайлсан хэвээрээ байна.
Хайлуулах зууханд ган болон хувирдаг тус түүхий эдийн үнэ 1990-ээд оны сүүлээс 2024 оны эхэн үе хүртэлх хугацаанд бараг 10 дахин өссөн нь бусад түүхий эдүүдийг тоосондоо дарах үзүүлэлт юм. Гэвч 2021 онд 220 ам.доллар буюу бүх цагийн дээд түвшиндээ хүрч байснаасаа өдгөө 55 гаруй хувиар буураад байна. Энэ нь тус түүхий эдийн супер цикл төгссөнийг илтгэж буйг Bloomberg Opinion-ийн нийтлэлч Хавьер Блас онцолж байлаа.
Өнөөдрийн онцлох зураг
Хуванцрын хэлтэрхийнүүдийг дахин боловсруулахаар хатааж буй нь - Бангладеш, Дакка хот
Munir Uz Zaman/AFP/Getty