- Business newsletter
- Posts
- 2024/08/22
2024/08/22
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Эрчим хүчний реформын хүрээнд эн тэргүүнд тарифын шинэчлэл хийхээ ЗГ зарлалаа.
Оюу Толгой ХХК-ийн олборлосон зэсийн хэмжээ энэ оны II улиралд өмнөх улирлаасаа 23 хувиар өсжээ.
Камала Харрист хандивлагчдын тоо 11 өдрийн дотор Жо Байдены жил гаруй хугацаанд хандив авсан хүний тооноос давж гарав.
Түгжрэлд бэлэн үү?
Хичээлийн шинэ жил хаяанд ирж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын тэргүүнд байдаг авто замын түгжрэлийн бодит хор хохиролтой иргэд дахин нүүр тулж байна. Нөхцөл байдал, бодлого шийдэл ямар түвшинд байгааг эргэн харцгаая.
Түгжрэл импортолсоор
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцогчид дунджаар өдөрт 3 цаг орчмыг авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход зарцуулдаг ба үүний 2.3 цагийг түгжрэлээс үүдэн нэмэлтээр зарцуулдаг болохыг MMCG компани 2022 онд хийсэн судалгаандаа онцолж байлаа. Мөн оргил цагийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км/ц руу шилжиж, явган хүнтэй ойролцоо хурдтай болоход нэн ойртож буйг анхааруулсан.
Тэгэхээр нийслэлийн иргэд жилийн 365 хоногийн бараг 1/10-ийг түгжрэлд гацан өнгөрөөдөг болж таарч байна. Тухайн онд Улаанбаатар хотын түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 10 хувьтай дүйцэх хэмжээний бүтээмжийг алдсан гэсэн тооцоо гарч байв.
Гэтэл Монгол Улсын нийт импорт 2024 оны эхний долоон сард өмнөх оноосоо 27.6 хувиар өсөхөд суудлын автомашины импорт томоохон нөлөө үзүүлжээ. ГЕГ-ын мэдээлснээр энэ хугацаанд 68.5 мянган суудлын автомашин импортолсон нь 2022 оны бүтэн жилийн импортын тоо хэмжээг аль хэдийн давсны сацуу 2023 оны мөн үеэс 1.8 дахин өсжээ.
Энэхүү огцом өсөлтийн нөлөө эдийн засгийн бусад салбарт хальж, V сарын сүүлээр Тяньжин боомтод Монгол руу ачигдах 7,000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүсэхэд автомашины импортын өсөлт ихээхэн нөлөөлснийг Монложистикс ХК мэдээлж байлаа.
Дэс дараагүй бодлогын нөлөө
Түгжрэлийн асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэж, энэ чиглэлийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг нэмж, бодлого шийдлүүд яригдаж байгаа ч автомашины импортын өсөлтийг харвал асуудал ойрын хугацаанд багасах шинж алга. Эсрэгээрээ хэт ерөнхий шинжтэй, өөр хоорондоо уялдаагүй, хэзээ яаж хэрэгжих нь тодорхой бус арга хэмжээнүүдийг албан тушаалтнууд зарласнаар иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж, улмаар импортыг хөөргөдсөн эрэлт үүсэхэд хүргэсэн байх талтайг мэргэжилтнүүд хэлж байна.
Тухайлбал 2022 онд нийслэлийн өмнөх Засаг дарга насжилт өндөртэй, буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох санал хүргүүлэхээ зарласан бол өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга импортоор орж ирж буй автомашиныг хязгаарлах бодлого барихаа мөн мэдэгдэж байв.
Сүүлийн 2-3 жилд ЗГ, нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжээгүй, хэрэгжих болоогүй шийдвэрүүд, аман мэдэгдлүүдээ зарласаар ирсэн. Эдгээр нь зах зээлд хоосон эрэлт бий болгож байна. Тухайлбал импортын татвар нэмнэ гээд зарлачихаар бизнес эрхлэгчид түүнээс өмнө ахиухныг оруулаад ирье гэж бодно. Жилдээ органикаар 40-50 мянган автомашин импортлогддог байсан бол өнгөрсөн онд гэнэт 70 мянга болоод өсчихсөн.
“Хязгаарлагдмал төсөв, санхүүгийн орчинд аль төслөө хамгийн түрүүнд хэрэгжүүлэх вэ гэдгээ бодож, дэс дарааллыг маш үр дүнтэйгээр боловсруулж бодох хэрэгтэй. Богино хугацааны арга хэмжээ авахаас илүүтэй нэгдсэн байдлаар, хамгийн оновчтой, шинжлэх ухаанд үндэслэж, судалгаанд суурилсан төлөвлөлт хийх ёстой” хэмээн JICA-аас хэрэгжүүлж буй Монгол Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө өгүүлж байлаа.
