- Business newsletter
- Posts
- 2024/09/05
2024/09/05
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Energy Resources найман дуудлага худалдаа дараалан III ангиллын коксжих нүүрсээ зарж чадаагүй байна.
Vanguard компани MMC-д эзэмшдэг хувьцаагаа хоёр дахин нэмэгдүүлжээ.
Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуаны хөрөнгө 10 тэрбум ам.доллароор буурчээ.
Нүүрсний үнийн сорилт
Сул эрэлт, хямдарсан үнэ, алдагдалтай ажиллагаа дэлхийн хамгийн томд тооцогдох БНХАУ-ын гангийн салбарыг хямралын гүн рүү улам түлхсээр байна. Хүндхэн өвөлтэй нүүр тулахаар байгаа тус салбарын сорилтуудын нөлөө эцсийн хэрэглэгчээс анхдагч бүтээгдэхүүний нийлүүлэгч хүртэл зах зээлийг бүхэлд нь хамарч, Монголын коксжих нүүрс экспортлогчдод аль хэдийн цохилт өгч эхэлжээ.
Дараалсан амжилтгүй арилжаанууд
Хятад дахь эцсийн хэрэглэгчид хэмнэлтийн горимд шилжсэнээр Монголын коксжих нүүрс олборлогчдод үнээ бууруулах шахалт нэмэгдэж, улмаар Монголын Хөрөнгийн биржид коксжих нүүрсний дуудлага худалдааны идэвх даган буурч, зарим тохиолдолд бүтэлгүйтэж байгааг SXCoal онцолжээ.
Тухайлбал Mongolian Mining Corporation-ийн 100 хувь эзэмшдэг Energy Resources компани IX сарын 3-нд МХБ дээр 19,200 тонн III ангиллын угаасан коксжих нүүрсээ тонн тутмыг нь 1,150 юаниас эхлэн санал болгосон ч худалдан авагч олж чадаагүй байна. Энэ нь тус компани VIII сарын дунд үеэс хойш найман удаагийн арилжаа дараалан дээрх ангиллын нүүрсээ зарж чадаагүй тохиолдол болжээ.
Өнгөрсөн сард тус компани III ангиллын нийт 230.4 мянган тонн нүүрсээ дуудлага худалдаанд оруулсан боловч ердөө 96 мянган тонн нь буюу 41.67 хувь нь амжилттай арилжаалагджээ. Зарагдсан нүүрсний дундаж үнэ тонн нь 1,162 юань байсан нь VII сард 1,200 юань байснаас буурсан дүн юм.
Сорилт сунжрах төлөвтэй
Сангийн яам шинэ төсөөлөлдөө энэ онд нүүрсний экспортын биет хэмжээг 78.1 сая тоннд хүргэхээр зорилт тавьж, уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого 9 орчим их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолоод байгаа. Хятадын гангийн үйлдвэрүүд хүнд нөхцөл байдлаас сэргэх дохио төдийлөн харагдахгүй байгааг харвал Монголын экспортлогчдод нүүрсний үнийн сорилт он дамнан үргэлжлэх эрсдэл байна.
SXCoal-ийн мэдээлснээр Ганцмод боомтод хүргэх нөхцөлтэй Монголын V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1,170-1,180 орчимд байгаа нь сарын дүнгээр 80-90 юаниар буурсан үзүүлэлт аж. Энэ долоо хоногт гангийн спот үнэ, гангийн бүтээгдэхүүний үнэ дахин унасан нь нүүрсний эцсийн хэрэглэгчдийн худалдан авах идэвхийг улам сулруулсан үйл явдал болжээ. Мөн агуулахын нөөцөө боломжийн түвшинд бүрдүүлээд буй коксын үйлдвэрүүд зөвхөн шаардлагатай тохиолдолд коксжих нүүрс нэмж худалдан авч байгаа аж.
БНХАУ-ын гангийн нийт хэрэглээ цаашид оргил цэгийнхээ 70-80 хувьтай тэнцэх түвшинд буурч, тогтворжих төлөвтэй хэмээн Bloomberg Intelligence-ийн шинжээчид таамагласан байна.
MMC-д дэмжлэг нэмэгдэв
Vanguard тэргүүтэй мэргэжлийн хөрөнгө оруулагчид II улиралд Mongolian Mining Corporation-д эзэмших хувьцаагаа нэмэгдүүлжээ. Тодруулбал Vanguard хувьцаа эзэмшлээ хоёр дахин нэмэгдүүлж, 17,860,399 ширхэг болгосон бол Dimensional Fund Advisors эзэмшлээ 9,051,927-оос нэмэгдүүлж 9,441,776 болгосон байна. MMC-ийн хагас жилийн борлуулалтын орлого, цэвэр ашиг тогтвортой байсны сацуу саяхан Moody’s, Fitch агентлагууд компанийн зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээгээд байгаа юм.
УИД-ийн ашиг өсөв
Улсын их дэлгүүр ХК энэ оны II улиралд 234.9 сая төгрөгийн ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ашгаа 91 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. 2024 онд түрээсийн орлогоо 10 хувь нэмэгдүүлсэн, II улиралд 2.2 тэрбум төгрөгийн орлоготой ажилласнаа тайландаа дурдсан байна. Компанийн хувьцааны нэгж хувьцааны ханш он гарснаас хойш 30 гаруй хувиар өсөж, сүүлийн нэг сарын хугацаанд 4,000 төгрөг орчимд хэлбэлзэж байгаа юм.
