2024/08/27

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Боомтууд “шатрын хүү” болж, $2 их наядын нүүдэл хийх шаардлага тулгарч байна

  2. “Инвескор ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхний өдрөө 60 хувьд дөхөв.

  3. БНХАУ долоодугаар сард 10.84 сая тонн коксжих нүүрс импортолсны 46 хувийг Монгол Улс нийлүүлжээ.

Боомтууд ба $2 их наядын нүүдэл

Ногоон эрчим хүч, автоматжуулалт болон өрсөлдөөний шинэ эринд дэлхийн худалдааны гол гарцуудыг шинэчлэх өндөр өртөг шаардсан ажил улс орнуудад тулгараад байна.

Эзэнт гүрнээ тэлэх, дайн эхлүүлэх болон дуусгах, ядуурлыг бууруулж, дундаж давхаргаа тэлэх, алслагдмал зах зээлүүд дэх мөнгөтэй хэрэглэгчдэд хүрэхийн сацуу хямд ажиллах хүч авах гарцыг олон улсын компаниудад нээж өгөхөд чухам юу түлхэц болсон бол? Дэлхийн усан тээврийн хамгийн том төвүүдийг хяналтдаа байлгасны үр дүнд дээрх боломжууд бий болж байсныг олон зуун жилийн түүхээс харж болно.

Энэ явцад худалдааны жижиг цэгүүд далайн боомт, эдийн засаг доторх эдийн засаг болтлоо өргөжин хөгжиж, цаашлаад даяарчлалд ташуур өгсөн. Өөрөөр хэлбэл боомтууд нь эрчим хүчний урсгал, төмөр зам болон цахилгаан станц зэрэг дэд бүтцийн зангилаа төв төдийгүй хүнд үйлдвэрлэл, агуулах, түгээлтийн кластеруудын хувьд амин чухал холбон тоглогч болсон билээ.

Харин одоо жилийн $25 их наядаар хэмжигдэх дэлхийн худалдааны 80% нь хуучин болон шинэ далайн боомтуудаар дамжиж байна. Чухам эдгээр боомтууд нь өнөөгийн олон туйлт дэлхий ертөнц дэх давамгайллын төлөөх их өрсөлдөөнд бах бөх цайз хэргэмийн үүрэг гүйцэтгэх болжээ. Мэдээж эдийн засгийн утгаараа.

Үүнтэй зэрэгцээд дижитал технологи, автоматжуулалт, ногоон эрчим хүч рүү шилжих хүндхэн бөгөөд өртөг ихтэй ажлын ард гарах шаардлага ч боомтуудад тулгарч байна. Задлаад харвал жилд €200 тэрбумын шинэ хөрөнгө оруулалт буюу ирэх 10 жилд €2 их наядын хөрөнгө шаардагдах тооцоолол хийжээ.

Ингээд нарийн төвөгтэй гео-эдийн засгийн стратегийн талбар болж буй БНХАУ-ын хамгийн динамик боомтуудаас хоёрыг нь онцлон хүргэе.

Автомашины экспортоор “зэвсэглэж” буй Шэньжэнь

Сүүлд БНХАУ автомашины экспортоор эрчтэй ахиж, дэлхийд тэргүүлэгч болсон нь дэвшилтэт үйлдвэрлэлийн хүчирхэг гүрний гарт ажлын байраа алдана гэдэгт санаа зовниж буй өрсөлдөгч орнуудад нь дахин нэг цочроо өгчээ. Ялангуяа Шэньжэний боомт тэдний айдас түгшүүрт улам нэрмээс болж байна.

Шэньжэнь-Янтянь боомт 2023 оны нэгдүээр сараас эхлэн Xiaomo нэртэй шинэ терминалаасаа автомашин экспортолж, эхний жилдээ 20 мянган автомашин гаргажээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын цахилгаан автомашины хамгийн том үйлдвэрлэгч BYD-ийн экспортод зориулж тусгайлан бүтээгдсэн карго хөлөг онгоц BYD Explorer 1-ийг Европ руу гаргах автомашинуудыг ачихаар тус боомтод авчирсан байна.

