2024/09/02

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Дэлхийн Банк: Монголын хөрөнгийн захад Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг дахин эхлүүлэх шаардлагатай

  2. 2023 онд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 40 хувийг цэвэр эрчим хүч бүрдүүлсэн нь шинэ рекорд болжээ.

  3. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4,850 орчим чингэлэг байна.

ЗГ-ын үнэт цаас үгүйлэгдсээр

Засгийн газар дотоодын үнэт цаас гаргахаа зогсоож, оронд нь Төв банкны үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлаа санхүүжүүлж байгаа нь Монголбанкны санхүүгийн үзүүлэлт болон санхүүгийн бие даасан байдлыг сулруулж байгааг Дэлхийн Банк шинэ тайландаа онцолжээ.

Том зах зээл үгүй болсон

Berkshire Hathaway компанийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр Уоррен Баффет Засгийн газрын үнэт цаасыг “одоо байгаа хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт” хэмээн тодорхойлж байлаа. Энэ төрлийн үнэт цаасны хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг Berkshire 2024 оны эхний улирлын байдлаар 153 тэрбум ам.доллартой тэнцэх АНУ-ын ЗГ-ын бонд эзэмшиж байсан нь тус компанийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн 84 хувийг эзлэх дүн юм.

Тэгвэл Монгол Улсын ЗГ 2017 оноос эхлэн дотоодын үнэт цаас гаргахаа зогсоож, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гадаад эх үүсвэр болон Төв банкны богино хугацаат үнэт цаас гарган санхүүжүүлэх арга ашиглах болсон юм. СЗХ-ны мэдээллээс харвал 2014 оны XI сард хөрөнгийн биржээр ЗГ-ын жижиглэнгийн үнэт цаасыг арилжаалж эхэлснээс хойш 2017 он хүртэл 1.4 их наяд гаруй төгрөгийн дүн бүхий ЗГҮЦ-ыг анхдагч зах зээл дээр арилжаалж байжээ.

Энэ том зах зээл үгүй болсноор эн тэргүүнд долларжилтыг тогтоон барих гол хэрэгсэл бас үгүй болов. 2022-2023 онд төгрөгийн хадгаламж огцом буурч, эсрэгээрээ өнгөрсөн оны III сард валютын хадгаламжийн үлдэгдэл бараг 40 хувиар өсөж, 6 их наяд төгрөгт хүрснээр санхүүгийн системд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байлаа.

Мөн одоо хөрөнгийн захын зохицуулагч байгууллагуудын тархийг гашилгаж буй гадаадын, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах асуудлын нэг гарц нь ЗГҮЦ байж болохыг бид харсан. Анх МХБ-ээр ЗГ-ын бонд гарч байхад гадаадын хөрөнгө оруулагчдын эзлэх хувь дөнгөж 2 хувь байсан бол 2017 он гэхэд 40 хувь болж нэмэгдсэнийг МХБ-ийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай онцолж байв.

Төв банканд ирсэн ачаа

ЗГҮЦ-ны хоосорсон орон зайг нөхөхийн тулд Монголбанк нь Төв банкны үнэт цаасыг банкнуудад их хэмжээгээр гаргах шаардлагатай болж, улмаар ТБҮЦ-ны үлдэгдлийн хэмжээ Сангийн Яамны 2017 оноос өмнө гаргасан дотоод үнэт цаасны хэмжээнээс давсан байна. Үүний зэрэгцээ гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк арилжааны банкнуудад валютын своп хэлцэл хийх боломж олгосон юм.

Ийнхүү Монголбанкны үнэт цаас гаргах хөтөлбөрийг өргөтгөхтэй холбоотой хүүгийн зардал нэмэгдсэн нь Монголбанкны санхүүгийн үзүүлэлтүүдэд ихээхэн дарамт болж эхэлснийг Дэлхийн Банк VII сард гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн бодлогын голлох зөвлөмжүүд” тайландаа онцолжээ.

ТБҮЦ-нд холбогдох хуримтлагдсан алдагдал нь улсын төсөвт учирч болзошгүй өр төлбөр тул хэзээ нэгэн цагт Засгийн газрын зүгээс Монголбанкийг дахин хөрөнгөжүүлэх шаардлагатай болох аж. Тиймээс Сангийн яам нь жишиг өгөөжийн муруйг бий болгоход дэмжлэг үзүүлэхийн тулд Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг дахин эхлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Мөн гадаад валютын зах зээлд хийгдэж буй дийлэнх гүйлгээнд оролцогч тал болж, мөн ипотек гэх мэт төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Монголбанкны үндсэн бус хөрөнгө, өр төлбөр их хэмжээгээр нэмэгдэх шалтгаан болж буйг анхааруулсан байна. Өргөн хүрээгээрээ Монголбанкны хараат бус байдал, засаглал, хяналт шалгалт хийх эрх мэдлийг бэхжүүлэх нь банкны салбарын эмзэг байдлыг шийдвэрлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэж дүгнэжээ.

Fitch-ийн дүгнэлт

Mongolian Mining Corporation-ийн борлуулалт голчлон 10 худалдан авагчдад төвлөрдөг байсан бол энэ хамаарал 2023 оны байдлаар 54 хувь болж буурсан байна. Энэ нь 2019 оны 93 хувьтай харьцуулахад хамаагүй сайжирсан үзүүлэлт болсон гэж Fitch Ratings дүгнэжээ. Тус агентлагаас MMC компанийн зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” гэж үзээд байгаа юм. Гэхдээ компанийн бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид БНХАУ-д хэт төвлөрсөн байдаг нь тус улсын эдийн засагт болон зохицуулалтын орчинд гарах өөрчлөлтөд хэт эмзэг болохыг анхааруулжээ.