Цахилгааны үнэ өсөх нь
Хамтарсан ЗГ-ын амласан эрчим хүчний реформыг гүйцэтгэхийн тулд тарифын шинэчлэл хийж, эхний ээлжид одоогийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэхээр төлөвлөж буйг Шадар сайд Т.Доржханд мэдээлж, “Үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ. Сэргээгдэх эрчим хүч хямд эх үүсвэр болох боломжтой. ЗГ энэ том өөрчлөлтийг иргэдтэйгээ хамт даван туулна гэж найдаж байна” хэмээн зарлалаа.
Мөн төсвийн тодотголоор таван том төсөлд 3 их наяд төгрөг зарцуулахаас нэг их наядыг эрчим хүчний салбарт зарцуулахыг тэрбээр онцолж байв.
ОТ хоёрдугаар улиралд
Оюу Толгой ХХК-ийн зэсийн олборлолт энэ онд 30 гаруй хувиар өсөх тооцоотой байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер мэдээллээ. Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд агааржуулалтын урд ба хойд амыг гүний уурхайтай амжилттай холбосон байна.
Үүнээс гадна Entrée/Oyu Tolgoi хамтарсан компанийн “Панель 1”-ийн хөгжүүлэлт хараахан эхлээгүй, Entrée Resources-ийн олборлолтын лицензийг шилжүүлж авахтай холбоотой зарим сорилтууд тулгарч байгааг онцолсон юм.
“Хармагтай”-н нөөц нэмэгдэв
“Хармагтай” төслийн нөөцийн шинэ тооцооллоор зэсийн боломжит нөөц 14 хувиар буюу 463 мянган тонноор нэмэгдсэнийг Xanadu Mines танилцууллаа. Харин алтны хувьд боломжит нөөцийн хэмжээ нь 9 хувиар буюу 764 мянган унцаар нэмэгджээ. Ийнхүү "Хармагтай" төслийн зэсийн нийт нөөц 3.8 сая тонн зэс, алтны нөөц 9.3 сая унц хүрээд байна. Үүнээс гадна "Улаан уул" төслийн хайгуулын өрөмдлөгийн үр дүнд бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрснийг тус компани VI сард мэдээлж байлаа.
Сармагчны хааны байлдан дагуулалт
БНХАУ-д бүтээгдсэн, Tencent компанийн хөрөнгө оруулалттай "Black Myth: Wukong" видео тоглоом хэрэглэгчдэд хүрээд хэдхэн цагийн дотор Steam платформ дээр тоглогчдын тоогоор бүх цаг үеийн хоёр дахь хамгийн амжилттай тоглоом болон бүртгэгдлээ.
Хятадын эртний "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" роман, Сармагчны хааны домогт үндэслэн бүтээсэн адал явдалт RPG төрлийн уг тоглоом мягмар гарагт Steam дээр нээлтээ хийсний дараа дэлхий даяар нэгэн зэрэг тоглосон нийт тоглогчдын оргил тоо нь 2.1 саяд хүрчээ. Ингэснээр "Black Myth: Wukong" шуугиан тарин нээлтээ хийж байсан single-player төрлийн "Cyberpunk 2077", "Elden Ring" тоглоомуудаас гадна "Palworld", "Counter-Strike 2" гэсэн шилдгүүдийг тус үзүүлэлтээрээ гүйцжээ.
Худалдаанд гарсан эхний өдрөө ийнхүү амжилтад хүрсэн нь тус тоглоом 40 тэрбум ам.доллароор үнэлэгдэх БНХАУ-ын видео тоглоомын зах зээл төрийн хатуу зохицуулалт, хяналт шалгалтад өртсөн хүнд он жилүүдийн дараа сэргэж чадсан гэх найдлага бий болоход нөлөөлж магадгүй байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Хиймэл оюуны салбар эрчим хүч ихээр хэрэглэж байгаатай холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдэнэ
Монгол Улсын зээлжих зэрэглэлд шинэ ЗГ-ын урт хугацааны төсвийн бодлого амин чухал нөлөө үзүүлнэ
Онцлох чарт
“Хөгжлийн замд орохын тулд бид эхлээд боомтууд барих ёстой” хэмээн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нэгэнтээ хэлж байв. Хятад улс далайн тээврийн хүчирхэг гүрний үүргийг гүйцэтгэхгүйгээр “Дэлхийн үйлдвэр” гэх статусаа авах боломжгүй байлаа. Дэлхийн хамгийн том 10 чингэлгийн боомтын 7 нь Хятадынх бол АНУ, Европоос ганц ч боомт тэргүүлэгчдийн эгнээнд багтаагүйг Lloyd’s List-ийн шинэ эрэмбэ харуулж байна.
Эцэст нь товчхон
МХБ: Ард Кредит ББСБ ХК-ийн цэвэр ашиг 2024 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 56 хувиар өсөж 1.6 тэрбум төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд компанийнхаа 30 хувь буюу 84 сая ширхэг энгийн хувьцаа гаргаж, хувь тэнцүүлэн 8.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
Өнөөдрийн онцлох зураг
Ромын Колизейн дэргэд харагдах тэргэл сар
Marie-Laure Messana/Getty