2024/08/26

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Түүхэн дээд цэгтээ хүрээд байгаа алтны үнийн цаашдын төлөвийг энэ дугаарт онцоллоо.

  2. Тяньжин боомтод хүргэгдсэн чингэлгүүд дунджаар 90-120 хоногийн дараа Монгол руу ачигдаж байна.

  3. В.Путины үеэл, ОХУ-ын Батлан хамгаалахын яаманд ид мандаж буй Анна Цивилёва гэж хэн бэ?

Алт цаашид яах вэ?

Алт рекорд шинэчлэлийн циклээ дахин эхлүүлж, сүүлд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлтийн нөлөөгөөр унц нь 2,500 ам.долларыг даваад байна. Тэгвэл цаашдын төлөвийг нь юу юу тодорхойлохыг харцгаая.

Дараагийн зогсоол $2700?

Тус үнэт металл он гарснаас өдийг хүртэл 21 хувиар өссөнөөр 2024 оны хамгийн сайн үзүүлэлттэй гол түүхий эдүүдийн нэг болоод байна. Гэхдээ UBS, ANZ Group тэргүүтэй банкнууд алт цаашдаа өсөлтөө ахиулах орон зай байсаар байгааг онцолсон.

“2025 оны дунд үед алтны үнэ унц нь 2,700 ам.доллар руу чиглэхээр байна” гэж UBS Global Wealth Management-ийн түүхий эдийн стратегич Уэйн Гордон үзэж, Холбооны нөөцийн банкны шийдвэр, төв банкнуудын алт худалдан авалт, хөрөнгө оруулалтын багцын хеджийн эрэлт зэрэг нөлөөлөгч хүчин зүйлсийг цохон тэмдэглэжээ.

Бодит хүү

Алт сүүлд цойлсон нь АНУ-ын бодлого тодорхойлогчид ирэх сард бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлтээс ерөнхийдөө шалтгаалсан. Энэхүү хүлээлт нь инфляцын нөлөөллийг арилгасан бодит хүүг бууруулснаар хүүгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтанд таатай нөхцөл байдал үүсгэжээ.

Хүү буурч, алтны үнэ өссөн уг хөдөлгөөн нь бондын өгөөж гэх мэт макро эдийн засагт нөлөөлөгч уламжлалт хүчин зүйлс эргэн анхаарлын төвд орох дохиог өгч байна. Оны эхээр бондын өгөөжийн өсөлтийг үл харгалзан алтны үнэ өссөн нь туршлагатай шинжээчдийн төдийлөн хараад байдаггүй хөдөлгөөн байлаа. Үүнийг хөгжиж буй орнуудын төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байв.

Биржийн бус эрэлт

Аливаа биржийн оролцоогүйгээр худалдаалагч, худалдан авагчийн хооронд гүйлгээ шууд хийгддэг биржийн бус зах зээлийн эрэлтийг тооцоолоход хэцүү боловч энэ онд алтны зах зээлийн гол ач холбогдолтой хэсэг байлаа.

Ялангуяа Азийн арилжааны компаниудын биет алтны арилжаа өндөр байсан нь алт худалдан авалт сүүлийн 25 орчим жилийн хамгийн сайн үзүүлэлттэй хоёрдугаар улирлаа үдэхэд нөлөөлснийг Дэлхийн алтны зөвлөл мэдээлж байв. Биржийн бус зах зээлийн эрэлт цаашид ч өсөж, алтны үнийн цаашдын өсөлтөд гол хөдөлгөгч хүч болох төлөвтэйг алт олборлогчдын холбооноос онцолжээ.

ETF хөрөнгө оруулагчид

Алт дагадаг биржээр арилжаалагддаг сангуудын хувьд мөн адил дүр зураг хүлээж байх төлөвтэй. Алтны үнэ III, IV саруудад хэдий огцом өссөн ч тухайн үед ETF-үүдэд хөрөнгийн гарах урсгал давамгайлжээ. Бүр V сарын дунд үед алт дагадаг ETF-үүдийн хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд 2019 оноос хойших доод цэгтээ хүрсэн юм. Харин VI сараас давлагаа эргэсэн шинж ажиглагдаж, алт дагадаг сангуудын хөрөнгийн урсгал хоёр сар дараалан эерэг гараад байна.

Бөөгнөрөл багасаагүй

БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй чингэлэг VIII сарын 19-ний байдлаар 5100 орчим байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мэдээлэв. Чингэлгүүд Тяньжинд хүргэгдсэнээс хойш дунджаар 90-120 хоногийн дараа Монгол руу ачигдаж байгаа аж.