Сайн цаг айсуй?

Өнгөрсөн онд ам.долларын эсрэг 1 орчим хувиар чангарч байсан төгрөгийн ханш он гарсаар дахин 0.9 хувиар чангараад байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах цаг ойртож байгаа дохиог зах зээлд өгснөөр энэ сард ам.долларын ханш суларч, бусад голлох валютуудын ханш сэргээд байгаа. VIII гарснаас хойш Bloomberg Dollar Spot Index бараг 2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах таамаг гарч эхэлснээс хойших хамгийн огцом уналт болж байна.

Ингэснээр зах зээлд АНУ-ын бондын өгөөж буурч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд удааширна гэсэн болгоомжлол багасаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид гадаадад өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхэд түлхэц болох нь дамжиггүй.

Тодотгол батлагдаж, хаалтаа хийв

УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 81.7 хувь нь дэмжиж, төсвийн тодотгол эцэслэн батлагдлаа. Ингэснээр 2024 оны төсвийн зардал 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 30.5 их наяд төгрөгт хүрч байна. Мөн чуулганы сүүлийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн харьяанд байсан Тавантолгой түлш ХХК-ийг төрийн өмчөөс нийслэлийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж, намрын чуулганаар шийдвэрлэхээр хойшлуулав.

“Ажил дээрээ л бай”

Тэрбумтан Крис Эллисоний уул уурхайн компанийн ажилтнууд гэрээсээ ажиллах боломжоо хориглуулаад байгаа. Ингээд зогсохгүй тэд кофе авахаар оффисоосоо гарах эрхгүй ч болж магадгүй байна.

“Би ажилтнуудаа өдрийн турш ажил дээр нь хорих хүсэлтэй. Ажлын байрнаас нь гаргамааргүй байна. Кофе авахаар гудамжаар алхахыг нь зөвшөөрмөөргүй байна. Энэ бүхнээс ямар их үргүй зардал гардгийг бид хэдхэн жилийн өмнө тооцоолсон” хэмээн Австралийн Mineral Resources компанийн Гүйцэтгэх захирал Эллисон өнгөрсөн пүрэв гарагт компанийнхаа тайланг танилцуулах үеэр ярьжээ.

Дотроо кофе шоп, ресторан, фитнесс заал, хүүхдийн өдөр өнжүүлэх, амрах өрөө, алжаал тайлах төвтэй Перт хот дахь төв оффисоо Эллисон ажиллахад ямар таатай орчин болохыг магтаж байлаа. Энэ жил 67 настай, уул уурхайн салбарын ахмад зүтгэлтэн тэрбээр ажилтнууд нь энэхүү барилга дотор ажиллах дуртай, сэтгэл нь татагдсаар байдаг хэмээсэн юм.

“Би гэрээс нь ажиллуулахгүй байх бодлого барьдаг. Үүнийг бүгд даруй ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна. Бид долоо хоногт гурван өдөр ажиллаад тав хоногийн цалин авдаг ажилтнуудтай байж таарахгүй” хэмээн тэрбээр өгүүлж байв.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • АХБ: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оновчтой бодлого гаргахад дата мэдээлэл хомс байна

  • Экспорт нь эрчимжсэнээр Gazprom-ийн цэвэр ашиг 3.5 дахин өсөв

  • Nvidia-ийн ашгийн маржин 50 хувиас дээш хэвээр ч хөрөнгө оруулагчдын таалалд нийцсэнгүй. Юу болов?

Онцлох чарт

2023 онд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 40 хувийг нүүрстөрөгчийн ялгаралгүй эрчим хүч бүрдүүлж, шинэ дээд цэгтээ хүрснийг BloombergNEF тооцоолжээ. Тухайлбал усны эрчим хүч 14.7 хувь, нар болон салхины эрчим хүч 13.9 орчим, цөмийн эрчим хүч 9.4 хувийг бүрдүүлсэн байна.

BNEF-ийн тайлангаас харахад 2023 онд эрчим хүчний шинээр суурилагдсан нийт хүчин чадлын 91 гаруй хувийг нар болон салхины эрчим хүч хангасан нь өнгөрсөн жилийнхээсээ 83 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин нүүрс, байгалийн хий зэрэг шатах түлш нь шинэ бүтээн байгуулалтын дөнгөж зургаан хувийг эзэлж буй нь бүх цаг үеийн хамгийн бага дүн болжээ.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний төслүүд оны эхний хагаст 313 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт татсан нь өнгөрсөн оны мөн үетэй ижил байгаа аж. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбар 2024 онд өмнөх амжилтаа бататгах төлөвтэй байгааг харуулж байна.

Эцэст нь товчхон

ЕТГ: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины есдүгээр сарын 3-нд Монгол Улсад хийх айлчлалаар хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

МТЗНХ: VIII сарын 29-ний байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 9,700 TEU буюу 4,850 орчим чингэлэг байна.Мөн Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-120 хонож гарч байгааг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэв.

Өнөөдрийн онцлох зураг

Шатаах зуухыг хянаж буй гангийн үйлдвэрийн ажилтан - Запорожье, Украин

Julia Kravchenko/Bloomberg