- Business newsletter
- Posts
- 2024/08/30
2024/08/30
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Nvidia-ийн тайлан шинжээчдийн төсөөллийг дахин эвдсэн ч хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрч чадсангүй.
БНХАУ энэ оны эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэх зорилтдоо хүрч чадахгүй гэж UBS банк үзэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Монголд айлчилна.
Nvidia-ийн эргэн тойронд
Nvidia компани шинжээчдийн төсөөллийг бүхий л хэмжүүрээр эвдсэн дахин нэг гайхалтай улирлын тайлангаа танилцууллаа. Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдын таалалд нийцсэнгүйг бололтой, тайлан танилцуулсны дараа хувьцааны ханш нь 8 хувиар унав. Юу болов?
“Эрхэлсэн” хөрөнгө оруулагчид
Технологийн салбарын тайлангуудаас хамгийн их хүлээлт үүсгэдэг нь болоод буй Nvidia-ийн улирлын тайлан өчигдөр танилцуулагдлаа. VII сарын 28-наар эцэслэгдсэн санхүүгийн II улиралд тус компанийн борлуулалтын орлого 130 хувиар өсөж, 30 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харьцуулбал шинжээчдийн дундаж төсөөлөл 28.9 тэрбум ам.доллар байлаа.
Харин компани тайлангаа танилцуулахдаа III улирлын борлуулалтын орлого нь 32.5 тэрбум ам.доллар орчим байх төлөвтэйг дурдсан нь хөрөнгө оруулагчдад сэтгэгдэл төрүүлж чадсангүй. Хэдий шинжээчдийн дундаж төсөөлөл 31.9 тэрбум ам.доллар байсан ч зарим тооцоолол бүр 37.9 тэрбумд хүрч байлаа.
Үүнээс гадна Nvidia-ийн дараагийн “саалийн үнээ” болох хүлээлттэй “Blackwell” чипийн үйлдвэрлэлд тооцоолоогүй сорилтууд учирч буйг хүлээн зөвшөөрсөн нь байдлыг хүндрүүлжээ. Зах зээлд ноёлж буй Nvidia-ийн хиймэл оюунт процессорын дараагийн үеийн нийлүүлэлт саатаж болзошгүй болгоомжлол үүссэн нь компанийн хувьцаа 8.4 хүртэлх хувиар унахад нөлөөлсөн байна. Гэхдээ өнгөрсөн онд 239 хувиар өсөж байсан Nvidia-ийн хувьцаа энэ он гарсаар мөн л өлхөн хоёр дахин өсчихөөд байгаа юм.
Улирал бүрд төсөөлөл эвддэг шуургалсан өсөлтөд нь дассан хөрөнгө оруулагчдын хүлээлт хэтэрхий өндөр, тогтвортой бус байгааг шинжээчид тодотгож байна. Тэр дундаа ашгийн маржин 50 хувиас дээш буюу S&P 500-ийн дунджаас тав дахин өндөр хэвээр байгаа тул хэний ч санааг зовоохооргүйг Bloomberg-ийн Жон Аутерс бичжээ. Гэтэл компани нийт борлуулалтынхаа 50-иас дээш хувийг ашиг болгон үлдээж байхад хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун бус байгаа нь хиймэл оюуны халуурал оргилдоо хүрээд буурч эхэлсний дохио байж бас болох аж.
Оргилдоо хүрсэн үү?
Сүүлийн хэдэн сарын хугацаанд мэдээллийн хэрэгслүүд дээрх хиймэл оюуны тухай мэдээний тоо буурсаар иржээ. Bloomberg News Trends-ийн үзүүлэлтээс харвал өнгөрсөн XI сард Nvidia-ийн тайлан болон OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн ажлаасаа түр хугацаанд халагдсан драм давхцах үед хиймэл оюуны мэдээлэлд чиглэсэн сонирхол оргилдоо хүрч байжээ.
Financial Insyghts-ийн судалсан өөр нэг индикатор байгаа нь Super Micro Computer, MicroStrategy зэрэг илүү спекулятив шинжтэй хөрөнгө оруулалт голлодог, сэтгэл хөдлөл дагасан савлагаа ихтэй хувьцаанууд аж. Тэдгээрийн ханш өнгөрсөн хавар оргилдоо хүрснээс хойш бүгд 20-иос илүү хувиар унаад байна.
Гэхдээ энэ нь Nvidia-ийн “хөөс” мөн хагарах гэж байна гэсэн үг биш болохыг Аутерс онцолжээ. Харин Холбооны нөөцийн банкны бодлогын хүү буурахтай зэрэгцэн энэ халуурал намжиж, спекулятив хөөс арилбал Nvidia-ийн өсөлт улам “эрүүлжиж” магадгүй аж.
Женсен юу гэв?
Санаа зовоосон “Blackwell” чипийн нийлүүлэлт компанийн үйлдвэрлэл эрчээ авсны дараа хангалттай түвшинд хүрэхийг Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Bloomberg TV-д өгсөн тусгай ярилцлагадаа онцоллоо. “Шинэ чипийн нийлүүлэлт их, бүр маш их байх болно. Тэгэхээр бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой болно” гэсэн байна. Мөн дэлхийн дата төвүүдийн хоцрогдсон технологийг шинэчлэхэд нэг их наяд ам.доллароор хэмжигдэх тоног төхөөрөмж шаардагдана гэж үзжээ.