BYD-ийн хөлөг онгоцны хоёр дахь аялал Өмнөд Америкийг чиглэж, тавдугаар сард Бразилд зангуугаа буулгажээ. Харин долоодугаар сарын эхээр гурав дахь аялалдаа гарч, Европыг дахин зорьсон байна. Ингэснээр он гарсаар зөвхөн Шэньжэний боомтоос экспортолсон автомашины тоо 30 мянга давжээ.

Шэньжэнь хотын эзэмшилд байдаг тус боомт BYD-ийн төв оффис болон гол үйлдвэхээс нь ердөө 25 км зайд оршдог байна. Харин шинээр нээх үйлдвэр нь улам ойртож, шинэ автомашиныг үйлдвэрээс боомт руу хүргэхэд ердөө 5 минут зарцуулагддаг болох аж.

Хотын захиргааны мэдээлснээр энэ онд Xiaomo терминалаас 100 мянган автомашин экспортлох зорилготой бөгөөд 2030 он гэхэд энэ тоог нэг саяд хүргэхээр ажиллах юм байна.

Нисдэг таксиг туршсан нь

Нисдэг, тэгсэн атлаа нисгэгчгүй таксигаар та үйлчлүүлэх үү? Дараагийн үеийн агаарын тээврийн зах зээл 2024 он гэхэд 1 их наяд ам.доллароор үнэлэгдэнэ гэж Morgan Stanley тооцоолжээ. Тэгвэл БНХАУ-ын EHang компани энэ онд дэлхийд анх удаа автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүрт нисдэг таксигаар ашгийн төлөөх үйлчилгээ үзүүлэхээр зорьж байна. Тус компанийн бүтээсэн нисгэгчгүй таксинд Bloomberg-ийн Колум Мурфи сууж, нисэж үзсэн сурвалжлагыг ЭНД дарж үзээрэй.

Шинэ ХБҮЦ

Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн гаргаж буй “Инвескор ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлж, эхний өдрөө захиалга нь 59 хувьд хүрлээ. 50 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх тус үнэт цаасанд одоогийн байдлаар 50 хөрөнгө оруулагч 29.6 тэрбум төгрөгийн захиалга өгчээ. 17 хувийн хүүтэй гарч буй уг ХБҮЦ-аар татан төвлөрүүлсэн хөрөнгийг бизнесийн зээлд түлхүү зарцуулахыг Инвескор Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүн хэлж байлаа.

Зэсийн илүүдэл

Үйл ажиллагаа нь тасалдаад байсан зэсийн уурхайнууд эргэн сэргэж, гарц нь нэмэгдсэнээр 2024 оны эхний хагаст дэлхийн зах зээлд цэвэршүүлсэн зэсийн илүүдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн болохыг Олон улсын зэсийн судалгааны групп мэдээллээ. БНХАУ-ын хэрэглээнээс ихээхэн хамааралтай байдаг дэлхийн цэвэршүүлсэн зэсийн зах зээл оны эхний зургаан сард 488 мянга орчим тонны илүүдэлтэй байжээ.

Цаг нь болсон

Өнгөрсөн долоо хоногийн болж өндөрлөсөн “Jackson Hole” симпозиумын үеэр АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл “бодлогын хүүг бууруулах цаг нь болсон” гэж мэдэгдээд байгаа. АНУ-ын Төв банкны зүгээс бодлогын хүүг хэдэн суурь нэгжээр бууруулах талаар тодорхой дохио өгөөгүй ч арилжаанд оролцогчид ирэх сард 0.25 нэгж хувиар бууруулна гэж таамаглаж байна.

