2024/08/29

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Mongolian Mining Corporation-ийн оны эхний хагасын орлогын тайланг энэ дугаарт онцоллоо.

  2. Дэлхийн банк: Монголд сүүлийн 20 жилд бага цалинтай ажлын байрууд хамгийн ихээр бий болсон.

  3. Energy Resources of Australia шинэ санхүүжилтдээ Rio-ийн дэмжлэгийг авсан ч хувьцаа нь 53 хувиар унав.

MMC эхний хагаст

Монгол Улс энэ онд нийт 75 сая тонн нүүрс экспортолж, өмнөх оны дээд үзүүлэлтээ шинэчлэх төсөөллийг Сангийн яам гаргаад байгаа. Тэгвэл Монголын угаасан коксжих нүүрсний хамгийн том экспортлогч Mongolian Mining Corporation 2024 оны эхний хагаст ямар үзүүлэлттэй ажилласныг харцгаая.

Ашиг ялимгүй буурав

Оны эхний хагаст тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтвортой, өмнөх оны сайн үзүүлэлтүүдээ хадгалсан гэж болохоор байна. Тайлант хугацаанд MMC нийт 541.1 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин цэвэр ашиг нь 133 сая ам.доллар гарч, өмнөх оныхоос 3.6 саяар буурсан байна.

Мөн нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ нь өмнөх оны мөн үед 0.1311 ам.доллар байснаасаа 0.1205 ам.доллар болж буурчээ.

MMC нь Өмнөговь аймаг дахь Ухаа худаг, Баруун наран уурхайнуудыг эзэмшиж, олборлолт хийхийн сацуу бүтээгдэхүүнийхээ боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт, маркетингийг өөрсдөө хийдэг бүрэн интеграцлагдсан үйл ажиллагаатай гэдгээрээ онцлог. Оны эхний хагаст компани 8.4 сая тонн түүхий нүүрс олборлож, 4.7 сая тонн нүүрс боловсруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс аль аль нь 0.4 хувиар өссөн дүн болж байна.

Хэлцлүүд ба эрсдэл

Худалдан авалт, арилжааны үйл ажиллагааны хувьд MMC эхний хагаст хоёр томоохон хэлцэл хийсэн.

  • I сард компани “Баян Хөндий” төслийн олборлолтын лицензийг эзэмшдэг Эрдэнэ Монгол компанийн 50 хувийг эзэмших болсноор алт олборлолтын салбарт хөл тавиад байгаа. “Баян Хөндий” уурхайн бүтээн байгуулалтын явц одоогоор үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны II улирлаас олборлолтоо эхлүүлэх хүлээлттэй байна.

  • II сард өөрийн охин компани болох Khangad Exploration-ийн 20 хувийг БНХАУ-ын тээвэр логистикийн Jiayou International Logistics компанид 88.8 сая ам.доллароор худалдахаар болов.

MMC-ийн уурхайнуудын насжилт харьцангуй залуу, бүтээгдэхүүний үнийн хувьд өрсөлдөх чадвартайгаас гадна хөрөнгийн хөрвөх чадвар, зээлийн хөшүүрэг нь сайн байгааг үнэлгээний Moody’s агентлаг хэдхэн хоногийн өмнө тус компанийн зээлжих зэрэглэлийг B3 түвшинд хэвээр хадгалахдаа онцолж байлаа. Мөн коксжих нүүрсний үнэ доогуур байгаагаас шалтгаалан MMC-ийн орлого 2024 онд 10 орчим хувиар буурна гэсэн төсөөлөл гаргасан юм.

Харин компанийн хэт төвлөрсөн үйл ажиллагаа, хөгжиж буй зах зээлд тулгардаг эрсдэл, нүүрстөрөгчийн бага ялгарлын шилжилтийн эрсдэлүүдэд өртөмтгий байдал нь зээлжих зэрэглэлийг нь ахиулахад саад болж буйг дурдаж байв.

Газрын тосны үйлдвэрийн явц

Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-01 буюу технологийн бус дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг 100 хувь дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Ус, цахилгаан хангамжийн систем, засвар-механикийн цех, лаборатори, агуулах зэрэг нь бүтээн байгуулалтын уг үе шатанд багтсан аж. Энэтхэг улсын Экспорт, импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн тус төсөл 2026 онд бүрэн ашиглалтад орох хүлээлттэй байгаа.

Сахил хүртээд шал дордов

Австралийн уран олборлогч Energy Resources of Australia компанийн нэмэлтээр гаргаж буй хувьцаануудыг Rio Tinto компани маш хямдралтай үнээр худалдан авахаар тохиролцоод байгаа. Үүнд зах зээлийн хариу үйлдэл огцом байж, ERA-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар 53 хувиар унав. Тус компанийн 86.3 хувийг Rio Tinto эзэмшдэг бол үлдсэн хувьцаа нь Австралийн Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг аж.

Саяхан тус компани уурхайн нөхөн сэргээлтийн санхүүжилт босгох зорилгоор 880 сая австрали долларын хувьцаа нэмж гаргахаар болсноо зарласан юм. Түүнээс хойш 90 гаруй хөрөнгө оруулагчтай холбогдсон боловч хэлцлүүд нь амжилтгүй болж, эцэст нь зөвхөн Rio тус компанийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Rio Tinto-ийн зүгээс компанийн нэмж гаргасан хувьцаа тус бүрийг 0.002 австрали доллароор үнэлж, нийт 760 сая австрали долларын захиалга өгчээ. Энэ нь ERA-ийн хувьцааны таван өдрийн жигнэсэн дундаж үнээс 87.8 хувиар хямд үнэ болж байгаа юм.

$55 тэрбум баяртай

Маш хямд бараа, өргөн далайцтай сурталчилгаагаараа олонд танигдсан цахим худалдааны Pinduoduo компанийн хувьцааны ханш 29 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 55 тэрбум ам.доллароор буурсан нь БНХАУ-ын эдийн засаг базаахгүй хэвээр байгааг илтгэж байна. Тус компанийн II улирлын орлого тун тааруухан байж шинжээчдийн таамагт хүрээгүй юм.

"Худалдан авагчдын эрэлт хувьсаж, өрсөлдөөн ширүүсэж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа зэрэг олон сорилтуудтай тулгараад байна" гэж тус компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Колин Хуан мэдэгдэлдээ дурдсан байна. Хэдий тийм боловч БНХАУ-д хэрэглэгчдийн зарцуулалт цаашдаа эргэн сэргэнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Сүүлийн 20 жилийн хугацаанд шинээр үүссэн ажлын байрны дийлэнх нь харьцангуй бага цалинтай салбаруудад бий болсон нь анхаарал татсан үзүүлэлт болж байна. Тухайлбал 2010-2020 оны хооронд шинээр бий болсон ажлын байрны 60 орчим хувь нь голч цалингаас доогуур цалинтай салбаруудад ногдож буйг Дэлхийн банкнаас өнгөрсөн сард гаргасан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн голлох зөвлөмжүүд" хэмээх тайлан харуулж байна.

Мөн өндөр цалинтай ажлын байр бий болгож буй уул уурхай, барилгын салбарууд шинэ ажлын байрны гол эх үүсвэр болж чадахгүй байгаа аж.

Өнөөдрийн онцлох зураг

Air Canada-ийн нисгэгчид ажил хаялт зарлахаар сүрдүүлж, Торонтогийн нисэх буудлын гадна жагсаж буй нь

Cole Burston/Bloomberg