Хөрөнгийн захад
Гермес центр ХК 2024 оны эхний хагасын цэвэр ашгаасаа 981.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 12 төгрөг 50 мөнгөөр тооцон хуваарилах юм байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гаргасан ЭТТ бондын II транч, Инвескор ББСБ ХК-ийн гаргасан "Инвескор бонд 2.0"-ын V транчийн үндсэн төлбөр бүрэн төлөгдсөн тул холбогдох хуулиуд, биржийн дүрмийн дагуу дээрх өрийн хэрэгслүүдийг МХБ-ийн бүртгэлээс хассан байна.
$10 тэрбум баяртай
Мягмар гарагт Nvidia компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуаны хөрөнгө 10 тэрбум ам.доллароор буурч 94.9 тэрбум ам.доллар болжээ. 2016 онд тэрбээр Bloomberg-ийн тэрбумтнуудын индекст бүртгэлтэй болсноос хойш хөрөнгийн хэмжээ нь нэг өдөрт ийм их дүнгээр хорогдож байгаагүй аж. Хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрч чадаагүй тайланг танилцуулсны дараа Nvidia-ийн хувьцааны ханш 9.5 хувиар буурч, зах зээлийн үнэлгээнээс нь 278.9 тэрбум ам.доллар арчигдаад байгаа.
Халуун өдрүүд, Hello Kitty
Гадаах үйл ажиллагаа, тэр дундаа соёл амралтын хүрээлэн дэх тааламжтай байдлыг үгүй хийдэг хамгийн том хүчин зүйлс нь халуун цаг агаар, хүчтэй бороо.
Энэхүү мэдээжийн үйл явдлын улмаас Tokyo Disney Resort-ийг ажиллуулдаг Oriental Land Co-ийн хувьцаа огцом унажээ. Энэ зун хэт халалтаас гадна ширүүн аадар бороотой өдрүүд олон байснаас паркуудаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо татарч, тус компанийн хувьцаа он гарсаар 25 хувь унасан нь Nikkei 225 индекст сүүлээсээ долоодугаарт бичигдэх тааруу үзүүлэлт болсон байна.
Гэтэл Японд VII сард зочилсон гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч цаг агаарын байдлаас шалтгаалан тэдний сонголт өөрчлөгджээ. Дотор орчинд энтертайнмент үйлчилгээ санал болгодог газруудад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, дагаад тэдгээр компаниудын ашиг орлого, хувьцааны ханш ч өсөж байгаа аж.
Тэдний нэг нь Hello Kitty брэндийг эзэмшдэг Sanrio компани юм. Алдарт брэндээс сэдэвчилсэн хоёр битүү парк ажиллуулдаг тус компанийн хувьцааны ханш он гарсаар 93 хувиар огцом өсөөд байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
БНХАУ CO2-ийн ялгарлаар ч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр ч дэлхийд тэргүүлж байна
Volkswagen Герман дахь үйлдвэрээ хааж, ажилчдаа цомхотгох талаар хэлэлцэж байна
БНХАУ-ын үйлчилгээний салбарын тэлэлт саарч, эдийн засгийн хүндрэлийн эрсдэл нэмэгдэв
Онцлох чарт
Volkswagen компани ХБНГУ дахь үйлдвэрээ хааж, ажлын байрны цомхотгол хийх талаар хэлэлцэж байна. Дотооддоо ажлын байрны аюулгүй байдлыг чухалчилж ирсэн тус компанийн хувьд анх удаа үйлдвэрээ хаах болсон нь бодлогын томоохон өөрчлөлтийг харуулж байгаа юм.
Тус үйлдвэр нь жилд 14 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай ч өнгөрсөн онд есөн сая орчим автомашин үйлдвэрлэжээ. Цахилгаан автомашины зах зээлд тулгарч буй бэрхшээл, тэр дундаа БНХАУ-ын хэрэглэгчид дотоодын брэндүүдийг сонгох болсон зэрэг сорилтууд үүнд нөлөөлсөн байна.
Мөн Volkswagen-ийн 650 мянга гаруй ажилчдын 44 орчим хувь нь өндөр өртөгтэй Герман улсад ажиллаж буй ч автомашины борлуулалтынх нь 13 хувийг дотоодын зах зээл нь эзэлдэг байна.
Эцэст нь товчхон
БХБЯ: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас ЗГ-т үе шаттайгаар шилжүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцсон. Гэхдээ Монголбанкны активт багтаж байгаа ипотекийн зээлд олгосон санхүүжилтийг хэрхэн шилжүүлэх талаар хоёр талаас саналууд яригдаж байгаа аж.
ЗГ-ын хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 80 орчим хувийг хангана гэж тооцоолж байгаа.
Өнөөдрийн онцлох зураг
Парис-2024 паралимпын наадамд оролцож буй АНУ-ын хонхот бөмбөгийн шигшээ багийн тамирчид
Alex Davidson/Getty