- Business newsletter
- Posts
- 2024/09/04
2024/09/04
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийсэн айлчлалын үр дүн, яригдсан асуудлуудыг энэ дугаарт онцоллоо.
Goldman Sachs ирэх оны зэсийн үнийн төсөөллөө бараг 5000 ам.доллароор буурууллаа.
Иений ханшийн дахин нэг шок айсуйг T.Rowe-ийн шинжээч анхааруулж байна.
Чухал айлчлалын үр дүн
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын ихээхэн анхаарал дор Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, талууд эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
УЦС-ын төсөл урагшилна
Олон жил дуншсан Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцоллоо. Айлчлалын хүрээнд тус төслийн байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулжээ.
Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдлаа. Хэлэлцээрийн төслийг боловсруулах үеэр ОХУ-ын зүгээс ТЭЗҮ-д үндэслэн төслийн зураг төсвийн нийт өртөг 1 тэрбум 326 сая евро болно гэж тооцоолсон юм.
Цаашид ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаа бууруулахын тулд салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ эх үүсвэр барихаар ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгасан гэж ЗГХЭГ-ын дарга өмнө нь мэдээлж байв. 2025 оны төсвийн төсөлд нийт 3.5 их наядын шинэ хөрөнгө оруулалт хийхээр суулгаснаас 7 хувь нь эрчим хүчний салбарт зарцуулагдахаар байгаа юм. Ямартаа ч айлчлалын үр дүнд 56 жилийн настай ДЦС III-ыг дахин өргөтгөхөөр болсон бол 30 гаруй жилийн өмнөөс яригдаж буй V цахилгаан станцын төсөл мухардалд орсон хэвээр үлдэж байна.
В.Путины айлчлалаас олон улсын анхаарал татаж буй гол сэдвүүдийн нэг нь Монголын нутгаар дамжих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой байлаа. Уг төслөөр зөвхөн Оросын байгалийн хийг Монголоор дамжуулан экспортлох бус Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломжийг судалж байгааг В.Путин мэдэгдэлдээ онцолж байв. Төслийн загварчлалын баримт бичгүүдийг боловсруулж дууссан бөгөөд одоогоор байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь хийгдэж буйг тэрбээр мөн мэдээлсэн юм.
Манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаа гэдгээ илэрхийлье.
ОХУ Монголын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасаар байх болно. Мөн бид Оросын хамгийн орчин үеийн, аюулгүй технологид суурилсан цөмийн эрчим хүчний салбарт, тэр дундаа жижиг оврын реакторын төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй.
Хоёр талын худалдаа хэт тэнцвэргүй байдаг асуудал айлчлалын үеэр мөн сөхөгджээ. Тодруулбал хоёр улсын худалдааны баланс 3:97 харьцаатай бөгөөд 2023 онд л гэхэд ОХУ Монгол Улсын нийт экспортын ердөө 0.7 хувийг бүрдүүлсэн ч импортын 25.8 хувийг бүрдүүлжээ.
Тэгвэл уулзалтын хэлэлцээний хүрээнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Үр дүнд нь тус холбооны гишүүн оронд гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дурдсан.
ОУЭШ-ийн гишүүн оронд
Өөрийг нь баривчлах шийдвэр гаргасан Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүн оронд Владимир Путин ийнхүү айлчилж байгаа нь сүүлийн хэдэн өдрийн турш олон улсын хэвлэлүүдийн онцлох сэдэв байлаа. Тус шүүхийн зарчмын баримт бичиг Ромын Дүрэмд нэгдсэн орнууд Путинийг газар нутагт нь ирвэл баривчлах үүрэг хүлээж байгаа.
ОУЭШ-ийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийхдээ “Дүрэмд нэгдсэн талууд шүүхийн шийдвэрийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй” бөгөөд хамтарч ажиллаагүй тохиолдолд ОУЭШ-ийн зүгээс зохистой гэж үзсэн арга хэмжээг авах боломжтойг хэлж байв.
Олон улс судлаач Ч.Сумъяа бидэнтэй ярилцахдаа “Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхээс тодорхой хэмжээний зэмлэл хүртэх байх. Гэхдээ манай нөхцөл байдлыг ойлгож байгаа гэж харж байна” хэмээгээд, 2019 онд ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний нөхцөлтэй холбон Монгол Улс энэ айлчлалыг тайлбарлах боломж бийг мөн тодотгосон юм.
Украины дайн эхэлснээс хойш В.Путин олон улсын харилцааны чиглэлээ дорно зүг рүү түлхүү чиглүүлж буй нь түүний айлчлалуудаас харагдана. 2022 оноос хойш тэрбээр Беларусь, Азербайжаныг эс тооцвол зөвхөн Азийн улсуудад айлчлал хийжээ. Монгол дахь айлчлалынхаа дараа В.Путин Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.
