- Business newsletter
- Posts
- 2024/09/03
2024/09/03
Powered by:
Гурван өгүүлбэрээр
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин таван жилийн дараа Монгол Улсад айлчлал хийж байна.
Сингапурын Jebsen & Jessen компани Монголын MSM Group-ийн дийлэнх хувьцааг худалдан авлаа.
БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн гол үзүүлэлт дөрөв дэх сардаа дараалан агшсан дүнтэй гарав.
Анхаарлын төвд байх айлчлал
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 2019 онд хийсэн өмнөх айлчлалтай нь харьцуулбал геополитикийн маш эгзэгтэй үед хийгдэж буйгаараа онцлогтой уг айлчлалын өрнөл олон улсын анхаарлын төвд байх төлөвтэй. Хөтөлбөрийн хувьд 14:00 цагаас хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, дараа нь хамтарсан мэдээлэл хийх хуваарьтай.
Айлчлалын үр дүн, холбогдох үйл явдлуудыг экспертүүдийн байр суурь, эдийн засгийн агуулгаар баяжуулан “Мөнгөний Урсгал” товхимлын маргаашийн дугаараар багцлан хүргэх болно.
Драмаар дүүрэн сар
Сүүлийн олон арван жилд тохиогоогүй хамгийн огцом савлагаатай сарыг Японы зах зээл үдлээ. Иений ханш 38 жилийн доод цэгээсээ энэ оны хамгийн дээд цэгтээ хүрч чангарсан бол Японы хувьцаанууд 1987 оны уналтаас хойш байгаагүй түүхэн том уналтыг толилуулав.
Бондын арилжаанд ч мөн хэлбэлзэл огцом нэмэгдэж, Японы хэт зөөлөн бодлогын хүүгийн мөчлөг дуусгавар болсон энэ үед зөв тоглолт хийхээр хичээж буй хөрөнгө оруулагчдыг багагүй шалгав. Ингээд VIII сарын “драм”-ын дүр зургийг илэрхийлэх чартуудыг хүргэе.
Японы технологи, авто үйлдвэрлэлийн салбарын томоохон экспортлогчдыг багтаадаг Nikkei 225 Stock Average индекс өдрийн арилжааны дүнгээр тооцвол сүүлийн 34 жилийн хамгийн өргөн арилжааны далайц бүхий сарыг үдлээ. Гурван өдрийн дотор Nikkei болон Topix индексүүд тус бүр 20 хувиар унасан. Энэ нь Topix-ийн хувьд 1959 оноос хойш, Nikkei-ийн хувьд 1970 оноос хойших хамгийн огцом уналт болсон юм. Гэтэл сэргэлт нь ч мөн огцом байж, хоёр индексийн уналт VIII сарын эцсийн дүнгээр 3 хувь болон 1.5 хувь болж тогтворжоод байна.
Японы үндэсний мөнгөн тэмдэгтийн арилжаа мөн дутахгүй өндөр идэвхтэй байж, ам.доллар-иений хослолын VII сарын дээд, VIII сарын доод үзүүлэлт хоорондын зөрүү 13 хувьтай байлаа. Иений ханш Японы эдийн засгийн хөөсрөлтийн үеэс хойших хамгийн сул түвшнээсээ эргэн чангарч, улмаар “carry trade” хийдэг арилжаалагчдын гарах урсгал дэлхийн зах зээлийг бүхэлд нь шахуу уналтад хөтөлсөн юм.
Тогтмол өгөөжтэй хөрөнгийн зах зээлд Японы ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын фьючерсийн 20 өдрийн хэлбэлзлийн түвшин өнгөрсөн 10 жилийн дунджийг хол давав. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын Япон бонд худалдан авалт огцом нэмэгдэж, дөрвөн долоо хоногийн нийт худалдан авалтын дүн 2023 оны IV сараас хойших дээд цэгтээ хүрчээ.
MSM-ийн том хэлцэл
Сингапурт төвтэй Jebsen & Jessen Group Монголд үйл ажиллагаа явуулдаг MSM Group-ийн гол хувьцаа эзэмшигч боллоо. Энэ нь тус компанийн хувьд олон улсын бизнесийг худалдан авч буй долоо дахь хэлцэл нь болж байна. MSM ийнхүү Jebsen & Jessen-тэй нэгдсэнээр үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгджээ. Хоёр компанийн хэлцлийн үнийн дүн хараахан ил болоогүй, мөн MSM одоогийн нэр болон менежментийн дор үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэх юм байна.
1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй MSM Group нь “Оюутолгой” уурхайтай түншилдгээс гадна олон улсын 50 гаруй брэндийг Монголд борлуулдаг.
