- Business newsletter
- Posts
- 2024/09/06
2024/09/06
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ОХУ жил бүр 60 мянган тонн онгоцны түлш, 1.8-1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн Монголд нийлүүлэхийг тус улсын Эрчим хүчний сайд мэдээлжээ.
Ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ний 2 хувьтай тэнцүү буюу 1.9 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгагджээ.
Эммануэль Макрон өмнө нь ЕХ-нд “Брексит”-ийн хэлцлийг хийж байсан Мишель Барньег шинэ Ерөнхий сайдаараа нэрлэлээ.
Ирэх оны төсөв
Засгийн газраас өргөн бариад буй 2025 оны төсвийн төслийг УИХ аравдугаар сарын 1-нд эхлэх намрын чуулганаар хэлэлцэж эхлэх юм. Төсөлд тусгагдсан онцлох тоонууд, зарцуулалтуудыг товчхон багцлая.
2025 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд, зардлыг 35.8 их наяд төгрөг байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл саяхан тодотголоор баталсан 2024 оны зардлаас 5 гаруй их наяд төгрөгөөр илүү буюу мөн л түүхэн том төсөв батлагдахаар байна. Ингэснээр 2025 оны төсвийн алдагдал ДНБ-ний 2 хувьтай тэнцүү буюу 1.9 тэрбум төгрөг байхаар тусгагджээ.
Мөн төсвийн орлогын гол хэсэг болох нүүрсний экспортын зорилт 2024 оныхоос нэмэгдэж 83.6 сая тонн байхаар төлөвлөгдсөн. 2023 оны түүхэн дээд хэмжээг даруй 17 сая тонноор нэмэгдүүлсэн уг зорилтоос гадна зэсийн баяжмалын экспорт мөн ихээхэн өснө гэж тооцоолсон. Ингэснээр төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого 31 хувийг бүрдүүлэхээр байгааг Сангийн яамны тооцоолол харуулж байна.
2025 онд төсвөөс хийгдэх шинэ хөрөнгө оруулалт 3.58 их наяд төгрөг байхаас 84 хувийг нь буюу 3 их наядыг зөвхөн зам, тээврийн салбарт, 9 хувийг нь дэд бүтэц орон сууцжуулалт, 7 хувийг нь эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. 2025-2028 онд 4,439 км авто зам шинээр тавихаар ЗГ үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаснаас гадна Тавантолгой, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцууд тэргүүтэй “Мега” төслүүдэд 36.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх урьдчилсан тооцоолол гаргажээ.
Сурроны асуудал
Сүүлийн хэдэн жилд УБ хотод эрс нэмэгдсэн скүүтер, суррон гэх мэт тээврийн хэрэгслүүд хэдий түгжрэлийг бууруулах ач холбогдолтой ч зориулалтын зам хангалтгүйгээс осол, гэмтлийн тоо өсөж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төв мэдээлж байна. Скүүтер, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тусламж үйлчилгээ 2023 онд 2,207 бүртгэгдсэн бол 2024 оны эхний долоон сарын байдлаар 2,300 болж, өмнөх оны үзүүлэлтээс аль хэдийн давжээ.
Эрэлт, хэрэгцээ нь байгаа болохоор энэ зах зээл цаашид өсөөд явах байх. Гол нь ЗГ-аас хууль, эрх зүйн зохицуулалт, хатуу дэд бүтцийн төлөвлөлт тал дээр дэмжлэг үзүүлбэл түгжрэл буурахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ.
ГЕГ-ын мэдээллээс харвал 2023 онд 4,625 ширхэг цахилгаан дугуй, суррон, мопед, скүүтэр импортолсон бол 2024 оны эхний долоон сард 7,116 ширхэгийг оруулж ирээд байгаа аж. Тиймээс эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг энэ чиглэлийн үүрэг бүхий ажлын хэсгийнхэн онцолж байв.
Эн тэргүүнд импортоор орж ирж буй суррон, скүүтерийг тээврийн хэрэгслийн аль төрөлд хамааруулж бүртгэхийг шийдэж, техникийн шаардлагуудыг тодорхой болгох нь зүйтэйг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Очирбат өгүүлсэн юм.
