2024/08/23

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Сармагчны цэцэг өвчний /mpox/ мутацад орсон шинэ хувилбар бүртгэгдсэн Азийн анхны улс Тайланд болов.

  2. Moody's агентлаг Mongolian Mining Corporation-ийн зээлжих зэрэглэлийг B3 түвшинд хэвээр хадгаллаа.

  3. Агаараас ус гарган авах технологи хөгжүүлэхээр стартапууд уралдаж байна.

Супер цикл баяртай!

21 дүгээр зуун гарснаас хойших хамгийн том түүхий эдийн үнийн супер цикл дуусжээ. 2000-аад оны эхээр БНХАУ-ын аж үйлдвэржилтийг даган огцом өссөн төмрийн хүдрийн үнийн төлвийн талаар Bloomberg-ийн нийтлэлч Хавьер Бласын “Ай хөөрхий, түүхий эдийн үнийн супер цикл төгсөж байна…” нийтлэлийг хүргэж байна.

Хятадтай хамт

Өнгөрсөн хугацаанд газрын тос, зэс, шар буурцаг болон бусад түүхий эдүүд анхаарлын төвд байсан хэдий ч Хятадын эдийн засгийн сүүлийн 25 жилийн эрчтэй өсөлттэй хамгийн сайн дөрөө харшуулсан нь “эгэл даруу” төмрийн хүдэр ажгуу.

Үнэхээр гайхалтай өсөлт, өөрчлөлт гарсныг тэмдэглүүштэй. 1990-ээд оны сүүлээс 2024 оны эхэн үе хүртэлх хугацаанд төмрийн үнэ бараг 10 дахин өссөн нь бусад түүхий эдүүдийг тоосондоо дарах үзүүлэлт юм. Тухайлбал арилжааны хэмжээ нь гурав дахин нэмэгдэж, Австралийн түүхий эдийн салбарын томчууд тэрбумтнуудын эгнээнд орохын сацуу уул уурхайн компаниуд богино хугацаанд ч болов Wall Street-д од болон гялалзаж, хөндөгдөөгүй үлэмж их нөөцийн төлөөх хууль шүүхийн ширүүн маргаанууд дэгдсэн.

Харин одоо энэ бүхэн эцэс болоод байна. Өөрөөр хэлбэл 21 дүгээр зуун гарснаас хойших хамгийн том түүхий эдийн үнийн супер цикл дуусжээ. Дээрх өсөлтийн цаана БНХАУ байсан бол одоо үнэ унаж буй нь мөн л тус улсаас хамаарч байна.

Хүндхэн өвөл айсуй

Хайлуулах зууханд ган болон хувирдаг тус түүхий эдийн үнэ тонн нь 100 ам.доллароос доош орж, 2021 онд $220 буюу бүх цагийн дээд түвшиндээ хүрч байснаасаа 55% буураад буй. Хятадын гангийн эрэлт оргилдоо хүрч, үнийн төлөв ч базаахгүй харагдаж байгаа юм. Яг хэзээ гэдгийг нарийн тодорхойлох нь хэт эрдсэн хэрэг болох хэдий ч 2020 оноос 2024 оны эхэн үеийн хооронд Хятадын гангийн эрэлт оргил цэгтээ хүрсэн нь улам бүр тодорхой болж байна.

Шалтгаан нь юу вэ? Тус улс үйлдвэрлэлд суурилсан эдийн засгаас үйлчилгээнд суурилсан эдийн засаг руу шилжиж, их хэмжээний хөрөнгө оруулалт, барилгажилтад урьдынх шигээ ач холбогдол өгөхөө больж байгаа юм. Өмнөх уналтуудын үеэр Бээжин эдийн засгаа тэтгэх арга хэмжээ хангалттай авснаар төмрийн хүдэр, гангийн салбар шуурганаас холуур өнгөрдөг байв. Ингэхдээ барилгын салбарын бүтээн байгуулалтуудыг өрөөр санхүүжүүлдэг байсан гэсэн үг.