Сангийн яамны төсөөлөл
Сангийн яам макро эдийн засгийн шинэ төсөөлөлдөө Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 оны эцэст 5.6 хувь байхаар төсөөлжээ. Өсөлтийн гол хөдөлгөгч нүүрсний экспортын биет хэмжээг 78.1 сая тоннд хүргэхээр зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого 9 орчим их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ. Харин оны эцсээр эрчим хүч, дулааны тарифыг нэмэгдүүлбэл жилийн дундаж инфляц 6.5 хувь болж бага зэрэг өсөх хандлагатай гэж үзсэн байна.
Агшилт үргэлжлэв
Наймдугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн гол үзүүлэлт дөрөв дэх сардаа дараалан агшсан дүнтэй гарлаа. Тус улсын худалдан авалтын менежерийн индекс (PMI) 49.4 байсан долоодугаар сарын үзүүлэлтээсээ 49.1 болж буурсны зэрэгцээ. базаахгүй үзүүлэлттэй байсан орон сууцны борлуулалт улам муудсан байна.
Саадууд ийнхүү нэмэгдсээр байгаа тул БНХАУ-ын Засгийн газрыг эдийн засгийн өсөлтөө 5 хувьд хүргэх зорилтдоо хүрэхийн тулд нэмж арга хэмжээ авах хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна.
Урт хугацаанд харвал 2023 оны дөрөвдүгээр сараас хойших хугацаанд ердөө гурван сард нь дээрх индекс өссөн бол бусад саруудад нь агшжээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын нөлөөгөөр БНХАУ-ын бизнес болон хэрэглэгчдийн зарцуулалт буурч, 17 тэрбум их наяд ам.доллароор хэмжигддэг эдийн засагт нь томоохон хүндрэл учруулж байгаа юм.
Алт уу, мөнгө үү
Алтны үнийн тасралтгүй өсөлт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй ч мөнгөний үнэ шар металлыг өсөлтөөрөө гүйцээд байна. Мөн харьцангуй хямд байгаа мөнгөний үнэ алтнаас илүү өсөх орон зай байгааг зарим индикаторууд харуулж байгаа юм. Тухайлбал одоогоор 86 унц мөнгөний үнэ нэг унц алттай тэнцэж байгаа нь 20 жилийн дунджаасаа давсан үзүүлэлт болж байна.
Мөнгө нь нарны хавтан, цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ашиглагддаг гэдэг утгаараа аж үйлдвэрлэлийн металлд тооцогддог. Мөн алттай адил инфляцын эсрэг хеджинг болж чаддаг нь мөнгөний эрэлт илүү өсөх боломжтой байгааг илтгэж байна.
Боловсролын салбарт 2024 оны төсөв ДНБ-ий 5 хувьд хүрсэн ч PISA олон улсын үнэлгээгээр улсын боловсролын үзүүлэлт жигд хангалттай байсангүй. Үүний шалтгаан, Ерөнхий боловсролын системд хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүдийг хөндсөн “Гол сэдэв” нэвтрүүлгийн шинэ дугаарыг ЭНД дарж үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Ирэх оны төсөвт анх удаа гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд ₮6.9 их наядын санхүүжилт хийгдэнэ
Монголбанкны ачааг хөнгөлөхийн тулд ЗГҮЦ-ны зах зээлийг дахин эхлүүлэх шаардлага байна
Арабика кофены үнэ 2011 оны дээд түвшинд ойртлоо
Онцлох чарт
Хоёрдугаар улиралд дэлхийн чингэлэг тээвэрлэлтийн биет хэмжээ дээд үзүүлэлтээ эвдэж, салбарын ашиг бараг хоёр дахин нэмэгдсэнээр 10 тэрбум гаруй ам.доллар хүрсэн байна. Ашиг цаашид мөн эрчимтэй өсөх төлөвтэй гэж салбарын ахмад мэргэжилтэн Жон Маккаун онцолж байсан юм.
Эрэлт ялангуяа АНУ-д өндөр байлаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд тариф тогтоох, тээврийн ажилтнууд ажил хаях магадлалтай байгаагаас Америкийн жижиглэн худалдаачид бараагаа нөөцөлсөөр байна.
Эцэст нь товчхон
ҮСХ: 2024-2025 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх шатны нийт 2451 боловсролын сургалтын байгууллагад 1.3 сая орчим суралцагч хамрагдаж байгаа аж. Мөн энэ жил цэцэрлэгт 292 мянга гаруй хүүхэд хамрагдахыг Боловсролын сайд мэдээлсэн.
МХБ: Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн олон нийтэд санал болгосон “Инвескор ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100 хувь биелж хаагдлаа. Нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 500 мянган ширхэг ХБҮЦ-нд 120 хөрөнгө оруулагч захиалга өгсөн байна.
Өнөөдрийн онцлох зураг
Муссон салхины аадар борооны дараа Ганга мөрний усанд автсан Хиндү сүм - БНЭУ, Варанаси хот
Niharika Kulkarni/AFP via Getty