Ойрын төлөв муудсаар
БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт тааруу байгаагаас Goldman Sachs ирэх оны зэсийн үнийн төсөөллөө бараг 5000 ам.доллароор бууруулж, тонн тутмыг нь 10,100 ам.доллар болголоо. Мөн энэ оны эцэст зэсийн үнэ 12 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байснаа 2025 он болгож хойшлуулсан байна. БНХАУ-д түүхий эдийн их хэмжээний нөөц хуримтлагдаад байгаа бөгөөд нөөцийг бууруулахад тус улсын эдийн засаг дэндүү сул байгааг тус банк онцолжээ.
Харин алтыг геополитик, санхүүгийн эрсдэлээс богино хугацаанд сэргийлэх хэрэгсэл гэж үзсэн байна.
Дахиад нэг шок айсуй
Энэ оны иений ханшийн огцом чангарлыг зөв таамаглаж байсан T.Rowe-ийн шинжээч Ариф Хуссейн иений дахин нэг шок айсуй гэж үзжээ. Хөрөнгө оруулагчид дөнгөж эхний шилжилтийн гэрч болсон бөгөөд Японд бодлогын хүү өссөнөөр “уул овоо шиг” мөнгөний урсгал тус улсыг эргэн чиглэж магадгүйг анзаарахгүй байна гэж тэрбээр онцолсон байна. Pimco Japan-ийн зүгээс Японы төв банк хамгийн эртдээ ирэх нэгдүгээр сард бодлогын хүүгээ дахин өсгөж магадгүй хэмээн үзэж, тус улсын ЗГ-ын урт хугацаатай бондуудад хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.
Хурд хүчний шинэ гайхамшиг
Aston Martin компани үнэ өртгийн хувьд ч, мөн хурд хүч, нэр хүндээрээ ч тус компанийн өмнө гаргасан бүх автомашинуудыг илүүрхэх Vanquish хэмээх шинэ загвараа Венецийн кино наадмын үеэр танилцууллаа.
Хоёр суудалт Coupe ангиллын шинэ Vanquish нь 823 морины хүч, 1000 ньютон метр хүчний момент бүхий 5.2 литрийн хос турбо V-12 хөдөлгүүрээр тоноглогджээ. Дийлэнх авто үйлдвэрлэгчид хөдөлгүүрийн хэмжээгээ жижгэрүүлж, эсвэл хайбрид болон цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү шилжээд байгаа ч 111 жилийн настай тус компани уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүрээ орхих бодолгүй байгааг энэ нь харуулж байна.
Vanquish хамгийн ихдээ 345 км/цагийн хурд авах чадалтай нь Aston Martin-ий өмнөх бүх загваруудаас хамгийн хурдан нь гэсэн үг юм. Тансаг автомашин үйлдвэрлэгчийн байр сууриа тодотгохоор зорьж буй тус компанийн автомашинуудын дундаж үнэ BMW-ийнхээс 4.5 дахин, Porsche-оос хоёр дахин өндөр байдаг. Харин Vanquish-ийн худалдаанд гарах үнэ тодорхой болоогүй ч компанийн энэ ангиллын бүх загваруудаас өндөр үнэтэй байх аж.
Боловсролын салбарт 2024 оны төсөв ДНБ-ий 5 хувьд хүрсэн ч PISA олон улсын үнэлгээгээр улсын боловсролын үзүүлэлт жигд хангалттай байсангүй. Үүний шалтгаан, Ерөнхий боловсролын системд хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүдийг хөндсөн “Гол сэдэв” нэвтрүүлгийн шинэ дугаарыг ЭНД дарж үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
СЯ: 2024 оны эцэст эдийн засгийн өсөлт 5.6 орчим хувьтай байх төлөвтэй
Японы зах зээл VIII сард хэр бужигнаантай байсныг илтгэх чартууд
БНСУ-ын инфляц 2 хувь болж саарснаар бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдэв
Онцлох чарт
Австралийн зүүн өмнөд хэсгийн салхин паркуудын цахилгаан үйлдвэрлэл сүүлийн өдрүүдэд нэмэгдсэнээр тус улсын эрчим хүчний тогтолцоонд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын нийлүүлэх эрчим хүч анх удаа 50 хувиас доош орсон байна.
Австрали улс насжилт өндөртэй дулааны цахилгаан станцуудаа орлуулахаар нар, салхины эрчим хүч рүү хурдтай шилжилт хийж буй нь дэлхийн дахины эрчим хүчний шилжилтийн туршилтын кейс болоод байгаа. Тус улсын нүүрснээс гаргах авах эрчим хүчний эзлэх хувь 2006 онд 87 хувь байсан бол өнгөрсөн онд 56 хувь болж буурч, харин нар, салхины эрчим хүчний эзлэх хувь 31 хувь болон нэмэгджээ.
Эцэст нь товчхон
Монголбанк наймдугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авсанаар оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Өнгөрсөн сард алт худалдан авах дундаж үнэ 267.8 мянган төгрөг байсан нь долоодугаар сараас 3.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
ЗГ: Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
Өнөөдрийн онцлох зураг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авах үеэр
Ерөнхийлөгчийн Тамгын газар