Харин одоо Хятад улс энэ практикаа давтах магадлал тун бага байна. Гангийн салбарт “хүндхэн өвөл” айсуйг ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч China Baowu Steel Group-ийн ТУЗ-ийн дарга Ху Ванмин саяхан анхааруулсан нь ч үүний нэг нотолгоо юм.

Хятадын гангийн эрэлт буурах хэдий ч огцом буурахгүй, ойрын жилүүдэд өндөр түвшинд хадгалагдахаар байгааг мөн санах хэрэгтэй.

Ийнхүү Хятадын зах зээл дэх уналттай зэрэгцээд Австрали, Африкт зардал багатай, шинэ үеийн томоохон уурхайнууд олборлолтоо эхлүүлж байгаа нь бас л асуудал дагуулахаар байна. Учир нь энэ оны эхний хагасын байдлаар нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа төмрийн хүдрийн зах зээл 2025, 2026 болон 2027, магадгүй 2028 он гэхэд ч энэ байдалдаа хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

Олборлогчид яах вэ?

Гэхдээ одоохондоо уг зах зээл уналтад ороогүй байна. Хэдий сүүлийн үед бууралттай байгаа ч төмрийн хүдрийн үнэ тонн нь 100 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа нь 1980-2000 оны үеийн дундаж үнэ нь ердөө 12.5 ам.доллар байсантай харьцуулахад 700 хувиар өндөр үнэ юм.

Мөн одоогийн үнэ хадгалагдлаа ч топ олборлогч компаниуд өндөр орлоготой хэвээр байхаар байна. Төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Rio Tinto л гэхэд Баруун Австралийн Пилбара уурхайгаас 1 тонн төмрийн хүдрийг 21 ам.долларын зардлаар ухан гаргаж байна. Тэгэхээр одоогийн доогуур үнийг үл харгалзан тус компани төмрийн хүдэр олборлолтод хийсэн хөрөнгө оруулалтаасаа наанадаж 40 хувь, бүр 50 хувийн ч өгөөж хүртэхээр байна.

Тэгвэл гарцаа бууруулахаас өөр аргагүй байдалд хэн орох вэ?

MMC-ийн зэрэглэл хэвэндээ

Moody's агентлаг Mongolian Mining Corporation-ийн зээлжих зэрэглэлийг B3 түвшинд хэвээр хадгалж, зээлжих зэрэглэлийн төлөвийг мөн тогтвортой гэж үзжээ. Компанийн үйл ажиллагаа тогтвортой, өрийн түвшин бага, хөрвөх чадвар харьцангуй сайн байгаа зэрэг нь зэрэглэлийг хэвээр үлдээхэд голлон нөлөөлсөн байна. Гэхдээ MMC-ийн үйл ажиллагаа нь Монгол Улсад хэт төвлөрснөөс гадна байгаль орчин, зах зээлийн эрсдэлүүдэд эмзэг байгааг тодотгожээ.

Харин коксжих нүүрсний үнэ уналттай байгааг харгалзан Moody’s MMC-ийн орлого энэ онд 10 орчим хувиар буурна гэж тооцоолсон байна.

Словенийн Ерөнхийлөгчийн үг

Улс төрч болон төрийн зүтгэлтэн хоёрын ялгаа юу вэ? Улс төрчид дараагийн сонгуульд ялахыг эрмэлздэг бол төрийн зүтгэлтэн хүн хойч үеийнхээ төлөө ажилладаг гэдгээрээ ялгаатай болохыг Словени Улсын ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Bloomberg TV Mongolia-д өгсөн тусгай ярилцлагынхаа үеэр дурдав.

Монгол Улсад айлчлалаа үргэлжлүүлж буй тэрбээр өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон юм.

