- Business newsletter
- Posts
- 2024/08/28
2024/08/28
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Улс орон бүрт жилийн орлого хэд байвал аз жаргалтай амьдрах боломжтойг тооцоолсон судалгааг энэ дугаарт онцоллоо.
Монголын Хөрөнгийн бирж ХК-ийн хагас жилийн цэвэр ашиг 8.5 дахин өсжээ.
Австрали улс цагаачлалыг хумихаар гадаад оюутнуудын тоонд хязгаар тогтоов.
Жилд ₮126 саяыг олдог бол…
“Мөнгө аз жаргалын хэмжүүр үү?”, “Хэр хэмжээний мөнгөтэй байж аз жаргалтай амьдрах вэ?”, “Монголд сайхан амьдрахад сарын цалин хэд байх хэрэгтэй вэ?” зэрэг асуултууд нь субъектив шинжтэй тул яг таг хариулт олоход хэцүү. Тэгвэл аз жаргалыг хэмжихэд хэдийг олдог байх нь чухал биш, харин олсноо хэрхэн зарцуулдаг байх нь чухал гэсэн философид үндэслэн хийсэн нэгэн судалгааг үзвэл дээрх асуултуудад хариулж чадахуйц сонирхолтой үр дүн харагдаж байна.
Аз жаргалын өртөг
Австралид төвтэй валют арилжааны S Money фирм өнгөрсөн онд гаргасан “Аз жаргалын өртөг улс орон бүрд” судалгаандаа хүн олсон мөнгөө дэлхийн хаана зарцуулж байгаа нь тухайн хүний аз жаргалын мэдрэмжтэй ихээхэн хамааралтайг тодотгожээ.
2018 онд АНУ-ын Пердью их сургууль 164 орны 1.7 сая иргэний мэдээлэлд үндэслэн жилийн орлого хэд байвал аз жаргалтай амьдрахад хангалттайг тогтоохоор судалгаа хийж, улмаар дэлхийн дундаж 60-75 мянган ам.доллар гэсэн үр дүн гаргаж байв. Харин S Money тус судалгааны үр дүнг орон орны үндэсний мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлэн баяжуулж, тухайн улсын иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны өртөгтэй харьцуулан шинээр тооцоолсон байна.
Ийнхүү 173 орныг эрэмбэлсэн жагсаалтаас харвал Монголд дор хаяж жилийн 37,629 ам.доллар буюу сүүлийн үеийн ханшаар бараг 126 сая төгрөгийн орлоготой байж жинхэнэ аз жаргалтай амьдрах боломжтой гэж тооцоолжээ.
Тэгэхээр зөвхөн тогтмол орлого буюу цалингийн хэмжээгээр тооцвол сарын 10 сая төгрөгийн цалинтай байж аз жаргалтай амьдрах нь. Zangia Portal-ийн 2023 оны судалгаанаас харвал хамгийн өндөр цалинтай бүлэг буюу удирдах албан тушаалтнуудын дундаж цалин 2023 оны эцсийн байдлаар сарын 6.5 сая төгрөг байна. Мөн салбараар ангилбал уул уурхайн салбарынхан хамгийн өндөр цалин буюу дунджаар сарын 5.1 сая төгрөг авч байгааг ҮСХ мэдээлсэн.
Татварын ерөнхий газрын 2021 оны мэдээлэлд тулгуурлавал Монголд сарын 10-15 сая төгрөгийн цалинтай 700, 15-20 сая төгрөгийн цалинтай 660 иргэн байна гэсэн тооцоолол гарч байжээ. Харин нэг ажилтанд ногдох дундаж цалин 2023 оны эцсийн байдлаар сарын 2.2 сая буюу жилийн 26.4 сая төгрөг, сарын 3 саяас дээш цалинтай ажиллагсдын эзлэх хувь ердөө 13.2 хувь байгаа нь Монголын иргэдийн хэд нь аз жаргалтай амьдарч байгаа талаар ерөнхий зураглалыг танд өгөх болов уу.
Дашрамд дурдахад 2024 оны Дэлхийн аз жаргалын тайланд Монгол Улс 143 улсаас 77 дугаарт бичигдэж, эрэмбэ огцом доошилсон юм.
Судалгааны зарим сонирхолтой үр дүнгүүд
Аз жаргалын өртөг хамгийн өндөр байдаг улсаар Иран тодорсон. Тус улсад жилийн 239,700 ам.долларын орлоготой байж аз жаргалтай амьдрах тооцоолол гарчээ.
Харин Африкийн Сьерра-Леон улсад хамгийн бага буюу жилийн 8,658 ам.долларын орлого л хангалттай.
Долоон жил дараалан Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон Финланд улсад энэ үзүүлэлт 94,177 ам.доллар байна.
2023 онд амьжиргааны өртөг хамгийн өндөр хотуудын жагсаалтыг тэргүүлсэн Сингапурт 75,320 ам.доллар гэж гарчээ.
Ази тивээс Японд аз жаргалын өртөг 73,994 ам.доллар, БНСУ-д 62,461 ам.доллар байна.
8 нугарсан өсөлт
Монголын Хөрөнгийн бирж ХК 2024 оны эхний хагас жилд 17.8 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 8.5 дахин өссөн дүн болжээ. Компани тайлант хугацаанд нийт 6.1 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж, улмаар үйл ажиллагаанаас нийт 23.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
МХБ-ийн хувьцааны өсөлт ч ашгийн үзүүлэлтийнхээ адилаар цойлж байна. Он гарсаар тус компанийн хувьцааны ханш 237 орчим хувиар өсөөд байгаагаас гадна 22.3 сая ширхэг хувьцаанд 4.2 тэрбум төгрөгийн арилжаалагджээ.