Камбож дахь Temple Run

Камбож улсын түүхэн дурсгалт Ангкор Ват сүмд алдартай видео тоглоомыг дууриан гүйж харайх нь сошиалд тренд болж буйд соёлын өв хамгаалагчид сэтгэл зовох болжээ. Хандалтын төлөөх энэ "уралдаан" 900 шахам жилийн настай цогцолборыг сэвтээж, засагдашгүй эвдрэл үүсгэх эрсдэлтэйг ч мөн анхааруулсан байна.

“Temple Run” видео тоглоомын танил аяыг дэвсэн нарийхан чулуун жимээр гүйж, гүүрэн гарц дээгүүр харайж буй аялагчдын богино бичлэгүүд TikTok, Facebook, Youtube зэрэг платформ дээр давалгаалж, зарим бичлэг бүр 2 сая гаруй хандалт авчээ.

“Ромын Гэгээн Петрийн цогчин дуган, ер нь барууны аль ч сүмд хүмүүс гүйлдэхгүй л биз дээ. Гэтэл яагаад Камбожид гүйж болно гэж. Энэ нь зөвхөн хүмүүс чулуун зам дээгүүр харайж, мөргөж, шургаж унахдаа эвдрэл үүсгэх эрсдэлийн тухай биш юм. Харин сүмийн оюун санааны болон соёлын үнэ цэнийг сэвтүүлж байгаа нь асуудал” хэмээн Ангкор Ват сүмийн туурийг хадгалан хамгаалахад 30 жилийг зориулсан байгаль хамгаалагч Саймон Уоррак өгүүлсэн байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Zijin Mining: Ирээдүйд шинээр нэгдэн нийлэх хэлцэл хийхэд тулгарах сорилтууд нэмэгдэж байна

  • Гангийн үнэ 40 хувиар унаж, 2022 оны эцсээс хойших доод түвшин рүү дөхөөд байна

  • Сансарт гацсан NASA-ийн нисэгчдийг “SpaceX”-ийн хөлгөөр авчирна

Онцлох чарт

БНХАУ долоодугаар сард 10.84 сая тонн коксжих нүүрс импортолсны 46 хувийг Монгол Улс нийлүүлж, бусад экспортлогч улсыг тэргүүлснийг SxCoal мэдээлэв. Тодруулбал Монголоос 5.04 сая тонн коксжих нүүрс авсан нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн дүн болсон ч өмнөх сараасаа 8.3 хувиар буурсан нь наадмын амралттай холбоотой аж. Үнийн дүнгийн хувьд 640 сая ам.долларын коксжих нүүрс импортолсон бөгөөд дундаж үнэ тонн тутамдаа 128 ам.доллар байжээ.

Харин Австралиас БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 615 хувиар эрс өсөж, 1.16 сая тонн хүрсэн нь анхаарал татаж байна. Мөн тус улсын импортолсон коксжих нүүрсний дундаж үнэ тонн нь 234.9 ам.доллар байсан нь Монголын нүүрстэй харьцуулахад бараг хоёр дахин илүү үнэтэй байгаа юм. Ерөнхийдөө өнгөрсөн сард Хятад улс ОХУ, Австрали, Канад, АНУ-аас импортлох коксжих нүүрсээ тус бүр 60-аас дээш хувиар нэмэгдүүлсэн байна.

Эцэст нь товчхон

БШУЯ: Энэ хичээлийн жилээс эхлэн 44-өөс дээш сурагчтай I болон II ангиудад туслах багш ажиллуулахаар болжээ. Сүүлийн байдлаар нийт ерөнхий боловсролын сургуулиудад 4,217 багшийн сул орон тоо үүссэний 2,429 нь Улаанбаатар хотод байна.

МХБ: Ремикон ХК барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Евро ази зам ХХК-ийг өөртөө нэгтгэнэ

Өнөөдрийн онцлох зураг

Үлэг гүрвэлийн олдвороороо алдартай Японы Фүкүи хотод, 3D граффити зургийн өмнүүр алхаж буй бүсгүй

Buddhika Weerasinghe/Getty