“Энэ дэлхийд буруу чиглэлд явж буй олон зүйлс бий. Одоогоор дэлхий даяар 55 зэвсэгт мөргөлдөөн болж байгаа нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүй өндөр дүн. Түүхийн зөв талд байна гэдэг нь ирээдүйд нэг биш олон нүүдлийн цаадхыг харах хэрэгтэй гэсэн санаа. Хойч үеийнхээ төлөө ажиллаж байна гэсэн үг” хэмээн тэрбээр онцолж байлаа. Ярилцлагыг бүтнээр нь Бизнесийн хэмнэл, Бизнесийн төв цэг хөтөлбөрүүдээс болон манай YouTube хуудаснаас хүлээн авч үзээрэй.

$2.5 саятай бол та чинээлэг

АНУ-д чинээлэг байхын тулд танд хамгийн багадаа 2.5 сая ам.доллар хэрэгтэй гэж Америкчууд үзсэнийг Charles Schwab сангийн лхагва гарагт нийтэлсэн "Орчин үеийн хөрөнгө-2024" судалгааны үр дүн харуулжээ. Өмнөх оны судалгаагаар 2.2 сая ам.доллар байсантай харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн нь энэ аж. Түүнчлэн судалгаанд оролцогсдын нас өндөрсөх тусам чинээлэг байдлыг хэрхэн тодорхойлж буй шалгуур нь даган өндөрссөн үр дүн харагдсан байна.

Агаараас ус гарган авах уралдаан

Өмнөд Калифорнийн нэгэн агуулахад байрлах лабораторид эрдэмтэн Хен Сү усны хомсдолын асуудлыг шийдэж, дэлхийг өөрчлөх потенциалтай төхөөрөмжөө танилцуулаад байна.

Гартаа барьж хэрэглэдэг тус төхөөрөмж нь тийм ч онц гойд бус, хуучин орон сууцны паарны жижиг хувилбар гэмээр цагаан сараалжин зүйл байна. Гэтэл Сү төхөөрөмжөө жинлүүр дээр тавихад хормын дотор жин нь нэмэгдэв. Хэдэн минут өнгөрөхөд өнөөх төхөөрөмж улам хүнд болсоор байлаа. Учир нь төхөөрөмж нүдэнд үл үзэгдэх усны молекулыг ойр орчмын агаараас хураан цуглуулсан нь тэр байлаа.

Хэдэн алхмын цаана дахин дөрвөн ус цуглуулагч төхөөрөмжийг шувууны байшин шиг хэлбэртэй нэвт харагддаг хуванцар бүхээг дотор байрлуулжээ. Бүхээг доторх дулаан агаар төхөөрөмжийн хураасан H2O молекулын холбоог салгаж, конденсатор усны уурыг шингэн төлөвт оруулж, улмаар доор нь тавьсан мензурк руу ус дусалж байв.

Металл органик бүтэц буюу MOF хэмээх уг технологи нь цахилгаан шаардахгүй бөгөөд нарны гэрэл тусаж байхад л ус бий болгож чадах аж. Энэ бол Калифорнийн Ирвайн хотод төвтэй Atoco стартапын хөгжүүлсэн, улам хуурайшиж буй дэлхийг усаар хангах шийдэл юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

УИХ: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон бусад хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хоёрдугаар шатны хэлэлцүүлгийг хийлээ. ЗГ-ын 2024 оны үйл ажиллагааны 194 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 13.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж төлөвлөжээ.

Interfax: Монголын газар нутгаар дамжих “Сибирийн хүч-2” байгалийн хийн дамжуулах хоолойн төслийн хэрэгжихэд бэлэн байдал өндөр түвшинд хүрсэн хэмээн ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. Үнэ болон нийлүүлэлтийн хэмжээг тохирч, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсны дараа төсөл хэрэгжиж эхэлнэ хэмээн тэрбээр онцолсон байна.

Өнөөдрийн онцлох зураг

Gamescom арга хэмжээн дээр Dragon Ball: Sparking! Zero видео тоглоомын гол дүр Гокугийн хөшөөг босгосон байгаа нь - ХБНГУ, Кёльн хот

Ina Fassbender/AFP/Getty