Үнэ дагасан рекорд
PetroChina компанийн цэвэр ашиг энэ оны эхний хагаст 88.6 тэрбум юань буюу түүхэн дээд түвшинд хүрч өссөн байна. БНХАУ-д эрэлт сул байгаа ч газрын тосны үнэ өсөхтэй зэрэгцэн гарцаа нэмэгдүүлсэн нь өсөлтөд гол түлхэц болжээ. Тус улсын Засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлын зорилтууддаа хүрэхийн тулд Төрийн өмчит газрын тосны томоохон компаниудаа олборлолтоо нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байгаа аж.
iPhone 16 гарах тов
Apple компани есдүгээр сарын 9-нд болох iPhone 16 болон бусад шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгын арга хэмжээний урилгыг илгээж эхэлжээ. Уламжлал ёсоор Калифорнийн Купертино дахь Apple Park-д болох тус арга хэмжээний сэдвийг Siri дижитал туслахын шинэ хувилбарын интерфейстэй холбон "It’s Glowtime" гэж нэрлэсэн байна.
iPhone 16-ийн Pro загварууд илүү том дэлгэцтэй, камерын шинэ функцүүдтэй, зураг дарахад зориулагдсан биет товчлууртай байх нь одоогоор ил болоод байгаа. Мөн танилцуулах арга хэмжээгээр яригдах гол сэдэв нь iPhone-ийн бүх шинэ загварт нэвтэрч буй хиймэл оюуны багц функц Apple Intelligence байх төлөвтэй.
Зак-аас суралцах хэрэгтэй
Марк Закерберг урьд нь нэг бус удаа бусдын санааг хуулбарласан гэгдэж байсан ч генератив хиймэл оюуны энэхүү давлагаанд компаниа ухаалгаар залуурдаж буй нэгэн.
Он гарсаар Meta-ийн хувьцааны ханш 54 хувиар өсөж, технологийн бусад аварга компаниудаасаа хол тасархай түрүүлэв. Харин Google болон Microsoft компаниудын хувьцааны ханш 18.5 ба 12 хувиар тус тус өсжээ. Учир нь юунд байна вэ? Хиймэл оюуны моделиуд үүлэн технологийн компаниудад богино хугацаанд эдийн засгийн үр өгөөж авчирна гэдэгт хөрөнгө оруулагчид эргэлзэх болж, Microsoft, Google, Amazon зэрэг компаниудад сүжиглэх нь багасжээ.
Харин Марк Закербергийн компани арай өөр. Хиймэл оюуныг эдийн засгийн ашигтай хэрэгсэл гэж зүгээр л сурталчлахын оронд “Meta”-ийн зар сурталчилгааны системийг хиймэл оюун ашиглан хэрхэн илүү үр дүнтэй, бодит ашигтай болгосноо батлан харуулсан юм. Тайлангаа танилцуулахдаа Марк Закерберг ийнхүү тодорхой үр дүн тайлагнасныг шинжээчид сайшааж, улмаар компанийн хувьцааны ханшийн өсөлт ч улам эрчимжжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг сүүлийн 5 сард байгаагүй өндөр хурдаар өсөв
Temu-ийн үүсгэн байгуулагч Колин Хуан БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмийн статусаа 18 хоног л хадгаллаа
Онцлох чарт
Австрали улс цагаачлалыг багасгах бодлогынхоо нэг хэсэг болгон 2025 онд шинээр хүлээн авах гадаад оюутнуудын тоог 270 мянгад хязгаарлах шийдвэр гаргажээ. Тодруулбал их сургуулиудад элсүүлэх гадаад оюутны дээд хязгаарыг 145 мянга, мэргэжлийн боловсролын сургалтад 95 мянгаар тогтоосон болохыг тус улсын Боловсролын сайд Жэйсон Клэр танилцуулсан байна.
2023 оны санхүүгийн жилд тус улс бараг 600 мянга гаруй оюутны виз олгосон нь өмнөх онуудаас хамаагүй өндөр үзүүлэлт болсон аж. Харин Австралийн их сургуулиудын зүгээс гадаад оюутны тоог хязгаарлах аливаа арга хэмжээ нь эдийн засгийн үр нөлөө өндөртэй дээд боловсролын салбарт хохирол учруулж магадгүйг удаа дахин анхааруулж байсан юм.
Эцэст нь товчхон
Дархан Нэхий ХК эхний хагас жилд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсөж 1.6 тэрбум төгрөгт хүрснийг тайлагналаа. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь 150 орчим хувиар өсөж 14.1 тэрбум төгрөгт хүрчээ.
МХБ: БНЭУ-ын “Нүүрсний Зах Зээлийн Төлөв” форумд оролцож, монголын нүүрсний зах зээл, биржийн арилжааны талаар танилцууллаа
ХасБанк ХК: Нийт 338 сая төгрөгийн үнийн дүнтэй 5 зээл (Холбогдох этгээдийн болон сонирхлын зөрчилтэй хэлцэл)-ийг батламжлав.
Өнөөдрийн онцлох зураг
Энэтхэгийн Мумбай хотын хүнсний захын нэгэн лангуунд зарж буй төрөл бүрийн үр тариа
Dhiraj Singh/Bloomberg