Онгоцны түлшийг ОХУ-аас
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай ЗГ хоорондын хэлэлцээр батлагдсан. Ингэснээр ОХУ жил бүр 60 мянган тонн онгоцны түлш, 1.8-1.9 сая тонн газрын тосны бусад бүтээгдэхүүн Монголд нийлүүлэхээр болж байгааг ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ сэтгүүлчдэд ярьжээ.
“Бид Монгол Улсын шинэ нисэх буудалд нийлүүлэгдэх онгоцны түлшийг 100 хувь хангах болно. Хоёр талдаа харилцан ашигтай байлгахын тулд тэнд байгуулагдах хамтарсан компанийг 60 хувь, 40 хувиар хуваан эзэмшихээр тохиролцсон” хэмээн тэрбээр онцолсон байна.
Хөрөнгийн захад
VIII сард МХБ-ээр 57.6 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх сараасаа 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тайлант хугацаанд 41.1 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдсан нь нийт арилжааны 71.3 хувийг бүрдүүлсэн байна.
Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдрөөс эхлүүллээ. Тус ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 120 хөрөнгө оруулагчаас 50 тэрбум төгрөгийн захиалга авсан юм.
Үндэсний компаниа хамгаална
Японы ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч Nippon Steel Америкийн US Steel-ийг 14.1 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хориг тавихаар төлөвлөж буй нь тодорхой болоод байна. US Steel-ийн хувьд хэлцлийг амжилттай болгоход хуулийн хүрээнд боломжит бүх хувилбаруудыг хэрэгжүүлэхээ мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногт эцсийн шийдвэр гарах бөгөөд хариу гарсан даруй Жо Байден хориг тавихаар төлөвлөж байгаа аж. Америкийн олон жилийн түүхтэй, нэр хүндтэй компани болох US Steel-ийг дотоодын бизнес эзэмшиж, үйл ажиллагааг нь явуулах ёстой хэмээн Жо Байден, Дэд ерөнхийлөгч Камала Харрис нар мэдэгдсээр ирсэн юм.
Мэдээлэл гарсны дараа US Steel компанийн хувьцааны ханш 17 хувиар буурсан нь 2017 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн огцом унасан дүн боллоо.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Бондын арилжааны идэвх дээд түвшинд дөхөж, ихэнх бондуудын өгөөж өсөв
Uber анх удаа бонд гаргаж, $4 тэрбумыг татав
SXCoal: Эцсийн хэрэглэгчдийн сонирхол буурч, Монголын нүүрсний арилжаа суларч байна
Онцлох чарт
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотой тогтворгүй байдал, мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хойш чангааж буй сорилтуудыг харгалзан JPMorgan банк Хятадын хувьцаануудыг худалдан авахыг дэмжсэн байр сууриасаа ухарчээ. Тус банкны Педро Мартинс тэргүүтэй стратегичид БНХАУ-ын хувьцааны зэрэглэлийг "Overweight" буюу өсөх төлөвтэйгөөс "Neutral" түвшин рүү бууруулсан байна.
Мөн АНУ болон БНХАУ-ын хооронд “худалдааны дайн” үүсэж болзошгүй нь хувьцааны үнэд сөргөөр нөлөөлж магадгүйг анхааруулж, Хятадын ЗГ-ын эдийн засгаа дэмжих арга хэмжээнүүд хүлээлтэд хүрэхгүй байгааг дурдсан байна. Хамгийн сүүлд Bank of America тус улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулснаар хөрөнгө оруулалтын бүх томоохон банкнууд БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө 5 хувьд хүргэх зорилтдоо хүрч чадахгүй гэж үзэх болов.
Эцэст нь товчхон
ҮСХ: Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин энэ оны II улиралд 58.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өсжээ. Харин ажиллах хүчний оролцооны түвшин II улиралд 62.2 хувь болж, 2.6 нэгж хувиар өссөн байна.
Өнөөдрийн онцлох зураг
Египет улсад болсон Олон улсын агаарын шоуны үеэрх БНХАУ-ын нисэгчдийн багийн үзүүлбэр
Khaled Desouki/AFP/Getty