Тус боомтод өнгөрсөн хавраас хойш чингэлгийн бөөгнөрөл үүсээд байгаа. Монгол руу гарч буй галт тэрэгний цувааны тоог бууруулсан, хуучин автомашины импорт нэмэгдсэн зэрэг нь бөөгнөрөл үүсэх шалтгаан болж байгааг албаны хүмүүс мэдээлж байв. Тодруулбал импортын ачааны 50 хувийг Япон, БНСУ-аас оруулж ирж буй автомашинууд эзэлж байгааг тус холбооноос онцолжээ.

Банкнуудын тайлангаас

  • ХААН банк ХК 2024 оны эхний хагас жилд 290.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн дүн болжээ. Хүүгийн цэвэр орлого 587.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ.

  • Төрийн банк ХК энэ оны эхний хагаст цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөж 44.8 тэрбум төгрөгт хүрснийг тайлагналаа. Нийт зээлийн багц нь 3.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 30.2 хувиар өссөн ба чанаргүй зээлийн хувийг 6.2 хувь болгон бууруулснаа тодотгожээ.

Төв банкны тэргүүнүүдэд дүн тавив

1994 оноос хойш төв банкны тэргүүнүүдэд дүн тавьсан Global Finance сэтгүүл дийлэнх орнуудад инфляц саарч, бодлогын хүү буурах хүлээлт давамгайлж буй энэ үед 2024 оны тайлангаа танилцууллаа. Дэлхийн 100 улсын төв банкны тэргүүнийг инфляцын хяналт, эдийн засгийн зорилтын биелэлт, валютын тогтвортой байдал зэрэг хүчин зүйлсээр үнэлсэн энэ оны эрэмбэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл, Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард нар “A-” үнэлгээ авсан байна. Харин Дани, Энэтхэг, Швейцарь улсын төв банкны тэргүүнүүд “A+” дүн авч, эрэмбийг манлайлжээ.

В.Путины үеэл ид мандаж байна

Өдгөө Владимир Путины ойрын хүрээлэл дунд нэр нөлөө нь өсөн нэмэгдсээр буй Анна Цивилёва ЗГ-ын албан тушаалыг Оросын удирдагч ахаасаа олны өмнө ил хүлээн авсан анхны хамаатан нь юм. Путины талийгаач үеэлийн охин тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоныг Кремльтэй ойр албаны хүмүүс мэдээлсэн юм.

Энэ жил 52 настай Цивилёва Батлан хамгаалах яамны дээд албан тушаалтнуудаас илүү чөлөөтэй, эрх дархтайгаар Путинтай харьцах боломжтой тул Оросын нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэнд тооцогдох болсныг тэд хэлж байлаа. Улам ганцаардах болсон Оросын Ерөнхийлөгчид энэ нь их үнэ цэнтэй болохыг ч дурдсан байна.

Цивилёва өмнө нь цэргүүдийн сууц, нийгмийн үйлчилгээг хариуцан ажилладаг байсан бол одоо цэргийн бүхий л хууль тогтоомжийг Батлан хамгаалах яамнаас Парламентад хүргэдэг элч нь болж, тус яамны нүсэр тогтолцоог хянах болжээ.

"Cars & Coffee" нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон харин зочноор БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Сэбастиен Сүрүн нар оролцлоо. Нэвтрүүлгийг ЭНД дарж үзээрэй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

VII сард огцом өсөж, 37 мянгад хүрч байсан Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш энэ сард яльгүй буурчээ. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ханш нь 175 гаруй хувийн өсөлттэй байна. БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унасантай холбоотойгоор эхний зургаан сарын байдлаар нүүрс экспортлох үйл ажиллагаа нь хоцрогдолтой явж байгааг компани мэдээлж байв.

Харин Erdene Resource Development-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн байна. II улирлын төгсгөлд компанийн Баян Хөндий төслийн боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 40 хувь, төслийн нийт бүтээн байгуулалтын явц 30 хувийн гүйцэтгэлтэй, ирэх оны дундуур алт олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Эцэст нь товчхон

УИХ-ын ээлжит бус чуулганаар ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт 590 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд нийтдээ 120 орчим их наяд төгрөг шаардлагатай гэх тооцоо гарчээ.

МХБ: ЛэндМН ББСБ ХК оны эхний хагаст нийт орлого нь 39.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 90.4 хувиар, цэвэр ашиг 17.1 тэрбум төгрөгт хүрч 106 хувиар өссөнийг танилцууллаа.

Өнөөдрийн онцлох зураг

Шар буурцагны цуу хийж буй ажилчид - БНХАУ, Жянсү муж

STR/AFP via Getty