Японы ЗГ-аас олон тэрбум ам.долларын санаачилгаар компаниудаа санал болгосон. Интернэт болон харилцаа холбооны компаниудаа санал болгож, хиймэл оюуны дэд бүтэцэд нь хөрөнгө оруулахыг уриалж байсан. Канад, Их Британи, Франц, Итали зэрэг олон орнууд энэ байдлаар дотоодын дата төвүүдэд нь хөрөнгө оруулахыг уриалж байна. Ингэснээр тэд өөрсдийн хиймэл оюуны дэд бүтцээ бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Мэдлэг туршлага, дижитал дата бол үндэсний баялгийнх нь нэг хэсэг гэдгийг тэд ойлгож байна.
В.Путин ирнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлахаар болсныг Кремлийн хэвлэлийн алба албан ёсоор зарлажээ. Тус мэдэгдэлд “В.Путин Халхын голд Японы милитаристуудыг Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин ялсны 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох зорилготой” гэж дурджээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, санал солилцохоос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай мөн уулзана гэж TASS агентлаг мэдээлсэн байна.
Хөрөнгийн захад
МХБ-ийн ТОП-20 индекс пүрэв гарагийн арилжаагаар 2.11 хувь өсөж, 49,469 нэгжид хүрснээр арилжааны 18 өдрийн дээд түвшинд хүрлээ. Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн хувьцааны ханш 7.98 хувиар, МХБ ХК-ийнх 8.6 хувиар тус тус өссөн нь жишиг индексийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
МХБ-ийн хоёрдогч зах зээлээр сүүлийн 30 орчим жилийн хугацаанд нийт дөрвөн тэрбум ширхэг үнэт цаасыг 2.5 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Үнийн дүнгийн дийлэнх буюу 68 хувийг хувьцааны арилжаа бүрдүүлснээс гадна 4.7 сая ширхэг компанийн бонд мөн арилжаалагдсан байна.
5% өсөлт хол байна
Швейцарын UBS банк БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал эдийн засгийн өсөлтийг хойш татсан хэвээр байгаа тул дотоодын нийт бүтээгдэхүүн нь энэ онд 4.6 хувиар өснө гэж үзэж, өмнөх төсөөллөө 0.3 хувиар бууруулжээ. Бусад томоохон банкнууд ч БНХАУ энэ оны эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэх зорилтдоо хүрч чадахгүй гэж таамаглаж байна. Тухайлбал JPMorgan БНХАУ-ын эдийн засаг 4.6 хувиар өснө гэж таамагласан бол Nomura 4.5 хувь гэж тооцоолжээ.
Солонгын өнгөт Rolex
Rolex брэндийн Rainbow Daytona хэмээх солонгорсон өнгөтэй бугуйн цагны анхны загвар дуудлага худалдаанд 3.5 сая гаруй ам.доллар хүрч магадгүй байна.
1990-ээд онд бүтээгдсэн уг загвар XI сарын 8-нд Женев хотод дуудлага худалдаанд орно. Харин дуудлага худалдааг зохион байгуулах Phillips компани бугуйн цагны үнийн баримжааг тогтоохгүй байхаар шийдсэн ч 3.5 сая гаруй ам.доллароор зарагдаж магадгүй гэж таамаглажээ.
Цар тахлын үед тансаг бугуйн цагны эрэлт урьд өмнөхөөсөө өссөн. Гэвч өдгөө өндөр инфляцаас үүдэн эрэлт буурч, тансаг бугуйн цагны салбарт хүндхэн үе тохиогоод байгаа энэ үед уг дуудлага худалдаа зохиогдох гэж байгаа нь анхаарал татаж байна.
“Bloomberg: Хэргийн мөрөөр” шинэ дугаарт бага насны хүүхдүүдтэй Roblox-оор танилцан, хүчээр авч явж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргүүдийг сурвалжлав. Өдөрт 77 сая хүн тоглодог энэ платформын идэвхтэй хэрэглэгчдийн 40% нь 13-аас доош насныхан буй.
Баасан гарагт 22:30, Бямба гарагт 16:00, Ням гарагт 19:30 цагуудаас хүлээн авч үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Ам.долларын ханш суларч буй нь бараг бүх улсын хувьд сайн мэдээ
BYD борлуулалтын орлогын 50 хувиа гадаад зах зээлээс бүрдүүлнэ
Далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын газрын тосны экспорт сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрэв
Онцлох чарт
Тэрбумтан Уоррен Баффетын Berkhire Hathaway АНУ-ын технологийн бус салбараас 1 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээг давсан анхны компани болж түүхэнд бичигдлээ. Небраска мужийн Омахад төвтэй тус компанийн хувьцааны ханш лхагва гарагт 0.9 хувиар өссөнөөр ийнхүү Alphabet, Meta зэрэг технологийн цөөхөн аваргууд ноёлдог "1 их наядын клуб"-т нэгдэж байна.
Эдийн засгийн өөдрөг төсөөлөл, тэр дундаа Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт Berkshire-ийн өсөлтөд түлхэц болж, улмаар хувьцааны ханш нь он гарсаар 30 хувиар өсөж, S&P 500 индексийн өсөлтийг эрчээрээ даваад байгаа.
Эцэст нь товчхон
Fitch Ratings агентлаг Mongolian Mining Corporation компанийн зээлжих зэрэглэлийг B түвшинд хэвээр хадгалж, төлөвийг тогтвортой гэж үзэж байна. Мөн анхүүгийн үзүүлэлтийн хувьд MMC-ийн ашгийн маржин 2024-2027 оны хооронд бага зэрэг буурах хэдий ч 40%-иас өндөр буюу харьцангуй сайн байна гэж таамагласан байна.
Өнөөдрийн онцлох зураг
Жил бүр зохиогддог “Tomatina” баярын үеэр улаан лоолиор байлдсан бүсгүйчүүд - Испани, Буньоль хот
Jose Jordan/AFP/Getty